Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/228

 

  2025             02            13                                          2025/ДШМ/228

 

С.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/82 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр С.Б-т холбогдох 2306031500216 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б, 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Яллагдагч С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элбэг Март” дэлгүүрээс чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван “ЭЭБМ” ХХК-д 2.169.055,52 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 715 дугаартай захирамжаар шүүгдэгч С.Бт холбогдох эрүүгийн 2306031500216 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/0901 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...ЭЭБМ” ХХКийн (Элбэг март) дэлгүүрийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөрх бараа материалын үлдэгдлийг, тооллогын дүнтэй тулган шалгаж, ижил нэр төрлийн бараа материалын 2.039.356,64 төгрөгийн илүүдлийг хасаж тооцоход, нийт дутагдал нь 2.169.055,52 төгрөг байна...” /1хх-ийн 217-220 дахь тал/ гэжээ.

Харин яллах дүгнэлтэд “...Яллагдагч С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элбэг Март” дэлгүүрээс чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна гээд “ЭЭБМ” ХХК-д санхүүгийн баримтад дүгнэлт хийж барааны дутагдал гэх 2.169.055,52 төгрөгийг С.Б-ийг авсан гэж шууд дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл 2.169.055,52 төгрөгийн барааг 20 үйлдэлд хуваахад /2.169.055,52/20=108.452,776/ буюу нэг удаагийн үйлдлээр 108.453 төгрөгийн бараа авсан гэж дүгнэхэд хүргэж байна. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Элбэг Март” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 101-125 дахь тал/-д нэг удаагийн үйлдэлд 1-2 бараа авч байгаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэг удаа орохдоо дунджаар 108.453 төгрөгийн бараа хулгайлсан гэж дүгнэхээр байна.

Гэтэл улсын яллагчаас хэргийн бодит байдалд илт нийцэхгүй дүгнэлт хийж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 715 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн зардлаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд ингэхдээ зөвхөн тухайн дэлгүүрт тооллого хийсэн баримтын илүүдэл, дутагдлын тайланд үндэслэсэн буюу тухайн дэлгүүрт дутсан бүх барааны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний барааг яллагдагч С.Б авсан гэж үзэн дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”, “Элбэг март 2 падаан 2023.06.01-2023.06.31 285 ширхэг №1, Элбэг март 2 падаан 2023.04.01-2023.04.31 349 ширхэг №2, Элбэг март 2 Падаан 2023.05.01-2023.05.31 387 ширхэг №3” гэх бичиглэл бүхий 3 боодол санхүүгийн баримтуудыг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Чингүүн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан ба мөрдөгч, прокуророос хуульд заасан бүх арга хэмжээг авсан буюу өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэж байна.

Учир нь, гэмт хэрэг илэрсэн нөхцөл байдлын хувьд тухайн “ЭЭБМ” ХХК-ийн “Элбэг" дэлгүүрийн эд хөрөнгө дутагдаж, улмаар тооллого хийсэн байна.

Эд хөрөнгө дутагдсан учраас тухайн дэлгүүрээс хяналтын камерын бичлэгийг сүүлийн 2 cap орчмын хугацаанд шүүж үзэхэд С.Б нь олон удаагийн давтамжтайгаар дэлгүүрийн олон нэр, төрлийн эд зүйлийг авч, цүнх, хувцас зэрэгтээ нууж гарсан байна. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан бөгөөд яллагдагчийн цүнх, хувцсандаа эд зүйлийг нууж авч гарсан үйлдлээс үзэхэд яг ямар нэртэй эд зүйл гэдгийг хяналтын камерын дүрс бичлэгт тодорхой харагдахгүй байсан тул хохирогчийн дэлгүүрийн данс бүртгэлийг тулгах, тооллого хийх зэрэг арга хэлбэрээр нь хулгайд алдагдсан эд зүйлсийн нэр төрөл, тоо ширхэг, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эдийн засгийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн, уг үйл баримтын талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2,169,055 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байдаг.

Тухайн дэлгүүрээс яллагдагч С.Б бараа хулгайлснаас өөрөөр ямар нэгэн байдлаар эд хөрөнгийн дутагдал үүссэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, үндэслэлгүй таамаг бүхий тоо, тооцоолол гаргаж, “...2,169,055.52 төгрөгийн барааг 20 удаагийн үйлдэлд хуваахад нэг удаагийн үйлдлээр 108,453 төгрөгийн барааг авсан гэж дүгнэхэд хүргэж байна...” гэсэн хийсвэр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй буюу шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт гаргуулж, хохирлын хэмжээг тогтоохдоо зөвхөн эд зүйл үнэлдэг үнэлгээний байгууллагаар гаргуулна гэсэн тогтсон ойлголт, практик байхгүй. Харин хохирлын хэмжээг тогтоохдоо хуульд заасан бүх арга хэмжээг авч болох бөгөөд энэ хэргийн тухайд алдагдсан эд зүйлсийн хохирол нь эд хөрөнгийн дутагдлаас шалтгаалсан шалгалтын явцад илэрч тогтоогдсон тул уг нөхцөл байдлыг харгалзан үзвэл “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн гаргасан 2024/0901 дугаартай “...Шинжилгээгээр 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр бараа материалын үлдэгдлийг, тооллогын дүнтэй тулган шалгаж, ижил нэр төрлийн бараа материалын 2,039,356.64 төгрөгийн илүүдлийг хасаж тооцоход, нийт дутагдал нь 2,169,055.52 төгрөг байна.” гэх дүгнэлт үндэслэлтэй, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай ба шүүгчийн захирамжид “...хэрэгт зохих ажиллагааг хийж гүйцэтгэж шүүхэд ирүүлэхийг хяналтын прокурорт даалгаж, хэргийг буцааж шийдвэрлэв...” гэснээс үзэхэд “зохих ажиллагаа” гэж ямар мөрдөн шалгах ажиллагааг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна.

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэтгэж, нотолсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/82 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. …” гэжээ.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийн гол үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж буй шүүгчийн захирамж хуульд заасан хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1–6.17 дахь хэсэгт заасан ажиллагаануудаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх ёстой асуудлууд байсан. Тухайн асуудлууд дээр тусгагдсан асуудалд хамаарахгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл гэж хуульчилсан. Энэхүү үйлдэл нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хяналтын камерын бичлэгээр нотлогддог. Хяналтын камерын бичлэгээр хэрэгт яллагдагчаар татагдсан С.Б 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “Элбэг Март” дэлгүүрээр үйлчлүүлсэн. Үйлчлүүлэх явцдаа нууц далд аргаар бараа, эд зүйлийг авч буй үйл баримт тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь цаг хугацааны хувьд нийт 18 хоногийн хугацаанд буюу 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг нууц далд аргаар үйлдэгдсэн болох нь хяналтын камерын бичлэг, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар С.Бийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан “Элбэг Март” дэлгүүрийн хууль ёсны төлөөлөгч н.Золзаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Урьдчилсан хэлэлцүүлгээр хавтаст хэргийг шинжлэн судлаагүй байж аудитын дүгнэлт буюу нэг өдөрт 108,453 төгрөгийн барааг хулгайлсан гэж хийсвэрлэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй байн гэж шүүгчийн захирамжид дурдагдсан. Мөн захирамжид “Элбэг март” дэлгүүрт 2,169,055,52 төгрөгийн хохирол учирсан талаарх бараа тооллого явуулсан “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн дүгнэлтийг дурдагдсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн дутагдсан барааг өөр бусад буюу “Элбэг март“ дэлгүүрт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан эсхүл бусад этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас дутаасан талаарх нотлох баримт хэрэгт тусгагдаагүй. Шүүгчээс хэргийг прокурорт буцаахдаа прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бус, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй буцааж байгаа нь хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэж, хяналтын прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэлтэй байна дүгнэж байна. Хулгайлах гэмт хэргийн тухайд нууц далд аргаар үйлдэгдэж байгаа. Гэмт хэргийн ул мөр цахим байдлаар бэхжүүлэгдсэн. Нийт 23 удаагийн камерын хяналтын бичлэг байдаг. Тухайн 3 удаагийн бичлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул үүнийг тооцоогүй тухай прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Үлдсэн цахим бичлэгээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үйл явц бэхжүүлэгдсэн. Өөрөөр хэлбэл дээрх цаг хугацаанд шүүгдэгч С.Б-ийн “Элбэг Март” дэлгүүрээр үйлчлүүлсэн цаг хугацаа, дүгнэлтэд дурдагдсан цаг хугацаа хоорондоо шалтгаант нөхцөлтэй байна. Иймд хэргийг анхан шатын шүүхээр шийдэх бүрэн боломжтой. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдсан С.Б гэм буруу дээр маргаж оролцоогүй. Хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан. Шүүгч захирамждаа хохирлын хэмжээг тогтоох талаар дурдаад байгаа боловч тухайн хохирол тогтоох ажиллагаа нь зүйлчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатын шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, гэм буруугийн шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос С.Б-ийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элбэг Март” дэлгүүрээс чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван “ЭЭБМ” ХХК-д 2.169.055,52 /хоёр сая нэг зуун жаран есөн мянга тавин таван/ төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Дабль Аксиом Аудит” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/0901 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...ЭЭБМ” ХХКийн (Элбэг март) дэлгүүрийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр бараа материалын үлдэгдлийг, тооллогын дүнтэй тулган шалгаж, ижил нэр төрлийн бараа материалын 2.039.356,64 /хоёр сая гучин есөн мянга гурван зуун тавин зургаан/ төгрөгийн илүүдлийг хасаж тооцоход, нийт дутагдал нь 2.169.055,52 /хоёр сая нэг зуун жаран есөн мянга тавин таван/ төгрөг байна...” /1хх-ийн 217-220 / гэжээ. Харин яллах дүгнэлтэд “...Яллагдагч С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элбэг Март” дэлгүүрээс чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна гээд “ЭЭБМ” ХХК-д санхүүгийн баримтад дүгнэлт хийж барааны дутагдал гэх 2.169.055,52 /хоёр сая нэг зуун жаран есөн мянга тавин таван/ төгрөгийг С.Б-ийг авсан гэж шууд дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл 2.169.055,52 /хоёр сая нэг зуун жаран есөн мянга тавин таван/ төгрөгийн барааг 20 үйлдэлд хуваахад /2.169.055,52+20=108.452,776/ буюу нэг удаагийн үйлдлээр 108.453 төгрөгийн бараа авсан гэж дүгнэхэд хүргэж байна. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Элбэг Март” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 101-125 дахь тал/-д нэг удаагийн үйлдэлд 1-2 бараа авч байгаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэг удаа орохдоо дунджаар 108.453 төгрөгийн бараа хулгайлсан гэж дүгнэхээр байна. Гэтэл улсын яллагчаас хэргийн бодит байдалд илт нийцэхгүй дүгнэлт хийж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 715 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн зардлаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд ингэхдээ зөвхөн тухайн дэлгүүрт тооллого хийсэн баримтын илүүдэл, дутагдлын тайланд үндэслэсэн буюу тухайн дэлгүүрт дутсан бүх барааны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний барааг яллагдагч С.Б авсан гэж үзэн дүгнэж байгаа нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч С.Б-ийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд С.Б-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/82 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/82 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                             ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ