2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19

191/ШШ2025/10131

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 245,450,191 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ж.Б, Б.Б нар нь "Б ББСБ" ХК-тай 2023 оны 09 дугаар сарын 29-ны өдөр В17023092903 дугаартай зээлийн гэрээ, F1702309290301 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 225,000,000 /Хоёр зуун хорин таван сая/ төгрөгийг, сарын 2.8% хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлсэн.

Зээлийн барьцаанд: 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, 2960 УЧ улсын дугаартай, LZIB23GE8P0032441 арлын дугаартай, CIMC.ZCZ9400ТРВН маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, 2959 УЧ улсын дугаартай, LZIB23GE0P0032384 арлын дугаартай, CIMC. ZCZ9400ТРВН маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, 2960 УЕЕ улсын дугаартай, LZGJL5V4XPX067784 арлын дугаартай, Shaanxi. X3000 маркийн зүтгүүр, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, LZ1B52GXP0032411 арлын дугаартай холбогч гар зэргийг тус тус барьцаалсан

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2, 9.2.1 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч Ж.Б, Б.Б нь "Б ББСБ" ХК-тай байгуулсан 817023092903 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах үлдэгдэлтэй байна.

Үүнд: үндсэн зээл 182,245,934.98 төгрөг, хүү 61,234,634.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,958,622.50 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 245,450,191.63 төгрөг нэхэмжилсэн.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан В17023092903 тоот зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч зээлдэгч Ж.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 245,450,191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХК-д олгож өгнө үү.

Дээрхи том оворын тээврийн хэрэгсэл нь осолд орсон гэдгийг манай ББСБ-д 2024 оны 10 сард мэдэгдсэн, бид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан гэв.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Б, Б.Б нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд зээлийн гэрээ байгуулан 29-60 УЕЕ улсын дугаартай том оворын тээврийн хэрэгслийг худалдан авч, авто машинаа барьцаалсан.

Уг тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж олсон мөнгөөрөө зээлээ төлж, ар гэрийн амьдралдаа зарцуулдаг амин зуулга нь байсан боловч 2024 оны 10 сарын 16-ний өдөр осолд орж тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, сар бүрийн төлөлтийг хийж чадахаа больсон. Энэ тухайгаа Б ББСБ-д мэдэгдсэн атал нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй байж байгаад бүтэн 1 жилийн хүү тооцож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул зээлийн хүүг хасаж тооцож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, Форман транспорт ХХК-д шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хариуцагч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, фото зургууд,

5. Шүүхээс: фидуцийн хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ж.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөрт үндсэн зээл үндсэн зээл 182,245,934 төгрөг, хүү 61,234,634 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,958,622 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 245,450,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан фидуцийн хөрөнгө болох тээврийн хэрэгсэл нь 2024 оны 10 сарын 16-ний өдөр осолд орж хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, нэхэмжлэгч талд 10 сардаа мэдэгдсэн атал нэг ч удаа зээлээ төлөх мэдэгдэл өгөөгүй байж байгаад бүтэн 1 жилийн хүү тооцож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй зээлийн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

3. Ж.Б, Б.Б нар нь Б ББСБ ХК-тай 2023 оны 09 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ болон Эд хөрөнгө эзэмшил өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан, 225,000,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр Ж.Б, Б.Б нар нь 225,000,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Гэрээний 2.3-т Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарын дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх-өөр,

6.1.1-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, барьцааны зүйлийг үл маргах журмаар шилжүүлэн авч, шүүхийн эсвэл шүүхийн бус журмаар худалдан борлуулах замаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон холбогдох зардлыг барагдуулах,

6.1.2-т Зээлийн явцын хяналт, шалгалтыг улирал тутам хийж, зээлдэгчийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах...,

9.2.1-д ...зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн буюу зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн эргэн төлөх хуваарийг 2 ба түүнээс дээш хугацаагаар зөрчсөн...хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн,

9.2.7-д Зээлийн хяналтын явцад зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар барьцаа, батлан даалтын эд хөрөнгийн чанар нь эрс муудсан, зах зээлийн үнэлгээ буурсаны улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахааргүй болсон нь тогтоогдсон,

9.3-т Зээлдүүлэгч гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд зээлдэгчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мэдэгдэлд гэрээ цуцлах хугацаа зээл хаах дүнг заана. Мэдэгдлийг гэрээнд заасан хаягаар хүргүүлсэн нөхцөлд хүлээн авсан өдрөөр эсвэл шууданд хүлээлгэн өгсөн өдрөөр, цахим шуудангаар хүргүүлсэн бол илгээсэн өдрийн дараагийн өдрөөр тооцохоор талууд тохиролцжээ. /х.х-ийн 10-12 хуу/

5. Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ-г талууд 2023 оны 09 сарын 29-ний өдөр байгуулан гэрээгээр 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, 2960 УЧ улсын дугаартай, LZIB23GE8P0032441 арлын дугаартай, CIMC.ZCZ9400ТРВН маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, 2959 УЧ улсын дугаартай, LZIB23GE0P0032384 арлын дугаартай, CIMC.ZCZ9400ТРВН маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, 2960 УЕЕ улсын дугаартай, LZGJL5V4XPX067784 арлын дугаартай, Shaanxi. X3000 маркийн зүтгүүр, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад импортлогдсон, LZ1B52GXP0032411 арлын дугаартай холбогч гар зэрэг фидуцийн зүйлүүдийг талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. /х.х-ийн 13-15 хуу/

Дээрхи тээврийн хэрэгслүүд нь нэхэмжлэгч Б ББСБ ХК-ний эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй болох хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар нотлогдсон.

6. Хариуцагч нар нь фидуцийн хөрөнгө болох тээврийн хэрэгсэл нь 2024 оны 10 сарын 16-ний өдөр осолд орж хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч нь зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн гэх боловч түүнийгээ баримтаар нотлоогүй, хариуцагч нь бидэнд мэдэгдэл ирээгүй, тээврийн хэрэгсэл осолд орсон гэдгийг мэдэгдсэн тул гэрээгээ цуцалж хүү зогсох байх гэж бодсон гэтэл бүтэн 1 жилийн хүү нэмэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

7. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 99,757,065 төгрөг төлсөн, 2024 оны 07 сарын 25-ний өдөр зээлийн гэрээний төлбөрт 9,967,992 төгрөг төлж түүнээс хойш төлөлт хийгээгүй, хариуцагч нар үүргээ зөрчсөн атал нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.1, 6.1.2, 9.2.1, 9.3 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

8. Иймд хариуцагч нараас 2024 оны 07 сарын 25-ний өдрөөс 2024 оны 10 сарын 25-ний өдөр хүртэлх 3 сарын хүү 15,308,659 төгрөгийг /5,102,886*3= 15,308,659/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, харин нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний зардал 11,000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзэв.

9. Хариуцагч Ж.Б, Б.Б нараас үндсэн зээл 182,245,934 төгрөг, зээлийн хүү 15,308,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,958,622 төгрөг, нийт 199,513,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,936,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,385,201 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б, Б.Б нараас 199,513,215 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,936,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,385,201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,155,516 төгрөгийг гаргуулж Б ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б