Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

2025/ДШМ/11

 

 

        

Ч.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.У

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Б /цахимаар/

            Нарийн бичгийн дарга: Г.Г нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжтай яллагдагч Ч.Тд холбогдох 2312001760326 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ж.Угийн эсэргүүцлийг, иргэний нэхэмжлэгч С.Эийн давж заалдах гомдол зэргийг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт У хотын С дүүрэг 0 дугаар хороо 0-0 тоотод оршин суух, урьд нь А аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,  А аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Ч-ийн Т.

 

Яллагдагч Ч.Т нь жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 22-ны орой А аймгийн Ц сумын А багийн Я гэх газарт засмал зам дээр 0-0 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.1 -д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)", Шинжилгээний албаны шинжээч Б.О-ын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128 тоот дүгнэлтийн шинжилгээгээр Ч.Тын цусанд 1.0 промилли спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Д.С жолоодож явсан 0-0 улсын дугаартай Тоёота Альфард-Эйч20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Ч.Тд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Чийн Т (ИБД:000000000)-д холбогдох эрүүгийн 2312001760326 дугаартай  хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.У би, тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Үүнд: 1. Уг гэмт хэргийн хохирогч Бд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийг сануулан мэдүүлэг авсан байна. Ингэхдээ түүнийг хохирогчоор тогтоох тогтоол үйлдээгүй нь түүний хохирогч байх эрхийг хязгаарлах үндэслэл биш юм. Түүнчлэн хохирогчоор тогтоох шийдвэрийг шүүхийн шатанд шүүгч гаргаж болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хуульчилжээ. Хохирогч  Б нь Герман улсын иргэн бөгөөд Герман улс руу явсан, Монгол улсад ирэх боломжгүй тул өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр өмгөөлөгч Т.Бийг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу Т.Бийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно”. мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ...хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасан заалтад нийцэж байна гэж дүгнэж байна. Зөвхөн хохирогчоор тогтоох тогтоол байхгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан "... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Түүнчлэн хохирогчийг гадаад улсаас албадан ирүүлж, зөрчигдсөн эрхийн сэргээлгэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ. Энэ нь хэргийн бодит байдалт нийцээгүй байна гэж үзлээ. 2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан гэмт хэргүүдийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг Шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан хэдий ч Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай журмын 2.2 дахь хэсэгт “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр хийлгэнэ”, журмын 2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана 2.4 дэх хэсэгт “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэж тус тус заасныг үндэслэн мөрдөгч журмын 2.1.1-2.1.5- д заасан хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, танилцуулан зөвшөөрсөн тохиолдолд шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэвшсэн ойлголт бөгөөд шаардлагатай гэж үзвэл хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг шүүхийн шатанд шинжилгээний байгууллагаар хийлгэх боломжтой юм. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

            Иргэний нэхэмжлэгч С.Э гаргасан давж заалдах гомдолдоо ... Авто аваарын согтолтын зэргийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна Т аваар осол болсноос хойш машиндаа согтуу 4-5 цаг сэрэхгүй унтсан түргэн ирээд авч очоод аваарт орсон өвчтөн бидэнтэй нэг өрөөнд толгойгоо оёулж хоноод өглөө сэрж ухаан орж яанаа би хаана юу хийчвээ гэж хэлсэн. Т мэдрэлгүй согтуу байсныг тэнд байсан бүх хүмүүс мэдэж байгаа маргааш өглөө нь мөрдөгч Оийн өрөөнд бид цуг очоод мөрдөгч О за юу хийснээ мэдэж байна уу гэж Таас асуухад тэр мэдэхгүй гэж хариулсныг мөрдөгч О өөрөө мэдэж байгаа гэтэл хөнгөн гэсэн зэрэгтэй болгож зүйлчилснийг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй үнэн шударгаар нь мэдүүлж өгнө үү. Эсрэг ургалд орж урд явж байсан манай ахын машины толийг мөргөж хаглаад манай машиныг хөөж мөргөж замын хажуу руу унгасныг саад тойрч гэж зөөлрүүлж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна мөрдөгч О нь бидний хэргийг цаг тухайд нь шуурхай мөрдөхгүй 1.6 жил болж байна олон удаа буцааж дахин материал бүрдүүлж хүндрүүлсэн нь хэргийг шийдэхэд төвөгтэй болгож байсан Т нь биднийг мөргөсөн машин марк прусс 10 машин байсныг прусс 20 гэх зэрэг бичсэн нь эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон бидэнд дэндүү сэтгэлгүй хандсаны жишээ гэж ойлгож байна. Шүүдэгч Т нь биднийг хохироож гэмтээж авто аваар хийсэндээ гэмшихгүй хохирлоо төлөхгүй дахин хүний машин согтуугаар жолоодож журамлуулж баривчлагдсаар байгааг мөрдөгч О мэдэж байгаа ч арга хэмжээ авахгүй бол илүү их том хэрэг тарих ч боломжтой юм билээ. Хохирогч бид шүүх прокуророос хүсэх зүйл байна. Т эхнэртэйгээ хоёр хүүхэдтэйгээ хашаандаа сайхан амьдардаг ч эхнэр нь над хамаагүй гэж байнга хэлдэг. Бид тэднийг хэдэн жил амьдарсан баталгаатай гэр бүл эсэхийг албадлагаар мэдмээр байна мөн аваар хийхийн өмнөх үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагааг үзмээр байна. Манай өмгөөлөгч Бт боломж олгож өгнө үү гэж хүсье шалгаж тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Учир нь биднийг машины мөнгөө нэхэж очих бүхэнд тэнд байгаа хүмүүс / ах нь, авгай нь Т энэ хашаа манай ахын гэж зориуд хэлж байдаг. Аваар ослоос хойш нэг жил зургаан сар боллоо амьдрал залгуулж мөнгө олдог машиныг босгож унах боломжгүй болгосон нааш цааш явах замын зардал буудал бензин тос өмгөөлөгч гээд унаагүй болсон бидэнд мундахгүй зардал гарч байна.  Хохироогч тал нэг ч мөнгө төлөхгүй байна машины хохирлыг төлөхгүй төлүүлэх талаар ажиллагаа хийхгүй байгаад бид үнэхээр гайхаж байна танил тал нутгаараа эсрэг талд илүү шийдэж байгаа гэж бид хардаж байна. Бид хардах эрхтэй хохирсон биднийг илт тодорхой хэрэг дээр ялихгүй шалтаг гаргаж мөрдөх шүүх прокурорын шатанд хойшлуулж цаг алдуулж хохирсон биднийг улам хохироож байгаад гомдолтой байна үнэн зөвөөр шудрага хурдан шийдэж өгнө үү ... гэв.

 

Прокурор Ж.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...Шүүгчийн захирамжийн тухайд 2 үндэслэлээр буцаасан. 1 дэх үндэслэл нь хохирогч М-ыг хохирогчоор тогтоосон тогтоолыг хэрэгт хийгээгүй талаар тайлбар хэлье. Мөрдөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогчоор тогтоогоогүй мөртлөө эрх үүрэг тайлбарлан мэдүүлэг авсан байдаг. Гэтэл тухайн хэрэг учрал болсны дараа мөрдөгч О-ийн хувьд томилогдоод 2-3 хонож байсан шинэ мөрдөгч туршлагагүй байсан. Хохирогчийн хувьд хэрэг учрал болсноос хойш 2 хонгийн дараа Монгол улсаас гадаад улсруу буцсан гэдэг нь тогтоогддог. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хохирогчийн тогтоосон баримт хийх боломжгүй үйл баримт тогтоогдсон учраас мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогчийн эрхийг эдлүүлэх зорилгоор түүнийг гадаад улсаас албадан авч ирэх боломжгүй байгаа учраас хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслээд уг хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас эсэргүүцлийг бичсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг анхаарч өгнө үү. 2 дугаарт нь мөрдөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоохтой холбоотой асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулж түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь буруу гэж үзэж байна. Учир нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтооход тухайн хохирогч өөрийн биеэр шинжилгээний байгууллагад очиж байж хийх нөхцөл байдал үүссэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар авч үзэхэд энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байгаад байдаг. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэхээр хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг нээлттэй үлдээгээд шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ агуулгаараа хэрэг удааширсан байдалтай байгаа учраас хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Хэрвээ шүүгчийн захирамжийн дагуу прокурорт буцааж шийдвэрлэх юм бол хохирогч байхгүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү ... гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... А аймаг дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Манай үйлчлүүлэгчийн хувьд Герман улсаас ирэх боломжгүй. Анх удаа Монгол улсад аялж ирээд бусдын халдлагад буюу энэ авто аваарт өртөөд, үүнээсээ болж дахин Монгол улсад ирэх боломжгүй байгаа. Дээр нь хохирогчийн эрх болон үүрэг дээр хохирогч нь хэрэгтээ заавал өөрөө оролцоно гэсэн зүйл байхгүй. Хуульд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулж эрхээ эдэлж болно гээд заасан байгаа учраас миний хувьд хууль ёсны төлөөлөгчөөр сонгогдсон, томилогдсон нь хууль зөрчөөгүй юм. Хохирлын зэрэг тогтоох хүснэгт нь өнөөдрийн хувьд жишиг болоод, хохирлын хэмжээг шүүх хэдэн хувиар тогтоож гаргаж өгөх нь шүүхийн эрх хэмжээнд байгаа. Иймээс прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

А аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.Тыг жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 22-ны орой А аймгийн Ц сумын А багийн Я гэх газарт засмал зам дээр 0-0 улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.1 -д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А: тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)", Шинжилгээний албаны шинжээч Б.О-ын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128 тоот дүгнэлтийн шинжилгээгээр Ч.Тын цусанд 1.0 промилли спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Д.С жолоодож явсан 0-0 улсын дугаартай Тоёота А маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэж, Ч.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хохирогч  Б-ыг хохирогчоор тогтоох, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай, хохирогчоор тогтоох болон шинжилгээ хийлгэх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт ... шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана ... гэж хуульчилжээ.

 

Гэтэл яллагдагч Ч.Тд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор хэн нэгэн этгээдийг тогтоогоогүй, тогтоогдсон хохирогч байхгүй атал Маркус Франц Браунаас хохирогчийн мэдүүлэг авч, улмаар түүний хууль ёсны төлөөлөгчийг томилж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлана ... гэж заасан.

 

Яллагдагч Ч.Тд холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч тогтоож, түүнээс мэдүүлэг авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх журмыг хуульчилсан тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагатай ба дээрх ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд прокурорын бүрэн эрхийг, мөн хуулийн 4.2 дугаар зүйлд прокурорын үүргийг тус тус хуульчилжээ.

 

 Яллагдагч Ч.Тд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч уг ажилд томилогдоод 2-3 хоног ажиллаж байсан туршлагагүй тул хууль зөрчсөн гэсэн прокурорын тайлбар үндэслэлгүй, дээрх шалтгаан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих үндэслэл биш, эрх бүхий албан тушаалтан албан үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүрэгтэй.

 

Мөн хохирогчоор тогтоох этгээд гадаад улсын иргэн тул уг ажиллагааг явуулах боломжгүй, үүнээс үүдэлтэй иргэний нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөнө, хэрэг түдгэлзүүлэх шийдвэр гарна гэж прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад хэрэгт хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд болох прокурор уг хэрэгт хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс дээрх нөхцөл үүссэн гэж дүгнэхээр байна.            

              Иймд прокурорын эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдол зэргийг хэрэгсэхгүй болгож,  А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/145 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцэл, иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдол зэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Т.ГАНЧИМЭГС