Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч О.Тэгшжаргал,

шүүгдэгч Г.А/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Ш овогт Н.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б овогт Г.Ат тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706013780008 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш овогт Н.Ж, 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй,  Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28-305в  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:АР89080517/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Г.А, 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд  төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Шинэ буудал1-н 1464 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:СИ82020815/,

Шүүгдэгч Н.Ж нь Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагчаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31-61 УНС улсын дугаартай “Тоёота клүгэр” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.А маргалдан улмаар түүнийг саатуулах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч Г.А нь 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31-61 УНC улсын дугаартай “Тоёота клүгэр” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Н.Ж ийг албаны зохих шаардлага тавихад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүл хийж байхалд 31-61 УНС дугаартай цагаан өнгийн машин урсгал сөрөөд гараад явахаар нь араас нь очоод тандагч багажаар үлээлгээд, машиных нь хойш нь суулгаад ахлахдаа хүлээлгэж өгсөн. Тэгээд байж байтал А намайг хажуу талаас цохиод авсан, дараа нь ах нь буруу зүйл хийжээ гэснээ дахиад машинаасаа данхраад аваад дахиад цохих гэхээр нь би зугтсан чинь хөлд оносон. Ингээд хэв журмын цагдаа ирээд аваад явсан. Хэрэг болох үед хажууд нилээн олон хүн байсан” гэв.

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Н.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 22-ны 03-04 цагийн хооронд БЗД-ийн 2-р хороо Сансарын эвтэй дөрвөн амьтаны тойрог дээр цагдаагийн ахлагч Мөнхжаргалын хамт үүрэг гүйцэтгэж байхад 3161 УНС улсын дугаартай “Тоёота клүгэр” маркийн автомашины согтуу жолооч Г.А гэгчийг саатуулан шалгахад 2,40 хувийн согтолттой байсан тэгээд саатуулан шалгаж байх хугацаанд Г.А нь миний нүүрэн тус газарлуу зүүн гараараа цохьсон тэгэхээр нь ахлагч Мөнхжаргалын хамт тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож өчихөд одоо болье гэж хэлсэн тэгээд тавьсан чинь машиныхаа араас домкрат гаргаж ирэн миний хөл рүү шидэж танхайрсан тэгээд Г.А Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажилласан.” гэх мэдүүлэг. /хх-07/,

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би юу болж байгаа юм бол гээд машинаасаа буутал цагдаа Ж машинаас бууж ирээд намайг драгер үлээ гэсэн. Би архи уусан байсан учраас үлээхгүй гээд үлээгээгүй. Гэтэл цагдаа Ж таныг шалгана гээд миний машины ар талд найз Баасанхүү бид хоёрыг суулгаад өөрөө машин жолоодож Баянзүрх дүүргийн Эвтэй 4 амьтан хөшөөтэй аюулгүйн тойрог дээр очиход махлаг өндөр цагдаагийн албан хаагч машинуудыг зогсоож шалгаж байсан. Цагдаа Ж аюулгүйн тойрог дээр байсан махлаг өндөр цагдаагийн албан хаагчид намайг драгер үлээхгүй байгаа талаар хэлэхэд махлаг өндөр цагдаагийн албан хаагч цагдаагийн алаг дохиураа миний эрүү рүү тулгаад үлээ гээд байсан. Би үлээхгүй гээд бид нар хоорондоо маргалдсан. Тэгээд махлаг өндөр цагдаа миний хоёр гарыг ард бариад хүзүүг доош нь дараад байсан. Энэ үед цагдаа Ж миний баруун талын хавирга руу 2,3 удаа өшиглөсөн бөгөөд би газар унаж, миний хувцас хунар шавар шавхай болсон. Цагдаа нар миний толгой дээр хөлөөрөө гишгиж байгаад 2 гарыг ар нуруунд гавлаж, цагдаагийн алаг тэрэгтэй цагдаа гарт өгч явуулсан. Уг цагдаагийн албан хаагч нар намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгч, эрүүлжүүлсэн .” гэх мэдүүлэг. /хх-105/,

Гэрч Ц.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийн жолооч  нарыг тандалтын багажаар шалгаж байтал цагдаа зохицуулагч Ж цохиулаад газар унах шиг болсон. Би эргэж хартал Ж босч ирээд нөгөө цохисон залуугийнхаа гарыг ар нуруунд нь өчих гэтэл хүчрэхгүй, уг согтуу залуу Ж хувцаснаас зууралдаад тэр 2 газар унасан. Би тэр 2 дээр очоод Ж салгаж босгоод нөгөө Жигдийванчигийг цохисон согтуу залуугийн 2 мөрөн дээр гараараа дарж, газар суулгасан. Энэ үед Ж 102-т дуудлага өгсөн. Бид нар эргүүлийн цагдааг хүлээх үедээ тухайн залууг тайвширчихсан болов уу гээд босготол та нарыг ална гээд агсраад машиныхаа араас данхраад аваад Ж руу шидэж, хөлийг нь цохисон...” гэх мэдүүлэг. /хх-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №10721 дугаартай дүгнэлт:

  1. Н.Жийн биед зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт. /хх-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №10830 дугаартай дүгнэлт:

  1. Г.Анхбаярын биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, шуу, баруун нүдний зовхи, баруун зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, уруулын салстад язрал, цус хуралт, зүүн дээд 2-р шүд, доод зүүн 3-р шүдний сулрал, гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-14/,

Хохирогч Н.Ж ийн мэдүүлэг /хх-4-8/, хохирогч Г.А мэдүүлэг /хх-103-106/, гэрч Ц.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-36-37/, гэрч Ж.Алтанхуягийн мэдүүлэг /хх-38-39/, гэрч Г.Баасанхүүгийн мэдүүлэг /хх-120/, шинжээчийн ¹10830 дугаартай дүгнэлт /хх-14/, шинжээчийн ¹10721 дугаартай дүгнэлт /хх12/, яллагдагч Н.Жийн мэдүүлэг /хх121-123/, яллагдагч Г.А мэдүүлэг /хх127-129/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судав.

Прокуророос шүүгдэгч Н.Ж ийг 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31-61 УНС улсын дугаартай “Тоёота клүгэр” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Анхбаяртай маргалдан улмаар түүнийг саатуулах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь: шүүгдэгч Н.Ж нь шүүгдэгч Г.А гаргаж буй зохисгүй зан харьцаа, хоорондын биеийн хэмжээний байдал /шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Н.Жигдийванчигаас том биетэй/ зэргийг харгалзан Хууль зүйн сайдын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Цагдаагийн байгууллага, албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааварт заасан цагдаагийн албан хаагч нь өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, бие даан биеийн хүч хэрэглэх шийдвэр гаргана гэсний дагуу тухайн үед өөрийн ойлгож үнэлсэн хүчин зүйлс, тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүчийг хэрэглэн шүүгдэгч Г.А эсэргүүцэлийг зогсоосон үйлдэл нь түүний биед хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт хэргийн шинжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй гэж үзэж шүүгдэгч Н.Ж үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Харин шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Ань 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 31-61 УНС улсын дугаартай “Тоёота клүгэр” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Н.Жийг албаны зохих шаардлага тавихад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Н.Ж ийн: “...3161 УНС улсын дугаартай “Тоёота клүгэр” маркийн автомашины согтуу жолооч Г.А гэгчийг саатуулан шалгахад 2,40 хувийн согтолттой байсан тэгээд саатуулан шалгаж байх хугацаанд Г.А нь миний нүүрэн тус газар луу зүүн гараараа цохьсон тэгэхээр нь ахлагч Мөнхжаргалын хамт тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож өчихөд одоо болье гэж хэлсэн тэгээд тавьсан чинь машиныхаа араас домкрат гаргаж ирэн миний хөл рүү шидэж танхайрсан...” гэх мэдүүлэг.

Гэрч Ц.Мөнхжаргалын: “...цагдаа зохицуулагч Ж цохиулаад газар унах шиг болсон. Би эргэж хартал Ж босч ирээд нөгөө цохисон залуугийнхаа гарыг ар нуруунд нь өчих гэтэл хүчрэхгүй, уг согтуу залуу Ж хувцаснаас зууралдаад тэр 2 газар унасан. Би тэр 2 дээр очоод Ж салгаж босгоод нөгөө Ж цохисон согтуу залуугийн 2 мөрөн дээр гараараа дарж, газар суулгасан. Энэ үед Ж 102-т дуудлага өгсөн. Бид нар эргүүлийн цагдааг хүлээх үедээ тухайн залууг тайвширчихсан болов уу гээд босготол та нарыг ална гээд агсраад машиныхаа араас данхраад аваад Ж руу шидэж, хөлийг нь цохисон...” гэх мэдүүлэг.

Гэрч Г.Баасанхүүгийн: “...Анхбаярыг багажаар согтуу эсэхийг нь шалгана гээд үлээлгэх гэтэл Анхбаяр түүнийг нь үлээхгүй гэж үүнээс болж маргаан болж махлаг биетэй цагдаа гартаа барьж байсан цагдаагийн алаг модоороо эрүүнд нь тулгаад үлээ гэх шиг болж маргалдсан тэгээд тэр бүдүүн цагдаа 2 гарыг нь ард нь бариад толгойг нь доош дарахад түүний хамт явсан туранхай биетэй цагдаа нь Анхбаярыг хэд хэдэн удаа өшиглөсөн ингэж өшиглөхдөө түүний баруун хавирга орчимд нь өшиглөсөн ингэж өшиглөхөд Анхбаяр газар унасан. Түүнийг газар унасан байхад нь туранхай цагдаа нь толгой дээр нь хөлөөрөө гишгээд 2 гарыг нь ард нь мушгиж барьсан....” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүнгэлт үйлдэж хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,

-хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Н.Ж нь согтуурал тандагч багаж, цагдаагийн дохиур мод зэргийг шүүгдэгч Г.А эвдэж хохирол учруулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба дээрх эд зүйлсийн үнэлгээ болон холбогдох хуульд заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэм буруутай этгээдээс үнийг гаргуулах боломжгүй байна.

Харин Н.Ж нь өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримт болон уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /Г.А иргэний  журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч Г.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан үйлдсэн гэмт хэрэг тус бүрт торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмт нэгтгэн, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Н.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний цагаатгасугай.

2. Б овогт Г.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,

-хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А г 2.700 нэгж буюу 2.700*1.000=2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г 450 нэгж буюу 450*1.000=450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Г.А нийт эдлэх торгох ялыг 3.150 нэгж буюу 3.150*1.000=3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.А, Н.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Ж бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Н.Ж нь өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлын талаарх нотлох баримт болон уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /Г.А/ иргэний  журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ж, Г.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР