Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01194

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/01194

 

 

 Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00347 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Баярмаад холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Энхбаяр

Хариуцагч Н.Баярмаа

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 онд Н.Баярмаатай танилцаж, 2002 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас 2003 онд хүү Э.Лхагвацэрэн, 2008 онд хүү Э.Эрдэмбилэг, 2011 онд охин Э.Пүрэвжаргал нар төрсөн. Бид харьцааны таарамжгүй байдлын улмаас байнгын хэрүүл, маргаантай байж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Бид сүүлийн 2 жил тусдаа амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид байлгана, би цаашид хүүхдүүдийнхээ сургалтын болон бусад зардлыг хариуцах болно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний том хүү чихрийн шижин өвчний улмаас жилд 2 удаа Бээжин хот руу эмчилгээнд явдаг бөгөөд удахгүй эмчилгээнд явах гэж байгаа тул хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Би 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авна. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Гэндэнгийн Энхбаяр, Боржигон овогт Нямжавын Баярмаа нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Лхагвацэрэн, 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Э.Эрдэмбилэг, 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Э.Пүрэвжаргал нарыг эх Н.Баярмаагийнх нь асрамжид байлгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Э.Лхагвацэрэнг 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Э.Эрдэмбилэг, 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Э.Пүрэвжаргал нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Энхбаяраас нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг cap бүр тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярмаагаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Г.Энхбаярт олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Отгонжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч надад хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй. Тухайлбал 2017 оны 01 дүгзэр сарын 23-ны өдөр надад нэхэмжлэлийн хувийг гардуулан эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулаад тэр дороо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бол тэр талаараа бичээд өг гэж хэлээд мөн өдрөөр огноолсон товч хариу тайлбар гаргуулсан тул би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргаж өгөх эрхээ эдлээгүй. Түүнчлэн шүүх тэр өдрөө буюу 01 дүгээр сарын сарын 23-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцуулсан, мөн шүүх хурлын товыг тогтоосон баримт тус тус үйлдээд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг товолж, хариуцагч надад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн юм.

Миний нэхэмжлэлийн хувийг гардаж авсан даруйдаа товч, нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар яаралтай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан шалтгаан нь нөхөр Г.Энхбаяр нь гэр бүлээс гадуур харилцаатай болсноос үүссэн бидний дундах маргаан байсан юм. Нөхөр Г.Энхбаяр "...хоёулаа гэрлэлтээ цуцлуулчихаад хамтдаа сайхан амьдаръя, хэрэв чамайг зөвшөөрөхгүй бол гурван хүүхэдтэй чинь хаяад салж явна. Өвчтэй хүүхдийн чинь эмчилгээний төлбөрийг төлөхгүй" гэж намайг дарамталсан учраас аргагүйн эрхэнд гэр бүлээ аварч үлдэхийн тулд, гурван хүүхдээ эцэггүй өсгөхгүйн тулд, хэзээ ч эдгэрэшгүй сахарын өвчтэй хүү Э.Лхагвацэрэнгээ эмчлүүлэхийн тулд би гэр бүл цуцлахыг зөвшөөрч байна гэсэн товчхон тайлбарыг гаргасан. Үнэхээр салах тохиолдолд хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх байсан. Надад гэрлэлт цуцлуулах хүсэл зориг байгаагүй, түүний дарамт шахалтад орж цуцлуулсан учраас хүүхдийн санал асуулгах гэх мэт хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаагүй. Одоо миний том 2 хүү аавтайгаа хамт амьдарна гэж өдөр болгон шаардаж, уйлж байна.

Гэтэл нөхөр Г.Энхбаяр шүүх хуралдааны дараанаас зан ааш нь хувирч "...би чамайг хуурч салсан юм, би шүүхийн шийдвэрийг дагаж биелүүлнэ" гээд гэр орноосоо дайжиж эцэст нь намайг гурвын гурван хүүхэдтэй минь гэр орноос хөөж чөлөөлж өгөхийг шаардах боллоо. Энэ бүгдээс үзвэл гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, намайг зөвшөөрүүлэн шүүхээр шийдвэрлүүлсэн нь түүний урьдаас төлөвлөсөн, хууран мэхэлсэн, башир муу арга байжээ. Г.Энхбаярыг явсны дараа хүүгийн маань бие өвдөж, сэтгэл санааны энэхүү хүнд байдлаас болоод миний бие муудаж, 2017 оны 4 дүгээр сард эмнэлэгт хүргэгдэн очихдоо бие давхар болсноо мэдсэн бөгөөд гэрлэлт цуцлах шийдвэр гарах үед жирэмсэн болсон байжээ. Одоо 16-17 долоо хоногтой жирэмсэн байна. Миний нөхцөл байдал туйлын хүнд байгаа бөгөөд би ганц хүний цалингаар дөрвөн хүүхдийг тэжээн тэтгэж авч явж чадахгүй, Г.Энхбаярт хууртагдан гэрлэлтээ цуцлуулсан тул аргагүйн эрхэнд давж заалдах гомдол гаргаж байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч Н.Баярмаад холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2017/01408 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг явуулна гэж заасан байхад анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгөлгүй, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Н.Баярмаад, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний /шүүхийн шийдвэрийг гардаж авсан/ өдөр нэхэмжлэгч Г.Энхбаярт эрх, үүргийг нь тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагаа нь тэдний хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэх шүүхийн үүрэг юм.

 

Зохигчид гэрлэлтээ цуцлуулах талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Энхбаярын татгалзлаар эвлэрүүлийн зуучлах ажиллагаа дуусгавар болж, улмаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэжээ авах үүрэгтэй байхад хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон ба мөн хуулийн 132.2 дах хэсэгт ...Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй гэснийг шүүх анхаараагүй байна.

 

Мөн шүүх гэрчлэгдийн дундаас төрсөн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ долоо ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг аваагүй нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00347 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ