Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

2025  02         14                                               2025/ДШМ/09                 

                                                                                                                        

 

 

Э.Эсэхүй, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Х.Ууганбат ,

                      шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Х.Ууганбатын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эсэхүй, ******* нарт холбогдох эрүүгийн 2430001630189 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.1.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан ахлах арга зүйч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр багийн ******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******  (РД:*******)

 

1.2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын монтер мэргэжилтэй, хувиараа авто угаалгын газар ажиллуулдаг, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод түр оршин суух хаягтай, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ******* овогт ******* (РД:ЖЮ98010311),

 

2.Шүүгдэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 28-ны 06 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд дух, уруулд язарсан шарх, баруун бугалга, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт,

шүүгдэгч ******* 2024 оны 4 дүгээр сарын 28-ны 06 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн 7, 8, 9, 10-р хавиргануудын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн нүдний алимын дотор салст, дээд уруулын дотор салст, доод уруулын дотор салст, баруун чих, баруун хөхлөг сэртэн, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дух, ооч, цээж, хэвлий, баруун, зүүн тохойд зулгаралт, хамар, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2 дугаар шүдний паалан эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар, шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирүүлсэн “хар өнгийн 1 ширхэг DVD-R” дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, шүүгдэгч *******гээс 1,505,653 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000  төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зөрүү болох 3,580,000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулан хохирогч *******д олгож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эрх бүхий комисст даалгаж, хохирогч *******, ******* нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Х.Ууганбат эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялаас чөлөөлсөн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон буюу хориглосон /императив/ болон эрх олгосон буюу зөвшөөрсөн  /диспозитив/ гэж ангилан үздэг ба уг зэрэглэлээс хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэхэд тухайн зүйл хэсэгт заасан урьдач нөхцөл зайлшгүй хангагдсан байвал зохино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Тухайн зүйл хэсэгт заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрнө” гэдэг нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын гэсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хамаарах яллагдагч, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож,  чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, нийгэмд ашигтай, сэтгэл зүйн хандлага гэж үзэж хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульд тусгасан ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл шаардлагыг хангаагүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос сонсгосон ял,  гэм буруугийн тадаар маргаж буй /шийтгэх тогтоолын 14-р тал/ шүүгдэгч гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гаргасан дүгнэлт/ шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүх ял оногдуулахдаа эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг баримтлахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан урьдач нөхцөлийг зайлшгүй тогтоосны эцэст хэрэглэх бөгөөд ийнхүү хуульд заасан нөхцөлийг хангаагүй хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Энэ гэмт хэрэгт *******н буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлийн улмаас удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Цаашид нүдэндээ хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. ******* урьд хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, төрийн албанд ажилладаг, гэр бүлийн хүмүүжил сайтай залуу хүн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсан. анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал, ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, зорилгод нийцүүлэн шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж буй үндэслэлээ шийтгэх тогтоолдоо шүүгч тодорхой тусгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          8.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

          9.Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны 06 цагийн орчим “Дарьганга” зочид буудлын 302 тоот өрөөнд үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч ******* нь *******н эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч ******* нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

10. Прокуророос шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар, шүүгдэгч *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь харилцан эсрэг сонирхолтой байх бөгөөд шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс буюу энэ хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шатанд өмгөөлөгч авсан тул шүүгдэгч *******г мөн адил өмгөөлөгчтэйгөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байсан байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******г өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасанд нийцэхгүй, түүний эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

12. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлтэй холбоотой дүгнэлт хийхгүй, прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

Хоёр. Шүүгдэгч Э.Эсэхүй, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                                   О.БААТАРСҮХ

                                                                                   Д.ГАНЗОРИГ