| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 187/2019/0534/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 70
Ц.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1114 дүгээр магадлалтай, Ц.Б-т холбогдох 18100029310371 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-н Б-.
Ц.Б- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**” хотхонд байрлах “Сони” бильярдын газар “хүүхдээр архи зөөлгөлөө” гэж марган Д.Ч-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Ч-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Ц.Б- учруулсан гэж үзэх зөрүүгүй, эргэлзээгүй нотлох баримт хэрэгт байхгүй байхад “байна” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын бусад нотолгооны эх сурвалжийг үгүйсгэсэн дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь шүүгдэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан тайлбар гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийн тогтвортой байдалд дүгнэлт хийгээгүй төдийгүй, гэрч Д.Нямрагчаа, Ө.Галцог, Д.Шийрэвдамба нарын мэдүүлгийн зөрүү, харсан зүйлээ хэлж мэдүүлсэн мэдүүлгүүдийн нотолгооны үндэслэлийг яагаад үнэлээгүй болох, нотлох баримтаар тооцох боломжгүй бол ямар үндэслэлээр үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөвхөн хохирогчид ашигтай байдлыг харгалзсан, эргэлзээтэй байж болох үндэслэлүүдэд дүгнэлт хийж нотлох баримтыг бүхэлд нь үнэлж, дүгнэх хуулийн шаардлагад нийцээгүй хэт өрөөсгөл, нэг талыг барьж шийдвэрлэн хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд их гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж өгнө үү.
Шийтгэх тогтоол, магадлалын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг болон гэм буруугийн хэлбэрийг тусгахаар хуульчлан заасан. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх үед хэний, ямар үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь тогтоогдоогүй, дан ганц Ц.Б-ийг хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхийн тулд Ц.Б-ийн зүгээс Д.Ч-ийг гэмтээхэд чиглэсэн идэвхтэй үйлдлийг хийсэн, уг үйлдлийн улмаас Д.Ч-ийн биед гэмтэл үүссэн байх ёстой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ дагуу дээрх нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлагатай.
Ц.Б- миний бие анхдагч даралт ихдэх өвчнөөр 2015 оноос хойш өвдөж байгаа, үүний улмаас даралт байнга өндөр байдаг, дотоод шүүрлийн булчирхайн үрэвслийн улмаас тулай өвчтэй, энэхүү өвчин байнга сэдрэх болсон тул чөлөөтэй гүйж, харайж чаддаггүй бөгөөд байнгын эмчийн хяналтанд байдаг. Мөн 2018 оны 05 дугаар 11-ний өдөр тархинд цус харваж, улмаар бага тархины баруун гемисферт хурсан цусыг авах мэс заслын хагалгаа хийлгэсэн. 2018 оны 10 сард дахин цус харвалтын шинж тэмдэг илэрч нэг талын бие /гар, хөл/ мэдээгүй болж, дахин хагалгаанд орсон. Мөн мөр, эгэмний хагалгаанд орж байсны улмаас гараа ч хүчтэй атгах чадваргүй, алдагдсан чадварыг сэргээх эмчилгээ хийлгэж байсан хүн юм. Ийм биеийн байдалтай хүн 3-4 эрэгтэй хүний эсрэг хохирогчийн хоолойг боож, хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй.
Анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь дээрх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн яаж зааглан Б-ийн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэж буруутгасан нь тодорхойгүй байна.
Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх гэм буруугүйд тооцох зарчмын дагуу ашигтайгаар шийдвэрлэж цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Шинжээчийн 135 дугаартай дүгнэлтэд ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Хохирогч Чинзоригийн хүзүүний аль хэсэгт ямар байрлал, ямар хэмжээтэй улайлт үүссэн гэдэг нь тодорхой бус /боосон гэж үзвэл хүзүү тойроод улайлт үүссэн байх боломжтой, гэтэл хохирлын байрлал тодорхойгүй/, мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан цус хуралт, зулгаралт нь эрүүл мэндийг хичнээн хугацаагаар хэрхэн сарниулаад байгаа нь тодорхой бус бөгөөд шинжээч эмч энэ талаар тайлбарладаггүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т заасны дагуу зулгаралт, цус хуралтыг гэмтэл гэж үзэхийн тулд зовиур эмнэл зүйн шинж илэрсэн эсэх, зулгаралт, цус хуралт нь биеийн гадаргуугийн 1 хувиас их байх шаардлагатай. Гэтэл ямар үндэслэлээр зулгаралт, цус хуралтыг гэмтлийн зэрэгт хамааруулсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эргэлзээтэй нотлох баримт байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр Д.Ч-ийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон нь уг гэмтлийг шууд Ц.Б- үүсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр Ц.Б-ийн хохирогч Д.Ч-ийн цамцнаас заамдан зогсож байх үед нь Ө.Галцог араас нь татсаны улмаас Ц.Б- нь татагдана гэдгээ мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн хохирол учруулсан гэж үзэж ч болохоор байна. Хэрэв болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзвэл энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заагдаагүй учир гэмт хэрэг биш болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа яллах болон цагаатгах талын тэгш эрхийн үндсэн дээр явагдах учиртай. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлагдсан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй гэж үзэж байна.
Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 -д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг Ц.Б- би яаж үйлдсэн нь нотлогдоогүй, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоогоогүй гэж үзэж байна. ...Хэргийн үйл баримт болон түүнд хууль зүйн дүгнэлт өгсөн хэсэг ...хоорондоо зөрчилтэй болжээ. Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний гэм буруугүй болохыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээхгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Ц.Б- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “**” хотхонд байрлах “Сони” бильярдын газар Д.Ч-той хэрүүл зодоон үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Ц.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан “...хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоогоогүй, ...хэргийн үйл баримт болон түүнд хууль зүйн дүгнэлт өгсөн хэсэг хоорондоо зөрчилтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1114 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Ц.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН