Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01668

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01668

 

 

Б.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01755 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Х хариуцагч С.Т холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээд Б.Т, түүний өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Д нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ттай 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээ байгуулж Саммит медикал сервис ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Тын эзэмшлийн 110 700 000 төгрөгийн үнэ бүхий 90 хувийн хувьцааг тус компанийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 хороонд байрлах 143006/0120 нэгж талбарын дугаартай 2 291 м.кв газар дээр эмнэлгийн зориулалттай барилга барихаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж барилга барих, барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь хамгаалах зорилгоор үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож шилжүүлэн авсан. Талууд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны үндсэн харилцааг зохицуулахаар 1 дугаартай гэрээг байгуулж, гэрээний 2.3-д зааснаар талууд гэрээний 1.1-д заасан төслийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан компанийг үүсгэн байгуулах бөгөөд хувьцааны 90 хувийг Б.Хишигдорж, 10 хувийг Б.Т тус тус эзэмшинэ, 2.4-т талууд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө хариуцах компанийн нэр дээр зохих журмын дагуу шилжүүлнэ гэж заасан боловч Б.Т хөрөнгө хариуцах дундын компани руу газар эзэмших эрхээ шилжүүлээгүй. Гэтэл Саммит медикал сервис ХХК-ийн 91 хувийн хувьцааг Б.Хишигдорж шилжүүлэн авах болж гэрээний үр дүн биелэгдээгүй байхад буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нотариатчийг дуудаагүй байхад Б.Т, Б.Батзориг, нотариатч С.Тын хамт гэрт ирж гарын үсэг зуруулсан. Хишиг арвин индустриал ХХК-аас бүх хөрөнгө оруулалтыг гаргаж 10 давхар иж бүрэн эмнэлгийн зориулалттай барилгьг бүхэлд нь барьж дуусгасан ч өмчлөх эрх шилжээгүй, 90 хувийн хувьцаа буцаан шилжсэнээр хөрөнгө оруулалтын баталгаагүй болж Саммит медикал сервис ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 7 хороонд 2 291 м.кв газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/687 дугаар захирамжаар хүчингүй болгосон. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатч С.Тын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг гэрээнүүдийг гэрчилж байна гэж ойлгоогүй. Архиваас нотариатын баримтыг шалгаж үзэхэд нотариатч хууль бус үйлдэл, мэргэшлийн алдаа гаргасан, хууль, дүрэм, заавар зөрчсөн гэж үзэж байна. Нотариатын бүртгэлийн дэвтэрт зөвхөн 1 гарын үсэг байдаг ч 3 гэрээг гэрчилсэн. Гэрээний нэр нь хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээ гэж бичсэн байтал гэрээний 359 дугаарт 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ, 360 дугаарт хувьцаа шилжүүлэх гэрээ, 361 дугаарт эрх шилжүүлэх гэрээг тус тус дугаарласан. 3 гэрээг 1 гарын үсгээр гэрчилсэн байдал, гэрээний нэр болон дугаарлалтын зөрүүтэй байдал, бичилтийн мөр хоорондын зай зэргийг шалгаж үзвэл нотариатчийн гэрээ гэрчилсэн үйлдэл хуульд нийцэхгүй байна. Б.Ттай байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаартай гэрээг тухайн үед нотариатаар гэрчлүүлээгүй талууд баталгаажуулсан. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3.1.1, 3.1.2, 3.1.6 -д заасан зарчмыг зөрчсөнөөс гадна, мөн хуулийн 5.2, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1, 2.10-т тус тус заасныг зөрчиж, би хүсэлт гаргаагүй байхад гэрт минь ирж нотариатын үйлдэл хийсэн, тусгайлан тэмдэглэгээ хийгээгүй. Б.Хишигдоржийг архи уусан согтуу гэртээ амарч байхад нь ямар гэрээ болох үр дагавар хэрхэн үүсэх талаар тайлбарлалгүй гарын үсэг зуруулсан. Дээрх маргаан бүхий гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын баталгаа нь Нотариатын тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс гаргасан заавал даган мөрдөх шинжтэй журам бүхий зааварт нийцэх учиртай. Иймд Б.Хишигдорж, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа болон Эрх шилжүүлэх гэрээг, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаар гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нотариатын тухай хуулийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ гэж заасан. Гэтэл нотариатч ямар 1 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Б.Тын хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Б.Х гэрт очиж Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээ-г тус тус гэрчилсэн үйлдэл хууль бус хүчингүй байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээний эхний нүүр хэсэгт баталгааны тэмдэг буюу хөндлөн тамгыг дарж гэрээний төгсгөлд зөвхөн нотариатчийн тамгыг дарсан байна. Энэ нь Нотариатын үйлдэл хийх зааврыг шууд зөрчсөн болох бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 4.6, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Саммит медикал сервис ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслээгүй, нягтлан шалгаагүй Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээ-г гэрчилсэн байна. Учир нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10 дахь хэсэгт зааснаар Саммит медикал сервис ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл нь архиваас ирсэн баримтад байхгүй байгаа нь үндэслээгүй, түүнийг шалгаагүйг илтгэж байна. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэг хүлээхээр заасан байхад хариуцагч гэрээнүүдийн эрх зүйн дагавар, эрх, үүрэг, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлалгүй гэрчилсэн. Учир нь С.Т нь нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрчилсэн гэрээг тэмдэглэхдээ Хувьцаа худалдах гэрээ гэж буруу тэмдэглэсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээнд хувьцаа худалдах агуулга байхгүй, үнэгүй шилжүүлэхээр тусгасан. Эрх зүйн үр дагавар өөр, хоёр өөр төрлийн гэрээг хольж бичсэн байх ба өөрөө ч гэрээний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүйг харуулж байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5, Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээ нь хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх шинжтэй бэлэглэлийн гэрээг халхавчилсан шинжтэй байхад нотариатч түүнийг гэрчилж хууль, журмын заалтыг зөрчсөн тул Нотариатын тухай хуулийн 31.1.1-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт заасны дагуу нотариатын бүртгэлийн дэвтрийн Хувьцаа худалдах гэрээний дугаар 359 байхад 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 1 гэж зөрүүтэй буруу тэмдэглэгдсэн, Эрх шилжүүлэх гэрээний дугаар 360 болон хэмээн 2 дугаараар тэмдэглэгдсэн байхад нотариатаар гэрчилсэн Эрх шилжүүлэх гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 361 гэж зөрүүтэй тэмдэглэгдсэн байна. 2017.04.21-ний хамтран ажиллах гэрээний хувьд нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийгдээгүй байх бөгөөд нотариатаар гэрчилсэн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 359 гэж тэмдэглэгдсэн байна. Дээрх байдлаар баталгааны дардсын тэмдэглэл нотариатын бүртгэлийн дэвтэр дээрхээс зөрүүтэй, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй зөрчил алдаа гарсан нь Нотариатын тухай хуулийн 31.1.1, 31.1.6-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Иймд Нотариатын тухай хуулийн 30.1-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 31.1.1, 31.1.6-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болж байна. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус зааснаар нотариатч нь 3 гэрээг 1 гарын үсгээр гэрчилсэн мэтээр тэмдэглэл үйлдэж бүртгэсэн байна. Иймд нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нотариатын байранд байхад Б.Т гэх хүн орж ирээд Баянгол дүүргийн 5 шард компанийн хувьцаа шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээ гэрчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч оффис дээр нь очиж гэрчлэхээр хамт явсан, замдаа Б.Т гэрээ гэрчлүүлэх гэж байгаа хүн рүүгээ утсаар залгахар хүүхэд хараад гэртээ байна, хүрээд ирэх үү гэсний дагуу түүний гэрт нь очсон. Тэрээр Саммит медикал сервис ХХК- ийн эзэмшлийн 90 хувийн хувьцаагаа тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Тд шилжүүлэхээр тохиролцсон Хувьцаа болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг хянаж гэрчлүүлэхийг хүссэн ба би холбогдох баримт бичгийг шалган талуудад эрх, үүрэг, гэрээнээс үүсэх үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгч, аливаа дарамт шахалт, бусад хүчин зүйлийн нөлөөнд авталгүй өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гэрээнүүдийг байгуулж чадсан эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрчилж нотариатын бүртгэлийг үйлдсэн. Мөн тус өдөр өмнө нь байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний 1 дугаартай гэрээг талуудын хүсэлтээр гэрчилж холбогдох бүртгэлийг хийсэн. Дээрх гэрээнүүд болох 2016 оны 9 дүгээр сарын 09-ний 1 дугаар, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа болон Эрх шилжүүлэх гэрээнүүдийг бүртгэлийн дэвтэрт 359-361 дүгээрт дугаарлаж, засваргүйгээр бичиж, нотариатын үйлдэл хийсэн газрын байршил, он, сар, өдрийн дарааллаар бүртгэж талууд тус бүрээр гарын үсэг зуруулсан. Гэрээнүүдийг гэрчлэх үйлдэл хийсэн нотариатчийн зүгээс талуудын аль нэгэнд ямар нэг зүй бус нөлөөллийг үзүүлээгүй, гэрээний талууд дарамт, шахалт дор бус харин найрсаг харилцаатай, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байсан, энэ үйлдэлд хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Б.Хишигдорж нь согтуурсан буюу өөрийгөө удирдах чадваргүй болсон зүйл байгаагүй, би талуудад байгуулагдсан гэрээний агуулга, үр дагаврыг хуульд заасны дагуу тайлбарлан өгч, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээнүүдийг бүртгэн, талуудад тус бүр 1 хувийг өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээ байсан тул Нотариатын тухай хуулийн 7.3-т заасан тойргийн харьяаллыг зөрчөөгүй. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Саммит медикал сервис ХХК-ийг 2010 онд үүсгэн байгуулж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2011 онд Антек ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт байрлах 2291 м.кв талбай бүхий газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эмнэлэг барих зориулалтаар шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. Манай компани анхнаасаа тус газарт эмнэлгийн зориулалттай барилга барьж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан. Тухайн үед бид эмнэлгийн барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан тул эмнэлгийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, баримт бичгүүдийг бүрдүүлж, эмнэлгийн төслийн ажилд тодорхой хэмжээний зардлыг хэдийнээ гаргасан байсан. Тус төслийг 2012 онд Хишиг арвин индустриал ХХК-ийн захирал Б.Хишигдорж болон түүний эхнэр Т.Бямбажамц нарт танилцуулахад оролцох сонирхолтойгоо илэрхийлж, эмнэлгийн барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр ямар 1 гэрээ хэлцэл хийгээгүй, аман хэлцлийн дагуу, итгэлцлийн үндсэн дээр эмнэлгийн барилгын ажилд хамтран ажиллах харилцаа үүсч, гэрээгээр баталгаажуулах шаардлага бий болсны үндсэн дээр эмнэлгийн барилгын ажил хийх, эмнэлгийн үйл ажиллагаа хамтран эрхлэхтэй холбоотойгоор хэдэн гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг тухай бүр биелэгдэж, дуусгавар болсон, 2017 оны 10 дугаар сарын 11-ний гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. 2016 оны намар эмнэлгийн барилга, ирээдүйн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой аман тохиролцоонуудыг бичгийн хэлбэрт оруулан Б.Хишигдоржтой 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1 тоот гэрээ байгуулж, гэрээгээр манай компанийн хувьцааг надад эргүүлэн өгөх, дундын хамтарсан компани байгуулж, 2 тал өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгө хариуцах компанийн нэр дээр зохих журмын дагуу шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу хамтарсан Азурион ХХК-ийг үүсгэн байгуулагдсан ба компанийн нийт хувьцааны 90 хувь нь Б.Х нэр дээр, 10 хувь нь миний нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн. Ийнхүү Саммит медикал сервис ХХК-ийн нийт хувьцааны Б.Х эзэмшлийн 90 хувийн хувьцааг Б.Тд буцаан шилжүүлсэн, тухайн үед эмнэлгийн барилгын ажил саадгүй явагдаж байсан болон хамтарсан компанийг үүсгэн байгуулсан зэргээр 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1 тоот гэрээгээр тохиролцсон нөхцөл биелэгдэж, тус гэрээ дуусгавар болсон. Энэхүү гэрээнд дурдсан журмын дагуу эмнэлгийн барилгын хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор баталгаа болгон Б.Хишигдоржид шилжүүлсэн Саммит медикал сервис ХХК-ийн 90 хувийн хувьцааг Б.Тд эргүүлэн шилжүүлэхээр талууд тохиролцож, Хувьцаа шилжүүлэх, Эрх шилжүүлэх гэрээ 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан. Ингээд өөрийн Саммит медикал сервис ХХК-ийн 90% хувьцааг буцаан шилжүүлэн авсан. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр тохирсон дундын компанид хөрөнгө шилжүүлэх тохиролцоог хэрэгжүүлэхийн тулд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хишиг арвин индустриал ХХК-ийн захирал Б.Хишигдорж, Кэй эй пропертийз ХХК-ийн захирал Х.Батхишиг нартай би Саммит медикал сервис ХХК- ийг төлөөлж гэрээ байгуулж, талуудын санхүүгийн оролцоотойгоор эмнэлгийн зориулттай зоорийн давхар бүхий 10 давхар барилга барьж, ашиглалтад оруулах, цаашид харилцан ашигтай хамтран ажиллах харилцааг зохицуулах зорилго бүхий тус гэрээний 8.3 дах заалтаар 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчингүй болсонд тооцсон ба талууд цаашид уг гэрээний дагуу аливаа эрх эдэлж, үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Саммит медикал сервис ХХК-ийн 90 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн авахаар Хишиг арвин индустриал ХХК-ийн Баянгол дүүргийн 20 хороонд байрлах оффист хувьцаа шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр тохиролцож Баянгол дүүргийн нотариатч С.Тын ажлын байранд байж байхад Т.Бямбажамц эгч манай нөхөр С.Батзориг руу залгаж ах нь хүүхэд хараад гэрээсээ гарч чадахгүй байгаа, нөгөөдөр Япон удаан хугацаагаар явна, иймээс та нар өнөөдөр манайд очоод гэрээгээ батлуулсан нь дээр байх гэсний дагуу манай нөхөр С.Батзориг Б.Хишигдорж ах руу утсаар ярихад ах нь гэртээ байна, одоо хүрээд ир, хувьцаа шилжүүлэх гэрээгээ байгуулья гэсэн. Би нөхөр, нотариатч нарын хамт Б.Х Анома хотхонд байрлах гэрт нь очиход өөрөө хаалгаа тайлсан, зээ охиноо хараад шөлтэй хоол идээд сууж байсан. Нотариатч бидэнд гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, байгуулж буй гэрээний үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгсний дараа талуудын байгуулсан Хувьцаа шилжүүлэх гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1 тоот гэрээг тус тус гэрчилж, нотариатын бүртгэлийн дэвтэртээ бүртгэж талуудаар гарын үсэг зуруулсан. Хэрэв Б.Хишигдорж согтуу байсан бол нотариатч үйлдэл хийхээс татгалзах байсан. Мөн бидний хооронд компанийн хувьцаа шилжүүлэх болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан болохоос үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гэрээ огт байгуулагдаагүй тул нотариатын тойрог зөрчиж үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Нотариатын тухай хуулийн 5.2-д заасны дагуу Б.Хишигдорж нь гэрээсээ гарах боломжгүй буюу бага насны хүүхэд харж байгаа байдлыг хүндэтгэн, түүний хүсэлтээр гэрт нь очиж нотариатын үйлдлийг хийсэн тул нотариатын үйл ажиллагаа хууль бус байх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Хишигдорж, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2017.04.21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх болон Эрх шилжүүлэх гэрээ, 2016.09.09-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх тухай 1 дугаартай гэрээг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч /Тамганы дугаар 207/ С.Тын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулахыг хүссэн Хиа нар овогтой Бадамдоржийн Хишигдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т зааснаар хариуцагч С.Т ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Б.Тын хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Б.Х гэрт очиж хувьцаа шилжүүлэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээг тус тус гэрчилсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.10-д зааснаар ямар нэгэн тусгай тэмдэглэл үйлдээгүй, тэр талаар баримтгүй. Харин Б.Т, Б.Хишигдорж нарын хаягийг бүртгэлийн дэвтэрт бичсэн нь тусгай тэмдэглэл гэж үзэхгүй бөгөөд тусгайлан нотариатын үйлдэл хийсэн газар цаг хугацааг тэмдэглэх ёстой байсан. Энэ нь Нотариатын тухай хуулийн 26.1, 26.2 дугаар зүйлд заасан бүртгэл, тэмдэглэл үнэн зөв, тэмдэглэл хөтөлсөн байх шаардлагыг зөрчсөн. Иймд Нотариатын тухай хуулийн 31.1.6 заасны дагуу 31.3-д зааснаар нотариатын гэрээ гэрчилсэн үйлдэл хууль бус, хүчингүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээ-г 361 дүгээрт баталсан гэсэн атлаа эхний нүүр хэсэгт 361 дугаартай баталгааны тэмдэг буюу хөндлөн тамгыг дарж гэрээний төгсгөлд 360 дугаартай баталгааны тэмдгийг дарсан байна. Үүнийг залруулсан гэж үзэхгүй бөгөөд баталгааны тэмдгийн дугаар зөрүүтэй байгаа нь илэрхий үйл баримт болно. Энэ нь Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д заасныг шууд зөрчсөн гэж үзэх бөгөөд Хувьцаа шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болно. Мөн архивын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний баталгааны тэмдэг буюу хөндлөн тамгыг зөвхөн нүүр хэсэгт нь дарж төгсгөлийн хуудсанд дараагүй, бичилт хийгээгүй нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байхад анхан шатны шүүх гэрээний төгсгөлд баталгааны тэмдэг дарсан мэтээр худал дүгнэсэн. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2, 4.6, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Т Саммит медикал сервис ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслээгүй, нягтлан шалгалгүй хувьцаа шилжүүлэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээг гэрчилсэн. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10 дах хэсэгт зааснаар Саммит медикал сервис ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн архиваас ирсэн баримтад огт байхгүй байгаа нь хурлын тэмдэглэл, компанийн дүрмийг үндэслээгүй, шалгаагүй нь нотлогддог. Компанийн эрх шилжүүлэх гэрээний хавсралтад компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл заавал байх ёстой бөгөөд архиваас гаргуулан авсан гэрээтэй хамт хуулбар нь ирэх ёстой. Гэтэл уг баримт бичиг ирээгүй байгаа нь тэдгээрийг нягталж шалгалгүй эрх шилжүүлэх гэрээг гэрчилж, архивт зөвхөн эрх шилжүүлсэн болохыг харуулж байна. Хариуцагч С.Т Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээний эрх зүйн дагавар, эрх, үүрэг, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлалгүй гэрээг гэрчилсэн. С.Т нь нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрчилсэн гэрээг тэмдэглэхдээ Хувьцаа худалдах гэрээ, Хувьцаа худалдах гэрээ хэмээн буруу тэмдэглэсэн. Мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хувьцаа шилжүүлэх гэрээг Хувьцаа худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарласан. Гэтэл Хувьцаа шилжүүлэх гэрээ-нд хувьцаа худалдах агуулга байхгүй үнэгүй шилжүүлэхээр тусгасан байдаг. Эрх зүйн үр дагавар өөр, хоёр өөр төрлийн гэрээг хольж бичсэн байх ба өөрөө ч гэрээний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүйг харуулж байна. Нэхэмжлэгч Б.Хишигдоржид гэрээний эрх зүйн үр дагавар, эрх, үүрэг, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаагүй. Тайлбарласан ч Хувьцаа худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлахаар байх тул Нотариатын тухай хуулийн 31.1.6-д заасныг зөрчих бөгөөд 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй. Саммит медикал сервис ХХК-ийн 90 хувийн хувьцааг анх хөрөнгө оруулалтын баталгаа болгон 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Б.Хишигдорж руу шилжүүлж байсан ба баталгаа гаргах нөхцөл байдал арилаагүй байхад 90 хувийн хувьцааг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээ-ээр буцаан шилжүүлэн авсан. Үүнээс үзэхэд хувьцаа шилжүүлсэн гэрээ нь баталгааны дагуу шилжүүлж байгаа гэрээ байхад бэлэглэлийн гэрээ байгуулан хувьцаа шилжүүлсэн. Тиймээс Нотариатын тухай хуулийн 31.1.1-д заасан зөрчил болж 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болно. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Т нь Хувьцаа шилжүүлэх гэрээг 360 дугаарт баталсан гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн атал, хэрэгт авагдсан гэрээнд 361 дугаарт баталсан, нотариатын бүртгэлийн дэвтэр дээр Хувьцаа худалдах гэж тэмдэглэж 359 дугаарт байна. Мөн нотариатын бүртгэлийн дэвтрийн Эрх шилжүүлэх гэрээний дугаар 360 болон 361 гэж хоёр дугаараар тэмдэглэгдсэн байхад нотариатын гэрчилсэн Эрх шилжүүлэх гэрээ-ний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 361 гэж зөрүүтэй тэмдэглэгдсэн байна. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний хувьд нотариатын бүртгэлийн дэвтэр дээр нэрээр нь бүртгэл хийгдээгүй, хувьцаа худалдах гэж буруу тэмдэглэсэн, нотариатын гэрчилсэн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний баталгааны тэмдэг, дардас дээрх дугаар 359 гэж тэмдэглэгдсэн байна. Баталгааны дардсыг тэмдэглэл нотариатын бүртгэлийн дэвтэр дээрхээс зөрүүтэй, гэрээний нэр төрлийг буруу бичсэн, гэрээний нөхцөлийн талаар бичээгүй зэрэг нь Нотариатын тухай хуулийн 31.1.1, 31.1.6-д заасныг зөрчсөн, 31.3-т заасны дагуу гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болно. Анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээний эрх зүйн үр дагавар нь өөр өөр. Нотариатын үйлдэл хийх зааврын 3.3, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх 3 гэрээг тус тусд нь тэмдэглэх ёстой. Гэтэл нотариатч нь гурван гэрээг ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар тэмдэглэж, мөн нэг гарын үсгээр 3 гэрчилж тэмдэглэл үйлдэж бүртгэлийн дэвтэртээ бүртгэсэн нь хууль болон дүрэм журмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч нь хариуцагч, нотариатчийг гэрээнд гарын үсэг зуруулсан утга агуулгыг ойлгоогүй, өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхад гэрээний эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, нотариатын үйлдэл хийх журам зөрчсөн гэх үндэслэл заан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч няцааж, гэрээний талуудын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Б.Х гэрт нь очиж холбогдох баримт бичгийг шалган, талуудад эрх, үүрэг, гэрээнээс үүсэх үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгч, талууд аливаа нэгэн дарамт шахалт, гадны нөлөөнд авталгүй өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж чадсан эсэхийг тодруулсны үндсэн дээр гэрээг гэрчилж нотариатын бүртгэл үйлдсэн, согтуурсан буюу өөрийгөө удирдах чадваргүй болсон зүйл байгаагүй, тухайн үед бага насны хүүхэд хараад гэртээ байж байсан, тойргийн харьяалал зөрчөөгүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Хишигдорж, гуравдагч этгээд Б.Т нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч хариуцагч С.Т тус тус гэрчилсэн болох нь тогтоогдсон. /1хх7-14/

Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ гэж, Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тэмдэглэнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хувьцаа шилжүүлэх гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 360 гэж зөрүүтэй тэмдэглэгдсэн, эрх шилжүүлэх гэрээний дугаар 360, 361 гэж 2 дугаараар тэмдэглэгдсэн байхад нотариатын гэрчилсэн эрх шилжүүлэх гэрээний баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар 361 гэж зөрүүтэй, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийгдээгүй. Гэрээний баталгааны дардсын тэмдэглэл нотариатын бүртгэлийн дэвтэрээс зөрүүтэй, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй зөрчил гаргасан гэж тайлбарласан.

Хэргийн 1 дүгээр хавтасны 15-17 дугаар талд авагдсан Нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 359 дугаарт 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Тариат Баатархүү Түвшинжаргал, ИЭ76053069, Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг С-2-310, хувьцаа худалдах гэрээ, 360, 361 дугаарт Хиа нар Бадамдорж Хишигдорж ХА69112231, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 2 хэсэг, анома 76-2 тоот эрх шилжүүлэх гэрээ гэж тус тус тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, хэргийн 7 дугаар тал дах хувьцаа шилжүүлэх гэрээний нүүрэн талд 360 гэж дугаарласан атлаа гэрээний төгсгөл хэсэгт дардас дараагүй, эрх шилжүүлэх гэрээнд 361, №1 дугаартай хамтран ажиллах гэрээний нүүрэн талд 359 гэж дуугаарласан атлаа төгсөл хэсэгт дардас дараагүй нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж нэхэмжлэгч маргажээ.

Дээрх гэрээнүүдийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан нь хэргийн 71-75 дугаар талд авагдсан байх ба Хувьцаа шилжүүлэх гэрээний нүүрэн талд дарагдсан нотариатын дардаст 361 гэж тэмдэглэснийг төгсгөлд нь 360 гэж залруулсан байна.

Нотариатын бүртгэлийн дэвтэрт 359, 360 дугаарт Хувьцаа худалдах гэрээ, 361 дугаарт Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэнийг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг нотариатын бүртгэлийн дэвтэрт 359 дугаарт бүртгэсэн нь баталгааны тэмдгийн дардас дээрх дугаартай ижил, нотариатын гэрээ гэрчилсэн үйлдэл нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нотариатч баримт бичгийг гэрчлэхдээ Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8-д Баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ. Тогтоосон маягтын дагуу бичигдэж, тусгайлан гэрчилгээ олгодог үйлдлийн хувьд маягтыг гараар бөглөж зөвхөн нотариатчийн тамга дарж гэрчилнэ. Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар нотариатч нь тогтоосон маягтын дагуу бүртгэлийн дэвтэрт гараар бичилт хийж, гэрчилсэн баримт бичигт нотариатчийн тамга дарж, соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод дарж, баталгааны бичилт хийж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /1хх 16-17, 71-75/

Иймд нотариатчийн үйлдлийг хүчингүй тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх энэ талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн нотариатч нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нягтлан шалгаагүй гэх гомдол, тайлбар үндэслэлгүй.

Нотариатын үйлдэл хийх зааврын 4.6-д нотариатч нь үйлчлүүлэгч-хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно ... гэж зохицуулсан.

Хэргийн 18 дугаар тал дахь нотариатын лавлагааны захиалгын хуудсанд Баянгол дүүргийн тойргийн 207 тамганы дугаартай С.Т нотариатчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б.Хишигдорж, Б.Т нарын хооронд хийгдсэн гэрээ-г авах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М гаргасан атлаа Саммит медикал сервис ХХК-ийн эрх зүйн чадамжтай талаарх холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргаагүй. Мөн Саммит медикал сервис ХХК-аас эрх зүйн чадамжтай талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхад гарын үсэг зуруулсан, гэрээний эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ