| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0835/З |
| Дугаар | 128/ШШ2026/0941 |
| Огноо | 2026-10-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0941
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Ууганзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.М******* /РД:ШЕ7********/,
Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан газар эзэмших тухай өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, захирамж гаргахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, хариуцагч Налайх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******, гуравдагч этгээд Г.У*******, иргэдийн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 1.Налайх дүүргийн Засаг даргаас иргэн Э.М*******ын 2012, 2013, 2015, 2020 онуудад гаргасан газар эзэмших тухай өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2.Налайх дүүргийн 2-р хороонд байрлах маргаж байгаа газар 342 м2 талбай бүхий газрыг иргэн Э.М*******д эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх:
2.1.Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, Соёл урлагийн ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлтийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2013 он[1], 2014 он[2], 2015 он[3], 2024 он[4] , Налайх дүүргийн Засаг даргад 2020 он, 2024 он тус тус хандсан.
2.2. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтүүдэд албан хариу өгөөгүй байна.
2.3. 2023 оны Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.1 дэх хэсэгт шинээр газар эзэмших эрх олгох газрын байршил, гэх заалтын жагсаалтын 2-д Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд маргаан бүхий байршилд Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар Монгол Улсын Иргэн Г.У*******д 15 жилийн хугацаатай Э-2207010447 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
2.4.Нэхэмжлэгч нь 2012 оноос хойш Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан атал иргэн Г.У******* ийнхүү маргааны бүхий газрын эзэмших эрхийг олгосон нь үндэслэлгүй гэж үзээд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан.
2.5.Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, иргэн Г.У*******д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
2.6.Ингээд нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 128/ШЗ2025/6566 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн.
2.7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0968 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3, 56.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2026/0151 дугаар магадлалаар ... анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх тухай хүсэлтүүд Газар зохион байгуулалтын албанд бүртгэгдсэн эсэх талаар тодруулаагүй, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй... гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие 2010 оноос одоог хүртэл налайх дүүргийн 2-р хороо, Соёл урлагийн ордноос баруун урд байрлах өөрийн эзэмшлийн нэг давхар байрандаа 10 гаран жил амьдарч одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Манай эзэмшил газрын үргэлжлэл хэсэгт хогийн цэг болчихсон, ажилгүй хүмүүс ирж архидан согтуурч, зодоон зохион хийдэг, тийм аймаар газар байсныг хог хаягдлыг цэвэрлэн мод тарьж, хашаа барин авсныг олон хүн гэрчилнэ, фото зургаар нотлогдоно. 2012 он, 2013 он, 2015 он, 2020 онуудад Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2 хороо хариуцсан Н.Адьяа гэдэг байцаагчид удаа дараа гараар бичсэн өргөдөл өгч байсан хариуд нь өгөх боломжгүй гэж шийдвэрлэдэггүй байсан атлаа Г.У*******д Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/251 дүгээр захирамжаар 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууц хашааны газрын зориулалтаар 342 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. 2024 онд тухайн газраа өргөдөл өгөхөөр газрын албанд очоод Г.У******* гэдэг хүний нэр дээр гэрчилгээ гарсан тухай анх мэдсэн. Г.У******* нь энэ хашаанд ямар ч оролцоогүй хэрнэ манай хашаа гэж өргөдөл өгсөн байдаг. Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 05 сард Г.У*******гийн нэр дээр газар олгосон тухай өргөдөл хүсэлт өгөхөд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба хуулийн дагуу олгосон гэсэн бичиг өгсөн. Мөн Налайх дүүргийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Н******* нарт хандаж өргөдөл хүсэлт өгсөн хариу нь Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирсэн хариутай ижил хариу өгсөн ч шийдвэрлээгүй учир захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших талаар хүсэлтийг гаргахдаа холбогдох баримт буюу хүсэлт, кадастрын зураг, иргэний бичиг баримтыг хавсаргахаар хуульчилсан бөгөөд дээрх хугацаанд тус баримтыг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй зэргээр эс үйлдэхүй гаргаж, иргэн миний эрхийг ноцтой зөрчжээ. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.3-т зааснаар аливаа этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар нь давхцалтай эсэх, хээрийн болон суурин судалгааг хийхийг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч нар Г.У*******д газрыг эзэмшүүлэхдээ хээрийн судалгааг хийж, тухайн газарт очиж үзэх, хашааг хэн эзэмшиж, ашиглаж байгаа, газрын зөрчил байгаа эсэхийг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсны дараа газрыг бусдад эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэдэг байтал Г.У*******гийн хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ журмыг баримтлаагүй учраас зөрчил үүссэн гэж үзэж байна.
Тухайлбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар аливаа этгээдийн эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эрх, хууль ёсны хөндөхгүй байхаар зохицуулсан бөгөөд Г.У*******д газар эзэмшүүлэх миний өмнө гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.
2024 оны 04-р сард Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд. 2024 оны 05-р сард Налайх дүүргийн Засаг дарга Ү. Ганболд-д өргөдөл гомдол өгсөн. 2024 оны 06-р сард Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Н*******т өргөдөл гомдол өгсөн боловч дээрх бүх газрууд бүгд ижилхэн шийдвэрлэх боломжгүй гэсэн нэг л хариу өгсөн байна. Газрын тухай хуулийн 60.1.1 заасны дагуу дээд шатны байгууллагад өргөдөл гомдол өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй болно. Тиймээс дээд шатны байгууллагаас ирсэн хариуг эс зөвшөөрч байгаа тул иргэн М******* миний бие гомдолтой байна. Ингээд Газрын тухай хуулийн 602-т Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно" гэж заасны дагуу Нийслэлийн газрын албанд өргөдөл гомдол өгөх гэтэл Нийслэлийн газрын алба нь "Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл"-д 2024 оны 9 сард өгсөн. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах. зөвлөлийн хурал 2025 оны 4 сад болж дүгнэлт нь 2025 оны 9 сард шуудангаар ирсэн болно.
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтэд Э.М******* миний 2012 оноос хойш өгсөн өргөдөл хүсэлтийг минь авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан налайх дүүргийн газрын алба маань иргэн Г.У*******д олгосон байдаг юм. Дээрх газрыг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшигч ашиглаж ирсэн анхны хүн Э.М******* миний бие билээ. Маргаан бүхий дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.гэжээ.
3.2. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны А/148 дугаар захирамжаар Э.М*******д Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр орон сууц, хашааны газрын зориулалтаар 151 м.кв газар олгож, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн. Тухайн эзэмшил газрынхаа орчны газрын илүү талбайг зөвшөөрөлгүй хашаалсан байна.
Иргэн Э.М******* /РД:ШЕ******/ регистрийн дугаарын бүртгэлээр газрын цахим системд шалгаж үзэхэд 2012, 2013, 2015, 2020 онд шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бүртгэлгүй байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн нь 01113-05-01346-24 өргөдлийн дугаараар газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байна. Тус өргөдлийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбилцол дагуу шалгаж үзэхэд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын жагсаалтад 4723223 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай батлагдсан байна.
Тухайн маргаан бүхий газарт иргэн Г.У******* нь газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж өгсөн байсан бөгөөд уг хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 20/04 дүгээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2.1.1 дэх Шинээр газар эзэмших эрх олгох газрын байршил, хэмжээ гэх заалтын жагсаалтын 2-т Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгасан байна. Маргаан бүхий байршилд Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1260311254 дугаар бүхий 342 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар иргэн Г.У*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий 342 м.кв газрыг иргэн Э.М*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжийн иргэн Г.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий байршлын газрын зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. гэжээ.
3.3. Хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Иргэн Э.М******* /РД:ШЕ******/ регистрийн дугаарын бүртгэлээр газрын цахим системд шалгаж үзэхэд 2012, 2013, 2015, 2020 онд шинээр газар эзэмших хүсэлт өгсөн бүртгэлгүй байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр газар эзэмших хүсэлт өгсөн нь 01113-05-01346-24 өргөдлийн дугаараар газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байна.
Тус өргөдлийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийн солбилцол дагуу шалгаж үзэхэд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын жагсаалтад 4723223 төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай батлагдсан байна.
Тухайн маргаан бүхий газарт иргэн Г.У******* нь газар эзэмших тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж өгсөн байсан бөгөөд уг хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 20/04 дүгээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын 2.1.1 дэх Шинээр газар эзэмших эрх олгох газрын байршил, хэмжээ гэх заалтын жагсаалтын 2-т Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгасан байна. Маргаан бүхий байршилд Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжаар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1260311254 дугаар бүхий 342 м.кв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар иргэн Г.У*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтэд:
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий 342 м.кв газрыг иргэн Э.М*******д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжийн иргэн Г.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий байршлын газрын зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. гэжээ.
3.4. Гуравдагч этгээд Г.У******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: I.Нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар хангагдаагүй иргэн Э.М*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг судлан үзэхэд түүнийг нотлох бодит баримтаар баталгаажсан үндэслэл байхгүй байна.
Тэрээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2012-2013 оны үед албан бичгээр хандсан хэмээн тайлбарладаг боловч уг бичиг баримт нь албан ёсоор бүртгэгдсэн, хадгалагдсан, шивэгдсэн талаар ямар нэгэн нотлох баримт огт байхгүй.
Тус газрын холбогдох албан тушаалтан болох байцаагч О.Адьяа ч хадгалагдсан, шивэгдсэн зүйл байхгүй гэж албан ёсоор тайлбарласан байдаг.
Иймд зөвхөн аман байдлаар ярьсан гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна.
II...Иргэн Э.М******* нь өмнө нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж, миний хууль ёсны эзэмшлийн 342 м.кв газрыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байдаг. Гэвч уг зөвлөлөөс тухайн газрыг аль ч этгээдэд олгохгүй гэсэн шийдвэр гарсан болно.
Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байхад иргэн М******* нь одоо дахин Налайх дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд хандаж, уг 342 м.кв газрыг миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлага гаргаж байгаа нь өмнөх шийдвэртэйгээ илт зөрчилдөж байна.
III.Газрыг харж хамгаалсан гэх үндэслэл бодит бус иргэн Э.М******* нь миний хууль ёсны эзэмшлийн газрыг олон жилийн турш харж хамгаалж ирсэн тул уг газрыг авах үндэслэлтэй гэж тайлбарладаг. Энэ нь бодит байдалд огт нийцэхгүй.
Миний зүгээс түүнд миний эзэмшлийн газрыг харж хамгаалж өгөхийг хүссэн, зөвшөөрөл олгосон, ямар нэгэн амаар болон бичгээр тохиролцсон зүйл огт байхгүй. Түүнчлэн тухайн газарт түүний тарьсан бут, сөөг, мод, арчилсан ул мөр байхгүй бөгөөд харин ч өөрийн худалдан авсан газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор бусдын эзэмшлийн газар дээр хууль бусаар хашаа, хаалт барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.
IV.Миний амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд. Иргэн М******* нь миний хууль ёсны эзэмшлийн газар дээр дур мэдэн хашаа хаалт барьж, улмаар би өөрийн гэр орноо барихад удаа дараа саад учруулсан. Энэ нь миний амьдрах, өмчлөх, эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм. Би уг асуудлаар Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хэд хэдэн удаа хандсан боловч албадан нураах бичиг хүргүүлнэ. гэж хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн болно.
Иймд иргэн Г.У******* миний хууль ёсны эзэмшлийн 342 м.кв газрын болон түүнтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч О.А******* дүгнэлтдээ: Налайх дүүргийн Засаг дарга болон газрын алба олон нийтэд авч хүүхдийн тоглоомын талбай болгоно гэдэг нь худлаа санагдлаа. Хариуцагч хоёр хүний ярьж байгаагаар бол орц, гарцтай гэсэн боловч орц, гарцгүй, талбайн хэмжээ хүрэхгүй байна. Мөн залгаа хувь хүний 360 м.кв өмчлөлтэй газар байхад нийтэд очих үндэслэлгүй гэж үзэж байна. Налайх дүүргийн газрын алба энэ газрыг 2015 онд шийдээгүй, иргэнийг хохирсон байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв.Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
4.2.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална, 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах (2023-12-07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт) гэж дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх эрх хэмжээг, харин хариуцагч газар зохион байгуулалтын алба нь энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах; эрх хэмжээтэй захиргааны байгууллага болохыг хуулиар зохицуулсан.
4.3.Дээрх хууль, эрх зүйн зохицуулалтыг хэргийн үйл баримт, холбогдох нотлох баримттай холбон авч үзэхэд дараах үндэслэл тогтоогдов.
4.4.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно... гэж заасан.
4.5.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2013, 2014, 2015 онуудад, Налайх дүүргийн Засаг даргад 2020 онд тус тус хандан гаргахад хариуцагч байгууллагуудаас ...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, татгалзаж байсан, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдэл гаргаж байсан болох нь дээрх хариуцагч нараас өгсөн албан бичгийн хариу, болон шүүхээс үзлэгээр бэхжүүлэгдсэн баримтаас тодорхой харагддаг.
4.6.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...нэхэмжлэгч Э.М*******аас Налайх дүүргийн 2 дугаар хороо, Соёл урлагийн ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрыг эзэмшихийг хүссэн хүсэлт бүхий газар нь дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан тул шийдвэрлэхгүй боломжгүй байсан... хэмээн тайлбарлах боловч бодит байдалд 2015 онд нэхэмжлэгчийн эзэмшихийн хүссэн газрын залгаа газрыг гуравдагч этгээд Г.У*******д шилжүүлэн эзэмшүүлэх, хожим Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 20/04 дүгээр тогтоолоор батлагдсан Налайх дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мөн дүүргийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар иргэн Г.У*******д маргаан бүхий 342 м.кв газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байдаг.
4.7.Үүнээс үзвэл хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасан шаардлагыг хангаагүй байхад газар олголтыг шийдвэрлэж байснаас гадна нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулан, түүнээс хойно хүсэлт гаргасан иргэн Г.У*******д маргаан бүхий 342 м.кв газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны захиргааны үйл ажиллагааг ...хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхгүй гаргасан гэж шүүх дүгнэлээ.
4.8.Өөрөөр хэлбэл шүүхээс бичгийн баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын маягт, Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээс үзэхэд маргаан бүхий газарт хэн нэгний эзэмшил үүсээгүй байсан учир нэгж талбарын 1260311254 дугаар бүхий газрыг нэхэмжлэгчийн хувьд түрүүлж буюу 2015 оны 01 дугаар сарын 09-ний өдөр, харин гуравдагчийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргасан байхад маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж эзэмшүүлэн, гэрчилгээ олгосон нь хууль бус.
4.9.Нөгөөтээгүүр хариуцагч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Э.М*******ын эзэмшихийг хүссэн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Соёл урлагийн ордноос баруун урд байрлах 342 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газар буюу хүүхдийн нийтийн тоглоомын талбай болгохоор тусгасан хэмээн 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14-21/415 дугаар албан бичгийг баримтаар ирүүлэх боловч шүүхээс хийсэн газрын үзлэгээр уг газрын хэмжээ 8 м өргөнтэй, 42.7 урттай, газрын байдал хэвгий /налуу/, тэгш бус, залгаа зэргэлдээ газарт орц гарц төлөвлөгдөөгүй, бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн зэргээс дүгнэвэл хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт дурдсан хүүхдийн нийтийн тоглоомын талбай хийх боломжгүй гэж шүүх үзэв.
4.10.Дээрх үндэслэлээр даалгах нэхэмжлэлийн урьдач нөхцөл эс үйлдэхүй нь Налайх дүүргийн Засаг даргаас иргэн Э.М*******ын 2012, 2013, 2015, 2020 онуудад гаргасан газар эзэмших тухай өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, захирамж гаргахаас татгалзсан хэлбэрээр илэрсэн, түүнийг нь шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон тул Газрын тухай хууль, түүнийг дагалдаж гарсан хэм хэмжээний актад нийцүүлэн, хуулийн шаардлага хангасан баримтад тулгуурлан Налайх дүүргийн 2-р хороонд байрлах маргаж байгаа 342 м.кв талбай бүхий газрыг иргэн Э.М*******д эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
4.11.Эцэст нь Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар дүгнэлтээр ...Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны А/251 дүгээр захирамжийн иргэн Г.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4.12.Энэхүү дүгнэлтэд гуравдагч этгээд Г.У******* гомдол гаргаагүй, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тухай газрыг дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжтой гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
4.13.Түүнчлэн шүүхээс өгсөн дээрх үндэслэл нь иргэдийн төлөөлөгчийн Налайх дүүргийн Засаг дарга болон газрын алба олон нийтэд авч хүүхдийн тоглоомын талбай болгоно гэдэг нь худлаа санагдлаа. Хариуцагч хоёр хүний ярьж байгаагаар бол орц, гарцтай гэсэн боловч орц гарцгүй, талбайн хэмжээ хүрэхгүй байна. Мөн залгаа хувь хүний 360 м.кв өмчлөх байхад нийтэд очих үндэслэлгүй ...,Налайх дүүргийн газрын алба энэ газрыг 2015 онд шийдээгүй, иргэнийг хохирсон гэх саналтай нийцэж байх тул энэ талаар нэмэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3 дэх хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Налайх дүүргийн Засаг даргаас иргэн Э.М*******ын 2012, 2013, 2015, 2020 онуудад гаргасан газар эзэмших тухай өргөдөл, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Налайх дүүргийн 2-р хороонд байрлах маргаж байгаа газар 342 м2 талбай бүхий газрыг иргэн Э.М*******д эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид нөхөн олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА