Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0263

 

Ц.А нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.А, Ц.А, Г.Д, Э.Б, Б.А  нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А, Ц.А, Г.Д, Э.Б, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралдааны явцад хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу гэрчээр асуулгах шаардлагатай н.А гэгчийн талаар хүсэлт гаргахад шүүхийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр, илт төвөгшөөн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа тус хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасан үндэслэлээр гомдол гаргах эрхгүйг дурьдсан нь шүүгчийн захирамжид гомдол гаргах хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас “2015 оны А/645 дугаар захирамж хавтаст хэрэгт байна уу”, Даргалагчаас: “Хариуцагчид байгаа хувь нь нотлох баримтын шаардлага хангасан юм уу” гэхэд “Хариуцагч: Үгүй” гэсэн боловч түүнийг авч хэргийг хэлэлцсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааны дараа уг шийдвэр нь тэмдэг дарсан, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргагдсан байдаг. Үүнээс үзэхэд дээрх тушаалын нотлох баримтын шаардлага хангасан хуулбар нь хэзээ хавтаст хэрэгт орсон, шүүх яагаад түүнийг үндэслэж хэрэг шийдвэрлэсэн зэрэг нь тодорхойгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс сүүлийн шатандаа орж байх үед шүүгчийн зүгээс гэнэт гуравдагч этгээд болон хариуцагчаас газрын төлбөр төлсөн баримт гаргаж өгөхийг шаардсан. Гэтэл нэхэмжлэгчийн анхны болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь гуравдагч этгээдүүд нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үед хуучин эзэмшигч болох н.Б, н.А нар нь газрыг хуульд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг гаргаж тавьсан байдаг бөгөөд гуравдагч этгээдийг төлбөр төлөөгүй талаарх үндэслэл гаргаж тавиагүй. Шүүх хуралдаан   завсарлуулж   байж   цуглуулсан   нотлох  баримт  болох гуравдагч эттээдийн төлбөр төлсөн баримтыг хариуцагчаас авсныхаа дараа уг нотлох баримтаа үнэлсэн эсэхээ шүүхийн шийдвэртээ тусгаагүй байсан. Хэрэв уг нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан бол гуравдагч этгээдэд уг нотлох баримтыг няцаах боломжийг олгоогүй, тухайн төлбөрийг хугацаандаа төлөөгүй  шалтгаан  нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг нотлох боломжоор хангуулалгүйгээр шүүх хуралдаанд оролцогч талуудын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэх боломжтой байна. Мөн шинээр ирсэн баримт материалтай талуудыг танилцуулаагүй, дээрх материалын эсрэг баримт материал бүрдүүлэх, санал гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалсан бол О.Оюунгэрэл баталгаажуулан гарын үсэг зурсан байна. Шүүхийн шийдвэрийн шүүх хуралдаанд оролцсон хэсэгт гуравдагч эдгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийг огт дурьдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан нэг, оруулаагүй нэг гэх тус тусдаа тэмдэглэл гаргасан нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны, ойлгомжтой байх шинжийг алдагдуулсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагчаас гуравдагч этгээдүүдэд өөр газар энэ хэмжээгээр нь олгох боломжтой гэж тайлбарладаг болохыг дурьдах нь зүйтэй байна” гэсэн байдаг. Гэтэл мөн чанартаа хариуцагч тал нь өөрийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэж байгаа тул бидэнд газар санал болгох логик үндэслэлгүй юм. Шүүх нэхэмжлэгчийн эрх яаж зөрчигдсөн, гуравдагч этгээд газар ашиглаагүй болохыг ямар нотлох баримтаар нотолсон болохоо дурдаагүй байдаг. Захиргааны байгууллага нь бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо процессын алдаа гаргасан байж болох ч энэ нь гуравдагч этгээдэд огтхон ч хамааралгүй бөгөөд түүний буруутай үйлдлээс болоогүй юм. Харин гуравдагч этгээдүүдэд газар олгосон захирамж нь тухайн нэхэмжлэгчдийн эрх ашгийг хэрхэн яаж хөндөж хохироосон нь нотлогдохгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Гуравдагч этгээдэд газар олгосон захирамж нь хүчин төгөлдөр болоод аль хэдийн 5 жил өнгөрсөн. Шүүгч аливаа захиргааны актыг хүчингүй болгох эрхтэй боловч тэрхүү шийдвэр нь ерөнхий хуульд заасан боломжоор л хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Аливаа захиргааны актыг гаргасан өдрөөс нь хойш 5 жилийн дотор илт хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжтой” гэх агуулгыг шүүгч үл хайхран шийдвэр гаргасан нь хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн ашигласан гэж үзэхэд хүргэж байна. Нэг иргэнд 3425 м.кв газар олгосон талаар хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс дурдсаар байхад уг асуудлаар дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн илтэд буруутай үйлдэл байхад уг асуудалд ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор хөндөж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Ц.А, Ц.А, Г.Д, Э.Б, Б.А  нар нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.Унарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд 2012 оны А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт газар эзэмшүүлсэн байршилд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Ц.Аод давхардуулан эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр 2014 оны А/245 дугаар захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг бүхэлд нь, 2 дахь заалтаар “Ц.А-оос газар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн 2015 оны А/645 дугаар захирамжийн Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч нь дээрх захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, тодруулбал бодит байдал дээр ямар эрсдэл, хэнд илүү хохирол учрах нөхцөл байдлыг харьцуулж судлаагүй, сонсох ажиллагаа хийж тайлбар, гомдол гаргах боломжоор хангаагүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй боловч маргаан бүхий энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шийдвэрлэх нь зохимжтой байжээ.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Ж.М, З.У нарын эзэмшил газартай гагцхүү нэхэмжлэгч Б.А, Г.Д нарын газар давхцаж байхад /энэ талаар хэргийн оролцогчид мараагүй/ анх Ц.А-д 3425 м.кв газар эзэмших эрх олгосон захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосны зэрэгцээ түүнээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Ц.А, Э.Б нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар нэр бүхий нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Ц.А-д газар эзэмших эрх олгосон 2014 оны А/245 дугаар захирамжаа хүчингүйд тооцсон атлаа уг захирамжаа дахин хүчингүй болгосон нь ойлгомжгүй.

Түүнчлэн, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашиг хөндөгдөж, хохирол учрахаар нөхцөл байдал үүсч байгаа ийм тохиолдолд нөхцөл байдлыг цаашид тодруулж гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг өөр байдлаар хангах боломжийг судлах, маргаан бүхий газар дээр баригдсан байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэх, хохирлыг хэн хариуцах асуудлыг тодорхойлох зэргээр бодит байдлыг тогтоосны дараа дээр дурдсан зөрчлөө арилган дахин шинэ акт гаргах нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хохирлыг багасгах ач холбогдолтой гэж үзэхээр байна.  

Иймд  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Харин шүүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тухайн албан тушаалтанд үүрэг болгоогүй, харин эрх олгосон зохицуулалт гэж ойлгох бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж Засаг даргыг буруутгах боломжгүй.

          Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтаар Засаг дарга тухайн газар эзэмшигчийг хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг тодорхойлж өгсөн байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нараас өмнө буюу 2012 онд Ж.М, З.Унарт газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

 Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдол нь үндэслэлтэй ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болж чадахгүйг дурьдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Ц.А, Г.Д, Э.Б, Б.А нарын нэхэмжлэлээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж нэмж, 2, 3 дахь заалтыг 3, 4 болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

                       ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

                       ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН