Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 73

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.М- болон түүний өмгөөлөгч

П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, Э.М-д холбогдох 1926000950141 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Э-н М.

Э.М- нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 04-06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шунхлай” нэртэй зочид буудалд иргэн Б.З-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Т.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх, шүүгдэгчийн гэм бурууг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг гэж үзэж буй үйлдлийн учир холбогдлыг тогтоох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч гэх Б.З- нь шөнийн цагаар шүүгдэгч Э.М-ийн унтаж байсан байранд зөвшөөрөлгүй орж, өмсөж байсан хувцасны халаасыг ухсан үйлдэл гаргасан байхад шат шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Унтаж амарч байсан байранд нь хууль бусаар нэвтэрч эд хөрөнгөнд нь халдсан хүний эсрэг Э.М-ийн хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.М- нь хохирогч Б.З-т гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан зарчмаар эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-д хилсээр ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрсөн алдааг зассангүй. Гэмт хэргийн шинжтэй аливаа нэгэн үйл явдлыг зөвхөн Эрүүгийн хуулийн хэм хэмжээний хүрээнд үнэлэх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4, 4.1 дүгээр заалтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Э.М-ийн үйлдлийг нотолж баримтуудыг үнэлэхдээ харгалзан үзсэн бол хүнд хилсээр ял шийтгэл оногдуулахгүй байсан. Шүүгдэгч Э.М-д ял шийтгэл оногдуулахдаа хохирогч гэх Э.З-ын бие махбодид учирсан гэмтлийг нотолж байгаа нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Б.З-ын хамрын гэмтэл 2017 онд үүсэн тухай нотлох баримт хавтаст хэрэгт байсаар байхад шүүх үнэлж үзэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хохирогч гэх Б.З- нь бусдын орон байранд шөнийн цагаар хууль бусаар нэвтэрч, эрх чөлөө, эрүүл мэндэд халдсанаас болж, өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалсан хүний үйлдэлд өртөж, бие махбодидоо учирсан гэмтэл болон энэ хэрэг учирлаас өмнө өөрт байсан эмгэг хуучаа өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, эмчилсэн эмчээрээ хуурамч дүгнэлт гаргуулж, эмчилгээний бүхий л зардлаа гэм буруугүй хүнээр төлүүлэх гэж байна. Үүнээс болж Э.М- 4,500,000 төгрөгийн хохирол төлж, 500 цаг албадан ажил хийх болсон байна.

Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуульд заасан зарчмыг энэ хэргийг шалгасан, хянасан, шүүсэн хуульчид, тухайн цаг үед хэрэг учрал болсон шалтгаан нөхцөлд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээний хүрээнд дүгнэлт хийлгүй зөвхөн хохирогч гэх ганцхан хүний төлөө ажиллаж байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Шүүгдэгч Э.М- нь хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан байх гэж мэдүүлж байгаа ч гэсэн түүний мэдүүлэг дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.М-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.М- нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж, толгойгоороо мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогчийн төрсөн эгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө “миний дүү 2017 оны зун хамрын мөгөөрсөө гэмтээж байсан, яаж гэмтээснийг мэдэхгүй байна” гэсэн. Мөн дүрс оношилгооны эмч н.Ариунтунгалаг нь “2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.З-ын тархины зургийг өөрийн биеэр аваагүй, сидиг үзэж байгаад хугаралтай гэсэн хариу бичсэн” гэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж тодруулаагүйгээс шинжээчийн дүгнэлтүүд удаа дараа эргэлзээтэй гарсан байна. Мөн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эмч н.Баянмөнх мэдүүлэхдээ “баруун талын нүд орчим хавантай, ам ангайхад өвдөнө, хамрын амьсгаа баруун тал руу саадтай гэсэн зураг авахуулж ирсэн байсан. Энэ зургийг үндэслээд хамрын мэс засалд оруулсан” гэсэн. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт ч гэсэн дээрх эмч нарын дүгнэлтүүдийг үндэслэж гарсан. Дүгнэлтүүдийн эх сурвалж болсон н.Ариунтунгалаг эмч дүгнэлт гаргахдаа сидиг үндэслэсэн гэх нөхцөл байдлуудыг шалгаагүйгээс удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргасаар ирсэн бөгөөд үүнийг шалгалгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Э.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Э.М-ийг согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 04-06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шунхлай” нэртэй зочид буудалд иргэн Б.З-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд шүүгдэгч Э.М-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тус дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгийг бодитой үнэлж, мэдүүлгийн үнэн зөвийг тодруулах, мөн хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах талаар хэргийн оролцогч нарын гомдол, хүсэлт болон дээд шатны шүүхийн шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагын дагуу явагдсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна.     

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан “...Бусдад гэм буруугүйгээр хор уршиг учруулсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” агуулгатай хяналтын гомдлын талаар энэ удаа эцэслэн дүгнэлт хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна. 

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн прокурорын хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН