Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00148

 

       Капитрон банкны нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06004 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1911 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Капитрон банк

Хариуцагч : Ш.Түвшин

Нэхэмжлэлийн шаардлага : 76.434.437 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны  хөрөнгөөр хангуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, хариуцагч Ш.Түвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2014.8.25-ны өдөр 3020-14/24 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 80 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлүүлж, үүргийн гүйцэтгэлд Ш.Түвшингийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 52 тоот  орон сууцыг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн. Ш.Түвшин нь  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 66.125.211 төгрөг, зээлийн хүү 7.122.017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219.569  төгрөг, нийт 73.466.798 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 525.284 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангаж өгөхийг хүсье. 2016.7.20-ны өдрөөс 2016.9.12-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцогдох 2.967.639 төгрөгийг нэмж шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Капитрон банктай 2014.8.25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 80 сая төгрөг авсан. Зээлийг графикийн дагуу эхний 7 сарын хугацаанд хүүний мөнгийг цаг тухайд нь 2014.9.25-ны өдрөөс 2015.3.25-ны өдөр хүртэл 12.824.547,94 төгрөг төлсөн. Мөн 2015.4.25-ны өдрөөс 2015.11.25-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд 35.513.609,04 төгрөгийг төлсөн болно. Үүнээс 8 сарын нийт хүүний төлбөр болох 12.348.936 төгрөгийг хасаад 23.164.672 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаагүй байна. Дээрх мөнгийг үндсэн зээлээс хасахад 56.835.327 төгрөг болох ёстой. Мөн 2015.12.30-ны өдрөөс 2016.6.13-ны өдрийг хүртэл 7.499.000 төгрөг төлсөн.Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу миний төлсөн 55.343.436  төгрөгийг Капитрон банк зөвхөн нэг талаа барьж хүүний төлбөрүүдийг эхэнд авч мөн торгуулийн хүү тооцож үндсэн зээлээс хасаагүй   2015.12.25-ны өдрөөс 2016.7.27-ны өдөр хүртэл зээлийн хүүг болон үндсэн зээлийн үлдэгдэл болох 49.336.327 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06004 дугаартай шийдвэр гаргаж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагчаас   56.751.222 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс  19.683.215  төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчээс төлсөн 587.715 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 441.706 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн   байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1911 дугаартай магадлал гаргаж, шийдвэрт өөрчлөлт оруулан  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-г баримтлан  Ш.Түвшингээс 74.724.547 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.709.890 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан заалтыг өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 1 жил 10 сар 25 хоногт нийт 47.288.777,05 төгрөг төлсөнийг зөвхөн хүүгийн төлбөрт авч үлдсэн зээлээс маш бага хасаж байгаа нь шударга бус байна. Иймд, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг харж зөв зүйтэй бодож өгнө үү. Миний төлсөн төлбөрөөс Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн дарааллын дагуу хасаж шийдвэрлэж өгнө үү. Зээл олгосон шимтгэл болгож зээлийн 1 хувь буюу 800.000 төгрөг суутгаж авсаныг үндсэн зээлээс хасаж өгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Капитрон банк шүүхэд нэхэмжлэл гаргаж Ш.Түвшингээс үндсэн зээлийн үлдэгдэл  66.125.211 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 9.822.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487.126 төгрөг нийт 76.434.437 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна. /хх 1-2, 29/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ./хх 24/

Анхан шатны шүүх хариуцагч үндсэн зээлд 80 сая төгрөг, хүү 23.980.000 төгрөг, нийт 103.980.000 төгрөг төлөхөөс 47.288.777,05 төгрөг төлсөн гэж дүгнэн, 56.751.222,95 төгрөг гаргуулан, нэхэмжлэлээс 19.683.215,05 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна./хх 41- 44/

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагч үндсэн зээл 80 сая төгрөг, хүү 42.013.325 төгрөг нийт 122.013.325 төгрөг төлөхөөс төлсөн 47.288.777 төгрөгийг хасаж үлдэх 74.724.547,95 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэлийн үлдэх 1.709.890 төгрөгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ. /хх 61-67/  

Шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэгч 80 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй зээлүүлэх тухай 3020-14/24 дугаар зээлийн болон 3020-14/25 дугаар барьцааны гэрээг хариуцагчтай 2014 оны 8 сарын 25-ны өдөр /хх 5-8/ байгуулж, Ш.Түвшингийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7-р хороо, 30 дугаар байр 52 тоот орон сууцыг барьцаалж, зээл олгожээ. /хх 9-12/

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан  боловч хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, зээлдэгч нь зээлийн төлбөрт 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд  нийт 47.288.777 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

Капитрон банк нь Ш.Түвшингээс үндсэн зээлийн үлдэгдэл 66.125.211 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 9.822.100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487.126 төгрөг нийт 76.434.437 төгрөг шаарджээ.   

2. Капитрон банк нь Ш.Түвшинтэй зээлийн гэрээ байгуулж, 80 сая төгрөг зээлүүлэх, хариуцагч уг мөнгийг 36 сарын хугацаатай зээлэх талаар тохиролцсон нь тогтоогдсон  байна.  

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хүчин төгөлдөр гэрээний заалтыг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид өгсөн үйл баримт нотлогдсон тул зээлдэгчээс  үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 452 дугаар зүйлд нийцжээ.    

3. Үндсэн зээлийн талаар :

а/. Нэхэмжлэгч 80 сая төгрөгийн зээл олгохдоо 800.000 төгрөг суутган авсан нь хууль бус байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.7-д “...зээл олгосны шимтгэлд зээлийн үнийн дүнгээс 1 хувь...” төлөхөөр заасан нь зээлдэгч зээлээгүй мөнгийг хүүгийн хамт буцааж төлөх тохиролцоо байх бөгөөд энэ нь гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэхийг шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан заалт байна.

Нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэлийн талаарх заалтыг зөвхөн энэ удаагийн гэрээнд оруулсан гэдгийг нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.7 дахь заалт нь гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл гэж дүгнэхээр байна. Иймд нэхэмжлэгч 80 сая төгрөгийн бус, харин 79.200.000 төгрөгийн зээл олгосон гэж үзнэ.

4. Зээлийн хүүгийн талаар :

Хариуцагч нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай зээлсэн 79.200.000 төгрөгт жилийн 27,6 хувь, сарын 2,3 хувийн хүү буюу 1.821.600 төгрөг төлөх үүрэгтэй байна.  

Ш.Түвшин нь нэхэмжлэлийн зөвшөөрөөгүй боловч өөрийн үндэслэлийг нотлох тооцоог нарийвчлан гаргаж өгөөгүй тул “...зээлдэгч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд нийт 13.874.788 төгрөг төлсөн...” талаархи нэхэмжлэгчийн тайлбарын хэмжээнд тооцоо хийж, хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зээлдэгч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлд нийт 13.874.788 төгрөг төлсөн гэх тул 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 1 жил 4 сарын хүүг 79.200.000 төгрөгөөс, үлдэх 7 сарын хүүг 65.325.212 төгрөгөөс тооцож,  хариуцагч зээлийн хүүд нийт 39.666.959 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэв.   

5. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар :

Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан байна.

Капитрон банк нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү гаргуулах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн /хх 5-6/  гэрээний 3.1, 3.1.4-т “...банк зээлдэгчид зээлийг дараах нөхцлөөр олгоно... зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн 5.52 хувь...” гэж, 3.3-т “...зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө...” гэж, 4.9-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд... хавсралтад заасан ...хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үлдсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 %-р нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн тус тус тооцож авна...”  гэж тус тус заажээ. 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийг үндэслэн авч үзвэл   талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.9 нь “...зээлийн үндсэн хүүг 20 % нэмэгдүүлэх...” тохиролцоо байх тул үүнийг “...үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү...”-н талаарх тохиролцоо гэж дүгнэх боломжгүй. Иймд  Капитрон банк нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоогүй  гэж үзнэ. 

Дээр дурдсан үндэслэлээр Ш.Түвшин нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 79.200.000 төгрөг, хүү 39.666.959 төгрөг нийт 118.862.959 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 47.288.777 төгрөг төлсөн тул үлдэх 71.574.182 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Капитрон банкинд олгох, үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж хуваарилах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1911 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06004 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан Ш.Түвшингээс 71.574.182 төгрөг гаргуулан Капитрон банкинд олгож, нэхэмжлэлээс 4.860.255 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтын “...441.706 төгрөг...” гэснийг “...515.280 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 247.900 төгрөгийг захирамжаар Ш.Түвшинд буцааж олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ