Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0837/З |
Дугаар | 221/МА2018/0254 |
Огноо | 2018-04-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2018/0254
2018 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2018/0254 | Улаанбаатар хот |
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х, хариуцагч З.Ц, Ж.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0140 дүгээр шийдвэртэй, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Ж.Э нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0140 дүгээр шийдвэрээр: “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар сарын 5.2, 5.3, 5.3.3-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Ж.Э нарт холбогдуулан гаргаснаар “Н” ХХК-ийн 2,506,430,334.0 төгрөгийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд ногдуулсан 18,798,224.4 төгрөгийн нөхөн татвар, 5,639,468.4 төгрөгийн торгууль, 2,052,766.1 төгрөгийн алданги нийт 26,490,458.9 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “... “Н” ХХК нь дээрх хуулийн үйлчлэлд хамааран 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгөө шинээр мэдүүлсэн бөгөөд энэ тайлан дээр нь татварын улсын байцаагч акт тавиагүй юм. Харин Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 4.7-д “...хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээдийн нэмж мэдүүлсэн тайлан нь дараагийн тайлангийн эхний үлдэгдэл буюу 2015 оны II, III дугаар улирал болон жилийн эцсийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангийн эхний үлдэгдэл байна” гэж заасны дагуу татвар ногдуулж акт тавьсан.
Мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагддаггүй болно.
Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0140 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар болон холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, З.Ц нар “Н” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011098 дугаар татварын улсын байцаагчийн актаар 22.435.807,6 төгрөгийн нөхөн татвар, 8.377.281,6 төгрөгийн торгууль, 3.035.170,1 төгрөгийн алданги, 5.400 төгрөгийн хүү, нийт 33.853.659,3 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг актаар ногдуулсан төлбөрийн 2.506.430.344,0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 18.798.224,4 төгрөгийн нөхөн татвар, 5.639.468,4 төгрөгийн торгууль, 2.052.766,1 төгрөгийн алданги, нийт 26.490.458,9 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч “Н” ХХК-иас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
“Н” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн актын 5 дугаар зөрчил буюу үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой ногдуулсан 26.490.458,9 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөхгүй байх үндэслэл болохгүй, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй талаар зөв дүгнэлт хийсэн боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тухайн үл хөлдөх эд хөрөнгийг тайлан балансад тусгасан, энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч “...сайн дурын үндсэн дээр ил болгосон хөрөнгөд татварын улсын байцаагч захиргааны хариуцлага тооцож, баланс доторх тоон мэдээллийг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргасан.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх үндэслэл, субъектийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн, бүртгүүлсэн, тайлагнасан тохиолдолд хуульд заасан албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан байна.
“Н” ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр ил болгож, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу татвараас нэг удаа чөлөөлүүлэхээр 12 дугаар сарын 22-ны өдөр тайландаа тусгасан байх бөгөөд тайланд тусгаснаас хойших 2015 оны 2, 3, 4 дүгээр улиралд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу юм.
Учир нь “Н” ХХК нь санхүүгийн тайландаа үл хөдлөх эд хөрөнгөө тусгасан бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө” гэж зааснаар хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн 2.506.430.334,0 төгрөгийн дүн бүхий барилга байгууламжийг тайланд тусгасан боловч үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 18.798.224,4 төгрөгийн нөхөн татвар, 5.639.468.4 төгрөгийн торгууль, 2.052.766,1 төгрөгийн алданги, нийт 26.490.458,8 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн этгээд буюу “Н” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүр тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлан гаргах эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 4.7-д “Хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээдийн нэмж мэдүүлсэн тайлан нь дараагийн тайлангийн эхний үлдэгдэл буюу 2015 оны II, III дугаар улирал болон жилийн эцсийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангийн эхний үлдэгдэл байна” гэж заасны дагуу татвар ногдуулж акт тавьсан нь хууль тогтоомжид нийцжээ.
Иймд нэхэмжлэгч компани үл хөдлөх эд хөрөнгөө ил болгож тайлагнаснаар 2015 оны 3 дугаар сарын 31-нээс өмнө хугацаанд төлөх ёстой байсан татвараас чөлөөлөгдөх ойлголт бөгөөд тайлагнах хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байхаар зохицуулсан нь энэ хугацааны татвараас чөлөөлөгдөх, тайлагнаснаас хойших буюу 2015 оны 2, 3, 4 дүгээр улиралд төлөх татвараас чөлөөлөгдөх харилцаа энэ тохиолдолд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, “Н” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Э, З.Ц нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА