| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0551/Э |
| Дугаар | 648 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Г.Б, М.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын Ж овогт Г.Б, Б овогт М.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0090 30303 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ж овогт Г.Б, 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Булган аймгийн Гурванбулаг сумын Толь хэсгийн 03-15 тоотод оршин суух хаягтай, одоо эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт үйл ажиллагаа явуулдаг “Шижир Баясгалан” ХХК-ийн хашаанд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ГГ92101813/,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт М.Х, 1972 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шижир Баясгалан” ХХК-нд манаач ажилтай, ам бүл 5, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Лакаторын 1 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, одоо эхнэр хүүхдийн хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт үйл ажиллагаа явуулдаг “ Шижир Баясгалан” ХХК-ийн хашаанд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:АА72063013/,
Шүүгдэгч Г.Б нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сино-Хэйдро” ХХК-ний барааны агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч суудлын автомашины 4 ширхэг, мөн ачааны автомашины 4 ширхэг буюу нийт 8 ширхэг автомашины дугуй хулгайлж “Сино-Хэйдро” ХХК-д 2.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч М.Х нь бусадтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сино-Хэйдро” ХХК-ний барааны агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч суудлын автомашины 4 ширхэг, мөн ачааны автомашины 4 ширхэг буюу нийт 8 ширхэг автомашины дугуй хулгайлж “Сино-Хэйдро” ХХК-д 2.560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Хохирогч С.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 1 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай байгууллагын аж ахуйн хашааны дотор байсан воганчикт хулгай орж том ачааны машины 4 ширхэг дугуй, жижиг машины 4 ширхэг дугуй буюу нийт 8 ширхэг машины дугуй хулгайд алдагдсан. Дээрх дугуйнуудыг 2014 онд Хятад улсаас том машины 1 ширхэг дугуйг 1600 юанаар, жижиг машины 1 ширхэг дугуйг 600 юань-аар тус тус худалдан авч байсан. Дээрх дугуйнуудыг воганчикт хийгээд гаднаас нь цоожилсон байсан. Хулгайд алдагдсан эд зүйлээ олж авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-10-11/,
Яллагдагч Г.Б мэдүүлэхдээ: “...Аав дэмий юм бишүү гээд 2 хоносон, тэгээд 2018 оны 01 сарын 19-ний шөнө ерөөсөө урагшаа оръё наад төлбөр чинь хэцүү боллоо гэхэд хадам аав за за тэгье гээд хамт 01:00 цаг өнгөрөөгөөд бид 2 гэрээсээ алх аваад урагшаа тойрч агуулахынх нь харалдаа очоод хашааных нь торны боолтыг түлхүүрээр тайлаад авч тавиад хашааг давж орсон. Тэгээд дугуй байдаг агуулах руу очоод хадам аав алхаар цоожийг нь цохиж эвдээд бид 2 дотогш ороод үүдэнд нь ойрхон байсан шинэ дугуйнуудыг гадагш түрж өнхөрүүлж зөөж гаргаад хашааг давуулсан, нийт 8 ширхэг шинэ дугуйг хашааных нь гадна гаргаад контенерийн цоожийг буцааж зүүж орхиод хашааны гадна гараад хашааны торыг боолгүй орхиод 8 ширхэг дугуйгаа түрж өнхрүүлээд хашаандаа оруулж байшиндаа нуусан ...” гэх мэдүүлэг. /хх37-38/,
Яллагдагч М.Х мэдүүлэхдээ: “...Манай хүргэн Баттулга Булган аймгийн Гурванбулаг сумаасаа хотод манайд ирээд 1 жил гаран болж байна. Энэ хооронд манай урд байдаг “Сино Хейдро” ХХК-д 7 хоног манаач хийсэн юм. Тэгээд оны дараа Налайх руу уурхайд аманд ажиллаад байсан юм, тэгээд нэг шөнө ирээд мөнгө олж өрнөөс гарах ийм арга байна гээд урд хашаанаас дугуй хулгайлах юм ярьсан юм. Тэгэхээр нь болж байгаа юмуу, зуны дугуй юм гэтэл Хово машины дугуй байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэг шөнө гараад урд хашааны урдаас торыг нь авч байгаад давж ороод складны цоожийг алхаар цохиж онгойлгож 8 ширхэг дугуйг хулгайлсан юм...” гэх мэдүүлэг. /хх39-40/,
Гэрч Б.Мягмардорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж хоносон. Өглөө аж ахуйн хашаан дотор байгаа эд зүйлээ бүртгээд явж байхад хашаан дотор байх воганчикны цоож эвдэрсэн байхаар нь хартал хүний гутлын мөр болон дугуйн мөр хашаа давсан байхаар нь араас нь нь уг мөрийг дагахад хажуу айлын хашаа руу яваад орсон байсан. Тэгэхээр нь албаны даргад мэдэгдээд уг айл руу ороод “ дугуй хаана байна” гэхэд “мэдэхгүй” гэсэн. Тэгэхээр нь хашааг нь шалгаад явж байтал хашаан дотор дутуу баригдсан байшин дотор манайхаас хулгайд алдагдсан дугуйнууд байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хх12-14/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б, М.Х нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сино-Хэйдро” ХХК-ийн барааны агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч суудлын автомашины 4 ширхэг, мөн ачааны автомашины 4 ширхэг буюу нийт 8 ширхэг автомашины дугуй хулгайлж “Сино-Хэйдро” ХХК-д 2.560.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б, М.Х нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б, М.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Бат-Очир нь гэм буруутай этгээдүүдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Г.Б, М.Х нар нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овогт Г.Б, Б овогт М.Х нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Б, М.Х нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б, М.Х нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Г.Б, М.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б, М.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР