| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2338004050016 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
2025 02 26 2025/ДШМ/19
Б.Б, Г.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгч: Б.Б,
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/001 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлээр Б.Б, Г.Н нарт холбогдох 2338004050016 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, О овогт Б-ийн Б, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000/.
2.Монгол улсын иргэн, Б овогт Г-ийн Н, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан /регистрийн дугаар 0000/.
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000 дүгээр сарын 000-өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаар багт байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Г.Нтэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах,
Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дүгээр сарын 000өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 багийн нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар гараараа баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, баруун гуяны дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/001 дүгээр шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Оовогт Бийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Оовогт Бийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Бийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Гийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 ( таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавихыг, шүүгдэгч Г.Н оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1- т зааснаар шүүгдэгч Б.Бгаас 1.468.000 (нэг сая дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.С-т даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Нд төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бд төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ч.Алтансүх эсэргүүцэлдээ: “...1. Анхан шатны шүүхийн “Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчийнд гаднаас согтуу орилж хашхиран орж ирж “пизда минь чамд ямар хамаатай юм, чамайг юу хийгээд, янхандаад байж байгааг шалгах гэж ирсэн юм” гэж хэрүүл маргаан үүсгэж, биед нь хүч хэрэглэсэн үеэс эхэлж сэтгэл зүйн байдал нь тогтворгүй болсон байхад толгой руу 2 удаа цохисоны дараа баруун гарын шууг базаж угзарч цохисон, мөн баруун хөлийн гуяны дотор тал руу модон таягаараа нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдлүүд нь 2-4 минут орчим үргэлжилж, энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийг сэтгэлзүйн цочролд оруулж, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Учир нь хохирогч Г.Нгийн 000 оны 000дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгт “... намайг Б шууд зүүн талын мөрний доохон талд цээжинд нэг удаа хутгалсан юм. Тэгэхээр нь би зүүн гараараа баруун гарыг нь бариад авсан чинь дахиж хутгалах гэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад...” гэж дурдагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н нь шүүгдэгч Б.Бгийн дахин хутгалах үйлдлийг таслан зогсоосон талаар мэдүүлсэн байхад шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж мэтгэлцсэнийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд эрүүгийн хуульд нэрлэн заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг шинжээрээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана.
...Гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч үүний улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд гэрч Б.Д, Ж.Л нарын мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгч Б.Б өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Дээрх гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.
...Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Ж.Лгийн мэдүүлэгт “..Тэгтэл миний утас дуугараад хартал 000 дугаарын утаснаас одоо тэр хутгалдаг хүүхэн болох Б байсан надад хандан хэлэхдээ “...та юун сүртэй юм, би хүүг чинь хутгалсан юун цагдаа болоод байгаа юм сүртэй ш дээ, одоо намайг цагдаа аваад явж байна...” гэж хэлээд утсаа салгасан юм...” гэж, гэрч Д.Өийн 000 оны 000дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгт “... Тэндээс гараад бараг 10 минутын дараа миний утас дуугарч харахад Б залгаж байхаар нь аваад юу болсон талаар асуухад Б надад хэлэхдээ “найз нь хүүгийнхээ аавыг хутгалчихлаа” гэж ярихаар нь би буцаад Бгийнд ирсэн...” гэж дурдсан байгаа талаар улсын яллагчийн зүгээс дүгнэлтдээ дурдсан боловч анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар дүгнээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
2.Мөн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” байхыг заасан байхад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Б.Б, Г.Н нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батдорж эсэргүүцэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: “...Г.Нгийн хувийн байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр, бүрэн тогтоож чадаагүй. Түүний Б.Бтай хамтран амьдарч байхдаа гаргаж байсан зан авир, үйлдлийг нь судлан үзвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч бөгөөд байнгын дарамт, доромжлолд хамтран амьдрагч Б.Б гэдэг эмэгтэйг байлгадаг бөгөөд эрүүл, согтуугийн аль ч үед Г.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж аргаа барсан Б.Б нь цагдаад олон удаа гомдол гаргаж, гомдлын мөрөөр зохих арга хэмжээ авч байжээ.
2. 000 оны 000дүгээр сарын 000үдэш болсон хэргийн хувьд Б.Б нь Г.Нг согтуу ирээд өмнөх байдлаараа хүчирхийлж янхан, банзал гэж орилж хашгиран айлган цочоож, хүч хэрэглэн үснээс нь зулгаах, баруун гарын булчин хэсгийг базах, өвтгөн шаналгах, баруун гуяны дотор хэсгээс нь базаж зуурах, гараараа толгой руу нь цохих үйлдлийг удаа дараа гаргах, таягаараа цохиж гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон байдаг.
Г.Нгийн хууль бус үйдлээс болж хохирогч Б.Б нь айж цочирдсон үедээ Г.Нд хутга хэрэглэж гэмтээсэн үйлдэл нь тохиолдлын шинжтэй, цочрон давчидсан байх тул анхан шатны шүүхээс бодитой дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй. Г.Н нь өөрийгөө архи уусан үедээ ийм байдал гаргаснаа хүлээн зөвшөөрдөг. Нэг уухаараа сар гаруй уучихдаг гэдгээ ч шүүх хуралд ярьсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би айж цочирдсон үедээ Г.Нг хутгалсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 000 оны 000дүгээр сарын 000өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дугаар багт байрлах гэрт маргалдаж, Б.Б нь хамтран амьдрагч байсан хохирогч Г.Нгийн цээжин тус газар нь нэг удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Н.Н нь хамтран амьдрагч байсан хохирогч Б.Бгийн баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, баруун гуяны дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүхийн Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээд шатны прокурорын эсэргүүцлийн тухайд:
1.Хохирогч Г.Н нь шөнийн цагаар, согтуугаар Б.Бгийнд очиж хэрүүл маргаан үүсгэн, түүнд хүч хэрэглэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “...хохирогчийн хүч хэрэглэсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Бгийн сэтгэл санаа нь гэнэтийн цочролд орж, ...сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж дүгнэснийг буруутган дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж заасныг буруу хэрэглэсэн байх боловч энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхээс шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдэлд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан ялын хэмжээ, хязгаарын хүрээнд байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/001 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ