| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2411000001045 |
| Дугаар | 2025/ДШМ/250 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/250
2025 02 20 2025/ДШМ/250
Х.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/873 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Х.О-т холбогдох 2411000001045 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.О, 1977 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нефть хийн хадгалалт тээвэрлэлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 00 дүүргийн 00 дугаар хороо Жаргалантын 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.
Шүүгдэгч Х.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84-ийн автобусны буудлын орчимд амь хохирогч Г.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний цээж хэсэгт түлхсэний улмаас толгой хэсгээр нь газар унагаж, “гавал тархины битүү гэмтэл” учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.О-ын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн 8 /найм/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 115 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Х.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Х.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Х.О-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэх боловч нөгөөтээгүүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Х.О-ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд энэ тухайгаа мэдүүлж байсан. Тухайн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Х.О-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдон бусдын амь нас хохирсон байдал тогтоогдсон байна. Тэрээр ямар нэгэн байдлаар өш хонзон санасан, шууд хохирогчийн амь насыг хохирооё гэсэн санаа зорилго байгаагүй талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Шүүгдэгч Х.О-ын холбогдсон хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулж болох ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний амь нас хохироосон байж давж заалдах гомдол гаргаж байгаад гайхаж байна. Надтай шүүгдэгч талаас анхан шатны шүүх хурал болохын өмнө уулзсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хуульд заасан хамгийн доод ялыг оногдуулсан. Ахиад ялыг багасгаж өгнө үү гэж байгааг ойлгохгүй байна. Хорих ялыг багасгасан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирол төлбөрт 15 сая төгрөг төлж барагдуулсан боловч сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс сэтгэл санааны хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 99 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Оын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Х.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84-ийн автобусны буудлын орчимд амь хохирогч Г.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний цээж хэсэгт түлхсэний улмаас толгой хэсгээр нь газар унагаж, “гавал тархины битүү гэмтэл” учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О: “...Манай эгч О над руу залгаад талийгаач Г.Г ахыг гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн байна гэж хэлсэн. ...Тэгээд би яаралтай гэмтлийн эмнэлэг ороход манай талийгаач ах “Г” яаралтай хагалгаанд орсон байсан ....Эмчээс биеийн байдал маш хүнд байн, гавал тархины битүү гэмтэлтэй байна хагалгааг амжилттай болно гэсэн баталгаа өгч чадахгүй гэсэн. ...Тэгээд хагалгаа дуусаад ухаан орохгүй байсаар байгаад 2024.8.11-ний өдөр нас барсан. Эмнэлгийн байгууллагаас талийгаачийн биед 4 хавирга хугарсан, гавал тархи битүү гэмтэлтэй байна гэж хэлсэн. .../1хх 16-17/,
гэрч Б.Идэржавхлант: “...Амь хохирогч Г.Г-ыг Х.О түлхэж унагаасан. ...” /1хх 22/,
гэрч Н.Энхжаргал: “...Гыг О түлхсэн. ...Г.Г газарт унаад ухаангүй байдалтай, босохгүй 5 минут болсон ба удалгүй гэнэт амаараа чанга дугараад амьсгалаад байсан ба амнаас нь цагаан хөөс гараад байсан. .../1хх 39-40/,
шүүгдэгч Х.О: “...Г /амь хохирогч/, Болдоо бид нар хамт архи уусан. ...Тэгээд Г.Г намайг үгээр өдөөд байхаар нь би “чамтай хутгалдаж өөртөө лай хураамааргүй байна. ...” гээд түлхэхэд Г.Г арагшаа унасан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд /1хх 30-31, 176-177, шүүх хуралдааны тэмдэглэл 2хх 31/,
шинжээч эмч С.Кадел: “....Уг гэмтлийн авсны дараа амь нас аврагдах боломжгүй. Эмнэлгийн тусламж авсан боловч амь нас аврагдах боломжгүй байсан. ...Хавирганы хугарал нь хиймэл амьсгаа хийх үед хугарсан байх боломжтой. ...Гэмтэл хэрэг гарсан цаг хугацааны үед үүсэх боломжтой /1хх 44-45/,
шинжээч эмчийн 2024.9.09-ний өдрийн 2790 дугаартай: “...Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. ...” гэх дүгнэлтүүд /1хх 48-55/,
хэргийн газрын бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 78-86/, хяналтын камеры бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 92-101/, шүүгдэгч хохирогчийн ар гэрт 15,000,000 /арван таван сая/ төгрөг төлсөн баримт /2хх 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.О-ыг “хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нар хэрэг учрал гарсан өдөр хамт архи уусан, улмаар шүүгдэгч Х.О согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж амь хохирогч Г.Гыг гараараа нэг удаа түлхсэний улмаас амь хохирогч эхлээд газарт бөгсөөрөө унаж дараа нь толгойгоороо хойш савж унан “гавал тархины битүү гэмтэл” учруулж хүнийг алсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.О-т ял шийтгэл оногдуулахдаа талуудын гаргасан ялын санал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан хуульд зааснаар 8 /найм/ жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.О-ын өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн 8 /найм/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Х.Оын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.
Шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь “...Г бид нар архи уусан. ...Намайг үгээр өдөөд маргалдаад байсан. ... Намайг цохих гэж байгаа бололтой гараа зангидаад хүрээд ирэхээр нь би Г-т хандаад “цаашаа байж чамтай хутгалдаж өөртөө лай хураамааргүй байна” гээд түлхэхэд арагшаа унасан. ...” гэх мэдүүлэг, бусад баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан тодорхойлогдсон буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 15,000,000 /арван таван сая/ төгрөг төлсөн, мөн амь хохирогчийг 1 удаа түлхсэн, хэрэг үйлдэгдэхэд талууд аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх, ноцтой хохирол учрахад нөлөөлсөн байж болох нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.
Прокурор дүгнэлт тайлбартаа : “...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 99 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” санал гаргасан.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул амь хохирогчийн ар гэр, түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс таамаглах байдлаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ талаар гаргасан прокурорын дүгнэлт үндэслэлгүй.
Харин амь хохирогчийн хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, амь хохирогчийн ар гэр, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Х.О нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/843 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Шүүгдэгч Х.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зугаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ....” гэж,
3 дахь заалтын “....нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ