| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2430002860291 |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
2025 02 14 2025/ДШМ/08
*******д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Х.Ууганбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Х.Ууганбатын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2430002860291 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн ******* оршин суух хаягтай, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* /РД: *******/,
2.Өсвөр насны шүүгдэгч ******* 2024 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 25-10 тоот дахь ******* байшингийн 5 ширхэг вакум цонхыг хагалж, том өрөөний гэрлийн абажур, модон түшлэгтэй сандал, шүүр, хутгуур, хаалганы цоожийг эвдэж, мөн хугацаанд уг байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Жордан загварын цагаан өнгөтэй пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2,543,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь өсвөр насны шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоож, иргэний хариуцагчаас 2,543,000 төгрөг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдож, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өсвөр насны шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогддог. Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохгүй, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх бөгөөд энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан тусгай журмын дагуу явагдахаар хуульчилсны дагуу прокуророос *******д холбогдох хэрэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдлын талаар дүгнэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай саналыг хүргүүлсэн болно. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өсвөр насны яллагдагч *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эсэх асуудлыг ердийн журмаар хянан хэлэлцэж, улмаар 284 дугаартай шийтгэх тогтоол гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт заасан тусгай журмын дагуу явагдаж, шүүхийн шийдвэр нь шийтгэх тогтоол бус захирамж хэлбэрээр гарах бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
6.Хяналтын прокурор Х.Ууганбатын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
7.Өсвөр насны шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах болон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 2,543,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
8.Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч *******г хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоосон. (Хэргийн 53-55 дугаар хуудас)
9.Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан. Мөн энэ хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх шийдвэрийг шүүхээс гаргахаар хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах эсэхийг тогтоох, энэ талаар дүгнэлт хийх боломжгүй, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгох эсэх асуудлаа шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
11.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан, мөн энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
Хоёр. Өсвөр насны шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.ГАНЗОРИГ