Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/229

 

  2025             02             13                                         2025/ДШМ/229

 

Л.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч П.Дэлгэр

хохирогч А.А-ын өмгөөлөгч Г.Намуун,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405027032142 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Э, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 хороо, 00-р байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 449 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч Д.Л.Э нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4-р хороо, “Луна” плазагийн CU-124 салбарт хамгаалагчаар ажиллаж байсан А.А-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “хоол идүүлэхгүй нааш цааш яваад ядаргаатай юм” гэж дургүйцэн маргалдаж А.А-ын нүүрэн тус газарт цохиж, харилцан зууралдан цохилцож, дэлгүүрээс гарсны дараа хохирогчийн гарт байсан бороохойг булаан авч түүний толгойн тус газарт 4 удаа, нүүрэн тус газарт нь хэд хэдэн цохиж, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд няцарсан шарх, дээд 21 шүдний цууралт, зүүн мөр, 2 бугалга, баруун тохойд цус хуралт, зүүн сарвуу, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол прокурорын газраас: Л.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Эоос хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 425.000 төгрөг, сонсголын аппаратны хохиролд 3.072.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8.573.400 төгрөг, нийт 12.070.400 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Э-с хохирогч А.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 1.268.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж,  хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсоны улмаас өөрийгөө өмгөөлж хохирол төлбөр төлж чадна гэдгээ нотолж чадаагүй. Хохирогчийн буруутай үйлдэл видео дүрс бичлэгт байгаагүйн улмаас 720 цаг нийтэд тустай ажил хийж, 13,870,000 төгрөгийн хохирол төлбөр төлөх шийдвэрт санал нийлэхгүй байгаа тул энэ хэргийг өмгөөлөгчтэй оролцуулж өгнө үү. ...Би тухайн үед тусгай хэрэгслээр зодуулсан буюу хохирогчийн буруутай үйлдлээс энэхүү үйл явдал болсон. Мөн шүүх миний эдэлж, дууссан ялыг хамааруулж шийдвэр гаргасан гэж бодож байна. Надад анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Миний хувьд бага насны дөрвөн хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй аавтайгаа хамт амьдардаг. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлснээр учирсан хохирлоо төлөх, үр хүүхдүүдээ асарч, хамгаалах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь хохирогчийн буруутай үйлдлээс энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж давж заалдах гомдолдоо бичсэн. 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоор өгсөн анхны мэдүүлэгт “…би бороохой гаргаж ирээд, цохих гэж айлгатал шүүгдэгч миний нүүр лүү гараараа цохисон, тэгэхээр нь би бороохойгоороо нүүр рүү нь хэд, хэдэн удаа цохисон, хэдэн удаа цохисноо санахгүй байна…” гэх мэдүүлэг хавтас хэргийн 11-12 хуудсанд авагдсан. Түүнчлэн хохирогч сонсголын аппарат эвдэрсэн гэдэг боловч хэрэг явдал гарсны дараа гэмтлийн эмнэлэгт сонсголыг үзүүлэхэд нь хэвийн буюу мэдүүлэг авахад сонсож байсан. Үүнийг анхаарах нь зүйтэй. 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт. “...тухайн хүн нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би бороохойгоо гаргаж ирээд, тэр залуугийн нүүр хэсэг рүү болон гар хөл хэсэг рүү хэд, хэдэн удаа цохисон, намайг зодож байсан залуу гүйгээд гарахаар нь би араас нь гарсан..” /хх-17-18/. Өөрөөр хэлбэл тухайн зодоон дууссаны дараа өөрөө хойноос нь гүйж очсон гэж мэдүүлдэг. Мөн тухайн мэдүүлэгт хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа чихний аппарат эвдэрсэн тухай дурдсан. 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоос дахин авсан мэдүүлэгт ”...надад хүн халдсан тохиолдолд би бороохойг ашиглах эрхтэй гэж надад өгсөн...” гэдэг. /хх- 22-24/, шүүгдэгч Л.Э “...би сууж байсан чинь бөөр лүү нэг юм хатгаад байхаар нь хартал хамгаалагч залуу бороохойгоороо нуруу руу хатгаад, энд унтахгүй шүү гэхээр нь юун сүртэй юм бэ гээд маргаан эхэлсэн...” гэдэг. /хх-27-28 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-49-50/ авагдсан. Шүүгдэгчийн биед гэмтэл учирсан. Тухайн үед гэмтлийг үүссэн байх боломжтой хэмээн шинжээч дүгнэсэн. Хэдий гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн тухайн үед гэмтэл авсан гэдгийг шинжээч дүгнэлтдээ тусгасан. Мөн дараагийн анхаарах ёстой асуудал нь хавтаст хэргийн 73-77 хуудсанд дүрс бичлэгт, үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тухайн үед камерын бичлэгт үзлэг хийхэд хамгийн түрүүнд бор өнгийн хамгаалалтын ажилтны хувцастай эрэгтэй хүн, цагаан өнгийн футболктой, цагаан өнгийн саравчтай малгайтай эрэгтэй харагддаг. Гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн буруутай үйлдлээс болоод гэмт хэрэг гарсан, түрүүлж бороохойгоор толгой, биед нь цохиод байсан учраас зодоон үргэлжилсэн гэдгийг л илэрхийлэх гэсэн юм. Энэ нь яагаад миний үйлчлүүлэгчид чухал вэ гэхээр хохирогчийн гэм буруутай үйлдлээс болж тухайн гэмт хэрэг гарсан гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байгаа. Түүнээс хохирогчид гэмтэл учруулсан дээр маргаан байхгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Камерын бичлэгээс хохирогчийн түрүүлж цохисон нь харагддаг. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч өмнө нь гурван удаагийн ял эдэлсэн боловч хүмүүжээгүй байна хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар заасан байгаа. Мөн нэг гэмт хэрэгт, нэг удаа ял шийтгэл оногдуулна гэх зарчмыг алдагдуулж, өмнөх ял шийтгэлд үндэслэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд хэд, хэдэн асуудлууд байна. Шүүхээс Эрүүл мэндийн даатгалын санд 1,280.000 төгрөг төлөх ёстой гэж үзсэн боловч хэрэгт авагдсан баримтаар буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн лавлагаагаар 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр түргэний эмч болон гэмтлийн эмнэлгээс үйлчилгээ авсан гэх нийт зардал нь 246,300 төгрөг болохоор харагдаж байгаа. Тухайн төлбөрийг манай үйлчлүүлэгч төлж барагдуулсан./баримтыг хавсаргасан/. Мөн хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой эмчилгээний зардал 425,000 төгрөгийг шүүхээс гаргуулахаар шийдсэн. Гэтэл тухайн шүүхэд гаргаж өгсөн баримт нь данснаас зарлага гарсан баримт байдаг. Хүлээн авагч нь ямар нэгэн эмнэлэг биш, эмнэлгийн баримт биш байсан тул эмчилгээний зардал гарсан 425,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан гээд байгаа нь бүрэн нотлогдохгүй байна. Энэ талаарх баримтаа бүрдүүлээд цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэдгээр үлдээх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэл санааны хохиролд шүүхээс 8 сая гаруй төгрөг гаргахаар заасан. Хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг үргэлжилж, гэмт хэрэг үйлдэгдсэн тул сэтгэл санааны хохирлыг өндрөөр тогтоохгүйгээр, тохирсон хэмжээнд тогтоож өгнө үү гэх хүсэлтэй байна. Миний үйлчлүүлэгч нь анхан шатын хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсоны улмаас хувийн байдлынхаа талаар баримтуудыг тодорхой сайн гаргаж өгч чадаагүй. Шүүгдэгч Л.Э нь 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй эцэгтэйгээ хамт амьдардаг. Мөн 5-13 насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг юм. Хувиараа жижиг дунд бизнес эрхэлдэг. Иймд дээр нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзэхийг хүсэж байна. Учир нь эрүүгийн хариуцлагын зорилго хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Хохирогчийн хэлээд байгаа хохирол төлбөрүүдийг бүрэн барагдуулах, өөрийн гурван хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхэд шүүгдэгч оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь тохиромжгүй байна. Өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү гэх саналтай байна.

Хохирогчийн мэдүүлэгт тухайн хэрэг болсон өдөр чихний аппарат нь хэвийн ажиллаж байсан гэдэг нь чихний аппарат тухайн үед эвдэрсэн үү эсэх дээр эргэлзээ төрүүлж байна. Мөн тусгай хэрэгсэл хэрэглээд байгаа нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзээгүй. Хэргийн материалд тусгай хэрэгсэл хэрэглэх талаар ямар нэгэн дүрэм, журам байхгүй. Тухайн харуул хамгаалалтын компанийн хөдөлмөрийн дотоод журам л байдаг. Ямар тохиолдолд тусгай хэрэгслийг иргэний өмнөөс хэрэглэх юм бэ, энэ талаар ямар ч баримт байхгүй. Хохирогчийн толгойд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ч шүүгдэгч Л.Эод тухайн үед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн гэмтлүүд учирсан байгааг шинжээч тогтоосон байхад хохирогч А.А-ыг зөрчлийн хуулиар танхайрах, хэрүүл маргаан хийсэн гэх үндэслэлээр зөрчлийн хариуцлага ногдуулах нь зүйтэй байсан. Үүнийг орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор шүүх хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан. Шүүгдэгч Л.Э тархи хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хамгаалагч эхэлж толгой, нуруу, хөл рүү нь цохисны улмаас манай үйлчлүүлэгч үйлдэл хийгээд нүүр лүү нь гараараа цохиж эхэлсэн байдаг. Үүнийг хуульд заасан аргагүй хамгаалалт гэж үзэхээр байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь бүрэн гүйцэт хэргийг шийдээгүй, хэтэрхий нэг талыг барьсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчлөх боломжтой. Мөн хохирол төлбөрийн тодорхой алдаа гарсныг зөвтгөж, шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, ажил хөдөлмөр хийх хийх боломжтой ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.А-ын өмгөөлөгч Г.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гэм буруутайг гэмт хэргийн болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогч А.А-ын буруутай үйлдэл байсан гэж тайлбарлаад байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт хавсаргасан си ди-г үзсэн. Сиди дээр шүүгдэгчийн яриад байгаа шиг хохирогч А.А түрүүлээд халдаад байсан зүйл харагддаггүй. Шүүгдэгч түрүүлж босож ирээд А.А луу довтолсон үйлдэл гаргадаг. Мөн түрүүлээд цохиж байгаа зэрэг бүх зүйл нь баримтаар харагддаг. Өмгөөлөгч тусгай хэрэгсэл ашиглах тухай журам хэрэгт байхгүй байна гээд байна. Энэ нь хуулиар зохицуулагдсан харилцаа юм. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт гэрээт харуул хамгаалалтад ажиллаж байгаа хамгаалагчийн биед бусад этгээд халдсан тохиолдолд резинэн цахилгаан бороохой ашиглах эрхтэй гэдгийг хуульчилсан. Иймээс миний үйлчлүүлэгч хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байхдаа цахилгаан резинэн бороохойг ашигласан. Үүний улмаас ноцтой байдлаар шүүгдэгчид зодуулсан нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгч маш хэрцгий байдлаар толгой руу нь цохих, цус нь нүүр лүү нь садраад асгарч байхад ухаан мэдрэлгүй бороохойгоор зоддог. Түүнчлэн сонсголын аппарат нь эвдрээгүй байсан гэх агуулгыг дурдлаа. Миний үйлчлүүлэгч төрөлхийн сонсголгүй буюу 80 хувийн сонсголын бэрхшээлтэй. Үүний улмаас 20 гаруй жилийн хугацаанд хүнийг амны хайрцгаар ярьж байгаа зүйлийг нь ойлгож, түүндээ хариулт өгдөг. Мөн шүүгдэгч өөрөө 100 хувь сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй аавын хамт амьдардаг талаар шүүх хуралдаанд ярьсан. Ийнхүү ярихдаа “…манай аав сонсголын бэрхшээлтэй учраас миний хэлж байгааг ойлгохгүй, намайг их бухимдуулдаг, хохирогч сонсголын бэрхшээлтэй аппараттай байсан, намайг юм хэлэхээр сонсохгүй байхаар нь миний уур хүрсэн…” гэдэг. Өөрөөр хэлбэл зэвүүцсэн байдалтайгаар хохирогчид халдсан гэсэн үг. Энэ нь өөрөө хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн эсэх дээр анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Хохирогч маш их гомдолтой байгаа. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж хүлээлгэдэг. Тухайн үед хохирогч “Си” сүлжээ дэлгүүрт хамгаалалтын ажил хийж байсан. Ширээ нь дээр унтаж байсан хүнд зүй ёсны шаардлага тавьсан. “…та унтаж болохгүй, та болсон уу…” гэх шаардлагыг тавихад шүүгдэгч босож ирээд маргаан үүсгэдэг. Ийнхүү хохирогч бороохойг баруун талаасаа гаргаж ирдэг. Үүнд ямар нэгэн аргагүй хамгаалалт хэрэглэсэн зүйл байхгүй. Хяналтын камерын бичлэгт тодорхой харагддаг. Маргаан дууссаны дараа хохирогч араас нь гардаг. Нарийн гудамжинд гарч байгаа зодоон юм. Тухайн газарт хохирогчийн биед маш олон удаа халддаг. Бороохойг нь булааж аваад нүүр лүү нь цохидог, нүүр амнаас нь цус гардаг, хохирогч босож чадахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа босож ирдэг. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг аргагүй хамгаалалт, хохирогчийн буруутай үйлдэл гэж байхгүй. Хохирогч хууль ёсны шаардлагыг албан үүрэг гүйцэтгэгчийн хувьд тавьсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх хугацаанд хохирогчийн зүгээс ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт гаргаж өгөөгүй. 425,000 төгрөгийн баримтыг мэдүүлгээрээ гаргаж өгсөн. 425,000 төгрөгийн баримтыг шүүх хуралдааны явцад буюу хэлэлцүүлгийн явцад хэлэлцээд, нотлох баримтаар үнэлээд, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал дээр улсын яллагчийн зүгээс санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн болбол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж хуульчилсан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан. Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал хоёр удаа байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Сонсголтой холбоотойгоор ямар нэгэн хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан зүйл байхгүй. Энэ талаар яллах дүгнэлтэд дурдагдаагүй. Гэмт хэргийн улмаас хохирогчид 3,072,000 төгрөгийн хор уршиг учирсан. Үүнийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн тайлбарыг шүүх харгалзаж үзээгүй гээд байна. Шүүхээс маш сайн харгалзаж үзсэн. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг сонссон, нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалсан. Шүүгдэгч өмгөөлөгчгүй оролцсоны улмаас гэх тайлбарыг шүүгдэгчийн өмгөөлөгч яриад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг биш байсан. Шүүгдэгч өөрөө өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ бичгээр илэрхийлсэн. Түүнээс шүүгдэгчийн эрхийг нь хязгаарлаад, өмгөөлөгчтэй оролцох шүүх хуралдаан дээр өмгөөлөгчгүй оролцуулаад, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн зүйл огт байхгүй. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал байхгүй. Иймд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4-р хороо, “Луна” плазагийн CU-124 салбарт хамгаалагчаар ажиллаж байсан А.А-ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь “хоол идүүлэхгүй нааш цааш яваад ядаргаатай юм” гэж дургүйцэн маргалдаж А.А-ын нүүрэн тус газарт цохиж, харилцан зууралдан цохилцож, дэлгүүрээс гарсны дараа хохирогчийн гарт байсан бороохойг булаан авч түүний толгойн тус газарт 4 удаа, нүүрэн тус газарт нь хэд хэдэн цохиж, мөргөсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл, доод уруулд няцарсан шарх, дээд 21 шүдний цууралт, зүүн мөр, 2 бугалга, баруун тохойд цус хуралт, зүүн сарвуу, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.А: “..Баянгол дүүргийн Луна плазагийн Cu-124 дэх салбарт хамгаалалтын ажлаа хийж байхад 30 орчим насны согтуу залуу ширээн дээр гоймон, пирошки идэж байсан. ..Би тухайн залуугийн хажуугаар ширээ сандал янзлаад байж байхад тэр залуу “нааш цааш яваад ядаргаатай юм бэ хоол идүүлэхгүй чи хэн юм” гээд босоод ирэхээр нь “би ажлаа хийж байна та хоолоо ид” гээд хэлсэн чинь миний нүүр хэсэг рүү цохисон. ...Тэгэхээр нь би бороохойгоо гаргаж ирээд тэр залуугийн толгой руу 1 удаа цохиод тэр залуу намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд барьж аваад тэр залуугийн гар болон хөл рүү нь хэд хэдэн удаа цохисон. ...Тэгсэн тэр намайг түлхээд бид 2 газарт унасан. ...Тэр залуу босож ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. ..Бид 2 зууралдсан байдалтай дэлгүүрээс гараад үүдэнд ирсэн. ..Тэгсэн тэр залуу миний нүүр хэсэг рүү олон удаа мөргөөд цохиод байсан. ...Бид 2-ын дундуур 1 залуу орж ирэхэд намайг зодож байсан залуу тэр хүний араас хөөгөөд явсан. ..Буцаж ирээд миний бороохойг булааж аваад миний толгой руу нилээн хэд цохиж миний толгойг хагалсан. Миний чихний аппарат эвдэрсэн. ...” /хх 17-18, 22-24/,

шүүгдэгч Л.Э: “...Cu-д байсан хамгаалагчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдэлдээ харамсаж ухамсарлаж байна. Учирсан хохирлоо барагдуулна. ...” гэх мэдүүлгүүд /хх 35/,

шүүгдэгч Л.Эын биед хийсэн шинжээчийн дүгнэлт: Гэмтлийн зэрэг тогтоогдохгүй хх /49-50/, хохирогч А.А-ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт: Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх 53-55/ хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 67-72/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 73-77/, хохирогчийн чихний аппаратад хийсэн үнэлгээ: 3,072,000 төгрөг /хх 42/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Л.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Хохирол төлбөрийн хувьд; Хохирогч А.А-ын биед учирсан гэмтэлтэй холбоотой эм тариа авч эмчилгээ хийлгэсэн төлбөрт 425,000 төгрөг, сонсголын аппаратны төлбөрт 3,072,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Харин хохирогч А.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 1,268,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,573,400 төгрөгийг шүүгдэгч Л.Эоос гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Хэрэг гарсан өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 16-нд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд хохирогч А.А нь 246,300 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун/ төгрөгийн тусламж үйлчилгээ авсан баримт хэрэгт авагдсан /хх 143/ байхад анхан шатны шүүх 1,268,000 /нэг сая хоёр зуун жаран найман мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар шүүгдэгч Л.Э-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч А.А-ын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 8,573,400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч А.А-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 61-63/ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 8,573,400 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 246,300 төгрөгийг төлсөн баримтыг тус шүүхэд гаргасан байна.

Шүүгдэгч Л.Э “...хохирогчийн буруутай үйлдэл видео дүрс бичлэгт байхгүй улмаас ял авсантай санал нийлэхгүй. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 73-77/ болон хохирогчид хууль сануулж мэдүүлэг өгсөн зэргээс дүгнэхэд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд камерын бичлэгээр шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа 4 удаа, хохирогчийн бороохойг булаан авч түүний толгой хэсэгт 3 удаа цохисон үйлдлийг шүүгдэгч хохирогч нар аль аль нь мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн /хх 35/ зэргээр шүүгдэгчийн хохирогчийн буруутай үйлдэл дүрс бичлэгт байхгүйн улмаас нийтэд тустай ажил хийлгэх ял авсан гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Л.Э нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн, аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа талаар тайлбар гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ыг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг буюу халдлага бодитой эхэлсэн, довтолгоо дуусаагүй байхад хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байх байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн нарын өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэх судлахад хохирогч А.А нь шүүгдэгч Л.Э-той үл ялих маргааны улмаас үл ойлголцон маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдах явцад шүүгдэгч Л.Э нь хохирогч А.А-ын нүүрэн тус газар 4 удаа цохисон, хохирогчийн бороохойг булаан авч түүний толгой хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1039 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын: “....шүүгдэгч Л.Эоос сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8,573,400 төгрөгийг гаргуулж олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын: “....шүүгдэгч Л.Эоос хохирогч А.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 1.268.000 төгрөгийг гаргуулж. ...” гэснийг “... шүүгдэгч Л.Э-с хохирогч А.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 246,300 төгрөгийг гаргуулж. ...” гэж өөрчилсүгэй.

3. Хохирогч А.А нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэсэн,

Шүүгдэгч Л.Э нь хохирогч А.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 246,300 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                Д.МӨНХӨӨ