Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 700

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан М.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0235 80311 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт М.У, 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нисдэг машин төв”-д оёдолчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 3-53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УП91020858/,

Шүүгдэгч М.У нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Мөн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Голден пэн” төвийн урд хохирогч А.Одмаагийн Самсунг нөт 3 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Буруу хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 5-ны өглөө гэрээсээ өглөөний гүйлтэнд гараад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол эргээд 13-ын замаар доошоо гүйж байх үед өглөөний 6 цаг өнгөрч байх үед байшингийн булан хавьцаа 25 орчим насны эрэгтэй хүн зогсож байх шиг харагдтал тэр хүн намайг дуудах шиг болсон. Тэр үед би нэг л биш болох нээ гэж бодоод машин зам руу гараад цааш гүйж байх үед араас хүрч ирээд намайг зодож эхэлсэн. Тэр үед машин иртэл нөгөө залуу тухайн үед цааш явчихсанаа дахин эргэж ирээд намайг 2-3 удаа нүүрэн тус газарт цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг. /хх92-96/,

Гэрч Г.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сүлд 10-аас Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Жаст ойл” шатахуун түгээх станцын хажууд үл таних залууд зодууллаа гэх дуудлагыг 06 цаг 10 минутанд хүлээн аваад очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байр 30 тоотод оршин суух хаягтай Д.Оюунчимэгийг үл таних 20-25 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн байсан залуу зодчихоод зугтаасан байсныг хохирогч Д.Оюунчимэгийн хамт яаралтай эрэн сурвалжилж олж тогтоосон. Би хохирогч Д.Оюунчимэгийг ээжийнх нь хамт дагуулан эрүүлжүүлэх байранд аваачиж уг залууг таниулах ажиллагаа хийлгэхэд хохирогч Д.Оюунчимэг нь өөрийг нь зодсон залуу мөн болохыг шууд таньж заасан...” гэсэн мэдүүлэг. /хх100-101/,

Хохирогч А.Одмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Голден пэн” төвийн орчим хүн хүлээгээд зогсож байсан. Тэгэхэд үл таних 25-30 орчим насны залуу ирээд эгчээ гар утсаараа яриулаач гэж хэлэхээр нь би өөрийн утас нь дээр дугаарыг нь хийгээд зогсож байтал миний гар утсыг булааж аваад Голден пэн төвийн зүүн талаар урагшаа гүйгээд явсан. “...Тэгээд нөгөө миний утсыг авч явсан залуу сууж байхаар нь чи миний гар утсыг өгөөч гэхэд нөгөө залуу дахин машинтайгаа зугтаасан, би машины дугаарыг нь харсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12630 дугаартай дүгнэлт:

  1. Д.Оюунчимэгийн биед  тархи доргилт, дух хамрын нуруу, баруун, зүүн нүдний дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал цус хуралт, хамрын яс ба таславчийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо 1-2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашил гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх108-110/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.У нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,

-Мөн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Голден пэн” төвийн урд хохирогч А.Одмаагийн Самсунг нөт 3 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  1. Шүүгдэгч М.У-н гэм буруугийн талаар:

Улсын яллагч О.Багшбаяр нь шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч нь гэм бурууд маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.

  1. Хохирлын талаар:

Хохирогч Д.Оюунчимэг, А.Одмаа нар нь гэм буруутай этгээдэд /М.У/ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-40/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч М.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 3 сарын ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч М.У-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогч нарт учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар,

-бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүх шийдвэрлэсэн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт М.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг,

-бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.У г 720 нэгж буюу 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Уыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан М.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 нэгж буюу 720.000 төгрөгөөр торгох ялыг,

-Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У т оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай..

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР