| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2018/02970/И |
| Дугаар | 210/МА2019/01864 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2019/01864
| 2019 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2019/01864 |
АХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01795 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч АХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй
ХариуцагчШ.Б., С.Б- нарт холбогдох
2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн АХХ ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, АХХ ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд
Хариуцагч С.Б-гийн өмгөөлөгч С.Тунбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 9 дүгээр сард АХХ ХХК-ийн зүгээс хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 20 хувийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хүчингүй болгосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байдаг гэх үндэслэлээр тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Бидний хийсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байхад түүнийг үндэслэж хийсэн эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлээр тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2892 дугаартай шинжээчийн дүгнэлт нь П.Шагдаргүнтэвийн гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн нь хүчин төгөлдөр бус гэрээний үндэслэлийг бүрдүүлж байгаа. Иймд АХХ ХХК-ийн 20 хувийн хувьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аав хүү хоёр бие биенээ мэдээгүй байхад хувьцаа шилжүүлсэн гэдэг бодит байдалд үнэмшилгүй байна. Хуурч, үгсэн хуйвалдсан үйлдэл тодорхой болж байгаа тул хохирлын хэмжээг тогтоолгоод цагдаагийн байгууллагаар шалгуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхэдШ.Б. нь бичгээр хариу тайлбар өгөөгүй байсан учраас огт ойлгоогүй. Одоо аавынхаа хувьцааг өгсөн гэж хэлж байна. Хурлын тогтоолд П.Шагдаргүнтэв, С.Баярт гэдэг хоёр хүний гарын үсгийг хуурамчаар зурсан асуудал яригддаг учир заавал шалгах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т зааснаар хариуцагчШ.Б., С.Б- нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн АХХ ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн АХХ ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 76 850 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Б- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар дутуу тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэл гаргажээ. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бэлэглэлийн гэрээний үнийн дүн 4 000 000 төгрөг болж байгаа ба энэ үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
Нэхэмжлэгч АХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх П.Шагдаргүнтэв нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Ариунболдыг томилсон байх ба энэ төлөөлөгч нь компанийн тамга тэмдэг хэрэглэж хэрэгт хүсэлтүүд бичиж өгсөн. Тэрээр АХХ ХХК-ийн захирал биш учраас гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж тамга тэмдэг хэрэглэхгүй. Нэхэмжлэгчээр хэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгааг шүүх тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн.
Шүүхээс надад хуралдааны товыг тулгаж мэдэгдэн шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаа олгоогүйд гомдолтой байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийн оролцогч миний эрх ашгийг хохироосон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн болон 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/14 дугаартай итгэмжлэлээрШ.Б. нь компанитай холбоотой бүх үйл ажиллагаа явуулах эрхийг авсан байхад энэ эрхийнхээ хүрээнд хийсэн гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй.
2014 оноос 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд П.Шагдаргүнтэв нь ямар нэгэн маргаан гаргаагүй надтай ажил хэргийн талаар уулзаад явж байсан атлаа 5 гаруй жилийн дараа гэнэт шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч АХХ ХХК нь хариуцагчШ.Б., С.Б- нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн АХХ ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, компанийн улсын бүртгэлийг өмнөх байдлаар сэргээж бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагчШ.Б. хүлээн зөвшөөрч, хариуцагч С.Б- эс зөвшөөрч, маргажээ.
АХХ ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь П.Шагдаргүнтэв, мөн тэрээр тус компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч байсан үйл баримтад талууд маргаагүй. Харин тус компанийн гүйцэтгэх захиралШ.Б. нь хувьцаа эзэмшигч П.Шагдаргүнтэвийн 90 хувийн хувьцаанаас 20 хувийг нь С.Б-д 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр, компанийн 20 хувийн эрхийг мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тус тус шилжүүлж, улмаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлснээр С.Б- нь тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон үйл баримттай холбогдуулан дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулахаар АХХ ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч П.Шагдаргүнтэв шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх1-2/
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Учир нь П.Шагдаргүнтэв тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна уу, эсхүл АХХ ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргасан эсэхийг тодорхой болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой.
Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар 168.1.1, 168.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ч.ЦЭНД