Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00622

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00622

 

 

В.Чүлтэмсүрэн нэхэмжлэлтэй

В.Чүлтэмсүрэнгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00052 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Тэмүүлэлд холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Саранчимэг

 

-               62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн

 

-               В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэтөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунтунгалаг

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Булган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр В.Чүлтэмсүрэн нь Т.Тэмүүлэлээс 3 000 000 төгрөг бэлнээр зээлж аваад үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн 62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашины гэрчилгээг түүний өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн 3 170 000 төгрөгийг Т.Тэмүүлэлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сард хамгийн сүүлийн төлбөрийг хийж зээлийн харилцаа дуусгавар болсон. Зээлээ төлж дууссан учир автомашиныхаа гэрчилгээг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэхийг Т.Тэмүүлэлд хэлсэн боловч тэрээр хүлээн зөвшөөрөөгүй, одоо болтол шилжүүлээгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний зохицуулалтын дагуу миний машин түүний өмчлөлд шилжсэн. Талуудын хооронд бичгээр байгуулсан фидуцийн гэрээ байхгүй. Талууд хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байгуулсан гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэж байна. Хэрэв фидуцийн гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэл хангагдаад 3 000 000 төгрөг төлөгдсөн учраас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Иймд 62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Тэмүүлэл шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр В.Чүлтэмсүрэнд 3 000 000 төгрөг зээлээгүй, 12 800 000 төгрөгийг зээлсэн. Бид дундын данснаасаа мөнгө авч, Авто тээврийн үндэсний газар очиж, Ц.Саранчимэг, В.Чүлтэмсүрэн нарт уг мөнгийг өгсөн. Ц.Саранчимэгтэй Б.Ариунтунгалаг миний бие Дүнжингарав худалдааны төвд зэрэгцээ хоёр лангуунд хамт суудаг байсан. Эгч нь хүүгийнхээ машиныг барьцаалан нэг сарын хугацаатай мөнгө зээлмээр байна, 8 хувийн лизинг хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан. Эхлээд 10 000 000 төгрөг зээлсэн, сарын дараа тавилга хэрэгтэй гээд 2 800 000 төгрөгийг зээлж авсан. Гэрээ хийх гэхээр эгч нь найдвартай гэрээ хийх шаардлагагүй, машины үндсэн үнэ 25 000 000 төгрөг, хэрэв зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй бол машиныг аваарай гэж хэлээд машины өмчлөлийг Т.Тэмүүлэлийн нэр дээр шилжүүлсэн. Анх Ц.Саранчимэг машинаа унаж болохоор зээл авмаар байна гэж гуйж байсан бөгөөд түүнд 3 000 000 төгрөг зээлсэн бол 4 жил маргаан үүсгэх шаардлага байхгүй. Зөвхөн зээлсэн мөнгөний хүү 3 000 000 төгрөг болоод байна. Хариуцагч нь хууль бусаар машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй. Машины өмчлөлийг шилжүүлэхдээ нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр гарын үсгээ зураад Т.Тэмүүлэлийн өмчлөлд машиныг шилжүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болно. Фидуцийн гэрээг бичгээр үйлдээгүй нь хариуцагчийн буруу болж байна. Ц.Саранчимэг 10 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зураагүй боловч барьцаанд камри гэж өөрийн гараар бичсэн байдаг бөгөөд шүүхийн баримт бичигт Ц.Саранчимэг нь дандаа дармалдан бичсэн байгаагаас харахад өөрийн бичгийн хэвийг таниулахыг хүсэхгүй байгаа гэсэн хардлага төрүүлж байна. Гуравдагч этгээдээр хэрэгт оролцож би энэ мөнгийг мэдэхгүй, манай хүү 3 000 000 төгрөг зээлсэн гэж худал тайлбар гаргасан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоолд машины өмчлөл тогтоох асуудал нь зээлийн гэрээтэй шууд хамааралтай гэж үзсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Тэмүүлэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Маргааны зүйл болж буй автомашины өмчлөгч нь Т.Тэмүүлэл мөн боловч уг автомашиныг Ц.Саранчимэг, В.Чүлтэмсүрэн нар эзэмшиж байна. Үндсэн зээлийн асуудлаа шийдвэрлээд машинаа өг эсхүл мөнгөө төл гэж хэлэхэд машинаа өгөхгүй, мөнгөө төлөхгүй зугатаад байдаг. Би 12 800 000 төгрөгийг зээлж, 3 170 000 төгрөг авсан нь үнэн учраас барьцаанд байгаа автомашинаа Ц.Саранчимэг, В.Чүлтэмсүрэн нарт ашиглуулаад баймааргүй байна. Иймд миний өмчлөлийн автомашиныг В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Т.Тэмүүлэлээс нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн 3 000 000 төгрөгийг зээлж авсан. Түүнийгээ 3 170 000 төгрөг болгож төлсөн. Бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн өмчлөлийн машинаа авах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Саранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Тэмүүлэл нь сөрөг нэхэмжлэлдээ В.Чүлтэмсүрэнгийн ээж Ц.Саранчимэгт 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нийт 12 800 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээл төлөх баталгаа болгож түүний хүү В.Чүлтэмсүрэнгийн 62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэжээ. Т.Тэмүүлэлийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, би түүнээс ямар ч мөнгө зээлээгүй. Харин миний хүү түүнээс 3 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд уг мөнгийг эгүүлэн төлсөн. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэх зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй, нэр гэх хэсэгт миний нэр бичигдсэн боловч миний гарын үсэг байхгүй, түүнчлэн миний регистрийн дугаарыг буруу бичсэн байгааг анхаарч үзнэ үү. Уг хэрэгт миний эрх ашиг хөндөгдөхгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан 62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг В.Чүлтэмсүрэнд буцаан шилжүүлж, уг автомашины өмчлөгчөөр Боржигин овогт Ванганы Чүлтэмсүрэнг тогтоож, 62-99 УНТ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныг В.Чүлтэмсүрэнгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Т.Тэмүүлэлийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Т.Тэмүүлэлээс 70 200 төгрөг гаргуулж, В.Чүлтэмсүрэнд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдолдоо:

 

... Анхан шатны шүүх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүилиин 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Учир нь нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн нь 2016 онд шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ өөрийн танил Т.Тэмүүлэлээс 7 000 000 төгрөгийг зээлж аваад төлж барагдуулсан, миний машин 12 000 000 төгрөгийн үнэтэй машин гэсэн байдаг дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т.Тэмүүлэлээс 3 000 000 төгрөгийг хүүгүйгээр зээлсэн, миний машин 5 000 000 - 6 000 000 төгрөгийн үнэтэй хэмээн илтэд зөрүүтэй худал тайлбарыг өгсөн байхад уг тайлбаруудад шүүх ямар нэгэн үнэлэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь шүүхэд "62 99 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан атал шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй шаардлага буюу автомашиныг нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнд буцаан шилжүүлж хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Т.Тэмүүлэл, Б.Ариунтунгалаг нар нь зээлдэгч В.Чүлтэмсүрэн, Р.Саранчимэг нараас өөрсдийн зээлдүүлсэн 12 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, энэ талаар нотлох баримтыг байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар Хан-Уул дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00052 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн хариуцагч Т.Тэмүүлэлд холбогдуулан 62-99 УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, ... 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг, сарын дараа 2 800 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргажээ.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнгийн өмчлөлийн автомашиныг хариуцагч Т.Тэмүүлийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд талуудын хооронд фидуцийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагатай байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 42.11 дэх хэсэгт зааснаас үзвэл бичгэн хэлбэрээр гэрээг хийгээгүй тохиолдолд талуудын амаар хийсэн тохиролцоо гэрчээр нотлохоос бусад аргаар нотлогдож байвал уг гэрээг заавал хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй юм.

 

Фидуцийн гэрээ бичгээр байгуулаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх талаар хуульд тухайлан заагаагүй байна. Гэвч талуудын тайлбараар фидуцийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдож байх тул уг гэрээгээр шилжүүлсэн өмчлөх эрхийг үндсэн гэрээний үүргийг дүгнэхгүйгээр шийдэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэж, фидуцитэй холбоотой маргааныг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог, хариуцагч Т.Тэмүүлэл нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэнд 12 800 000 төгрөг шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Харин нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн ... 3 000 000 төгрөгийг зээлж аваад цувуулан 3 170 000 төгрөг болгон төлсөн гэж тайлбарлаж, уг байдал нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 17-34 тал/

 

Хариуцагч Т.Тэмүүлэл 12 800 000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн, нэхэмжлэгч 3 000 000 төгрөг авсан гэж тайлбарласан. Хариуцагч Т.Тэмүүлэл мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, уг мөнгөө хүүтэй зээлүүлсэн гэж үзэж байгаа бол бичгээр тохиролцсон нөхцөл байдлаа нотлох ёстой боловч уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь зөв болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгч В.Чүлтэмсүрэн нь зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан, уг автомашиныг буцаан шилжүүлээгүй нь буруу гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч автомашиныг буцаан шилжүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг автомашин хариуцагч Т.Тэмүүлэлийн эзэмшилд байхгүй байхад автомашиныг В.Чүлтэмсүрэнд буцаан шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн байх тул эзэмшилд байхгүй байгаа автомашиныг В.Чүлтэмсүрэнд шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Мөн хариуцагч Т.Тэмүүлэлийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь баримтлаагүй байх тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 183/ШШ2018/00052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...автомашиныг В.Чүлтэмсүрэнд буцаан шилжүүлж, уг гэснийг хасч, ...62-99 УНТ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныг ... гэсний өмнө ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Тэмүүлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО