| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01071/И |
| Дугаар | 318/ШШ2025/01011 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/01011
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: ГТ ХЗХ-ны,
Хариуцагч: Ц.М,
Хариуцагч: Ц.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,918,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М, Ц.Б нар нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/17236 тоот зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай 3,3% хүүтэй 2,900,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд аймаг сум 1-р баг тоотод байрлалтай 7*8 хэмжээтэй 2 өрөө орон сууц болон 848 м.кв талбайтай хашаа газар өмчлөх эрхийн хамт барьцаалсан. 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Ц.М, Ц.Б нар нь байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,782,079.77 төгрөг, хүүгийн төлбөр 116,943.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,977 төгрөг, нотариатын хураамж 17,500 төгрөг нийт 1,918,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж ГТ ХЗХ-г хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ГТ ХЗХ-ны нэхэмжилсэн 1,918,500 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГТ ХЗХ нь хариуцагч Ц.М, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,918,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,918,500 төгрөгийг хариуцагч Ц.М төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “ГТ ХЗХ-ны нэхэмжилсэн 1,918,500 төгрөгийг төлж барагдуулна” гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,548 төгрөгийн тал хувь болох 45,646 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 22,823 төгрөг, хариуцагч Ц.М аас 22,823 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ГТ ХЗХ-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,918,500 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч Ц.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 22,823 төгрөг, хариуцагч Ц.М аас 22,823 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-д олгож, 22,823 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ