Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар  2025/ДШМ/11            

 

 

 

 

 

2025   02        14                                               2025/ДШМ/11                 

                                                                                                                        

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

улсын яллагч Х.Насанжаргал,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, М.Хувцагаан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2430000000176 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 1969 онд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа том тэрэгний жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сумын 17 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо, 1******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******) 

2.Шүүгдэгч ******* нь согтуу үедээ буюу 2024 оны 6 дугаар сарын 05-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Ургах наран” хорооллын 105 дугаар байрны 2 давхрын 3 тоотод ******* цээжин тус газар хутгалж, алсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *******г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтан *******гийн цагдан хоригдсон нийт 197 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, мөнгөлөг саарал өнгөтэй хутга, архины шил 10 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эрх бүхий комисст даалгаж, шүүгдэгч *******гээс 4,939,208 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгт оршуулгын болон бусад зардал 24,178,500  төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг  нь  оршуулгын болон бусад зардлаас хэлэлцэхгүй орхисон 16,890,240 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс буруу зүйл хийж, хүний амь хөнөөсөн хэрэгтээ хохирогчид хохирол учруулсан буруутай үйлдэлдээ их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн хувийн байдлын хувьд 3 хүүхэдтэй, тусдаа гарцгаасан, одоо өрхийн дотор ам бүл гурвуулаа, эхнэр, бага охины хамт амьдардаг, хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж амьдарлаа залгуулдаг. Бага охин нь 6 настай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг учраас эхнэр нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхдээ асардаг. Тэрээр өөрөө эрүүл мэндийн хувьд даралт ихсэх, элэгний церроз 2 дугаар үедээ орсон, цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл зэрэг хавсарсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар групп тогтоогдож байсан, байнгын эмчийн хяналтад байдаг. Түүнийг найз нөхөд, хамт олны дунд нэр хүндтэй, бусдад тусархаг, төлөв даруу зантай, зөөлөн сэтгэлтэй, эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэлтэй хэмээн ажиллаж байсан байгууллага, хувь хүмүүсээс тодорхойлсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдал, шүүгдэгчийн болон охин Эрдэнэ-Одын эрүүл мэндийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан Ч.Одонхүүд шүүхээс оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******гийн гэм бурууг зүйлчилсэн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн талаар маргах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол, хор уршгийг нотлох баримтын хэмжээнд өөрийн сайн дураар бүрэн төлсөн. Гэм буруугаа анхнаасаа хүлээж хууль хамгаалах байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаанд саад учруулаагүй. *******гийн хувийн байдлын хувьд төлөв даруу зантай, хамт олондоо нэр хүндтэй, бусдад тусархуу, хууль ёсны гэр бүлтэй, 3 хүүхэдтэй. Биеийн эрүүл мэндийн хувьд амьдралын амин чухал эрхтний өвчтэй. Тухайлбал элэгний церроз өвчтэй 2 дугаар үедээ орсон, цөсний чулуутай, бөөрний уйланхайтай, цусны даралт ихсэх зэрэг хүнд хавсарсан өвчтэй. Ар гэртээ бага насны одоо 6 настай төрөлхийн аутизм өвчтэй, бусадтай ямар ч харилцаа байхгүй, байнгын хүний асрамжид байдаг юм байна. Шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн үндэслэлүүд тогтоогдож байгаа бөгөөд *******гийн хувийн болон биеийн эрүүл мэндийн байдал, түүний ар гэрт хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд байгаа зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 8 жил болгон ял эдлэх дэглэмийг хэвээр үлдээж өгнө үү.

8.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдол тайлбараас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх ойлголтыг буруугаар тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд олгосон онцгой эрх бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэхэд тодорхой шаардлагууд хангасан байхыг шаарддаг. Энэ  шаардлагуудад зөрчилдөхөөр зүйлсийг тайлбарлаж, шүүх энэ зохицуулалтыг хэрэглэхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9.Прокурор Х.Насанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлж, хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэлтэй маргаагүй, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх ойлголт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцад, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болоод шүүхийн хэлэлцүүлэг зэрэг, шүүгдэгчийн хэрэгтээ хандаж буй байдал, гэм хэргийн талаар маргаагүй байх, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэрэг нь цогцоороо хамаардаг. Энэ үүднээс хууль тогтоогч энэ зүйлчлэлийг оруулсан. Ингэснээр тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын хэмжээг багасгах онцгой эрхийг шүүхэд олгосон. *******гийн хувьд тус заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, М.Хувцагаан нарын зүгээс ярьж байгаа анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хугацаагаар оногдуулах байдлаар ялыг хөнгөрүүлэх талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          10.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

11.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан нь шүүхэд гаргасан гомдлоо шүүгдэгч *******д танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, шүүгдэгч түүнийг өмгөөлөгчөөр оролцуулахаас татгалзсан тул түүнийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцов.

12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

13. Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 6 дугаар сарын 05-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Ургах наран” хорооллын 105 дугаар байрны 2 давхрын 3 тоотод “эхнэрийг муу хэллээ” гэх шалтгаанаар ******* цээжин тус газар хутгалж, алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Үүнд:

13.1.Шүүгдэгч *******гийн “Бид Эрдэнэцагаан суманд зургуулаа очиж ажилласан юм. Биднийг тосож аваад гэр рүүгээ авч явсан. Бид архи ууж байгаад тасрах шахсан. Гэтэл танай авгай банзал юм байна, Цэрэнг дагаад өөрөө явсан. Та ер нь авгайгаа шааж чаддаг юм уу гэж хэлсэн. Би ухаан алдсан юу болсон талаар мэдээгүй, нэг мэдэхэд талийгаач хэвтэж байсан. Тэгээд би татаж үзэхэд сэргэхгүй байхаар нь цусыг нь дарсан. Би хурдан цагдаа, түргэн дуудаач гэсэн. цагдаа, эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг (1 хх 233-236, 2 хх 231-233, 3 хх 57-179, 205-209, 186),

13.2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Б. бид хоёр 2003 оноос хойш амьдарч байгаа, том охин 19, бага хүүхэд 14 настай. Нөхөр маань том оврын Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр газар, шорооны ажил эрхэлж, амьдралаа залгуулдаг. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 8 цагийн үед манай хүн утсаар: “Хүнд хутгалуулаад хагалгаанд орсон” гэж хэлсэн. Миний нөхөр 46 настай ид хийж, бүтээх насандаа ийм юм болсонд харамсаж байна” гэх мэдүүлэг  (1 хх 37-41),

13.3.Гэрч “, *******, бид дөрөв үлдээд архи ууцгаасан. Одонхүү ах эхнэрээ Цэрэнтэй хардаж байгаа талаараа ярьсан. тоглоом хийх маягтай “эхнэр чинь дургүй бол юу гэж унтах вэ дээ” гэсэн чинь Одонхүү ах “миний эхнэрийг та нар тэгж хэлэхгүй шүү” гээд уурлаад босоод гал тогооны хэсэг рүү явсан. Би бие засахаар нойл руу явж байгаа юм болов уу гэж бодоод хэвтэж байтал гэнэт орилсон. руу хартал цээжнээс нь цус гарч байсан. Одонхүү ах гийн цаад талд гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь “та чинь яаж байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ” гэсэн чинь нүд ам нь сонин болчихсон байсан. ыг татаж сэрээгээд хүн хутгалуулчихлаа цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлтэл сэрээд утсаараа  дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 хх 48-50, 53-59)

13.4.Гэрч Д.ы “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үдээс хойш дахиад манайд 0.75 литрийн 4 шил архи хувааж уусан шиг санаж байна. Би сүүлдээ согтоод унтчихсан. Гэнэт хүмүүс шуугилдаад нэг нь “хүн алчихлаа” гээд орилж, бахираад байхаар нь би сэрсэн. Одонхүү гэх настайвтар ах “би хүн алчихлаа” гээд орилсон. гэх залуу нь манай зурагтын наад талд дээшээ харчихсан байдалтай, цээжнээс нь цус гарчихсан цамц, подволк нь цус болчихсон ямар нэгэн дуу гаргахгүй, унтаад байгаа ч юм уу, ухаангүй байгаа нь мэдэгдэхгүй байсан. Би “манай гэрт хүн хутгалуулчихлаа” гэсэн дуудлага өгсөн. Цагаан өнгийн төмөр хутга нь манай хутга мөн байна...” гэх мэдүүлэг (1 хх 44-46)

13.5.Гэрч Д., Э.Одонхүү нарыг нүүрэлдүүлж, мэдүүлэг авсан тэмдэглэл (1 хх 62-64)

13.6. Гэрч Э “Дуудлагын дагуу эргүүлийн офицер Эрдэнэ-Ундрахын хамт 105 дугаар байрны 2 давхар луу гарахад хаалга нь онгорхой байсан. Тухайн байранд 3 хүн байсан. Том өрөөний гол хэсэгт нэг эрэгтэй хүн дээшээ харж, хэвтсэн байдалтай. Цээж орчимд зүсэгдсэн байж болохуйц 2-3 см орчим ангайсан шархтай, уг шархнаас нь цус гарч байсан. Янжингийн Одонхүү, гэх хоёр хүн хамт байсан. Хэвтэж байсан хүнийг гэдэг гэж байсан. Ахимаг настай Одонхүү гэх хүн “намайг зодоод болохгүй болохоор нь би хутгалчихсан юм” гэж хэлсэн. гэх хүн хогийн саванд хутга нь байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 хх 91-92),  

13.7.Гэрч “Тухайн хүний биед цээжний гол хэсэгт хутгалуулсан гэмээр зүсэгдсэн шархтай. Цус их хэмжээгээр гарч, цээжин бие нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Тухайн хүний хойд талд буюу хөлд нь жижиг биетэй настайвтар ах нэлээн согтуу харагдаж байсан. Тэр хүн “Би хүн алчихлаа” гээд орилж, хашхирч байсан. Д.аас хэргийн талаар асуухад “Би унтаж байсан. Хохирогчийн хөлд сууж байсан настайвтар хүн рүү заагаад энэ хүн би хүн алчихлаа, эмнэлэг цагдаад мэдэгд гээд орилж, хашхираад байхаар нь сэрээд цагдаад дуудлага өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг (1 хх 95-97),   

13.8.Гэрч “Тухай өдөр түргэн тусламжийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлагаар очиход цагдаагийн 4 алба хаагч, энгийн 3 хүн байсан. Хутгалуулсан хүн ямар ч ухаангүй байсан. Тухайн айлд дөнгөж ороход хохирогчийн хөлд сууж байсан намхан биетэй, увсынх гэмээр аялгатай хүн “Би хүн хутгалчихлаа. Наад хүнээ үхүүлж болохгүй шүү” гэж хэлсэн.”  гэх мэдүүлэг (1 хх 115-117),

13.6. Шинжээч эмч “Задлан шинжилгээгээр зүрх чихэлдэлтээр нас барсан байсан тул амь насыг аврах боломжгүй байсан. Үхэлцэг хальсны бүрэн бүтэн байдал алдагдаж, үхэлцэг хальс зүрхний хөндийн хоорондох зай цусаар дүүрч зүрхийг агших, тэлэх хөдөлгөөн алдагдаж цусаар шахагдан дүүрч зүрх агших, тэлэх хөдөлгөөн хийх боломжгүй болж зүрх зогсохыг зүрх чихэлдэж нас барах гэнэ. Амь хохирогчийн цээжин тус газарт учирсан шарх нь хутганы ир тал нь 8 цагийн чиглэлд, мөр тал нь 2 цагийн чиглэлийн хагас ташуу чиглэлд 3-4-р хавирга орчим 2.5х1.0 см байсан...” гэх мэдүүлэг (1 хх 154-155),  

13.7.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн урдаас цээжний хөндий рүү урдаас арагш чиглэж, зүүн 3, 4-р хавирганы завсраар чиглэж, үнхэлцэг хальс, зүрхний баруун тосгуур, баруун хөндийг бүрэн нэвтэрч гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, Үнхэлцгийн хөндийн цус хуралдалт: 190 гр цусан бүлэн, зүрх чихэлдэлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач Б. нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальсны цоорол, баруун тосгуурын урд хана нэвтэлж, ар хана хүрч төгссөн, үнхэлцгийн хөндийн цус хуралдалтын /цусан бүлэн 190гр/  улмаас зүрх чихэлдэж нас барсан байна..” гэх дүгнэлт (1 хх 143-150),

13.8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 хх 8-16),

13.9. Мөнгөлөг саарал өнгөтэй, 11.5 см урт бариултай, 11.5 см урт ажлын хэсэгтэй, нийт 23 см урттай, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоолууд, шинжээчийн дүгнэлт (1 хх 20, 166-169)

13.10. Шүүгдэгч *******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, түүний биед гэмтэл тогтоогдоогүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай гэх шинжээчийн дүгнэлтүүд (1 хх 21-24, 159-160, 177-179),

13.11. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 хх 25-28) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

14.Хэрэгт авагдсан гэрч  нарын мэдүүлэг, амь хохирогчийн өвчний түүх, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгээс гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн болон шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирол болон оршуулгын зардал төлсөн тухай баримтууд, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (1 хх 68-89, 99-114, 119-131, 2 хх 2-21, 50-107, 110-171)

15.Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай үйлдлээр нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учруулж үйлдэгддэг.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* цээжин тус газарт нэг удаа хутгалж, амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, гэмт үйлдэл бөгөөд түүний энэ үйлдлийн улмаас хохирогч нас барснаар шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн үхэл шалтгаант холбоотой байна.

16. Шүүгдэгч ******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын болон бусад зардалд 24,178,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөгийг нөхөн төлсөн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. (3 хх 177-179, 205-209)

17.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсныг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүсэж, давж заалдах гомдол гаргасан.

18. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байх тул ял хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон нийт 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          Г.БОЛОРМАА

                                                                                       Д.ГАНЗОРИГ