Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2018/0622/Э |
Дугаар | 666 |
Огноо | 2018-05-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч С.Солонго,
хохирогч С.Сүхбаатар,
шүүгдэгч Ө.Б/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н овогт Ө.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0214 70698 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н овогт Ө.Б, 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-ийн 10-28 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЙЛ93032511 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Өндөр цайз” худалдааны төв дотор иргэн С.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ө.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ах өөрөө эхлээд лангууны ард сууж хүмүүсийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг цохиод энэ хэрэг эхэлсэн. Торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.
Хохирогч С.Сүхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хүүхдийндээ очоод харьж явахдаа бага хүүхдэд нь дэлгүүрээс ундаа авч өгөх гээд дунд хүүгээ дэлгүүр рүү оруулсан. Лангууны хажуу талд утсаа гаргаж тавиад гэртээ ортол утас нь байхгүй байхаар нь буцаж гараад тэнд байсан хүмүүсээс асуутал мэдэхгүй сая 2 хүүхэд орж ирсэн, тэд нар авсан байх гээд огт тоохгүй байсан гэсэн. Тэгэхээр нь би Халиунболд хүүгээ дагуулаад авсан ундааг нь бариулаад тэр дэлгүүр лүү очоод утсаа мартсан байна гэж асуухад тэр хүмүүс гартаа байсан цаасаар хүүхдийн маань нүүр рүү шидсэн би уурлаад шууд цагдаа дуудсан. Тэгтэл энэ шүүгдэгч залуу ирсэнээ манай хүү бид хоёрыг хөөж гаргаад миний нүүр рүү цохиод шүд унагаасан. Би Урангоо гэдэг эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэсэн. Би өөрөө сахартай хүн эрүүл мэндээрээ хохироод байна. Нийт 1.620.000 төгрөг эмчилгээнд зарцуулагдана. Би духны шарханд сорви арилгах тас авсан мөнгөний баримтаа өгөөгүй байгаа. Эмчилгээ дууссаны дараа баримт өгнө гэсэн. Энэ хүнд гомдолтой байна” гэв.
Хохирогч С.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн цаанаас нэг залуу гарч ирээд надруу дайрсан тэгэхээр нь чамд хамаагүй гээд нүүр рүү нь түлхсэн. Тэгсэн миний нүүр рүү цохьсон. Тэрнээс болоод дээд талын баруун үүдэн шүд хугарсан. Тэгээд намайг заамдаж аваад дух руу мөргөсөн...миний дээд шүд хугарсан, хоёр хөмсөгний хооронд арьс нь язарсан, эрүүний доод хэсэгт цус хурсан...” гэх мэдүүлэг. /хх-21-22/,
Насанд хүрээгүй гэрч Б.Халиунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн надад зөв аарцны ундаа авч өгсөн ах гарч ирээд өвөөтэй муудалцсан. Тэгээд өвөөг тэр ах цааш түлхсэн чинь лангууны шил нь хагарсан...” гэх мэдүүлэг. /хх32-33/,
Яллагдагч Ө.Б мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатарын биед бэртэл гэмтэл учруулж зодсон, цохьсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №2847 дугаартай дүгнэлт:
Хохирогч С.Сүхбаатарын мэдүүлэг /хх21-22/, насанд хүрээгүй гэрч Б.Халиунболдын мэдүүлэг /хх32-33/, яллагдагч Ө.Б мэдүүлэг /хх-42/, шинжээчийн №2847 дугаартай дүгнэлт /хх-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ө.Б2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Өндөр цайз” худалдааны төв дотор иргэн С.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ө.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ө.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн С.Сүхбаатар нь өөрт учирсан шүдний хугарал бүхий гэмтлийг эмчлүүлэхэд 1.620.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт нотлох баримт үгүй бөгөөд шүүх нотлох баримтгүйгээр гэм буруутай этгээдээс төлбөр гаргуулах боломжгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Бат-Эрдэнэд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ө.Б хуульд заасан торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын санал, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгөөр торгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Ө.Б нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул шүүхээс тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Ө.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.Б 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Хохирогч С.Сүхбаатар нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР