Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00623

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00623

 

 

Б.Бат-Эрдэнэ

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00120 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Бичил глобус групп ББСБ ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 7 515 702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Уранзаяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 5 цаг 30 минутын үед  05-48 УНП улсын дугаартай Хьюндай Старекс маркийн Медика Монголиа ХХК-ийн өмчлөлийн түргэн тусламжийн автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Зүүн 4 замын уулзварыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэн дээш өгсөх үед зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтрэн замын хөдөлгөөнд оролцож байсан. Гэтэл хариуцагч байгууллагын өмчлөлийн  12-02 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын автомашиныг жолоодож явсан Г.Шинэбаяр нь Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн зүгт чиглэлтэй уулзвар нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон улаан гэрлээр хурдтайгаар орж, түргэний тэргийг мөргөн их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед түргэний тэрэгт их эмч  Д.Тунгалаг, сувилагч З.Уранчимэг нар албан ажлаа гүйцэтгэн сууж явсан ба уг ослын улмаас тэдний болон миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс энэ ослын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаад  Г.Шинэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх заалтыг өрчсөнөөс  05-48 УНП дугаартай Хьюндай Старекс  маркийн автомашиныг мөргөж, жолооч  Б.Бат-Эрдэнэ, зорчигч Д.Тунгалаг, З.Уранчимэг нарын биед хөнгөн гэмтэл, бусдад 12 244 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна гэж үзсэн. Улмаар жолооч Г.Шинэбаярыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Жолооч Г.Шинэбаяр нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр торгуулиа төлсөн. Итгэлт Эстимэйт ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №08165565/2518 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар түргэний тэргэнд нийт 6 228 000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон. Уг ослын улмаас манай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд ихээхэн хохирол учирч, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдах боломжгүй болсон тул миний бие аргагүй эрхэнд Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 6 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай авч, нийт 7 515 702 төгрөг болгон буцаан төлөх нөхцөлтэйгөөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, тус мөнгөөрөө түргэний машиныг яаралтай засуулж, байгууллагаа хохиролгүй болгосон.  Г.Шинэбаярын жолоодож явсан  12-02 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн суудлын автомашин нь хариуцагч Бичил глобус групп ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь уг автомашины №01411793 дугаартай техникийн гэрчилгээгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд автомашин техникийн үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирол болох 6 228 000 төгрөгийг цалингийн зээл авч, төлж барагдуулсан бөгөөд өөрт орох байсан орлогыг нэмж нийт 7 515 702 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Намжилдорж нь Бичил глобус групп ББСБ ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2072 дугаар барьцаат зээлийн гэрээ /фидуци/ байгуулсан. Зээлийг хүүгийн хамтаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүрэн төлж барагдуулснаар талуудын гэрээгээр харилцан хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг үндэслэн Ц.Намжилдоржийн  өмчлөлийн 12-02 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч байгууллагын нэр дээр шилжүүлсэн байдаг. Дээрх зээлийн гэрээний 4.4-т барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших ашиглах явцад гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол хохирлыг зээлдэгч дангаар хариуцна  гэж заасан бөгөөд уг гэрээнд зээлдэгч Ц.Намжилдорж тусгайлан гарын үсэг зурсан байна. Түүнтэй байгуулсан фидуцийн гэрээний 1.6-т  гэрээний хугацаанд барьцаа болох автомашины эзэмшил, ашиглалтыг барьцаалуулагчид үлдээнэ  гэж заасан учраас тээврийн хэрэгсэл нь зээлдэгч Ц.Намжилдоржийн эзэмшил, ашиглалтад зээл олгосон өдрөөс буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш байсан. Мөн гэрээний 4.4-т барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байхдаа бусдад хохирол учруулсан бол уг хохирлыг барьцаалуулагч дангаар хариуцна гэж заасан бөгөөд тэрээр 3.2.4-т барьцаа хөрөнгийн эзэмшил, өмчлөх эрхийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчиж, барьцаа хөрөнгө болох тухайн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд буюу Г.Шинэбаяр гэгчид шилжүүлж, улмаар тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд нь зам тээврийн осол гаргаж, бусдад хохирол учруулсан байна. Зээлдэгч Ц.Намжилдорж нь фидуцийн гэрээгээр зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаалсан автомашиныг хариуцагч байгууллага захиран зарцуулах эрх олгогдох байснаас өөрөөр эрх эдлэхгүй, үүрэг хүлээхгүй, Г.Шинэбаярын буруутай үйлдлээс бусдад учруулсан гэм хорыг хариуцагч байгууллага төлөх үндэслэлгүй юм.  Хариуцагч байгууллага нь тус иргэний хэргийн хариуцагч болохгүй, 12-02 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин Ц.Намжилдорж гэх зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад гэрээ хийгдсэн өдрөөс эхлэн шилжин ашиглагдаж байсан. Уг тээврийн хэрэгслийг барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготойгоор барьцаалсан бөгөөд тухайн барьцааны зүйлийг тус байгууллага  Ц.Намжилдорж гэх хүнд шилжүүлсэн болно. Зээлдэгч Ц.Намжилдоржийн эзэмшилд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд жолоодож яваад зам тээврийн ослыг гаргасан. Иймд тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэм хор учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Шинэбаяр, түүнчлэн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байсан, барьцаалагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгч явуулсан эзэмшигч, ашиглагч болох иргэн Ц.Намжилдорж нар байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үүргийг зээлдэгч Ц.Намжилдорж хүлээнэ, мөн хуулийн 499.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг хариуцагч байгууллага хэн нэгэнд олгоогүй. зээлдэгч Ц.Намжилдорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдад автомашиныг жолоодох, ашиглах тэр боломжийг олгосон нь харагдаж байна.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 496 дугаар зүйлийн 496.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Бичил глобус групп ББСБ ХХК /хуучнаар/-аас 7 515 702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 сарын 8-ны өдөр урьдчилан төлсөн 135 201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Уранзаяа нар давж заалдах гомдолдоо:

... Авто тээврийн тухай хуулийн 17' дугаар зүйлийн 17'.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгааждаг байна. Гэтэл шүүх 12-02 УНЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагч байгууллагын өмчлөлд байгаа гэдгийг тэмдэглэсэн атлаа Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт заасан эзэмшигчийн нэгэн адил тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, ашиглах эрхтэй эрх бүхий эзэмшигч этгээд биш"гэж илтэд буруу дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн хуулийн 100 болон 101 дүгээр зүйлд өмчлөх эрхийн тухай хуульчлан заасан бөгөөд түүнд өмчлөгчийн тухайн эд хөрөнгөд хандах субъектив зорилгоос хамаарч өмчлөх эрх хязгаарлагдмал байх тухай зүйл, заалт огт байхгүй болно. Харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь өмчлөгчийн туйлын эрхийг эдлэхийн тулд маргааны зүйл болж буй автомашины автомашины өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эрхийг нь эдлэх зорилгоор өмчлөгч гэж бүртгүүлчихээд, үүрэг хүлээх болохоор өмчлөгч биш гэсэн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчжээ.

Шүүх тээврийн хэрэгсэлийн өмчлөгч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд "Бичил глобус групп ББСБ" ХХК байсан болох нь тогтоогдож байна гэсэн атлаа хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх зааснаар иргэн Ц.Намжилдоржтой фидуцийн гэрээтэй байсан тул бусдын өмнө, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн өмнө гэм хорын хариуцлага хүлээхгүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний талуудын хувьд буюу "Бичил глобус групп ББСБ" ХХК болон иргэн Ц.Намжилдорж нарын хооронд л эрх зүйн үр дагавар үүсгэх болохоос бус аливаа гуравдагч этгээд, түүний дотор дээрх хоёр этгээдтэй ямар ч үүргийн харилцаа үүсэхгүй. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн хувьд ямар нэгэн эрх зүйн дагавар үүсгэхгүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу "Бичил глобус групп ББСБ" ХХК нь зам тээврийн осол гарсан өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэлийн өмчлөгч байсны хувьд нэхэмжлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй.

Нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг компани буюу эмнэлгийнхээ түргэн тусламжийн автомашинд учирсан эвдрэлийг, уг автомашиныг жолоодож яваад осол гаргасан учир ёс зүйн үүргээ ухамсарлан байгууллагатайгаа тохиролцсны үндсэн дээр өөрийн зардлаар яаралтай засварлуулан улмаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар "Медика Монголиа" ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан. Бусдын хууль бус гэмт үйлдлийн улмаас хохирсон манай компани болон өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон жолооч намайг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу хамгаалж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар "Бичил глобус групп ББСБ" ХХК-иас надад учирсан хохирлыг гаргуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч тухайн маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ хариуцагч Бичил глобус групп ББСБ ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 7 515 702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, зохигчид тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг өмчлөгчөөс гаргуулах эсэх асуудлаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэжмлэлийн шаардлагын үндэслэлээ ... осол гарах үед иргэн Г.Шинэбаярын жолоодож явсан автомашин нь хариуцагч Бичил глобус групп ББСБ ХХК-ийн өмчлөлд байсан учраас өмчлөгчөөс гэм хорын хохирлыг гаргуулна гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх заалтыг үндэслэн тайлбарласан байна.

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн 4 замын уулзварт 2017 оны 8 сарын 21-ний өдрийн 05.25 цагт  Тоёота приус маркийн 12-02 УНЛ  улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хьюндай Старекс маркийн 05-48 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан, Тоёота приус маркийн 12-02 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.Шинэбаяр,  Хьюндай Старекс маркийн 05-48 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Бат-Эрдэнэ нар жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 17 тал/ Иргэн Г.Шинэбаярын гаргасан зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар түүнийг 100 000 төгрөгөөр торгож, уг торгуулийг Г.Шинэбаяр төлжээ. /хх-ийн 5-9 тал/

 

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн жолоодож явсан Хьюндай старекс маркийн 05-48 УНП улсын дугаартай автомашинд 6 228 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Итгэлт-Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна. /хх-ийн 13-16 тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ...иргэн Ц.Намжилдорж нь Бичил глобус групп ББСБ ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, иргэн Г.Шинэбаярын жолоодож явсан автомашиныг барьцаанд тавьж, тээвийн хэрэгслийн өмчлөх эрхийг Бичил глобус групп ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч гэрээний хугацаанд автомашины эзэмшил, ашиглалтыг барьцаалуулагчид үлдээхээр тохиролцсон тул бусдад учирсан хохирлыг төлөхгүй гэсэн тайлбар гаргаж, уг тайлбараа хариуцагч Бичил глобус групп ББСБ ХХК болон Ц.Намжилдорж нарын байгуулсан барьцааны гэрээний 1.6, 3.2.4, 4.4 дэх заалтуудыг дурьджээ. /хх-ийн 42-43 тал/

 

Уг гэрээний 1.6-д гэрээний хугацаанд барьцаа болох автомашины эзэмшил ашиглалтыг барьцаалуулагчид үлдээнэ, 3.2.4-т барьцаа хөрөнгийн эзэмшил, хууль бусаар өмчлөх эрхийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, 4.4-т барьцаа хөрөнгө болон тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байхдаа бусдад хохирол учруулсан бол уг хохирлыг барьцаалагч дангаар хариуцна гэж тус тус заасан байна.

 

Осол гарах үед нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь түргэн тусламжийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан байх бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, уг мөнгөөр түргэн тусламжийн тээврийн хэрэгслийг засварлан байгууллагыг хохиролгүй болгосон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 26-34 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанаас үзэхэд Тоёота приус маркийн 12-02 УНЛ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр 2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 19 өдрийг хүртэл хугацаанд Ц.Намжилдорж, 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Бичил глобус групп ХХК, 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Н.Мөнхсайхан нар бүртгэлтэй байсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 49 тал/

 

Иргэн Ц.Намжилдорж нь хариуцагч Бичил глобус групп ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр МУ-2072 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан барьцааны гэрээний дагуу Тоёота приус маркийн 12-02 УНЛ улсын дугаартай автомашины Бичил глобус групп ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Зээлдэгч Ц.Намжилдорж зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул уг автомашины өмчлөлийг Н.Мөнхсайханы нэр дээр шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд иргэн Ц.Намжилдорж нь автомашины өмчлөлийг хариуцагч байгууллагад зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шилжүүлсэн байна.

 

Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд фидуци-ээр зөвхөн мөнгөн төлбөрийн үүргийг хангуулдаг ба үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн нэр дээр шилжиж ирсэн хөрөнгийг захиран зарцуулах замаар эрхээ хэрэгжүүлдэг, харин үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тухайн хөрөнгийг өмчлөгчид буцаан шилжүүлэх үүрэг хүлээнэ. Иймд фидуцийн гэрээний нэг тал болох хариуцагч Бичил глобус групп ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан. Хөдлөх эд хөрөнгийн хувьд тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй этгээд өмчлөгч гэж тооцогдох бөгөөд бодитойгоор иргэн Д.Намжилдорж уг автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан, тэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийг Бичил глобус групп ХХК-д шилжүүлсэн байх тул уг компанийг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд фидуцийн гэрээний нэг тал болох үүрэг гүйцэтгүүлэгч хариуцагч Бичил глобус групп ХХК-иас гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин анхан шатны шүүх тухайн маргаанд холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/00120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...510 дугаар зүйлийн 510.1, 496 дугаар зүйлийн 496.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 201 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО