Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/271

 

  2025             02             25                                         2025/ДШМ/271

 

Ч.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Эд холбогдох 2310030141406 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Э, 1976 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, 48 настай, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт 00 дүүргийн 0 дугаар хороо, 00 хотхоны 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч Ч.Э нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Орос улсаас виски оруулж ирж өгнө гэж итгүүлж, төөрөгдөлд оруулан хохирогч Л.Э-гээс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 4,050,000 төгрөг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийг, нийт 4,500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хохирогчийн Хаан банкны 0000000 тоот данснаас Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлснийг буцаан өгөх санаа зорилгогүйгээр үргэлжилсэн үйлдлээр залилан авч, хохирогч Л.Э-д 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 12 дугаар сард Г гэдэг хүнээс 3 удаагийн үйлдлээр Орос улсаас виски оруулж ирж зарж байсан. Л.Э надад ОХУ-аас татваргүй оруулж ирдэг виски захиалсан. Би урьд нь цөөхөн хэмжээгээр бага хэмжээний мөнгөнд виски захиалж авдаг байсан хүндээ Л.Э-гийн захисан мөнгийг бэлнээр өгөөд нөгөө хүндээ залилуулсан. Ингээд би тэр хүнтэйгээ холбогдох гээд чадахгүй 2 cap болоод Л.Э-д үнэн учраа хэлээд 2.200.000 төгрөгийг буцааж өгсөн ба үлдэгдлийг нь төлж чадахгүй байснаар намайг Л.Э цагдаад өгсөн байсан. Л.Э-гээс ажлын санал авсантай холбогдуулан юм лавлах гэж очиход тэрээр намайг юу хийдэг тухай асуусан. Үүний үндсэн дээр Л.Э “Шинэ жилээр баярын үйл ажиллагаа зохиох байгуулах гэж байгаа учраас хямд вискинээсээ захиж өгөөч” гээд хоёр удаагийн гүйлгээгээр 4,500,000 төгрөгийг өгсөн. Би уг мөнгө дээр өөрийнхөө 3,500,000 төгрөгийг нэмээд нийт 8,000,000 төгрөгийг Гэрэлцэцэгт бэлнээр өгч, бараагаа захиалсан. Бараа захиснаас хойш 2 сарын хугацаа өнгөрсөн ч Гэрэлцэцэгтэй холбогдож, олж чадаагүй, өөрөө давхар хохирсон, хохирлоо барагдуулж чадаагүй. Би шүүхийн шатанд үлдэгдлээ төлж дуусгасан ба би анхнаасаа Л.Э-д худлаа хэлсэн зүйл байхгүй. Г гэдэг хүн л намайг залилж ор сураггүй болсон болохоос би Л.Э-д үнэн учраа хэлээд 2.200.000 төгрөгөө буцааж өгсөн үлдэгдлээ тэр хүнээсээ авахаар буцааж өгөх талаар хэлсэн байсан. Гэтэл намайг анхан шатны шүүх Л.Э-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж дүгнэж гэм буруутайд тооцож, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би хүн хууран мэхлэх ямар нэг санаа зорилго байгаагүй. Мөн олон жил сургуульд багшилсан, цаашид ч багшлах боломжтой гэтэл хувийн байдалд минь маш муухай хар толбо болж эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэдээлэлтэй болохоор байгаад харамсаж байна Би боловсролын байгууллагад тасралтгүй 23 жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 4 жил эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажиллаагүй. Одоо надад 2, 3 газраас ажлын санал ирсэн төдийгүй цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа, Л.Э-гийн өрийг барагдуулсан зэрэг миний хувийн байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Эгийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ЭХХШ тухай хуульд заасан шаардлага тухайлбал ЭХХШ-тухай хуулийн 16.2 дах хэсэгт заасан нотолбол зохих байдал, гэм буруугийн санаа, зорилго сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, санаа зорилгыг хөтөлбөргүй нотолж чадаагүй гэж үзэж байна. Ч.Э, Л.Э нарын хооронд виски худалдах, худалдан авах гэрээ буюу иргэний эрх зүйн харилцааны хэлцэл байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээний үнэ 4.500.000 төгрөгөөр тохирч, үнийг худалдан авагч тал болох Л.Э 2 хувааж төлсөн байдаг ба худалдагч тал эрсдэлд орж гэрээ цуцлагдаж 1 сарын дараа худалдан авагч тал болох Л.Э-д 2.200.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл төлбөрийг Ч.Э төлж чадаагүй байсан үйлдлийг анхан шатны шүүх гэмт хэрэг гэж үзсэн нь Ч.Э-гийн санаа зорилгыг тааж дүгнэсэн гэж үзэхээр байна. Ч.Э нь Виски оросоос оруулж ирдэг байсан хүний талаар ярьсан байдаг. Гэтэл энэ байдлыг шалгахгүйгээр Ч.Э-г зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж байна. Мөн Ч.Э,Л.Э нар виски худалдах, худалдан авах үнээ 4.500.000 төгрөгөөр тохирч, тохирсон үнээ Л.Э 4.050.000 төгрөг, 450.000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн үйлдлийг Ч.Э-г үргэлжилсэн үйлдлээр залилан мэхлэх гэмт үйлдсэн гэж дүгнэсэн нь хэт яллах талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Ч.Э, Л.Э нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр ХУД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээ хийж, худалдагч тал эрсдэлд орсон гэдэг боловч эрсдэлд орсон гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй. Нэрийг нь мэдэхээс цаашгүй, Г гэдэг хүнд мөнгөө өгсөн гэж шүүх хуралдаанд ярьсан. Урьд нь энэ талаар мөрдөгчид болон прокурорт хандаж, шалгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс “Г гэдэг хүнээс мөнгөө авах талаар 2, 3 жил юу хийсэн бэ,  цагдаа шүүх, прокурорт хандсан уу” гэхэд “Огт хандаагүй” гээд зогсож байсан. Г гэдэг хүнтэй холбоотой хаяг, утас, бусад ямар ч мэдээллийг өгдөггүй тул мөрдөн шалгах ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Тиймээс өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Э “Би өөрөө Орос улсаас виски оруулж ирж байгаа, ашигтай байна” гэсэн тул итгэж, мөнгөө өгч, захиалсан. Түүнээс биш Г хүнээр дамжуулж захиалдаг гэх үйл баримтын талаар хохирогчид огт яриагүй. Анхан шатны шүүх хуралдаан болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Ч.Э өөрөө Орос улс руу явж, виски оруулж ирэх ажлыг огт хийгээгүй гэж мэдүүлдэг хэрнээ хохирогчид “Оруулж ирнэ, ашигтай байдаг” гэх мэтээр төөрөгдөлд оруулж, өөрөө оруулж ирээд зарж байгаа юм шиг зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгийг нь авсан. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд авсан мөнгийг тухайн зүйлд зарцуулсан уу, эрсдэлд орсон уу гэдэг шинжийг харгалзан үзэж, үйл баримтад дүгнэлтэд хийдэг. Гэтэл шүүгдэгчийн зарцуулалт түүний дансны хуулгаар тодорхой харагддаг бөгөөд хувийн байдлын хувьд өөрөө өвчтэй, ээжийнх нь бие муу байсан тул үүндээ зарцуулсан гэдгээ мэдүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудаар шүүгдэгч Ч.Э-г залилах гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Хохирогчид учруулсан хохирлыг анхан шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлсөн байдаг. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн төдийгүй давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Э нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Орос улсаас виски оруулж ирж өгнө” гэсэн зохиомол байдлыг бий болгон хохирогч Л.Э-гээс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 4,050,000 төгрөг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийг, нийт 4,500,000 төгрөгийг буцаан өгөх санаа зорилгогүйгээр үргэлжилсэн үйлдлээр залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Эгийн: “...Би 2000 оны эхээр үзмэрч засал хийж Ч.Э /шүүгдэгч/ над дээр шавь болж суралцдаг байсан. ...Тэгээд нэг удаа уулзахдаа Оросоос виски оруулж ирдэг маш их ашигтай байдаг гэхээр нь би Ч.Эд итгэж, Ч.Э өөрийнхөө Хаан банкны 00000000 дугаартай дансыг өгөхөөр нь 2021.11.26-ны өдөр ХУД-н 11 дүгээр хороо Хийморь хотхоны АТМ-с өөрийнхөө 00000000 дугаартай данснаас 4,050,000 төгрөг шилжүүлээд түүний дараа үлдэгдэл 450,000 төгрөгийг Ч.Э-гийн өгсөн 00000000 дугаартай данс руу 2021.11.30-ны өдөр ХУД-н Хийморь хотхоны АТМ-с тус тус шилжүүлсэн. ....Ингээд би мөнгөө шилжүүлснээс хойш Ч.Э руу залгахад “одоо виски ирж байгаа, ирэх гэж байна удахгүй өгнөө” гэх мэтээр хугацаа хойшлуулсаар байгаад Ч.Э-тай холбогдож чадахгүй, утаснууд нь холбогдох боломжгүй болсон байсан. ...” /хх 46-47/,

Ч.Эгийн /шүүгдэгч/ сэжигтнээр мэдүүлсэн: “....Би Л.Э /хохирогч/ гэдэг хүн дээр очиж засал хийлгэдэг байсан. ...Тэгээд бид 2 вискиний талаар ярилцаж байгаад би түүнд гааль дээрээс татварын бичиггүй виски оруулж ирдэг талаар хэлэхэд Л.Э надаас виски оруулж өгөөч гэж надад хэлсэн. ...Тэгэхээр нь би зөвшөөрөөд бид 2 ярилцаж байгаад вискиний мөнгөнд тааруулж нийт 4,500,000 төгрөг болоход Л.Э зөвшөөрч би түүнд ээжийн Хаан банкны 00000000 дугаартай дансаа өгөхөд 2 удаагийн гүйлгээгээр 4,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. ...Виски оруулж ирдэг таньдаг хүмүүсийн талаар мэдэхгүй байна. ... Л.Эгээс авсан мөнгийг хувийн зүйлдээ зарцуулж дуусгасан. ...” /хх 52-53, 55-56, 60-61/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Л.Э-гээс Ш.Батчулуун гэх хүн рүү 4,500,000 төгрөгийг “Виски захиалга, Viski” гэх утгатай шилжүүлсэн баримт /хх 23-24/, Ш.Батчулууны 00000000 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ч.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ч.Э болон түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нар “Ч.Э, Л.Э нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.” гэж мөн хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд амаар болон бичгээр гэрээ байгуулсан эсэх талаар хууль ёсны баримтгүй, хохирогч шүүгдэгч нар гэрээ байгуулсан буюу иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үйлдэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр төлөлт хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

Залилах гэмт хэрэг нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг төөрөгдөлд оруулж 4,500,000 төгрөгийг өөрийн ээжийн дансаар шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж залилах гэм хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга болон бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба түүнийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгчийн тайлбартаа дурдсан н.Г гэдэг хүн л намайг залилсан гэх гомдол нь энэ хэрэгт хамааралгүй, энэ талаарх гомдлоо тусад нь зохих байгууллагад хандаж гаргах нь зүйтэй байна.

Иймд шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж дүгнээд, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж  өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, хэн гэдэг хохирогчийг хэрхэн яаж хохироосон талаарх үйл баримтыг бичилгүй хэт ерөнхийлөн бичсэн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                Д.МӨНХӨӨ