2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/10051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 18

191/ШШ2025/10051

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох

Түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, торгууль 28,737,500 төгрөг нийт 44,412,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б оролцов.

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд бичгийн тайлбараа 2025 оны 02 сарын 21-ний өдөр ирүүлсэн боловч түүнээс хойш өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан, ямар хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тодорхойгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгч нар түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б" ХХК нь 2023 оны 8-р сард хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал нь миний ойрын танил, Соёмбо Тауерыг барьсан Индустр компанийн захирлаар дамжуулан манай 10 давхарт байрладаг 1001 тоот оффисын талбайг түрээслэх хүсэлт тавьсны дагуу 2023 оны 08 сарын 12-ны өдөр №23/0812 тоот Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг байгуулсан.

Гэрээ байгуулагдмагц "Б Бз ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Б нь түрээсийн талбай болон тус Соёмбо Тауерын В2 давхарт байрлах дулаан зогсоолыг оффисын талбайн түлхүүрийн хамт Б.Батжаргалд хүлээлгэж өгсөн. Мөн хэрэг гарвал манай аж ахуйн ажилтантай холбогдоорой, намайг эзгүйд төлөөлнө" гээд нэр, дугаарыг нь өгсөн.

Хариуцагч компани нь 2023 оны 08-р сарын 13-ны өдөр манай оффисын талбайд албан ёсоор бүх юмаа зөөж нүүн орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөө эхний сарын түрээсийн төлбөрөө төлчихнө, харин барьцааны төлбөрөө 2023 оны 10 сардаа багтаагаад төлье гэж хүссэн тул нэхэмжлэгчийн ойрын танил хүнээр дамжуулан гуйлгасан, бас түрээслэх хүсэлтээ гаргасан тул итгэж найдаад гэрээндээ гараар нэмэлт оруулан бичиж гарын үсэг зурж оффисын түлхүүр, машины зогсоолоо тус бүр хүлээлгэн өгсөн, гэхдээ гэрээ байгуулсан өдрөө түрээсийн төлбөрөө төлөөгүй боловч за хуульч, өмгөөлөгч хүн байна даа худлаа хэлэхгүй байх, мөн таньдаг хүнээр дамжуулан харилцсан учир түрээсийн төлбөрөө өгчих байлгүй дээ гээд итгээд хүлээсэн.

Гэтэл хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөөгүйгээр барахгүй, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал З.Бг түрээсийн гэрээгээ байгуулан хамаг зүйлээ хүлээлгэн өгсний дараа гадаад улсад зорчиж байх хойгуур мэдэгдэлгүй хамаг юмаа зөөж нүүлгэчхээд оффисын түлхүүрийг хаа хамаагүй этгээд болох Индустр компанийн нэг ажилтанд өгчихсөн байсан. Тэрийг нь гүйцэтгэх захирал З.Б нь хүнээс олж мэдсэн болно.

Хариуцагч нь биднээс албан ёсоор оффисын өрөөний түлхүүрийг хүлээн авчихаад огт харилцаа, холбоо барилгүйгээр гэнэт нүүж гарсан бөгөөд оффисын талбайг бидэнд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүйгээс гадна ямар ч харилцаа холбоо барихгүй, залгахаар утсаа ч авахгүй сураггүй байдалтай байна. Талбайн өмчлөгчид мэдэгдэлгүйгээр нүүж байгаа явдал нь иргэн, аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалахын төлөө явдаг Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг этгээдийн хувьд үнэхээр ичгүүртэй явдал гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гүйцэтгэх захирал Б.Батжаргалаас юу болсон талаар нь асуух гээд Viber-aap хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй, мөн Монголд ирсэн хойноо 2 ч удаа залгасан боловч утсаа мөн аваагүй. Хамгийн сүүлд 2023 оны 11 сарын 07-ны өдөр залгаад авахгүй болохоор нь мессеж бичсэн чинь "hi udriin mend huraltai bj bn. duusgaad zalgii" гэсэн хариу мессеж бичсэн боловч залгаагүй, дахиж холбогдоогүй болно.

Тиймээс хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр нь 10,450,000 төгрөг байх бөгөөд хэрэв тус төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги бодохоор харилцан тохиролцсон. Мөн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Түрээслэгч тал нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал гэрээг цуцлах тухайгаа Түрээслүүлэгч талд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй." Мөн 6.5 дахь хэсэгт Түрээсийн гэрээг Түрээслэгч тал хугацаанаас нь өмнө цуцалбал, эсвэл Түрээслэгчийн буруугаас болон Түрээслэгч энэхүү гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдвал гэрээний үлдсэн хугацааны төлбөрийн 25 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг ...төлнө. Уг төлбөрийн дүнд энэхүү гэрээний 2.2-д заасан барьцааны мөнгийг оруулж тооцох ба нийт төлөх дүн нь 2.2-д заасан барьцааны мөнгөнөөс багагүй байна." гэж заасны дагуу түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн буюу төлбөрөө төлөхгүй, ор сураггүй алга болсноос үүдэн Түрээсийн гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу үлдсэн хугацаа болох 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх 11 сарын төлбөр болох 114,950,000 төгрөгийн 25 хувьтай тэнцэх торгууль болох 28,737,500 төгрөгийн торгууль ногдуулах үндэслэл бий болж байна.

Тиймээс хариуцагчаас түрээсийн талбайг 1 сар түрээсийн талбайг эзэмшсэний түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, гэрээ цуцалсаны торгууль болох 28,737,500 төгрөг, нийт 44,412,500 төгрөгийг нэхэмжилж байгаа төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б" ХХК нь "Б Бз ХХК-тай 2023 оны 08 сарын 12-ны өдөр №23/0812 тоот Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг байгуулсан. Тус оффисийн талбайд 2023 оны 08 сарын 12-ний өдрөөс 2023 оны 08 сарын 17-ний өдөр хүртэл байрлаж байгаад нүүж, өөр газар оффисийн талбай түрээслэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Талуудын хооронд байгуулсан Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүлйин 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэсэн шаардлагыг хангаагүй буюу уг түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Түүнчлэн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зааснаар уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Мөн тухайн талбайг 5 өдөр ашигласан байхад нь "Б Бз ХХК нь түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, гэрээ цуцалсаны торгууль болох 28,737,500 төгрөг, нийт 44,412,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд "Б Бз ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн лавлагаа,

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

5. Шүүх талуудын хүсэлтээр: шүүхийн архиваас 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/02866 дугаар захирамжтай хэргээс шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, Ажлын байр захиалгаар бариулах гэрээ, Авто зогсоол захиалан бариулах гэрээ зэргийг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч "Б Бз ХХК нь хариуцагч Б" ХХК-нд холбогдуулан түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, гэрээ цуцалсаны торгууль болох 28,737,500 төгрөг, нийт 44,412,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Б" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулсан Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэсэн шаардлагыг хангаагүй буюу уг түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Түүнчлэн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зааснаар уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан бичгийн тайлбар ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Б Бз ХХК нь Б" ХХК нарын хооронд 2023 оны 08 сарын 12-ны өдөр №23/0812 тоот Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулагдан, гэрээгээр түрээслүүлэгч энэхүү гэрээнд заасан эд хөрөнгийг ашиглуулах, түрээслэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 16-19 хуу/

3.1. Гэрээний 1-д түрээслүүлэгч Сүхбаатар дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо тауэр барилгын 10 давхрын 1001 тоотод байрлах 124,37 мкв талбай бүхий талбайг оффисын зориулалтаар 2023 оны 08 сарын 15-ний өдрөөс 2024 оны 08 сарын 15-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ.

2.1-д түрээсийн талбайн нэг сарын түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг ба түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн түрээслэгчид төлнө. 2.2-д ...барьцаанд нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх дүн болох 10,450,000 төгрөгийг гэрээ хийхдээ барьцаа болгон байршуулна.

2.6-д Дээрхи 2.1-д заасан түрээсийн үнийн дүнд тус барилгын В2 давхарт байрлах А37 тоот авто зогсоолын түрээс багтсан болно.

2.9-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөрийн үнийн дүнгийн 0,5 %-ийн алданги түрээслүүлэгч талд төлнө.

4.19-д Түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болоход эсвэл гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд түрээсийн байр талбай болон түүний эд хөрөнгө, засал, зохион байгуулалтын ямар нэгэн чанарын доголдолгүй анх байсан чанар байдалд нь өөрийн зардлаар бүрэн буцаан, чанар байдлыг тусгасан акт үйлдэж түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө.

6.4-т Түрээслэгч тал түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалвал гэрээ цуцлах тухайгаа түрээслүүлэгч талд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй.

6.5-д Түрээсийн гэрээг түрээслэгч тал хугацаанаас нь өмнө цуцалвал эсвэл түрээслэгчийн буруугаас болон түрээслэгч энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдвал гэрээний үлдсэн хугацааны түрээсийн төлбөрийн 25%-тай тэнцэх хэмжээний төлбөрийг түрээслүүлэгч талд төлнө гэж гэрээгээр талууд тохиролцсон байна. /х.х-ийн 7-11 хуу/

Гэрээний доор гар бичмэлээр: гэрээний 2.2 дахь заалтын барьцааны төлбөрийг түрээслэгч нь түрээслүүлэгчид 2023 оны 10 сард багтаан төлөхөөр тохиролцов гэж бичвэр үйлдэн талууд тамга дарж баталгаажуулсан байна.

4. Иргэний хуулийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 287 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

5. Хариуцагч нь дээрхи гэрээг Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан бөгөөд уг түрээсийн талбайд 2023 оны 08 сарын 12-ний өдрөөс 2023 оны 08 сарын 17-ний өдөр хүртэл байрлаж байгаад нүүж, өөр газар оффисийн талбай түрээслэн орсон гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь талуудыг гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсныг хариуцагч тал мэдэж байсан, талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан.

6. Б Бз ХХК нь 1 гишүүнтэй гүйцэтгэх захирлаар З.Адъяасүрэн нь 2023 оны 02 сарын 20-ний өдөр бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар Б Бз ХХК-ийг 1 гишүүнтэйгээр 2023 оны 02 сарын 20-ний өдөр бүртгэсэн байна. /х.х-ийн 17-19 хуу/

7. Б ХХК болон иргэн З.Адъяасүрэн нарын хооронд 2020 оны 08 сарын 07-ний өдөр Ажлын байр захиалгаар бариулах гэрээ байгуулан гэрээгээр захиалагч тал нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Соёмбо тауэр ажлын байр болон үйлчилгээний зориулалттай 124.37 мкв талбайтай, 10 давхарт 1001 тоот талбайг 182,881,200 төгрөгөөр,

Б ХХК болон иргэн З.Адъяасүрэн нарын хооронд 2020 оны 08 сарын 07-ний өдөр Ажлын байр захиалгаар бариулах гэрээ байгуулан гэрээгээр захиалагч тал нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Соёмбо тауэр үйлчилгээний зориулалттай барилгын 156 мкв талбайтай, В2 давхар, А37 тоот, авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр тус тус захиалан бариулсан болох нь хавтас хэрэг авагдсан гэрээнүүд болон хариуцагчийн тайлбараар нотлогдсон. /х.х-ийн 44-53 хуу /

Б Бз ХХК болон З.Адъяасүрэн нарын хооронд 2023 оны 08 сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, гэрээгээр захиалагчийн өмчлөлийн Б давхар байрлах 1001 тоот оффисын талбай болон В2 давхарт байрлах А4 тоот зогсоолыг боломжит түрээслэгч нарт түрээслүүлэх, тэдгээртэй түрээсийн гэрээ байгуулах, түрээсийн гэрээтэй холбоотой түрээслүүлэгчийн эдлэх эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заажээ. /х.х-ийн 14,15 хуу/

8. Сүхбаатар дүүрэг 1-р хороо 5-р хороолол /14251/ Сеүлийн гудамж 7-р байр 1001 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2203054139 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 10 сарын 23-ний өдөр З.Адъяасүрэн нь анх удаа өмчилсөн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд талуудыг 2023 оны 08 сарын 12-ний өдөр Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулахад дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 318.1, 318.4 заасан шаардлагын дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан тул хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /х.х-ийн 16 хуу/

9. Хариуцагч тал нь Иргэний хуулийн 204.1-д заасан ...нөгөө талдаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т заасан түрээслэгч тал түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалвал гэрээ цуцлах тухайгаа түрээслүүлэгч талд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн бичгийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

10. Иймд хариуцагч Б" ХХК-иас 1 сарын түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, торгууль 2,612,500 төгрөг, /10,450,000*25%=2,612,500/ нийт 18,287,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Бз ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бөгөөд өмгөөлөгч оролцуулах хангалттай хугацаа байсан тул хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б" ХХК-иас 1 сарын түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, торгууль 2,612,500 төгрөг, нийт 18,287,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Бз ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б Бз ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 380,013 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Б" ХХК-иас 249,387 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б