Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 14

 

“Э-Т” ХК-ийн

нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын дэргэдэх

Татварын маргаан таслах зөвлөл,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн

орлого, хяналтын газрын татварын улсын

ахлах байцаагч Ц.Э, татварын улсын

байцаагч Б.Б, А.Б,

Х.Н нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим хэсгийг, Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот тогтоолыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч “Э-Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Р.Д, Э.У, хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, П.Д, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Б, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “Э-Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Т.Ц, Р.Д, Э.У нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орллого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 дугаар актаар ногдуулсан төлбөрөөс нийт 4,033,159,470.04 төгрөгийн хүү, торгууль, алдангийг  өршөөн хэлтрүүлж, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.6, 42.7-д заасныг баримтлан “Э-Т” ХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалаар:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Э-Т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “3.Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын таварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 дугаар актын 1.1, 1.2, 1.4 дэх хэсгийн 2014 онд хамаарах, 2.1-д тус тус заасан зөрчилд ногдуулсан хариуцлага болох 1,809,183,823.1 төгрөгийн торгууль, 1,891,612,002.6 төгрөгийн алданги, 4,750,405.4 төгрөгийн хүү, нийт 3,705,546,231.1 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, актын 1.4 дэх хэсгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах зөрчилд ногдуулсан хариуцлагаас зохих журмын дагуу чөлөөлөхийг хариуцагчид даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэсэн 4 дэх заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “Э-Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Т.Ц, Р.Д, Э.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Тодруулбал, уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж хуулийн шаардлагыг тодорхойлсон байна.

4. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж хуульчилж өгсөн нь шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар болон бусад эрх зүйн актыг хэрэг хянан шийдвэрлэхдээ заавал хэрэглэхээр зохицуулсан байна.

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хуулийг хэрэглэх ёстой байсан. Учир нь, Төрийн өмчит “Э-Т” /цаашид “ЭТТ” гэх/ ХК байгуулахыг Монгол Улсын Их Хурал 2010 оны 39 дүгээр тогтоолоор Засгийн газарт даалгаж, энэ тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар 2010 оны 272 дугаар тогтоолоор тус компанийг байгуулан, компанийн дүрмийг Төрийн өмчийн хорооны 2010 оны 425 дугаар тогтоолоор баталж, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдээр үйл ажиллагаагаа эхэлж байсан.

6. “ЭТТ” ХК Тавантолгой нүүрсний орд газарт олборлолтын үйл ажиллагааг явуулах зорилгоор 2011 оноос 2013 оны 1 сарын хооронд “М И” ХХК-иас Renault тосолгооны машин 1 ширхэг, Kawasaki 135ZV маркийн 2 ширхэг хутгуурт автоачигч, Теrех МТ4400 маркийн 5 ширхэг хүнд даацын автомашин, Liehberr 9350 экскаватор 1 ширхэг, нийт 9 ширхэг уул уурхайн машин механизмыг 46,840,920,600.00 төгрөгөөр худалдан авсан.

7. Дээрх 9 ширхэг уул уурхайн машин механизмийг “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолын 3 дахь заалтад хавсралт 2-т заасан техник, тоног төхөөрөмжтэй холбоотой гэрээний эрх, үүргийг "Ти Ти Жи Ви Ко” /TTJVСО/ компанид шилжүүлэхийг гүйцэтгэх захирал /Б.Энэбиш/-д зөвшөөрсүгэй” гэж заасан.

8. “ЭТТ” ХК Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “төрийн өмчит хуулийн этгээдийн ...хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах гэж заасны дагуу 9 ширхэг уул уурхайн машин механизмыг олборлогч талд шилжүүлэх тухай зөвшөөрөл авах хүсэлтийг “ЭТТ" ХК-иас Төрийн өмчийн хороонд 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/498, 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/821, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/939 тоот албан бичгээр удаа дараа хандаж байсан боловч тодорхой шийдвэрийг гаргалгүй нэг жил 6 сар орчмын хугацаа өнгөрсөн.

9. Энэ хугацаанд Төрийн өмчийн хороо татан буугдаж, манай компани Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд шилжин, толгой компани болох “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолоор уг 9 машиныг хууль тогтоомжийн дагуу “Т..............” ХХК-д албан ёсоор шилжүүлэх шийдвэр гарсан.

10. “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол гарч, олборлогч талд хүлээлгэн өгөх хүртэл 9 ширхэг уул уурхайн машин механизм нь “ЭТТ” ХК-ийн өмч буюу төрийн өмч хэвээр байсан бөгөөд “Т........” ХХК-д шилжүүлж өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгөд түүний элэгдэл, хоргодлын шимтгэлийн сан байгуулна”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалаар баталсан Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн зааврыг удирдлага болгон үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцсон нь хууль ёсны байсан.

11. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх 9 ширхэг уул уурхайн машин механизмтай холбоотой “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоол гарсан өдрөөс “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол гарах хугацаан дахь хууль ёсны өмчлөгчийг тодорхойлж өгөөгүй.

12. “ЭТТ” ХК 9 ширхэг уул уурхайн машин механизмыг “Моннис” ХХК-д төлбөрийг нь бүрэн төлж худалдаж авсан тул дээрх хугацаанд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д ...эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ... гэж заасны дагуу “ЭТТ” ХК эдгээр эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч буюу төр өмчлөгч нь байсан.

13. Түүнчлэн “ЭТТ” ХК нь дээрх 9 техникийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “худалдаж буй эд хөрөнгө нь эрхийн зөрчилгүй байх” гэсэн хуулийн шаардлагын дагуу эрх бүхий этгээд буюу Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүлээн, албан ёсны шийдвэр гарсны дараа эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг “ЭТТ” ХК, “Т........” ХХК-тай худалдах, худалдан авах хэлцлийг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Уг хэлцлийн 7 дахь заалтад ...хоёрдугаар ээлжийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ашгийн түвшингийн зөрүүний тооцоолол нь ТТJVСО-ийн худалдан авахдаа төлсөн 37,013,411.581 төгрөгийг ам.долларт шилжүүлсэн үнийн дүн дээр үндэслэсэн байна гэж заасан нь 9 техникийн үнийг хоёр тал 37 тэрбум төгрөгийн НӨАТ орсон үнээр тохирсон нь нотлох баримтаар тогтоогддог.

14. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай, Захиргааны хэргийн давж эаалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-д “...Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3.3...” дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг.

15. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “. Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татөар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан. бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. гээд 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягглан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсвэл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх" гэж заажээ.

16. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан... гэж зөрчил гаргасан этгээдийн субьектив талыг хууль тогтоогчид шууд хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нь олсон орлогоо нуух, бодит хэмжээг нь бууруулах хууль бус үйлдэл гаргасан байхаар тодорхойлж өгчээ.

17. “ЭТТ” ХК нь уг машин механизмуудыг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Т........” ХХК-д 37,013,411,581 төгрөгөөр худалдсан байхад шүүх татвар ногдох орлогоо нуусан” гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “ЭТТ” ХК бусдад эд хөрөнгө худалдаж, олсон 37,013,411,581 төгрөгийн орлогодоо хуульд заасан хэмжээгээр улсад татвараа бүрэн гүйцэд төлсөн.

18. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 510 дугаар магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч компанийн толгой компани “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 9 ширхэг техникийг гэрээт олборлогч “Т........” компанид шилжүүлэхийг зөвшөөрчээ. Уг огноо дугаартай тогтоол нь 2 өөр агуулгатай хэрэгт авагдсан, татварын улсын байцаагч нарын гаргаж ирсэн тогтоолд “анхны үнийг бууруулахгүйгээр шилжүүлэх” гэж, нэхэмжлэгч компанид хадгалагдаж байсан гэх тогтоолд “... зохих журмын дагуу шилжүүлэх” гэж тус тус ялгаатай байх тул тогтоолын энэ хэсгийг аль алийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй, харин уг 37 дугаар тогтоолоор олборлогч компанид техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэхийг зөвшөөрснөөр уг ажип гүйлгээ явагдсан байна гэж дүгнэсэн байна.

19. Шүүхэд “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийи 37 дугаар тогтоол нь яг ижил он сар, гарын үсэгтэй агуулгын хувьд өөр хоёр тогтоолыг нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн.

20. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл болгосон хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 37 дугаар тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлага хангаагүй баримт байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх үндэслэлээр хариуцагчаас гаргаж өгсөн “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 37 дугаар тогтоол бүхэлдээ нотлох баримт болж чадахгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй баримтын зарим хэсэг нь нотлох баримтаар үнэлэгдэнэ гэсэн хуулийн ойлголт байхгүй.

21. Шүүх хуралдааны явцад уг асуудлыг нэхэмжлэгчээс удаа дараа тайлбарласан боловч шүүх хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн.

22. Нэхэмжлэгч талаас яригдаж буй 9 ширхэг уул уурхайн машин механизмыг 37,013,411,581 төгрөгөөр худалдах хэлцлийг 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Т........” ХХК-тай байгуулж, уг хэлцлийг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх “ЭТТ” ХК-ийн 9 ширхэг уул уурхайн машин механизмыг хэдэн онд, ямар үнээр худалдсан үйл явдлыг нотолсон нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй нь хэргийг үнэн зөв бодитоор шийдвэрлэх боломжгүй юм. Энэ үйлдэл нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлнэ гэсэн шүүхийн үүргийг хэрэгжүүлээгүй үйлдэл болсон гэж үзэж байна.

23. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актаар 11,301,389,295.30 төгрөгийн төлбөр ногдуулснаас 9,793,461,579.50 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тухайд, “Чалко трейдинг Хонконг” компанитай байгуулсан гэрээний дагуу 2014 онд 6,939,028,884 төгрөг, 2015 онд 12,199,203,441 төгрөг нийт 19,138,232,325 төгрөгийн зээлийн хүү төлөхөөр гарсан нь “ЭТТ” ХК-ийн тухайн тайлант жилийн санхүүгийн үйл ажиллагааны зардал юм.

24. Дээрх хүүгийн зардлыг гадагш шилжүүлэх үедээ татварыг нь суутган авч улсын төсөвт төвлөрүүлэх үүргийг хуулийн дагуу “ЭТТ” ХК хүлээнэ. Энэ дагуу “Чалко трейдинг Хонконг” компани нь Хонконгоин харьяалалтаи тул давхар татварын гэрээнд хамааруулахгүйгээр Монгол Улсын ААНОАТТ-ын хуулиин дагуу 20 хувиар тооцон 2013-2014 онд 6,267,487,153 төгрөгийн татварыг суутган авч улсын төсөвт төвлөрүүлсэн нь зохих хуулийн заалтуудыг биелүүлсэн үйлдэл болсон ба ийнхүү суутгагчийн үүргийг гүйцэтгэснээр Улсын төсөв хохироогүй, тасалдаагүй.

25. Хариуцагч тал болон шүүх суутгасан татварыг зээлийн хүүгийн зардлаас тусад нь салган өөр зардал хэмээн ойлгож буруу дүгнэсэн зээлийн хүүгийн зардлын дүн нь шилжүүлсэн дүн, суутгасан татвар 2-ын нийлбэр дүнгээр тодорхойлогдох бөгөөд үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд зээлийн хүүгийн зардлын нийт дүнгээр /шилжүүлсэн дүн+суутгасан татвар/ бичигдсэн болно

26. Татварын улсын байцаагч нар “Ти Ти Жи Ви Си Өү" ХХК-д 2013 онд шилжүүлсэн Liebherr 9350 гэх мэт нэр бүхий 9 ширхэг уул уурхайн тоног төхөөрөмжид байгуулсан 192,364,618 төгрөгийн элэгдлийг ААНОАТ тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байгуулсан хэмээн үзэж 3,298,099,154.53 төгрөгийн орлогын албан татварыг нөхөн ногдуулсан байдаг.

27. Дээрх шилжүүлсэн уул уурхайн тоног төхөөрөмжүүдээс Liebherr 9350 тоног төхөөрөмжийн 2013 онд байгуулсан 1,794,010,000.00 төгрөгийн элэгдлээс 747,501,166.00 төгрөгт дахин ААНОАТ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байгуулсан элэгдэл хэмээн тооцож 186,876,041.63 төгрөгийн орлогын албан татварыг нэмж ногдуулсан нь нэг зөрчилд давхардуулан татвар ногдуулан шийтгэл оногдуулж, хохироож байгааг анхан шат болон давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй.

28. Татварын улсын байцаагчийн актаар Liebherr 9350 тоног төхөөрөмжийн элэгдэлд ногдуулсан нөхөн татварыг хүснэгтээр үзүүлвэл:

/мян төг/

Үзүүлэлт

 

Байгуулсан элэгдэл /зөрчлийн дүн гэх/

2012 он

2013 он

Liebherr 9350

1 794 010.0

1 794 010.0

Байгуулсан элэгдэлд ногдуулсан нөхөн татвар

 

 

 

 

ТУБ-ийн актаар ногуулсан нөхөн татдар

ААНОАТ тухай хуулийн 7-7.3.3, 16-6.9 орлогын албан татвар

 

448 502.5

 

448 502.5

ААНОАТ тухай хуулийн 13-13.1, 13.4 орлогын албан татвар

 

 

186 876.0

НӨАТ тухай хуулийн 7.1.1 НАӨТ

 

179 401.0

 

179 401.0

 

29. Татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актаар нийт 4,607,983,274.80 төгрөгийг ногдуулснаас 2013 оны 27,132,233.4 мянган төгрөгийн, 2014 оны 7,232,757.7 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,276,691.2 мянган төгрөгийн хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 4.3 дахь заалтад 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө гаргасан зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасны дагуу өршөөлд анхан шат болон давж заалдах шатны шүүх бүрэн тооцоогүй.

30. Өршөөлийн хуульд хамаарах хугацааны хүү, торгууль, алдангийг хүснэгтэлвэл:

Зөрчилд хамаарах он

Зөрчлийн дүн

Актаар ногдуулсан

Торгууль

Алданги

Хүү

Нийт дүн

2013

27,132,233,402.50

1,705,108,389.80

1,742,483,598.10

3,957,709.40

3,451,549,697.30

2014

7,232,757,742.00

434,373,559.60

389,970,428.80

797,545.90

825,141,534.30

Өршөөлийн хуульд хамруулах хариуцлагын дүн

2,139,481,949.40

2,132,454,026.90

4,755,255.30

4,276,691,231.60

 

31. Жич: 2015 оны эхний 7 сард хамаарах хэсэгт ногдуулсан хүү, торгууль, алдангийг нэхэмжлээгүй болно.

32. Иймд, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалыг хүчингүй болгож, Татварын улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актаар ногдуулсан 11,301,389,295.30 төгрөгийн төлбөрөөс 9,793,461,579.50 төгрөгийн төлбөрийг хасаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            33. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            34. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Энхнаран, татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Х.Н нар “Э-Т” ХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “...өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, бусдын эзэмшилд шинээр нь хүлээлгэн өгч шилжүүлсэн хөрөнгөндөө элэгдэл тооцон үлдэгдэл өртгөөр нь шилжүүлсэн гэсэн тооцооллыг хийж хөрөнгө борлуулсан орлогыг бууруулсан”,  “... Liebherr 9350  экскаваторт элэгдэл тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан”, “...зээлийн хүүгээс татвар суутган тооцоогүй, ... татварын тайланд татвар суутгаснаар тайлагнан төлж, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бүртгэн ... татвар ногдох орлогыг бууруулсан” гэх зөрчлүүдийг тус тус тогтоон, татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, “Э-Т” ХК-нд 6,693,406,020,5 төгрөгийн нөхөн татвар, 2,326,043,780 төгрөгийн торгууль, 2,277,166,745,7 төгрөгийн алданги, 4,772,749,1 төгрөгийн хүү, нийт 11,301,389,295.30 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            35. “Э-Т” ХК уг актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим заалтыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, зөвлөл гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд маргаан бүхий актаар тогтоосон /тогтоох хэсгийн 1.3, 2.2-т заасан/ “ложистикийн үйлчилгээний төлбөрөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөөгүй” гэх зөрчилд хамаарах 5,284,640,000 төгрөгийн зөрчилд ногдуулсан 792,696,000 төгрөгийн нөхөн татвар, 290,655,200 төгрөгийн торгууль, 185,216,062.7 төгрөгийн алданги, 792,696 төгрөгийн хүү, нийт 1,269,359,958.7 төгрөгийн төлбөрийг “Э-Т” ХК нь хүлээн зөвшөөрч, нөхөн татварыг улсын төсөвт төлсөн, тус зөвлөлийн 2018 оны 20 дугаар тогтоолоор дээрх зөрчилд хамаарах 290,655,200 төгрөгийн торгууль, 185,216,062.7 төгрөгийн алданги, 792,696 төгрөгийн хүү, нийт 476,663,958.7 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, үлдэх төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            36. Нэхэмжлэгч “Э-Т” ХК-иас “татварын улсын байцаагчийн 210022565 дугаар актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийн зарим хэсгийг, Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот тогтоолыг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын тогтоох хэсгийн 1.1, 1.4, 2.1, 2.2-т тус тус заасан зөрчилд холбогдуулж хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв,  түүнчлэн, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийн “...маргаан таслах зөвлөлийн ... 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон,  Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг мөн зөв хэрэглэж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаагаар хязгаарлаж, зөрчилд оногдуулсан хариуцлагыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус  үндэслэлтэй, зөв байна.

            37. -“...өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, бусдын эзэмшилд шинээр нь хүлээлгэн өгч шилжүүлсэн хөрөнгөндөө элэгдэл тооцон үлдэгдэл өртгөөр нь шилжүүлсэн гэсэн тооцооллыг хийж хөрөнгө борлуулсан орлогыг бууруулсан” гэх зөрчлийн талаар:

            38. “Э-Т” ХК нь 2011, 2012 онуудад “М И” ХХК-аас “... Репаий тосолгооны машин 1 ширхэг, Калазак 1352/ маркийн 2 ширхэг хутгуурт авто ачигч, Тегех МТ4400 маркийн 5 ширхэг хүнд даацын автомашин, Liebherr 9350 экскаватор 1 ширхэг, нийт 9 ширхэг” уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийг нийт 46,840,920,600 төгрөгөөр худалдан авсан, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 50 тоот тогтоолоор дээрх 9 төрлийн машин механизмыг үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж, “Үндсэн хөрөнгийн орлогын акт” үйлдсэн, “Э М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “... /дээрх техник, тоног төхөөрөмжүүдийг/ гэрээт олборлогч “Т.......” ХХК-д шилжүүлж, ... компанийн үндсэн хөрөнгөнөөс хасах”-аар шийдвэрлэсэн, үүний дагуу нэр бүхий 9 тоног төхөөрөмжийн худалдан авсан анхны үнийг 13,192,364,618 төгрөгөөр бууруулан тооцож, гэрээт олборлогч “Т..............” ХХК-д шилжүүлэхээр  “хоорондын тооцоо” хийж,  “Үндсэн хөрөнгийн зарлагын акт” үйлдсэн, уг машин механизм, тоног төхөөрөмжийг анхнаасаа “Э-Т” ХК өөрөө ашиглаж олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, гэрээт олборлогч “М” ХХК /сүүлд Т,,,,,,,,,,,,ХХК болсон/ ашиглаж байсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

39. Нэхэмжлэгчээс “... эдгээр тоног төхөөрөмжүүдийг 2011-2012 онуудад худалдан авч, олборлолтод ашиглаж байсан ... тул ашиглагдаж байсан хугацааны үндсэн хөрөнгийн элэгдлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу тооцож бүртгэсэн, ... үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцсон нь хууль зөрчөөгүй” гэж, хариуцагч нараас “...өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, бусдын эзэмшилд шинээр нь хүлээлгэн өгч шилжүүлсэн хөрөнгөндөө элэгдэл тооцон үлдэгдэл өртгөөр нь шилжүүлсэн гэсэн тооцооллыг хийж хөрөнгө борлуулсан орлогыг 13,192,364,618 төгрөгөөр бууруулсан” гэж тус тус маргажээ.

40. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нягтлан болох бүртгэлийн тухай (2001) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар /мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга/ хөтлөх”-өөр, 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь … аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 9 дүгээр зүйлийн 9.1-д “аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө ... -өө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгах”-аар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд ... элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох”-оор,  13.7-д “албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулах”-аар, 13.10-т “албан татвар төлөгчийн тухайн улиралд шинээр эзэмшсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцох”-оор тус тус зааснаас үзэхэд, үндсэн хөрөнгийг өөрийн өмчлөлд олж авмагц бүртгэх, ийнхүү бүртгэгдсэнээр тухайн үндсэн хөрөнгөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно, ингэхдээ тухайн шинээр бүртгэгдсэн үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг “дараагийн улирлын эхний өдрөөс эхлэн тооцох” ёстой байна.

41. Тухайн тохиолдолд, “Э-Т” ХК 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр үндсэн хөрөнгөд бүртгэн авсан нэр бүхий 9 уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийг  2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахдаа анхны бүртгэгдсэн үнийн дүнг “элэгдэл хорогдлын шимтгэл” гэж 13,192,364,618 төгрөгөөр бууруулан санхүүгийн тайланд бүртгэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн гэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцсон нь хууль ёсны байсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

42. “Э-Т” ХК нь маргаан бүхий 9 уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж, “Үндсэн хөрөнгийн орлогын акт” үйлдсэн, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй, энэ тохиолдолд, эдгээр үндсэн хөрөнгийг “Э-Т” ХК өөрийн санхүүгийн анхан шатны баримтад бүртгэж, орлогод авсан өдрөөс үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох хугацааг тооцсон нь зөв, “... өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж аваад нэг жил болоогүй, нэг сар орчмын дараа бусдад шилжүүлэхдээ үндсэн хөрөнгийн элэгдэл тооцсон нь хууль нийцэхгүй”  гэх хариуцагч нарын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй, өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж авахаас өмнөх хугацаанд уг тоног төхөөрөмжүүд нь “хэний өмч байсан” гэх асуудал нь маргааны үйл баримтад хамааралгүй юм.

43. Иймд, “Э-Т” ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй,  өөр этгээд буюу гэрээт олборлогч “М” ХХК /Т,,,,,,,,,,,,ХХК/-ийн олборлолтын үйл ажиллагаандаа ашиглаж байсан уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжид  “Э-Т” ХК “үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцсон” нь  үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх ... тухайн 9 машин механизм, тоног төхөөрөмжийг хэдэн онд, ямар үнээр худалдсан үйл явдлыг нотолсон нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй,  ... “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоол гарсан өдрөөс “Э МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол гарах хугацаан дахь хууль ёсны өмчлөгчийг тодорхойлж өгөөгүй” гэх зэрэг гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

44. -  “...татварын тайланд татвар суутгаснаар тайлагнан төлж, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд бүртгэн ... татвар ногдох орлогыг бууруулсан” гэх зөрчлийн тухайд:

            45. “Э-Т” ХК нь БНХАУ-ын “Чалко трейдинг Хонконг” компанитай 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Нүүрс нийлүүлэх, худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээгээр “.../“Чалко трейдинг Хонконг” компанийн/ олсон орлогод ... Монгол улсын хуулийн дагуу ногдох бүх төрлийн татварыг ... худалдагч /”Э-Т” ХК/ хариуцах”-аар тохиролцсон, үүний дагуу “Э-Т” ХК нь “Чалко трейдинг Хонконг” компанийн хуулийн дагуу төлвөл зохих албан татварыг “өмнөөс нь” төлж, ийнхүү төлсөн мөнгөн дүн болох 2014 онд 1,387,805,776.9 төгрөг, 2015 онд 2,439,840,688.2 төгрөг, нийт 3,827,646,465.1 төгрөгийг “үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал”-аар тооцон, татвар ногдох орлогоос хассан, үүнийг маргаан бүхий  актаар “хуульд нийцээгүй” гэж үзэн зөрчилд тооцсон нь үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

            46. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж ... /-ийн орлогод албан татвар ногдуулах/”-аар, 7 дугаар зүйлийн 7.3-т “албан татвар төлөгчийн ... /үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого/-д албан татвар ногдох”-оор, 17 дугаарзүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар /албан татвар ногдуулах/”-аар тус тус заасан, үүний дагуу Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч “Чалко трейдинг Хонконг” компани нь Монгол Улсаас эх үүсвэртэй олсон “зээлийн хүү” болон бусад орлогодоо хуульд заасан хувь хэмжээгээр татвар ногдуулан төлөх үүрэгтэй, уг татварыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “...ногдох албан татварыг ... суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлэх”-ээр заасны дагуу “Э-Т” ХК суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байна.

            47. Түүнчлэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлд “татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг нэгбүрчлэн тоочиж, жагсаасан, үүний дотор, бусдын өмнөөс төлсөн татварыг зардалд тооцож, хасах талаар заагаагүй, албан татвар ногдох орлогоос хасаж тооцох талаар хуулиар тусгайлан зөвшөөрөөгүй зардалыг татвар ногдох орлогоос хасахгүй, тухайн тохиолдолд, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч “Чалко трейдинг Хонконг” компани энэ хуулийн дагуу албан татвар төлөөгүй, түүний төлвөл зохих албан татварыг гэрээгээр тохиролцсоны дагуу “Э-Т” ХК “өмнөөс нь” улсын төсөвт төлөхдөө, үүнийгээ өөрийн татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь дээрх хуулийн зохицуулалтуудтай нийцэхгүй, маргаан бүхий актаар хуульд заагаагүй үндэслэлээр “албан татварыг бууруулсан” уг зөрчилд холбогдуулж, 956,911,616.3 төгрөгийн нөхөн татвар, 287,073,484.9 төгрөгийн торгууль, 293,723,123.1 төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй.

49. Өөрөөр хэлбэл, шүүх “гэрээний үндсэн дээр” бусдын төлөх албан татварыг өмнөөс нь төлсөнийг “хууль бус” гэж дүгнээгүй, гагцхүү энэ нь уг этгээдийн албан татвар ногдох орлогоос хуулиар тогтоосон “хасагдах зардал” биш тул гэрээний дагуу буюу сайн дурын үндсэн дээр гаргасан уг зардал нь татвар ногдох орлогоос хасагдахгүй, хасах ёсгүй зардлыг хасаж, татвар ногдох орлогыг тодорхойлсон нь хуульд нийцээгүй, энэ үндэслэлээр, “татвар ногдох орлогыг бууруулсан” зөрчилд хариуцлага ногдуулсан маргаан бүхий актын холбогдох хэсэг зөв, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...суутгагчийн үүргийг гүйцэтгэснээр Улсын төсөв хохироогүй, тасалдаагүй, ... шүүх суутгасан татварыг зээлийн хүүгийн зардлаас тусад нь салган өөр зардал хэмээн ойлгож буруу дүгнэсэн, ... үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалд зээлийн хүүгийн зардлын нийт дүнгээр бичигдсэн ... /нь хууль зөрчөөгүй/” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

 50.  Харин, маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 1.2 дахь хэсэг буюу “... “Liebherr 9350” экскаваторт 747,504,166.00 төгрөгийн элэгдэл тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчилд 186,876,041.6 төгрөгийн нөхөн татвар, 56,062,812.5 төгрөгийн торгууль, 93,438,020.80 төгрөгийн алданги тооцохоор шийдвэрлэснийг “үндэслэлтэй” гэж үзэж, хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр, татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 дугаар актын тогтоох хэсгийн 1.2 дахь заалтыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

51. Нэхэмжлэгчээс “... “Liebherr 9350” тоног төхөөрөмжид байгуулсан 1,794,010,000 төгрөгийн элэгдлээс 747,501,166.00 төгрөгт дахин ... хууль зөрчиж байгуулсан элэгдэл гэж  186,876,041.63 төгрөгийн орлогын албан татварыг нэмж ногдуулсан нь нэг зөрчилд давхардуулан татвар ногдуулан шийтгэл оногдуулсан” гэж маргасан, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, уг “Liebherr 9350” экскаватор нь маргаан бүхий актын 1.1-д заасан  “...өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, бусдын эзэмшилд шинээр нь хүлээлгэн өгч шилжүүлсэн хөрөнгөндөө элэгдэл тооцон үлдэгдэл өртгөөр нь шилжүүлсэн гэсэн тооцооллыг хийж хөрөнгө борлуулсан орлогыг бууруулсан” гэх зөрчилд холбогдох 9 ширхэг уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн нэг байх бөгөөд, уг 9 техникийн хувьд “элэгдэл хорогдлын шимтгэл” гэж нийт 13,192,364,618 төгрөгөөр бууруулан санхүүгийн тайланд бүртгэсэн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон атлаа эдгээрийн нэг болох “Liebherr 9350” экскаваторт “элэгдэл тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх ижил үндэслэлээр зөрчил тогтоож, төлбөр ногдуулсан нь ойлгомжгүй, эргэлзээтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүх уг “зөрчил”-д холбогдуулан хууль зүйн эцсийн дүгнэлт хийх боломжгүй байна.

52. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасан,  энэ тохиолдолд хэрэглэх боломжтой, уг заалтыг баримтлан маргаан бүхий актын холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг “зөрчил”-д холбогдох тооцооллыг хариуцагч нар дахин нягтлах нь зүйтэй гэж үзлээ.

   53. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т тус тус зааснаар “... 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, тухайн тохиолдолд, “Э-Т” ХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан зөрчилд хамаарах хариуцлага буюу торгууль, алданги, хүүний төлбөрийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх хуулийн уг заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн “... Өршөөлийн хуульд хамрагдах хэсгийг шүүх бүрэн тооцоогүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

54. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөв хэрэглэж, нэхэмжлэгчийн “...маргаан таслах зөвлөлийн ... 20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, магадлалын уг хэсэгт болон шийдвэр, магадлалын дүгнэлтүүдийн өөр бусад хэсэгт холбогдуулан хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй тул гомдол гаргаагүй хэсэгт хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

55. Эдгээр үндэслэлээр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Э-Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, Т.Цолмон, Р.Даваа, Э.Уянга нар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... актын 1.1, 1.2, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Э-Т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...актын 1.1, 1.4, 2.1 дэх хэсгийг бүхэлд нь, 2.2 дахь хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгуулах” тухай “Э-Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.11-т заасныг баримтлан уг актын 1.2 дахь хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан тогтоох хэсгийн 1-д заасан гурван сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210022565 тоот актын 1.2 дахь хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэн, шийдвэрийн 2, 3, 4 дахь заалтад оруулсан өөрчлөлтийн дугаарыг 3, 4, 5 болгон өөрчилж,  магадлалын  бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Э-Т” ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА