Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

2025/ДШМ/13

 

 

        

Б.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Т

Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Б

Яллагдагч: Б.Ц

            Нарийн бичгийн дарга: Г.Г нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжтай яллагдагч Б.Цд холбогдох 2712000000271 дугаартай эрүүгийн хэрэгт прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-нд А аймгийн Ө суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Ө сумын Д багийн Ц гэх газар оршин суух, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 17- ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А овгийн Бын Ц, РД:00000000000/.

 

Яллагдагч Б.Ц нь 2024 оны 04 дүгээр сард А аймгийн Ө сумын Т багийн Шт гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны байдсыг А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт байх өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасанчлан “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байж, тус 1 тооны байдсыг шунахайн сэдлээр, А аймгийн Х сумын иргэн В.Э гэгчид төлөх ёстой байсан нэг “Портер” машин “хар мод”-ны төлбөртөө 700.000 төгрөгөөр бодон арилжиж, өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулснаар хохирогч С.Бт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Б.Цд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Бын Цд холбогдох эрүүгийн 2412000000271 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүх ... В.Э нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэх талаар прокурор дүгнэлт хийгээгүй, шүүхэд хэргийг ирүүлсэн байх тул яллагдагч Б.Цд холбогдох хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийсэн. Яллагдагч Б.Цд холбогдох хэрэгт гэрч В.Эаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж мэдүүлэг авахад “... 3 тооны адуугаа Ө сумын Д багаас олж авахад 3 тооны адуутай маань хонгор зүстэй, зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай байдас нийлсэн байсан. ... Тэгээд 2024 оны 9 дүгээр сард Ц гэх хүнд өөрийн эзэмшлийн нэг үрээний хамт тус бүр 700.000 төгрөгөөр зарсан” гэж мэдүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Эын худалдсан хонгор зүсмийн байдас нь хохирогч С.Бын өмчлөлийнх болох нь тогтоогдсон, хохирогч нь Улаанбаатар хот Эмээлт зах дээр өөрийнхөө адууг таньсан тул В.Эыг уг гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мэдүүлэг авахад тэрээр "... өөрийн хашаанаас 1 Портер модыг Б.Цд худалдан борлуулж, өртөгт нь бага насны адуу өгөхөөр аман тохироо хийсэн. ... 2024 оны 5 сарын эхээр Ц нэг тооны хонгор шүдлэн байдас авчирч ирээд манай хашаанд уячихлаа гэж утсаар ярьсан. ... өөрийн адуун сүрэгт холбож ижилсүүлээд өөрийн шүдлэн үрээний хамт ченжид зарсан. ... Тэгсэн зарсан ченж над руу залгаад зарсан хонгор байдасны эзэн Эмээлт дээр таниад байна гэсэн. ... Би Цд чамаас авсан адууг эзэн нь таниад байна яах вэ гэхэд Ц “миний хөгшин манай адуунд хавар нийлж ирсэн гээд хэлчих” гэхээр нь өмнө нь энэ байдлаар мэдүүлэг өгсөн” гэж тус тус мэдүүлсэн байна. В.Эын мэдүүлгийг үндэслэн Б.Цг “хохирогч С.Бын 1 тооны хонгор зүсмийн байдсыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр В.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Цд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Гэрч В.Эаас дээрх байдлаар гэрчээр мэдүүлэг авахдаа мөрдөгч ‘Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” үйлдсэн ба түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлажээ. Ингэж тайлбарлаж гэрчээр мэдүүлэг авахдаа худлаа мэдүүлбэл ямар хуульд заасан, ямар хариуцлага түүнд хүлээлгэх талаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэх талаар сануулаагүй байна. Иймд В.Эын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй юм. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу В.Эаас гэрчээр мэдүүлэг авахдаа худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлага, эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэрэг болох талаар сануулаагүй байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Прокуророос яллагдагч Б.Цд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад, В.Э гэдэг хүний гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийг прокуророос буруутгаж буй гэмт хэрэг, яллаж буй хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ба энэ нь шүүхийн хөндлөнгийн байх, мэтгэлцэх зарчмын илрэл болдог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хавтаст хэргийн хүрээнд бус хамааралгүй асуудлаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38,1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

 

            Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан зохицуулалт зөрчигдсөн гэж үзэж байна. Хууль зүйн хувьд Эыг яллагдагчаар татах боломжгүй болсон байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 127 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Өнөөдөр хэргийн материалтай танилцсан. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзсэн. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 127 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт 2 өгүүлбэр байгаа. Нэгдүгээрт нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, баталгаа гаргуулах гэсэн дээр хууль сануулан баталгаа аваагүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.2-т заасныг зөрчсөн байсан. Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлолт хэсэгт Эыг яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Э гэрч байсан ч, яллагдагч байсан ч үнэн ярих ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй гэсэн нь үндэслэлгүй. Ийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэж байна ... гэв.

 

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Цг 2024 оны 04 дүгээр сард А аймгийн Ө сумын Тоглох багийн Шаварт гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны байдсыг А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт байх өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасанчлан “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байж, тус 1 тооны байдсыг шунахайн сэдлээр, А аймгийн Х сумын иргэн В.Э гэгчид төлөх ёстой байсан нэг “Портер” машин “хар мод”-ны төлбөртөө 700.000 төгрөгөөр бодон арилжиж, өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулснаар хохирогч С.Бт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж,  Б.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэж хуульчилжээ. 

 

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.Цд холбогдсон хэсгийг дурдсан байх тул шүүх зөвхөн Б.Цгийн хувьд л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

 

             Яллах дүгнэлтэд дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй тул В.Эыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

              Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Цд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

               Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус  заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Анхан шатны шүүхэд хэрэг очтол яллагдагч Б.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Т.ГАНЧИМЭГ