Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

 

*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******         

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******           

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/551 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 2318000000140 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч *******, ******* нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт , овогт нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирол, хор уршгийн үлдэгдэл 5,534,233 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, шүүгдэгч *******ээс тээврийн хэрэгслийн үнэ 7,141,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч , шүүгдэгч *******оос тээврийн хэрэгслийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******т тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн насанд хүрээгүй хүүхдүүд болох  нарт асран хамгаалагч томилохыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгож, *******ийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, А. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч ******* миний зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийнхөө гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хохирол төлбөрийн зарим хэсгийг цалингийн зээл авч төлж барагдуулсан. Талийгаачийн нөхөр, хүүхэдтэй ярилцаж үлдсэн хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн юм. Иймд шүүх хуралдаанд намайг биечлэн оролцуулж, шүүхийн шийдвэрийг өөрчилж, надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй талаар.

1.Шүүх шүүгдэгч ******* нь тухайн нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт өгч оновчтой арга хэмжээг авч чадаагүй, замын зорчих хэсэгт аюултай байдал үүсэхэд тээврийн хэрэгслийг явж байгаа эгнээ байраа өөрчлөхгүйгээр баруун тал руу шахаж зогсоох арга хэмжээ авах байсан. Учир нь замын зорчих хэсэгт ямар нэг саад бий болоогүй ээ. Саад гэж зорчих хэсэг, зам дээр үүссэн ямар нэг шилжилт хөдөлгөөнгүйгээр байрлах зүйлийг ойлгоно гэж дүгнэжээ.

Гэтэл бодит байдал дээр *******ийн зорчиж явсан урсгал руу өөдөөс нь гэнэт приус-20 маркийн машин урсгал сөрж орон мөргөлдөх аюултай байдал үүссэн. Энэ нь гэрч "Хуучин госпитал эмнэлгийн балгасны харалдаа төв асфальтан замаар явж байхад бид нарын явж байсан урсгалд нэг суудлын жижиг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхэд нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун тийш дараад эсрэг урсгал руу ороход түс тас хийгээд л яваад өгсөн." гэрч "хуучин госпитал эмнэлгийн балгасны харалдаа явж байхад урсгал сөрөөд нэг суудлын жижиг машин ороод ирсэн.Тэгэхэд энэ машин чинь яаж байна гэж хэлээд манай нөхөр машинаа зүүн гар тал руу буюу эсрэг урсгал дараад орсон. Шүүгдэгч *******ийн"...******* гэх залуу өөдөөс 20 метрийн зайнд урсгал сөрөөд ороод ирэхээр нь би зорчигчид болон гэр бүлийнхээ амь насыг аврахын тулд саадыг тойрч гарах гэж эсрэг урсгал руу дарж орсон гэх мэдүүлгүүдээр саад байхаар барах уу шууд мөргөлдөх нөхцөл байдал үүссэн гэдэг нь нотлогдож байна. Урд урдаасаа 50-70 км цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл 20 м замыг 1-2 секундийн хугацаанд туулж хоорондоо мөргөлдөх бодит аюул бий болсон.

Ж.ийн хувьд байраа өөрчлөхгүйгээр баруун гар тийш шахаж зогсох ямар ч боломж байгаагүй. Жолоочийн самбаачлах хугацаа 0.4-1.4 секунд байдаг. Энэ хугацаанд 70 км гийн хурдтай явсан машин 30 метр зам туулдаг гэж физикийн хуулиар нотолсон байдаг.Тооромсоллоо гэхэд тэр дороо зогсчихдоггүй инерцээрээ 50 км цагийн хурдтай явж байсан машин тэгш хуурай асфальт замд 20 метр зам туулж зогсдог. Тэгэхээр *******ийн хувьд тухайн аюултай нөхцөлд урдаас ирж явсан машинаас зөрж өнгөрөхийн тулд гарцаагүй байдалд зүүн гар тийш,эсрэг урсгал руу орсон.

Энэ үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн 4.3-р зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч хувьд өөрийн явж байсан урсгалаас урд нь ямар ч саад байхгүй айхад эсрэг урсгал руу орж мөргөлдөх аюултай нөхцөл үүсгэсэн гол буруутай гэдэг нь шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож.өөрөө ч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Хэрвээ шүүгдэгч ******* урсгал сөрж ороогүй бол энэ осол болохгүй байсан ба ний энэ үйлдэл,хохирогчийн амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой байна. Иймд *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах.

2. Хохирогчийн асаргаанд байсан хөгжлийн бэрхшээлтэй асрах зардал ,800.000/есөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлгүй гэж үзэж байна. Асаргааны зардлыг Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар төрөөс олгодог. Иргэний нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд учирсан 7.141.800 төгрөгийг *******ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тухайн машиныг унаж явсан *******оос гаруулах нь зүйтэй гэж үзэж байна.

*******ийн тээврийн хэрэгсэлд учирсан 19.145.700 төгрөгийн хохирлыг Иргэний уулийн 499-р зүйлд заасны дагуу иргэний хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* нь тухайн нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт өгч оновчтой арга хэмжээг авч чадаагүй, замын зорчих хэсэгт аюултай байдал үүсэхэд тээврийн хэрэгслийг явж байгаа эгнээ байраа өөрчлөхгүйгээр баруун гар тул руу шахаж зогсоох арга хэмжээ авах байсан. Учир нь замын зорчих хэсэгт ямар нэг саад бий болоогүй байжээ” гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоол бодит үнэнд нийцэхгүй хийсвэр, бусдад ойлгомжгүй, эргэлзээтэй, тодорхой бус дүгнэлт болжээ гэж дүгнэхээр байна. ******* нь тухайн үед нарны гялбаанаас өөрийгөө хамгаалахаар жолооч талын дээд саравчийг буулгах явцдаа 1 мэдсэн чинь эсрэг урсгалд машин нь ороод явж байсан гэдгийг өөрөө мэдүүлдэг, мөн бусад гэрчүүдийн мэдүүлгээр ч нотлогддог. *******ийн явж байсан урсгалд эсрэг урсгалаас гэнэт ******* машинтайгаа урсгал сөрөөд ороод ирэнгүүт ******* харин ч учирч болох аюулыг зайлуулж эсрэг урсгал руу дарж ортол ******* буцааж өөрийнхөө урсгал руу орох үйлдэл хийхэд нь ******* мөргөлдөхгүйн тулд буцаж өөрийнхөө урсгал руу дарж орсон нь хоромхон зуур болсон бөгөөд хэрвээ ******* тухайн үед тийм арга хэмжээг аваагүй байсан бол олон хүний амь нас, эрүүл мэнд аюултай эрсдэхээр нөхцөл байдалд байсныг гэрчүүд мэдүүлдэг ба шинжээч ч дүгнэлтдээ шүүгдэгч *******ын буруутай үйлдлийн улмаас тухайн осол болсон гэж дүгнэдэг.

*******ийг баруун гар тал руу шахаж зогсоох арга хэмжээ авах байсан, учир нь замын зорчих хэсэгт ямар нэгэн саад бий болоогүй байж гэж яллах дүгнэлтэд огт байхгүй, бодит байдалд огт нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд ******* нь баруун гар тал руу шахаж зогссон бол машин дотор бага насны 3 хүүхэд, 2 том хүн нийт 6 хүний амь эрсдэх аюултай нөхцөл байдалтай байсныг зөв арга хэмжээ авч зайлуулсан байгаа нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн мэдүүлсэн бусад баримтуудаар нотлогддог. Иймд *******ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

******* нь оршуулгын зардалд  10,100,000 төгрөгийг төлж үлдэх төлбөрийг төлж чадаагүй байгаа. Асаргаатай холбоотой нэхэмжилсэн 9,800,000 төгрөгийн зардал нь эргэлзээтэй байдаг. Өөрөөр хэлбэл асаргааны асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулиар зохицуулсан байхад шүүхээс хамтатгаад шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний нэхэмжлэлийг харилцан адилгүйгээр шүүгдэгч *******оос 19,145,700 төгрөг, *******ээс 7,148,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн тухайгаа шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч ******* нь цэвэр усны байгууламжийг хамгаалах объектод харуул хамгаалалтын ажил хийдэг, өндөр настай эхийн хамт амьдардаг. Өмнө төлсөн хохирол төлбөрийг ээж нь тэтгэврийн зээл авч төлж барагдуулсан, үлдсэн хохирол төлбөрийг шүүгдэгч ******* өөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

*******ын үйлдлийн улмаас осол гарах шалтгаан болсон гэдгийг шинжээч эмч Саруул анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Хэрэв ******* урсгал сөрөөгүй бол осол аваар гарахгүй байсан. *******ийн хувьд гарцаагүй байдалд үйлдэл хийсэн гэж үзэж байгаа учраас цагаатгаж өгнө үү. Хохирогчийн асаргаанд байсан хөгжлийн бэрхшээлтэй ийн асрах зардалд 9,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Шүүгдэгч ******* нь тухайн нэхэмжлэлийг төлье, уг гомдлоосоо татгалзаж байна гэж хэлсэн. Тийм учраас энэ гомдлоосоо татгалзаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй хэмээн заасан. Тиймээс иргэний хариуцагч *******ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгаа. *******ийн хувьд гарцаагүй байдалд хийсэн үйлдэл юм. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Нэмж ярих зүйл байхгүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. Шүүгдэгч нь бодит хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй. *******ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэж өгнө үү гэх хүсэлтэй байгааг нь мөн дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

 

Урсгал сөрсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогчийн ар гэрийнхэнд тусална. Өмгөөлөгч нарынхаа тайлбарыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар хуудаст дээрх нөхцөл байдлыг тухайд дүрэм журам зөрчсөн бол саад бий болоогүй байж гэж хууль зүйн дүгнэлт хийснийг урсгал сөрсөнтэй холбон тайлбарлаж байгаа нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол төлбөр зэргийг харгалзан Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлүүдэд заасан зорилгод нийцүүлэн ял шийтгэлийг халдаасан тул шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгч нарыг гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч ******* нь самбаачлаад өөрийнхөө урсгал руу ороход ******* дагаж орохгүйгээр чигээрээ яваад эсвэл зогсоох үйлдэл хийсэн бол аваар гарахгүй байсан нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхээр шүүгдэгч нар хоёулаа буруутайгаас болж хүний амь нас хохирсон. Гомдлын тухайд хохирогч өөрөө ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Миний хувьд *******од холбогдох хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байгаа учраас өөрчлөлт оруулж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн төв зам дээр - улсын дугаартай Lexus HS250H маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан ...”эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн төв зам дээр - улсын дугаартай Тоёота Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан ...”эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж мөргөлдсөн байх ба уг ослын үед - улсын дугаартай Тоёота Приус20 маркийн тээврийн хэрэгслийн зорчигч нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж амь нас хохирсон болох нь тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч , ******* нарыг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульзүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо...”*******ийн хувьд тухайн аюултай нөхцөлд урдаас ирж явсан машинаас зөрж өнгөрөхийн тулд гарцаагүй байдалд зүүн гар тийш эсрэг урсгал руу орсон. Энэ үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” гэх, өмгөөлөгч *******ийн...” ******* нь баруун гар тал руу шахаж зогссон бол машин дотор бага насны 3 хүүхэд, 2 том хүн нийт 6 хүний амь эрсдэх аюултай нөхцөл байдалтай байсныг зөв арга хэмжээ авч зайлуулсан байгаа нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн мэдүүлсэн бусад баримтуудаар нотлогддог. Иймд *******ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү“ гэх гомдлыг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын...”Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч ******* миний зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийнхөө гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хохирол төлбөрийн зарим хэсгийг цалингийн зээл авч төлж барагдуулсан. Иймд шүүх хуралдаанд намайг биечлэн оролцуулж, шүүхийн шийдвэрийг өөрчилж, надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.... гэх гомдлуудыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтад “эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг шүүгдэгч *******, ******* нар нь тус тус зөрчсөн болохыг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба шүүгдэгч ******* -07 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгалд орсон үед шүүгдэгч ******* өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг дүрмийн дагуу жолоодож эгнээ байраа өөрчлөхгүйгээр баруун тал руугаа шахаж зогсоох арга хэмжээг авах бүрэн боломжтой байтал дүрэмд зааснаар эсрэг үйлдэл хийснээр *******ын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж нэг цаг хугацаанд тус тус дүрэм зөрчсөнөөр зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлүүдийг бүрдүүлж, хүний амь насыг хохироосон, энэ  талаар анхан шатны шүүхийн хийсэн хуульзүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураг, гэрчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* тээврийн хэрэгслийг өөрийн зорчин явах эгнээгээ өөрчлөхгүйгээр замын зорчих хэсгийн баруун тал, хөвөө рүү шахаж зогсоох боломж байсан болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгч *******ы ...”баруун гар тал руу шахаж зогссон бол машин дотор бага насны 3 хүүхэд, 2 том хүн нийт 6 хүний амь эрсдэх аюултай нөхцөл байдалтай байсныг зөв арга хэмжээ авч зайлуулсан” гэх гомдол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр үгүйсгэгдэж байна гэж үзэв.

Шүүгдэгч *******...”гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгч *******ын...” хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлүүдийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хуульзүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гомдолтой гэж байх тул шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин өмгөөлөгч *******ы...”*******ийн тээврийн хэрэгсэлд учирсан 19.145700 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч гаргуулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар - улсын дугаартай Приус20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь байх ба шүүгдэгч *******ын хүсэлтээр өөрийн тээврийн хэрэгслийг ашиглуулахаар шилжүүлсэн тул бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэв. Иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд  Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 551 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “шүүгдэгч *******оос тээврийн хэрэгслийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******т олгож” гэснийг “иргэний хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******т олгож, нь гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй” гэсэн талаарх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны  өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 551 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:

-“5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирол, хор уршгийн үлдэгдэл 5,534,233 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, шүүгдэгч *******ээс тээврийн хэрэгслийн үнэ 7,141,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч , шүүгдэгч *******оос тээврийн хэрэгслийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******т тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэснийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирол, хор уршгийн үлдэгдэл 5,534,233 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, шүүгдэгч *******ээс тээврийн хэрэгслийн үнэ 7,141,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч , иргэний хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч *******т тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч нь шүүгдэгч *******оос өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******, ******* нарын цагдан хоригдсон 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ