Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

2025   02        14                                               2025/ДШМ/10                 

                                                                                                                        

 

 

*******,  ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

          прокурор Х.Насанжаргал,

       шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн  

       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 285 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2230003660233 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.1.Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 120 мянгат дахь “Номин хайпер маркет”-д касс, борлуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “*******” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо ******* тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД: *******),

1.2. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 120 мянгат дахь “Номин хайпер маркет”-д туслах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “*******” гэх газар оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо ******* тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД: ),

2.Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байхдаа “банкны хүүтэйгээр 2 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, *******ын Хаан банкны 5643004939 тоот дансаар 10,000,000 төгрөг авч залилсан,

мөн ******* нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байхдаа “зээлээ хаагаад дахиж зээл аваад 3 хоногийн дараа буцаагаад өгий” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж,  өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр *******ын Хаан банкны 5642279779 тоот дансаар 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үүнээс 2,200,000 төгрөгийг буцаан төлж үлдэх 10,800,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар аймгийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, ******* нарыг цагаатгаж, 2230003660233 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Жаргалсайхан, Б.Энхтуул нар зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Шүүх хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод илтгэлээр үнэлэх үүрэгтэй байдаг. Хохирогч А.Жаргалсайханы “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* нь нөхөр *******ын хамт манай гэрт ирээд 2 сарын хугацаатай 10,000,000 төгрөг зээлээч, банкны хүүгээр хүү тооцож буцааж өгнө гэхээр нь *******ын данс руу нь 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш энэ хоёр хүн утсаа авахгүй, гэртээ байдаггүй байсан. 2022 оны 07 дугаар сард холбогдоход байшингаа зараад таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш холбогдож чадахгүй байсаар байгаад Цагдаагийн газарт гомдол гаргасан. Би энэ хүмүүсээс 10,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард ажлаасаа гарахаас өмнө төөрөгдөлд оруулж, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох *******ын ХААН банкны 5642279779 тоот дансаар 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үүнээс 2,200,000 төгрөгийг буцаан төлж үлдэх 10,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүгдэгч *******гийн зүгээс хохирогчийн мөнгийг шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж, бодит байдал дээр зээл хаах санаа зорилгогүй, өдөрт нь буцааж өгөх боломжгүй боловч зээлээ хаагаад буцаагаад өдөрт нь гаргаад өгье, амжихгүй бол 2-3 хоногийн дотор гаргаад өгнө гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, банкны эрхлэгчээр ажилладаг хувийн байдлаа ашиглан, итгэл үнэмшил төрүүлж, улмаар мөнгийг шилжүүлэн авснаар залилах гэмт хэрэг төгссөн байна. Гэтэл анхан шатны шүүх хохирогч Б.Энхтуул болон шүүгдэгч ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн байх бөгөөд хэдийгээр иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй боловч шүүгдэгч *******гийн хувьд өөрсдөөс нь үл шалтгаалах хүчин зүйл, нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаас хойш нөхөн төлөх боломжгүй, гэнэтийн хүчин зүйл /тухайлбал: банк зээл олгохоос татгалзах, осол гэмтэлд өртөх зэрэг бусад давагдашгүй хүчин зүйл/ үүсээгүй, анхнаасаа мөнгө шилжүүлэн авах үедээ урьдчилан амлаж буй хугацаандаа буюу өдөртөө, эсхүл 2-3 хоногийн дотор нөхөн төлөх боломжгүй гэдгийг ухамсарлаж байсан. Хохирогчид богино хугацаа амлан мөнгийг шилжүүлэн авч улмаар уг үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, гэрээний харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгийг буцааж өгөлгүй ашиглах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэр юм. Хохирогч шүүгдэгч нар луу залгахад утаснууд нь холбогдохгүй, 2022 оноос хойш оршин суугаа газар нь тодорхойгүй сураг тасарсан тул 1 жил 3 сарын дараа буюу 2022 оны 11 дүгээр сард Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан байна. Мөн шүүгдэгч *******, ******* нар нь анхан шатны шүүх хуралдаанд орохдоо эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм буруугийн хувьд хэн аль нь маргадаггүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлэг, *******, ******* нар нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, мэдсэн гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгслийн талаар маргаагүй зэргээс шүүгдэгч нарын үйлдлийн субъектив талын шинж давхар нотлогдож байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          7.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

8.Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  “банкны хүүтэйгээр 2 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, *******ын Хаан банкны 5643004939 тоот дансаар 10,000,000 төгрөг авч залилсан,

мөн ******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байхдаа “зээлээ хаагаад дахиж зээл аваад 3 хоногийн дараа буцаагаад өгий” гэж итгэл үнэмшил төрүүлж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж,  өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр *******ын Хаан банкны 5642279779 тоот дансаар 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үүнээс 2,200,000 төгрөгийг буцаан төлж үлдэх 10,800,000 төгрөгийг залилсан гэмт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

9.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10.Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой тусгаагүй, уг цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.           

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржийн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 285 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

          Хоёр.Шүүгдэгч  *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                    О.БААТАРСҮХ

                                                                                   Д.ГАНЗОРИГ