| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01193/И |
| Дугаар | 103/ШШ2025/01119 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/01119
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/01119 | Улаанбаатар хот |
2025 11 25 103/ШШ2025/01119
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,670,155.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хас банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Харилцагч ******* Дэлгэрмаа нь Хас банктай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2010118221 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,197,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар авсан. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд хугацаа хэтрүүлэн 1,918,681.61 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.Иймд банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 8,207,080,58 төгрөг, зээлийн хүү 454,282.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,792,57 төгрөг, нийт 8,670,155,44 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 8,670,155,44 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,670,155.44 төгрөг /найман сая, зургаан зуун далан мянга, нэг зуун тавин таван төгрөг, дөчин дөрвөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 110,596 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 110,596 төгрөгийг тус тус гаргуулж Хас банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ