| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2209013271178 |
| Дугаар | 2025/ДШМ/272 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/272
2025 02 25 2025/ДШМ/272
Ц.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.Х-гийн өмгөөлөгч А.Анхбаяр,
хохирогч Ц.Д,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1099 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209013271178 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Х, 1991 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Юник дизайн” ХХК-нд гэрээт нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 00 дугаар хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор 00 дүүргийн 00 дугаар хороо “0000” хотхоны 00 байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, /РД:00000000/,
Шүүгдэгч Ц.Х нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Ц.Д-д “00-00” 000 улсын дугаартай “Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 8,050,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Х-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-гоос 8.050.000 /найман сая тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Д-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Х давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар хуурч, уг мөнгийг буцааж төлөхгүй байх зорилготой байсан гэж үзсэн. Миний хувьд машинаа худалдан борлуулахаар тохиролцохдоо тухайн үеийн зах зээлийн үнэлгээг харгалзаад ковидын дараа байсан учраас unegui.mn болон фэйсбүүкээр нилээд өндөр үнэтэй буюу 16-17 сая орчим төгрөг байсан. Тэгээд би Ц.Д-д үнийг нь хэлж мөн түрээсэлж байгаа байраа засварлах шаардлагатай байгаа тухай хэлээд 10 сая төгрөгийг бэлнээр үлдэх төлбөрт нь байрны засвар хийж өгөхөө харилцан тохиролцсон. Ц.Д нь таньдаг хүн олж байрны засвар хийлгэсэн энэ талаараа маргадаггүй. Тэрнээс Ц.Д-с байрны засварт мөнгө авчхаад өөр зүйлд зарцуулаад байсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх Ц.Д бид хоёрын тохиролцоог ямар ч баримт нотолгоогүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн 10 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдан авахаар тохиролцож 8,050,000 төгрөг залилан авч, машинаа шилжүүлсний дараа үлдэгдэл төлбөрийг нь өгөх ёстой байсан гэж дүгнэсэнд гайхаж байна. Өмгөөлөгчийн зүгээс тухайн үеийн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Ковидын дараа машины үнэ 2 дахин өндөр үнэлгээтэй болсон. Одоо ч unegui.mn шүүгээд харахад нийтэд ил харагдаж байгаа. Ц.Д машины төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй удаад байсан учраас машины зарахаа больж авсан мөнгөө буцааж өгөхөөр бичиг хийж өгсөн. Шүүх, прокурор цагдаагийн байгууллага миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байгаа бөгөөд надад оногдуулсан ялыг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү. …” гэжээ.
Шүүгдэгч Ц.Х-гийн өмгөөлөгч А.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэхүү хэргийг өмнө 3 шатны шүүхээр шийдвэрлэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж залилах гэмт хэрэг гэж үзээд миний үйлчлүүлэгчийг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн автомашины зах зээлийн үнэлгээг харгалзаж үзэх хүсэлт гаргасан. Сүүлийн 10 жилийн судалгааг харахад автомашины үнэ үйлдвэрлэгдсэн болон орж ирсэн он зэргээс үл хамаараад хамгийн өндөр үнэтэй байсан нь Ковидын дараах үе бөгөөд зарим том оврын автомашинууд 3 нугалагдаж борлуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл, ямар ч автомашин хэрэглээгүй байж байгаад хөл хорио тавигдангуут автомашины үнэ огцом өндөр үнэтэй болж өссөн. Талууд хоорондоо тээврийн хэрэгсэлд бэлнээр 10,000,000 төгрөг, үлдэх төлбөрт нь орон сууц засуулахаар тохиролцсон. Орон сууцны засварын үнийг тодорхойлох боломжгүй бөгөөд зассан хүмүүс нь Ц.Д-ын таньдаг хүмүүс байсан. Гэтэл тэр хүмүүсээс мэдүүлэг аваагүй, өгсөн мөнгөндөө орон сууцанд оруулахаар тохиролцсон уу гэдэг талаар ажиллагаа огт хийгдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцоогүй, шүүхийн шатнаас оролцож эхэлсэн учраас автомашины үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх талууд 10,000,000 төгрөгөөр тохиролцож, тээврийн хэрэгслийг шилжүүлэхдээ төлбөрийг өгөх ёстой байтал өгөөгүй нь залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Гэтэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд автомашины үнийг бүрэн төлөөд шилжүүлнэ гэсэн ойлголт байгаагүй. 10,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж бодсон ч уг мөнгөө бүрэн өгөөгүй тул Ц.Д “Мөнгөө өгөөч” гэсэн. Гэтэл Ц.Х-д мөнгө байхгүй, боломжгүй гэхээр нь Ц.Д “Тохиролцоогоо больё, 8,000,000 төгрөгийг тань буцааж өгье” гэсэн бичиг хийж өгсөн тул үүний дараа автомашинаа бусдад худалдсан гэдэг. Түүнээс биш анхнаасаа Ц.Д-д автомашиныг өгөхгүйгээр худал ярьж, хуурч, төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Гэмт хэрэг гарсан, төгссөн цаг хугацааг харахад 2021 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд нийт 8,050,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг бөгөөд үлдэх төлбөр тооцоо хийгдээгүй байсан учраас автомашинаа зарахаа болилоо гэсэн. Дараа нь бусдад худалдсан байтал зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэж гэмт хэрэг гэж үзсэн. Автомашиныг эхлээд эзэмшигчид өгч, мөнгөө гүйцэд шилжүүлээгүй байхад нэрийг нь шилжүүлэх ёстой гэж шүүх дүгнэсэн. Гэтэл иргэд хоорондын тохиролцоогоор мөнгөө бүрэн төлсний дараа нэр шилжүүлэх асуудал яригдсан байсан. Анх автомашиныг Ц.Д-ын эзэмшилд шилжүүлж, Ц.Д унаж байсан ч мөнгөө бүрэн өгөөгүй тул буцааж авсан. Түүнээс анхнаасаа автомашиныг өгөлгүйгээр, өгсөн мөнгийг нь өөр зүйлд зарцуулж, хуурч мэхэлж байсан зүйл байхгүй. Орон сууцны засвартай холбоотой асуудлыг үл ойшоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байх тул шүүгдэгчийн зүгээс хохирогчийг төөрөгдүүлж, хуурч мэхэлсэн үйлдэл байхгүй. ...” гэв.
Хохирогч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нь автомашины засварыг хийлгэж, 10,000,000 төгрөгийг бэлнээр өгнө гэж тохиролцсон гэж байна. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Х “Автомашинаа нэр дээр нь шилжүүлж өгье” гэхээр нь очсон. Надаас автомашинаа авахдаа “Торгууль, татварын зардалд 500,000 төгрөг гарна” гээд өөрийнхөө данс руу 500,000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс хойш 2022 оны 05 дугаар сард бусдад зарсан гэж хэлсэн. Тухайн үед автомашинаа зарсан хэрнээ надад нэг ч төгрөг өгөөгүй. Шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргахгүй гэсэн хэрнээ өнөөдрийг хүртэл мөнгө буцааж өгөөгүй. ...” гэв.
Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо 10,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахаар тохиролцсон. Хохирогчийн зүгээс 8,050,000 төгрөгийг төлсөн боловч шүүгдэгч нь тээврийн хэрэгслээ хохирогчид өгөөгүй, бусдад худалдсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь өөрийн дүү Ц.Д-д тээврийн хэрэгслээ 11,000,000 төгрөгөөр худалдаж, бусдад худалдсан гэдгээ дүүдээ хэлээгүй байдаг. Тиймээс шүүгдэгчийн гомдолд дурдагдсан 16,000,000-17,000,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл гэдэг нь тогтоогдсон зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар хохирогчид учруулсан 8,050,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Тухайн тээврийн хэрэгслийг “Нэр дээр чинь шилжүүлж өгье, тээврийн хэрэгслээ аваад ир, нэрийг шилжүүлэхээр өөр хүнд өгч явуулъя” гэж хэлээд авчруулан бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон. Анх тохиролцсон гэрээгээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байж болох ч явцдаа тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдаж, хохирогчоос авсан мөнгөө төлөхгүй гэсэн санаа зорилго үүсч, өнөөдрийг хүртэл төлөөгүй нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Х нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Ц.Дд “00-00” 000 улсын дугаартай “Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 8,050,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Д-ын: “...Ц.Х /шүүгдэгч/ над руу 2021.10.12-ны өдөр залгаад 4 сая төгрөг зээлэх үү байрандаа засвар хийх гэж байгаа юм аа, би машинаа зарчихаад чиний 4 сая төгрөгийг хүүтэй нь хамт буцааж өгье гэсэн. ...Би Ц.Хгийн машиныг үзэхэд гэрчилгээ нь Голомт банкны нэр дээр байсан. ...Ц.Х-гоос асуухад, зээлээр авсан болохоор банкны нэр дээр байгаа юм аа гэхдээ зээлээ төлөөд дуусгасан нэр шилжүүлж амжаагүй байгаа юм аа гэж надад тайлбарлаж байсан. Би тухайн үед машиныг Ц.Х-гоос 10 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцчихоод нэрээ одоо шилжүүлээд өг гэж хэлсэн чинь Ц.Х жилийн эцэс болж байна, шинэ ажилд тайлан гаргах ажилтай байгаа амжихгүй байна гэж хэлсэн. Ц.Х нь байрандаа засварын ажпаа хийж дуусгачихаад машинаа өгье, харин би Ц.Х-д засвар хийх 4 сая төгрөгийг өгөөд байрандаа орсон хойно нь машинаа авахаар тохирсон. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би нэг найзаасаа 4 сая төгрөг зээлж аваад өөрийнхөө Хаан банкинд эзэмшдэг 00000000 тоот данснаас Ц.Х-гийн Хаан банкинд эзэмшдэг 00000000 тоот данс руу 2 сая төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж нийт 4 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Ц.Х нь тухайн 4 сая төгрөгийг хүлээж аваад хэлсэн ёсоороо байрандаа засварын ажлаа хийж дуусгаад байрандаа орсны дараагаар би машинаа авах ёстой байсан. Ц.Х засварын ажилд мөнгө дутаад байна гэхээр нь түүний данс руу 300.000 төгрөг шилжүүлж байсан, мөн дараагаар нь засварын ажил хийсэн хүнд 00000000 тоот данс руу нь би өөрийн данснаас 450 000 төгрөг шилжүүлж өгч байсан. Тэрний дараагаар би 2021 оны 12 дугаар сарын эхээр Ц.Х-гоос 00-00 000 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй “Приус-30” маркийн машиныг очиж авсан. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Х нь ээжийн бие муу байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би түүний данс руу өөрийн данснаас 1.800.000 төгрөг шилжүүлэн өгч байсан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ц.Х нь мөнгө хэрэгтэй байна аа, үлдэгдэл мөнгөө авъя машины нэр шилжүүлж өгье гэж над руу өөрөө холбогдсон. Тухайн үед би Ц.Х-д машины үлдэгдэл 3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Ингээд Ц.Х-той чатаар холбогдож маргааш нь 500.000 төгрөгийг нь өгье, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг машинаа би өөрөө банк бус дээр барьцаанд тавьж зээл аваад танд өгье гэж хэлээд тохирсон юм. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Х залгаад машинаа аваад ир, нэр шилжүүлж өгье гэсэн. Ц.Х өөрөө машин барьж чаддаггүй болохоороо төрсөн дүүгээ явуулъя овог нэгтэй болохоор нотариат дээр итгэмжлэл хийгээд өгөх байх гэсэн. Ц.Х өөрөө хуралтай байна, доор жижүүр дээр түлхүүр үлдээчих гэсэн. Тэгээд би машинаа гадаа нь үлдээгээд жижүүрт нь түлхүүр үлдээгээд тэндээс явсан. Тэр өдрөө 14, 15 цагийн үед би Ц.Х-той эргэж холбогдоод за нэр шилжүүлсэн үү гэхэд Отгоо ирчихсэн миний машин гээд дүүгээс бичиг баримтыг булаагаад авчихсан байна гэсэн. Отгоо гэж хэн юм бэ гэхэд салсан нөхөр нь гэсэн. Ц.Х над руу залгаж уурлаад мөнгийг чинь буцаагаад өгчихнө үхлээ юу гэсэн. Би машинд чинь гэрэл, өвлийн дугуй, баттерей, мотор, хропны тосыг нийтдээ 1.500.000 орчим төгрөгөөр солиулсан. Нэмж өгөөрэй гэж хэлсэн. Би Ц.Х-д дансаар нийтдээ 8.050.000 төгрөг шилжүүлж өгсөн. Ц.Х-той машин худалдах талаар гэрээ хийгээгүй. ...” /1хх 44-45, 47/,
гэрч Ц.Д-ын: “...Ц.Х нь миний төрсөн эгч байгаа юм. Би тухайн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн эгч Ц.Х-гоос 4.500.000 төгрөгийн өөрийн данснаас шилжүүлэн өгсөн ба намайг тухайн тээврийн хэрэгслийг авах үед 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Х нь банкнаас зээл нь дууссан байсан учир миний нэр дээр шилжүүлээд би 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Нэткапитал” ББСБ-д 9.000.000 төгрөгийн барьцаанд тавиад тухайн 9.000.000 төгрөг нь “Нэткапитал” ББСБ-ын данснаас эгч Ц.Х-гийн дансанд орсон. Би эгч Ц.Х-г 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан болон буцаан авсан талаар огт мэдэхгүй. ...” /1хх 75-77/,
шүүгдэгч Ц.Х-гийн: “...10 сая төгрөг өгөөд дээр нь энэ байрыг янзалж өгвөл болно гэсэн юм. Түүнээс нь Ц.Д 1 өрөө байранд 7.600.000 төгрөгийн засвар хийж бүрэн дууссан. Тэгээд би Ц.Д-с үлдэгдэл 10.000.000 төгрөгөө авах гэхэд 2.500.000 төгрөг нэмж өгнө, тэгээд машинаа авна гэсэн. ...тэгээд бид үнэ дээр тохиролцоогүй учир машинаа шилжүүлээгүй. ...би Ц.Д-с авсан 7.600.000 төгрөгөөс буцааж өгөөгүй байгаа. ...” гэх мэдүүлгүүд /1хх 98-99/,
хохирогч Ц.Дорждагвын 00000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 19-23/, хохирогч шүүгдэгч нарын цахим сүлжээгээр харьцсан зурвасууд /1хх 26-40/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Ц.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-г “Үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгйг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Ц.Х “...оногдуулсан ялыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгч Ц.Х-гийн “хохирогч Ц.Д-д “00-00” 000 улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зарна” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Ц.Д-ыг төөрөгдөлд оруулж итгүүлэн хуурч, нийт 8,050,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж ....урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
Хэрэгт авагдсан хохирогчийн мөнгө хийсэн дансны хуулга, мөнгөний шилжилт хөдөлгөөнийг харуулж байгаа дансны хуулга /хх 19-23 /, гэрч Ц.Д-ын /1хх 44-45/, хохирогч Ц.Д /хх 44-45/ нарын мэдүүлгүүд, Ц.Х-гийн хохирогчийн мөнгийг өөрөө захиран зарцуулсан зэрэг нь хохирогчийг төөрөгдөлд оруулсан бодитой биш, зохиомол байдал байсан болох нь нотлогдсон байна.
Уг хэргийг Улсын Дээд шүүх 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэж “...яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд хохирлын мөнгөн дүн зөрүүтэй байхад анхан, давах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүйгээр яллах дүгнэлтэд тусгаагүй мөнгөн дүнг шинээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1хх 227-231/
Яллагдагчаар татсан тогтоол /1хх 85-87/, яллах дүгнэлт /1хх 102-104/ зэргээс үзэхэд 2021.10.13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.10.13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.11.21-ний өдөр 300,000 төгрөг, 2021.12.10-ны өдөр 1,800,000 төгрөг, 2022.03.15-ны өдөр 500,000 төгрөг нийт хохирлыг 8,050,000 гэж дүгнэхдээ 2021.11.27-ны өдрийн 450,000 төгрөг, 2022.02.26-ны өдрийн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн дүнг бичилгүй орхигдуулсан хэдий ч анхан шатны шүүх тодорхойлох хэсэгт /2хх 44/ хохирогчоос шүүгдэгч рүү шилжүүлсэн мөнгөн дүн, он сар, өдрийг зөв тогтоож хохирлын нийт хэмжээг 8,050,000 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.
Иймд Ц.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ЗШ/2911 дугаартай “хүсэлтийг хангаж, давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг сэргээх тухай” шүүгчийн захирамжид шүүхийн тамга дарагдаагүй хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн алдаа зөрчил гаргасан байна.
Мөн яллах дүгнэлтэд хохирогч нь 2022.10.13-ны өдөр шүүгдэгч рүү 2,000,000 шилжүүлээгүй байхад оныг буруу бичсэн /зүй нь 2021.10.13/, хохирлын хэмжээг бүрэн тогтоох зэрэг яллах дүгнэлтэд тусгавал зохих бүхий л нөхцөл байдлуудыг нягт нямбай сайтар хянаж ажиллахыг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1099 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ