Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0866

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П*******” ХХК, 

“З*******” ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт Малтмалын Газрын /хуучин нэрээр/ 2015 оны 07 сарын 07-ны өдрийн 544 тоот шийдвэрийн “З*******” ХХК болон “П*******” ХХК-уудад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах”

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Ашигт малтмал, Газрын тосны газрын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 1 сая төгрөг гаргуулах, “П*******” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт ХА-017******* талбайд, “З*******” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт ХА-017957-001-NE талбайд тус тус хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “З******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*******, “П*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Д*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн захирал С.Д*******, “З*******” ХХК-ийн захирал Л.Б******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 

““П*******” ХХК, “З*******” ХХК-иуд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, энэ тухайгаа Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу Ашигт малтмалын газраас зарласан цахим дугаар олголтод 2016 оны 02 дугаар сарын 26, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус оролцож “П*******” ХХК нь Завхан аймгийн Д******* сумын нутагт ХА-017******* дугаар бүхий өргөдлийг, “З*******” ХХК нь ХА-017959-001-NE дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гарган өгсөн. 

Манай компаниудын өргөдөл гаргасан талбайнууд нь Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд бүрэн хамаарч байгаа. 

Мөн Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийн ямар нэг давхцалгүй хуульд харшлаагүй учраас “П*******” ХХК-д NE-025007, “З*******” ХХК-д NE-025209 өргөдлийн бүртгэлийн  дугаар олгож бүртгэсэн билээ.

Гэтэл Ашигт малтмалын газраас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр огноолсон 6/5629 тоот албан бичгээр NE-025007 дугаартай өргөдлийн талбайг, 6/5634 тоот албан бичгээр NE-025209 дугаартай өргөдлийн талбайг бүхэлд нь Завхан аймгийн Д******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32-р тогтоолоор “Орон нутгийн тусгай хэрэгцээ”-нд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 тоот шийдвэрээр дээрхи өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг мэдэгдье гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. 

Энэ 544 тоот шийдвэр хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус шийдвэр тул гомдол гаргаж байна.

 Тус газраас өргөдөл хүлээн аваад бүртгэгдсэнээс хойш ажлын 20 хоногийн дотор өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг өгөх ёстой байтал ямар учраас хууль дүрэм, журмаа зөрчин 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл өргөдлийг шийдвэрлэлгүйгээр дарагдуулсан нь компанийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

Нөгөөтэйгүүр “П*******” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт ХА-017*******, “З*******” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ХА-017959-001-NE дугаар бүхий өргөдлүүдийг тус газарт гарган өгөхөд хүсэлт гаргасан талбай нь хэний ч эзэмшил ашиглалтад байгаагүй ба ямар нэг давхцалгүй байсан.

Манай компаниудын зүгээс Ашигт малтмалын газарт “илт хууль зөрчсөн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 тоот шийдвэрээ хүчингүй болгон манай компанийн өргөдлийг  хуулийн дагуу шударгаар шийдвэрлэн өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд Ашигт малтмалын газраас 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 6/6706, 6/6705 тоот албан бичгүүдээр татгалзсан хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Цаг хугацааны хувьд манай компани өргөдлийг зарласан анхны өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүх нөхцөл байдлыг хангасан гэж өргөдөл хүлээн авах боломжтой талбайд цахим дугаар авсан байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өргөдлөө гаргасан. Ажлын 20 өдөрт багтааж хариу өгөх байсан ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасан шийдвэр бол аймгийн Засаг дарга болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал авахаар тухайн орон нутагт илгээж 30 хоногийн дотор хариу авах ёстой байдаг. Хэрвээ төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэдэг.  Тэгэхээр 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаа нь ажлын 20 хоног болон хариу өгөх 30 хоногийн хангалттай хугацаа юм. Хуулийн дагуу хугацаандаа хариу өгөөгүй тул тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй байсан гэж үзэж байгаа юм.  Гэтэл тухайн асуудлыг нуун дарагдуулж 07 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газар өөрсдөө татгалзсан шийдвэр гаргаад энэ тухайгаа бидэнд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн. Энэ нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6/6706 албан бичгээр татгалзсан хариу өгсөн. 

Ашигт малтмалын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг цухас харахад тухайн шийдвэр гаргах эрх нь орон нутагт байдаг гэж өөрсдийн буруутай үйл ажиллагааг орон нутгийн захиргааны буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж бичсэн байна. Тэгэхээр ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зүйлүүдийн дагуу 20 хоногтоо мэдэгдлээ өгөөд, 30 хоногийн дотор аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг хууль бус эсэхийг шийдвэрлээд, хариу өгөөгүй бол тусгай зөвшөөрөл олгох эрхтэй байсан юм байна гэдгийг шийдвэрлэх энэ үүргээ Ашигт малтмалын газар зохих ёсны дагуу биелүүлээгүй байна гэж үзэж байна. Дээр нь нэмж дурдахад тухайн өргөдлийг гаргахад компаниас тодорхой хэмжээний зардлууд гарсан байдаг. Тухайн зардлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсч байна” гэв. 

Нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  239  дүгээр Засгийн газрын тогтоол, Уул Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу Ашигт малтмалын газраас зарласан шинээр тусгай зөвшөөрөл цахимаар олгох журмын дагуу манай “З*******” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр оролцож яг энэ талбай дээр эхний бүртгүүлсэн компани болж энэ газрыг авах эрхтэй болсон. Үүнийхээ дагуу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт дугаар бүхий өргөдлийг Ашигт малтмалын газарт гарган өгсөн. Тус газраас манай өргөдлийг өөрсдийн архивтаа авсан байгаа. 

Манай компанийн тухайн үед өргөдөл гаргасан талбай нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн  239  дүгээр тогтоолын хавсралтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай бас энэ талбайд зураг зүйн шүүлт хийхэд ямар нэгэн давхцалгүй, ямар ч хууль зөрчсөн зүйлгүй сул чөлөөтэй тийм талбай байсан гэж онцлох хэрэгтэй.  Гэтэл бид 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өгсөн өргөдлийн хариуг хуулийн дагуу ажлын 20 хоногийн дотор авах байтал бүтэн 5 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн  6/5634 тоот  Завхан аймгийн Д******* сумын нутагт Нар гэдэг нэртэй газар гаргасан дугаартай өргөдлийг бүхэлд нь Д******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2,  19.2.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 тоот хууль бус шийдвэр гарч энэхүү талбайг бидэнд олгохоос татгалзсан мэдэгдэл ирсэн. 

Тийм учраас Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 тоот хууль бус, үндэслэлгүй шийдвэр тул тус шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаж байгаа юм” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Уг хоёр компани нь нэхэмжлэл гаргасан үүнд мэдээж цаг хугацааны асуудал яригдах ёстой. “З*******” ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл өгч бүртгэгдсэн байдаг. “П*******” ХХК-ийн хувьд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлөө өгсөн. Ашигт малтмал, Газрын тосны газар нь лицензийг бидэнд олгохын тулд хуульд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Хуульд заасан ажиллагаануудыг хийж байх явцад аймгийн засаг даргаас санал ирсэн. “П*******” ХХК-ийн хувьд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр аймгийн засаг даргаас зөвшөөрөхгүй гэсэн санал ирсэн. Зөвшөөрөхгүй гэсэн саналын гол үндэслэл нь иргэнд газар эзэмшүүлсэн учраас зөвшөөрөхгүй гэсэн байдаг. “З*******” ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аймгийн засаг даргаас зөвшөөрөхгүй гэсэн санал ирүүлсэн. Мөн үндэслэл нь адилхан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг яриад байна. Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгнө. Гэтэл аймгийн Засаг даргаас ирүүлсэн татгалзсан хариу нь хуульд заасан үндэслэл болохгүй байгаа тохиолдолд Ашигт малтмал, Газрын тосны газар нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд танай ирүүлсэн хариу хуульд нийцээгүй учраас тухайн асуудлыг бүрэн шийдвэрлээд явах боломжтой. Гэтэл шийдвэрээ гаргах гэсэн чинь хуульд заасан үндэслэл нь болохгүй учраас хүлээлт үүсээд байна. 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр Монгол улсын Засгийн газрын тогтоол байгаа. Уг тогтоолд эдгээр талбайнуудад ашигт малтмал хайх зөвшөөрлийг олгосон. Эдгээр талбайд ашигт малтмал хайх зөвшөөрлийг олгосон байхад сумын засаг дарга буюу аймгийн засаг дарга захирамж гаргаад үгүйсгэж байгаа юм. 

2015 оны 01 дүгээр сард өгсөн өргөдлийг Ашигт малтмал, Газрын тосны газар 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл дараад байна гэдэг сонин асуудал юм. Хариу ирүүлснээс хойш 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэх боломж байгаа. Яагаад 30 хоног гэж хэлээд байна вэ гэхээр төрийн захиргааны байгууллага иргэн аж ахуйн нэгж байгууллага өргөдөл гомдол гаргасан тохиолдолд 30 хоногт шийдвэрлэх хуулийн заалт байгаа. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд  татгалзсан хариу ирүүлж, энэ хариугаа хуульд нийцсэн гэж үзэж байгаа юм бол 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж болох байсан. 

Үнэхээр хуульд нийцээгүй гэж үзсэн юм бол өргөдөл гаргагч нарт лицензийг олгочих бүрэн боломж байжээ. Нөгөө талаар бидэнд Ашигт малтмал, Газрын тосны газраас ирүүлсэн бид нарын маргаад байгаа 544 дүгээр шийдвэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтад хамаар ч байгаа учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн байдлаар ирээгүй. Өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаа дууссаны дараа гарсан. Аймаг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэж 32 дугаар тогтоолыг үндэслэж гарсан нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Ч******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу  тайлбартаа: 

““П*******” ХХК болон “З*******” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дугаартай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

“П*******” ХХК нь Завхан аймгийн Д******* сумын нутаг дэвсгэрт Хар нэртэй талбайд 33230 гектар талбайд, “З*******” ХХК нь Завхан аймгийн Д******* сумын нутаг дэвсгэрт Нар нэртэй талбайд 111225.59 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Кадастрын хэлтэст тус тус гаргасан. 

“П*******” ХХК-ийн өргөдөл нь NE-025007 өргөдлийн дугаар бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15.15-15.30 цагийн хооронд, “З*******” ХХК–ийн өргөдөл нь NE-025209 өргөдлийн дугаар бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16:44 цагт өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст тус тус ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 

Нэхэмжлэгч нарын өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдлүүд, тэдгээрт хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон. 

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд “П*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/429 тоот албан бичгээр “З*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6/1250 тоот албан бичгээр тус тус мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Завхан аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд тус аймгийн Д******* сумын талбайд “П*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот албан бичгээр, “З*******” ХХК-д  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1-254 тоот албан бичгээр Кадастрын хэлтэс тус тус ирүүлсэн байна.  

Засаг дарга “П*******” ХХК-д олгохоос татгалзсан саналын үндэслэлээ тухайн талбай бүхий газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 11 айлд эзэмшүүлсэн, усан сан бүхий газарт хамаарч байгаа, “З*******” ХХК-д олгохоос татгалзсан саналын үндэслэлээ тухайн талбай бүхий газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар 6 айлд эзэмшүүлсэн, усан сан бүхий газарт хамаарч байгаа тул тус тус дэмжихгүй гэсэн байна. 

Мөн нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Д******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 32 тоот тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хамгаалалтад авсан бөгөөд энэ тогтоолыг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Кадастрын хэлтэс 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.2.3 дахь хэсэгт “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэр энэ тухай тэмдэглэх” гэж заасныг тус тус үндэслэн Завхан аймгийн Д******* сумын нутаг дэвсгэрт Хар нэртэй талбайд 33230 гектар талбайд татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дугаартай шийдвэр, Нар нэртэй талбайд 111225.59 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “З*******” ХХК-ийн NE-025209 өргөдлийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дугаартай шийдвэр тус тус гарсан нь үндэслэлтэй байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...1-рт: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 544 дугаартай шийдвэрийг хууль болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “З*******” ХХК-ийн тухайд Завхан аймгийн Д******* сумын нутаг дэвсгэрт Нар нэртэй талбайд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, “П*******” ХХК-ийн хувьд 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус олгогдсон байна. 

Эдгээр өргөдлүүдийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээж аваад ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл шийдвэрлэх үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчийн өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгааг шалгаад тухайн талбай нь ямар нэгэн хориглосон хязгаарласан, нөөцөд авсан, тусгай зөвшөөрөл нэгэнт авагдсан талбайтай давхцаагүй болох нь тогтоогдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс  Завхан аймгийн Засаг даргад санал авах мэдэгдлийг хүргүүлсэн. 

Мөн 20 хоногийн асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу нэхэмжлэгч “З*******” ХХК болон “П*******” ХХК-уудын өргөдлийг шалгаж үзээд боломжтой гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар аймгийн Засаг даргад мэдэгдэл явуулсан. Ашигт малтмалын газар анхан шатны шүүлтээр олгох боломжтой тохиолдолд ямар нэгэн шийдвэр гаргадаггүй ба дараагийн процесс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр 19.3-т заасан үйл ажиллагааг хийгээд явдаг. Хэрэгт авагдсан албан бичиг буюу Ашигт малтмалын газраас Завхан аймгийн Засаг даргад явуулсан албан тоотууд дээр нэхэмжлэгч нарын өргөдөлд дурдсан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул санал ирүүлнэ үү гэсэн байдаг.

Гэтэл 20 өдөрт багтаагаад мэдэгдээгүйгээс компанийн эрх ашиг зөрчигдсөн гэж байгаа нь учир дутагдалтай юм. Сая би дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасан ажиллагаагаа 20 хоногт багтаагаад хийгдсэн учраас дараагийн ажиллагаа буюу Засаг даргаас санал авах ажиллагаа хийгдсэн юм. Мөн 30 хоногт багтаан хариу өгөөгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ гэж байна. Засаг дарга 30 хоногт багтаан хариу өгөөгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ гээд 19 дүгээр зүйлийн 19.4-т тодорхой заасан байдаг. 

2-рт: 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй асуудал яригдаж байна. Тэгэхээр бодит байдал дээр өнөөдөр Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч 2 компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд татгалзсан шийдвэр өгсөн байдаг. Татгалзсан шийдвэр зөвхөн энэ 2 компани дээр биш бөгөөд  цөөнгүй аймаг ийм шийдвэр ирүүлсэн. Эдгээр өргөдлүүдийг ашигт малтмалын газар  тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжид боломж олгох үүднээс шууд татгалзсан шийдвэр гаргаагүй юм. Ийм тохиолдлууд зөндөө бий. Энэ тохиолдолд тухайн аж ахуй нэгжүүд аймгийн Засаг даргад өөрсдөө хүсэлт гаргаад түүнийг дэмжиж цаашлаад тусгай зөвшөөрөл олгох тохиолдлууд байдаг. Засаг дарга татгалзсан санал ирүүлээд байхад танайх тэр дор нь татгалзаж шийдвэрлээгүй гээд байвал өөр юм. 

3-рт: Компанид учирсан хохирлын талаар ярьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг заасан байдаг. Тэгэхээр 544 дугаартай шийдвэр гарах үндсэн нөхцөл нь Завхан аймгийн Д******* сумын иргэдийн хурлын тогтоол байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас бус сумын иргэдийн хурлын тогтоолоос хамаарч 544 дугаартай шийдвэр гарсан байдаг. 

Мөн хохирол гаргуулах нэхэмжлэл дээр хэлэхэд тэр үйлчилгээний хураамжид төлсөн төлбөрүүд нь хохирол биш бөгөөд үйлчилгээний хураамжид төлсөн төлбөр. Өөрөөр хэлбэл, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тогтоосон үйлчилгээний хураамжид төлсөн төлбөрүүд юм.  

Мөн түрүүлж бүртгэснийг тогтоолгох тухай ярьж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар зохицуулна. Тэгэхээр “З*******” ХХК, “П*******” ХХК-уудын тухайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн учраас Ашигт малтмалын тухай хуулийн 19-д заасан дараагийн процесс хийгдээд явсан. Өнөөдөр хамгийн түрүүнд өргөдөл гаргаагүй гэдэг дээр ямар ч маргаан байхгүй.  Тиймээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “П*******” ХХК, “З*******” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “П*******” ХХК, “З*******” ХХК-иуд нь анх тус шүүхэд Ашигт Малтмалын Газрын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 тоот шийдвэрийн “П*******” ХХК болон “З*******” ХХК-уудад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “З*******” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, “П*******” ХХК нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 1 сая төгрөг гаргуулах, “П*******” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт ХА-017******* талбайд, “З*******” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт ХА-017957-001-NE талбайд тус тус хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” гэж тус тус нэмэгдүүлжээ. 

Нэхэмжлэгч нар, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,

- Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор заасан, өөр бусад байдлаар давхцалгүй талбай байсан бөгөөд өргөдөл гаргасны дараа тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, 

- Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу 20 хоногт багтаан шийдвэрлэж хариу өгөх ёстой байтал бүтэн 5 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариу өгсөн,

- Аймгийн Засаг дарга хууль зүйн үндэслэлгүйгээр “Дэмжээгүй” санал ирүүлснийг хянан үзэж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байтал тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлан маргаж байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн “П*******” ХХК, “З*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд тус бүр 1,000,000 төгрөг гаргуулах, “П*******” ХХК-ийн  NE-025007, “З*******” ХХК-ийн NE-025209 дугаарт бүртгэгдсэн  өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” гэж тодруулсан хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно. 

1. “Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ 2015 оны 07 сарын 07-ны өдрийн 544 тоот шийдвэрийн “П*******” ХХК болон “З*******” ХХК-уудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд: 

Нэхэмжлэгч П*******” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Д******* сумын нутагт “Нам” нэртэй 33230 гектар талбайд , “З*******” ХХК нь нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн сумын нутагт “Нар” нэртэй 11200 гектар талбайд  хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-т тус тус өргөдөл гаргасан байна. 

Ашигт Малтмалын Газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 сарын 07-ны өдрийн 544 тоот  шийдвэрийн 1 дэх заалтаар “П*******” ХХК, 6 дахь заалтаар “З*******” ХХК-д “...өргөдөлд дурьдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Маргаан бүхий 544 тоот шийдвэр нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын “ашигт малтмал эрэх, хайх” эрхийг зөрчжээ. Үүнд:

1/ Нэхэмжлэгч нараас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах үед хүсэлт гаргасан талбайнууд нь “тусгай хэрэгцээний болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, нөөцөд авсан талбай”-тай давхцалгүй байсан болох нь зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 5/3443 тоотын хавсралтаар ирүүлсэн “Давхцалгүй ” гэсэн бичиглэлээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан талбайн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан “тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байх” шаардлагыг хангаж байна гэж үзэж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан “...тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” ажиллагааг хэрэгжүүлсэн атлаа маргаан бүхий актыг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан “...тусгай хэрэгцээний газар,... бүхэлдээ ... давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэсэн үндэслэлээр гаргасан нь өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн хууль бус шийдвэр болжээ. 

2/ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга ...30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”-өөр, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах”-аар, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах”-аар тус тус зохицуулсан  байна.

Хариуцагчаас “П*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Нам” нэртэй талбайд санал авах мэдэгдлийг  2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, “З*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Нар” нэртэй талбайд санал авах мэдэгдлийг  2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 6/1250 тоот албан бичгээр Завхан аймгийн Засаг даргад тус тус хүргүүлжээ. 

Завхан аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 01/222 тоот албан бичгээр “П*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд “...өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий газрыг 11 иргэнд эзэмшүүлсэн. Мөн бэлчээрийн гол уст цэг болох 2 худаг хамаарч байгаа” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн 02 тоот саналыг , мөн Засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/254 тоот албан бичгээр “З*******” ХХК-ийн ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд “...өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий газрыг 6 иргэнд эзэмшүүлсэн. Мөн Завхан голын энгийн хамгаалалтын бүс, олон тооны булаг шанд нуурууд орж байгаа ба газрын нэгдмэл сангийн ангиллаар Усны сан бүхий газарт хамаарч байгаа...” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн 29 тоот саналыг ирүүлсэн байна. 

Гэтэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан талбайд Завхан аймгийн Засаг даргаас “иргэдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай, уст цэг байршиж байгаа...” зэрэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал ирүүлсэн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь,

- Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах” гэж заасантай,

 - “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-т “..“татгалзсан хариу өгч болно” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласантай, 

- Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулан...“ гэж заасантай тус тус нийцэхгүй байна. 

Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн хэдий ч хариуцагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл олгож болох байсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан нь хариуцагч байгууллагаас хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн аваад анхан шатны шүүлт /зураг зүйн болон тусгай хэрэгцээний, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, нөөцөд авсан газартай давхцалтай эсэх/ хийх хугацааг зохицуулсан байх тул нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Хариуцагч байгууллага нь өргөдлийг хүлээн аваад 20 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй. 

Завхан аймгийн Засаг даргаас “иргэдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай, уст цэг байршиж байгаа...” зэрэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэдий ч маргаан бүхий 544 дүгээр шийдвэр нь дээрх үндэслэлээр гараагүй тул шүүхээс дүгнэх шаардлагагүй байна. 

2. “Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 1,000,000 төгрөг гаргуулах, “П*******” ХХК-ийн  NE-025007, “З*******” ХХК-ийн NE-025209 дугаарт бүртгэгдсэн  өргөдлүүдийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчмыг хуульчилсан байх ба хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдвол уг хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй хэдий нэхэмжлэгч байгууллагуудын тус бүр нэхэмжилж буй 1,000,000 /цахим бүртгэлийн системд нэвтрэх төхөөрөмжийн үнэ 280,000, системд нэвтрэх эрх худалдан авсан 500,000, өргөдлийн хураамж 250,000/ төгрөгийг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй.  

Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 15 дугаар тушаалын хавсралтын 1-т “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох/14 хоног нэвтрэх эрх/ 500,000 төгрөг”  гэж заасан байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:”, 25.1.5-д “Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан  өргөдлийг  хянан үзэх 250,000 төгрөг” гэж тус тус заасан байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нар нэхэмжилж буй 500,000, 250,000 төгрөг нийт 750,000 төгрөг нь төрийн байгууллагын үйлчилгээнд төлсөн төлбөр байх бөгөөд төрийн байгууллагаас зохих үйлчилгээг үзүүлсэн байна.

Харин цахим бүртгэлийн системд нэвтрэх төхөөрөмжийн үнэ болох 280,000 төгрөгийг нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу төлж, төхөөрөмжийг худалдан авсан байх ба холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, худалдан авсан төхөөрөмж нь тухайн байгууллагуудад хадгалагдаж байгаа, дахин ашиглах боломжтой, системд нэвтрэх эрхээ ашигласан гэж тайлбарлаж байх тул захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд гэж тооцох боломжгүй.

Нэхэмжлэгч “П*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн бүртгэлийн NE-025007 дугаарт бүртгэгдсэн өргөдлөө, “З*******” ХХК нь NE-025209 дугаарт бүртгэгдсэн  өргөдлөө хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бидний хүссэн талбай нь одоо орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан боловч тусгай хэрэгцээнд байх хугацаа дуусах үед тухайн талбай дээр дахин өргөдлийн дугаар авахгүйгээр манай компаниудын өмнө гаргасан өргөдлөөр шийдвэрлүүлэх” гэж тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.11-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.7-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө” гэж тус тус заасан байна. 

Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн хувьд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан NE-025007 дугаарт, “З*******” ХХК-ийн хувьд 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус газарт гаргасан NE-025209 дугаарт бүртгэгдсэн өргөдлүүдийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн боловч уг өргөдлүүдийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь маргаан бүхий 544 дүгээр шийдвэрийг гаргаснаар дуусгавар болсонд тооцох агуулгатай.

Мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж заасны дагуу нэр бүхий компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй тул тухайн талбайн хувьд давуу эрхтэй гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч “П*******”, “З*******” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн “П*******” ХХК, “З*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол тус бүр 1,000,000 төгрөг гаргуулах, NE-025007, NE-025209 дугаарт бүртгэгдсэн  өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.4, 19.5, 19.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П*******” ХХК, “З*******” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 544 дүгээр шийдвэрийн “П*******” ХХК, “З*******” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.11, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П*******” ХХК, “З*******” ХХК-иудын “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол тус бүр 1,000,000 төгрөг гаргуулах, “П*******” ХХК-ийн NE-025007дугаарт, “З*******” ХХК-ийн NE-025209 дугаарт тус тус бүртгэгдсэн өргөдлүүдийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ