Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/251

 

  2025             02             20                                        2025/ДШМ/251

 

С.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар  даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч С.М,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1423 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр С.Мт холбогдох 2403006810883 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.М, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй,

Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч С.М нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бээжингийн гудамж, E-Mart дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Toyota Prius маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Э.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.М-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Мыг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, С.М-т холбогдох хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор А.Марал эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл нь ноцтой эсхүл ялимгүй гэсэн ойлголт байхгүй гагцхүү тухайн зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэн шалгах ёстой бөгөөд энэ хэргийн хувьд С.М нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бээжингийн гудамж, Е-мартын дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Toyota Prius маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Э.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэж байна.

            Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, мөн осол болох үеийн хяналтын камерын бичлэг зэргээр жолооч С.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон байхад осол гарахад унадаг дугуйтай зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь тухайн замын тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон мэтээр хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээр дүгнэлт хийж хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

            Анхан шатны шүүхээс хохирогчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн дүгнэвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос бус түүнийг гэм буруугүй гэж үзэх, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

            Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолд заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж байна.

            Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1423 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Нэгдүгээр эгнээнээс 35-45 градусын налуугаар гуравдугаар эгнээ рүү орсон. Түүнээс илүү огцом эргэх юм бол үргэлжилсэн цагаан зураасыг давахаар байсан. Тэгээд би гуравдугаар эгнээнд ороод байж байтал үйлчлүүлэгч хойноос “та буцаад эргэчих” гэхэд нь гуравдугаар эгнээнээсээ машиныхаа рулыг дарахад нүдний буланд юм харагдахаар нь зогссон. Тухай үед ийм процесс болсон. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар намайг ялласан. Тухайн үед зам орчны байдал түгжрэлгүй, машин тэрэг бага байсан. Би тэр үед эгнээгээ солих бүрэн боломжтой байсан. Машин бага байхад Э.М-ын унадаг дугуйны тоормос ажилладаг байсан бол зогсох боломжтой байсан гэж харж байна. Мөн Э.М нь тухайн үед орчноо харахгүй өөрөө доошоо хараад явж байгаад тээврийн хэрэгсэл мөргөсөн гэж үзэж байна. Прокурор, мөрдөгч нар анхнаасаа намайг мөргөсөн гэж буруутгасан. Би мөргөөгүй. Би мөргөсөн бол Э.Мөнх-Очир нөгөө урсгал руу ороод унах ёстой байтал тэгж унаагүй. Э.М чигээрээ ирж машиныг мөргөсөн байдал харагддаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос С.Мыг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Бээжингийн гудамж, E-Mart дэлгүүрийн хойд замд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагийн орчимд Toyota Prius маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Э.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй” үндэслэл зааж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дараах үндэслэл бүхий дүгнэлт хийв.

1. Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.

Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хууль зүйн оновчтой үндэслэлээр зөвтгөх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хүрээнд шүүхээс хангалттай ойлгомжтой, хариулт өгөхүйц шийдвэр авах эрхтэй холбогдохоос гадна маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх С.М-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичсэнийхээ эцэст Замын хөдөлгөөний дүрмийн зохих хэм хэмжээг зөрчсөн жолооч болгоныг гэм буруутай гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэн, улмаар “...улсын яллагчаас С.Мыг замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсний улмаас хохирогч Э.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй...” хэмээн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж огт бичээгүй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх прокуророос С.Мыг яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “ замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийн, цагаатгасан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн санал, дүгнэлтэд заасан үндэслэл, яллах дүгнэлтэд дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.

2. Хэрэгт авагдсан ослын бүдүүвч зураг, хэргийн газрын гэрэл зургаас харахад жолооч нь үргэлжилсэн цагаан шугамыг давсан гэж зурсан байх бөгөөд улсын яллагчаас энэ талаар дүгнээгүй орхигдуулсан, замын хөдөлгөөний дүрмийн нарийвчилсан заалтыг тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татсан тогтоол /хх 83-85/, яллах дүгнэлт /хх 110-114/ зэргээс үзэхэд улсын яллагчаас С.М-ыг буруутгахдаа замын хөдөлгөөний яг ямар хориглосон дүрмийн заалтыг зөрчсөн талаар ялгаа заагтайгаар нарийвчлан тусгалгүйгээр хэт ерөнхий заалтаар бичсэн, мөн замын хөдөлгөөний дүрмийн өөр зүйл заалтыг зөрүүтэй тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1423 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор А.Маралын бичсэн “анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх эсэргүүцлийн хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулсан С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024//ШЦТ/1423 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор А.Маралын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлийн “анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх хэсгийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                Д.МӨНХӨӨ