Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/286

 

 

 

 

         2025           03                   06                                  2025/ДШМ/286

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Х.Даваахүү, Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2403000000840 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

 

Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Исгэрээ гарден”-ы баруун талын замд “Toyota prius” загварын ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гөөс 4.290.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-ад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас оролцсон. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоодог хамгийн чухал нотлох баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургууд байтал энэ хэрэгт анхны хэргийн газрын үзлэгийг хийхдээ талуудыг оролцуулаагүй. Прокурор онлайнаар оролцуулж мөргөсөн цэгийг заалгасан гэж тайлбарладаг ч сүүлд оролцуулаагүй болох нь тогтоогддог. Үүнээс гадна шүүх хуралдаанд хохирогч өөрөө мөргөгдсөн цэгээ зааж фото зургаар гаргаж өгсөн тул энэ асуудлыг зөрүүтэй гэж харж байна. Мөн хохирогчийн авсан гэмтэл автомашинд мөргөгдсөнөөс болсон уу, эсхүл өндөр далан руу унахдаа цохигдож авсан уу гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, дээрх хоёр ажиллагааг хийх шаардлагатай гэсэн шүүгчийн захирамж гарсан. Хэргийн газрын нөхөн үзлэгийг дахин хийхэд хохирогч “Замын хөвөөн дээр мөргөгдсөн” гэж замын зорчих хэсэг дээр заасан байдаг. Тиймээс мөргөгдсөн цэгийг үнэн зөв тогтоохгүй бол хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй. Б.Г-гийн хувьд “Би огт мөргөөгүй, энэ хүн миний урдуур гүйж орж ирээд цааш унасан, би иргэний үүргээ биелүүлж эмнэлэгт хүргэж өгсөн” гэж мэдүүлдэг. Эдгээр байдлуудаас үзэхэд анхны болон сүүлийн хэргийн газрын үзлэг, хохирогчийн гаргаж өгсөн фото зургийн үзүүлэлтийн алинаар ч тээврийн хэрэгсэлд хохирогч мөргөгдсөн гэх А цэг үнэн зөв тогтоогдоогүй, зөрүүтэй байна. Хаана мөргөгдсөнийг нь тогтоогоогүй учраас хэргийг шийдвэрлэх боломж байхгүй. Гэмтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч, анхан шатны шүүх хуралдаанд маргаан гарсан учраас шинжээчийн дүгнэлтийг дахин нэмэлтээр гаргуулах шаардлагатай гэсэн шүүгчийн захирамж гарсан. Гэтэл дахин дүгнэлт гаргалгүй, дүгнэлт гаргасан шинжээчийг байцаасан. Шинжээч “Энэ гэмтлийг унах, юманд цохигдох алинаас авсныг тогтоох боломжгүй байна” гэж мэдүүлсэн. Эдгээрээс үзэхэд гэм буруутай үйлдэл хийж, хохирол учруулсан нь  шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит байдалд нийцсэнээр тогтоогдоогүй. Хохирогч “Намайг мөргөсөн, мөргөнгүүт нь би гараараа тээврийн хэрэгслийн урд копуд дээр дарсан, тийм учраас тээврийн хэрэгслийн хонхорхой миний үйлдлээс болж үүссэн” гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр “Энэ хонхорхой осол болох үед үүсээгүй, ослын өмнөх хуучин эвдрэл байна” гэж тогтоогдсон. Мөн баруун  талаараа мөргөсөн гэдэг бол эвдрэл нь зүүн талд үүссэн. Энэ мэтчилэн гаргаж өгсөн фото зургууд нь хохирогчийн өөрийн гараараа бичиж өгсөн тайлбар дахь цэгээс зөрүүтэй, худал болох нь тогтоогдсон тул миний  хувьд Б.Г-г осол гаргаагүй, харин иргэний үүргээ биелүүлж эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж харж байна. Иймд Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж байна. Учир нь, тээврийн хэрэгсэл, явган зорчигч хоёр анх ямар цэг дээр мөргөлдсөн гэдэг нь зам тээврийн ослын гол нотлох баримт болох ёстой. Гэтэл шийтгэх тогтоолд “явган зорчигч зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийг өнгөрөөж, хүлээгээд гарах ёстой” гээд хохирогчийг буруутгасан заалт, мөн “явган зорчигч аль хэдийн зам хөндлөн гараад тээврийн хэрэгслийн өөдөөс чиглэлтэй урсгалаар алхаж байсан” гэсэн хоёр өөр логик бүхий дүгнэлтийг хийсэн. Миний үйлчлүүлэгч анхнаасаа мэдүүлэг, тайлбар өгөхдөө “Би явган зорчигчийг огт  мөргөөгүй, миний урдуур гүйхэд би тоормос гишгэсэн, тэр хүн амжиж гүйх гээд замын цаад руу орсон, үүнээсээ болж гэмтэл авсан. Хүн унаж гэмтсэн учраас би эмнэлэгт хүргэж өгсөн гэдэг. Тиймээс шүүх хэргийн газрын нөхөн үзлэгийг хийлгэхээр 60 хоногийн хугацаа өгч, хэрэгт дахин ажиллагаа явуулсан. Анхны шүүх хуралдаанд хохирогч “Би  замын хөвөөгөөр явж байсан” гэдэг бол сүүлд хийсэн хэргийн газрын үзлэгээр “Замын голд мөргөгдсөн” гэж мэдүүлсэн. Мөн гэмтлийн зэргээр тухайн гэмтлүүдийг осол болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж байгаа боловч шинжээч эмчээс хөтөлж асуусан. “Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байхад баруун талаар мөргөгдөж аль хөл дээрээсээ хүч авснаас хамаарч зүүн хөлийн дээд талын бондгор толгойн хэсгээрээ хугарах боломжтой” гэж шинжээчийн дүгнэлттэй уялдуулж мэдүүлэг өгсөн. Магадлагаа гаргасан мөрдөгчөөс байцаалт авахдаа мөн л дүгнэлттэй уялдуулж асуулт асууж, мэдүүлэг авсан. Явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёрын мөргөлдсөн цэгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдол үндэслэлгүй. Өмгөөлөгч Х.Даваахүү хэргийн газарт, хэрэг болох үед байсан юм шиг байдлаар үйлчлүүлэгчийнхээ худал ярианд автсан зүйлийг ярьж байна. Ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн шалтгаан нь мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй явагдаж, анхны хэргийн газрын үзлэгийг буруу хийснээс болсон. Өмгөөлөгч Х.Даваахүү хохирогч, холбогдогч нарыг хоёуланг нь оролцуулахгүйгээр хэргийн газрын үзлэгийг хийсэн гэдэг. Гэтэл цагдаагийн байгууллагынхан ямар нэг байдлаар заалгаж үзлэг хийсэн байж таарах учир жолооч болох шүүгдэгч нь анхнаасаа хэргийг их будлиантуулах гэж  үзсэн. Тодруулбал, анх манай үйлчлүүлэгчийг “Та зам дээр унасан гээд хэлээрэй” гэж зааж өгсөн байсан. Хүнд гэмтэл авч, биеийн байдал нь хэцүү байсан хүнийг шууд автомашиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Гэтэл осол гаргасан жолооч тээврийн хэрэгслийг зогсоож, цагдаа, эмнэлэг дуудах ёстой байтал энэ бүгдийг огт биелүүлээгүй. Мөрдөгч, замын цагдаагийн газрын ажилтнууд хэргийн газрын үзлэгийг маш хайхрамжгүй хийж, хохирогчийн зааснаар хийлгүй анхны үзлэгийг буруу хийсэн. Тэр үед хохирогч эмнэлэгт хэвтсэн биеийн байдал нь маш хүнд байсан тул цахимаар мөргүүлсэн газраа зааж өгөх боломж байгаагүй. Тиймээс энэ бүхэн бүгд худал болох нь нотлогдсон. Анхны хэргийн газрын үзлэгийг жолоочоор заалгаж хийлгэсэн гэдгээ тэмдэглэлдээ тусгаагүй нь цагдаагийн ажилтнуудын хариуцлагагүй ажилласныг харуулах тул бид шүүхэд асуудлыг тавьж, хэргийг буцаалгасан. Шүүгч захирамжаараа тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн хуучин эсэх нь тодорхойгүй, шинжээчээс мэдүүлэг авах, тээврийн хэрэгслийн гэрэл зураг авагдсан эсэхийг тодруулах  зэрэг ажиллагааг хийлгэхээр буцааснаас биш өмгөөлөгч Х.Даваахүүгийн хэлсэн шиг байдлыг дурдаж хэргийг буцаагаагүй. Тиймээс өмгөөлөгч нар энэ талаар зөв тайлбарлах хэрэгтэй. Хохирогчийн хувьд буруутай жолоочийг тогтоолгож, амьд үлдсэндээ баярлаж байгаа. Хохирогч нь зам хөндлөн гараад замын хөвөөгөөр өөрийнхөө ажлын байр руу явж байсан. Гэтэл тээврийн хэрэгсэл замаасаа гарч замын хөвөөгөөр явж байсан хохирогчийг дайрсан. Нөхөн үзлэгийн гэрэл зурагт А цэгийг зөв тогтоосон. Хохирогч гэр оронгүй, ядруухан амьдралтай, манаач хийж голын захад амьдардаг, хөдөөний хүн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн газрын үзлэгийг осол болсноос 2 хоногийн дараа хийсэн. Тухайн үед хохирогч эмнэлэгт байсан тул холбогдогчоор заалгуулан А цэгийг тогтоосон. Хэрэг хянагдаж шүүхэд шилжихэд шүүхээс 60 хоногоор хойшлуулж, дахин хэргийн газрын үзлэг хийхэд хохирогчоор заалгасан. Хэргийн газрын үзлэгээр зам ямар нэгэн ул мөргүй, хохирогч, шүүгдэгч нар өөр өөрсдийнхөө цэгийг заадаг. Энэ мэтгэлцээний үндсэн дээр анх мөргөгдсөн гэх А цэгийг үндэслэлтэй гэж үзсэн. Замын хөвөөн дээр мөргөгдсөн гэх асуудал тогтоогдоогүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг мөргөхөд үүссэн гэдгийг шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Бадрахын мэдүүлгээр тогтоосон. Унах болон цохигдох алинд ч үүсэх боломжтой хэдий ч хохирогчийн хувьд баруун талаасаа мөргөгдөж, тулгуур авсан хөлдөө ачаалал үүсгэж гэмтэх боломжтой гэдгийг шинжээч шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан. Осол болох гол шалтгаан нөхцөлийн тухайд, жолооч Б.Г- бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан, шөнө оройн цагаар учир гэрлийн тохиргоо алдагдсан, мөн зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлээр буруудсан. Хохирогчийн хувьд гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэж буруутгасан нь үндэслэлтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж шийдвэрээ гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

Прокуророос Б.Г-г 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Исгэрээ гарден”-ы баруун талын замд “Toyota prius” загварын ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.3-т заасныг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.М-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, схем зурагт хохирогч Д.М-аар заалгуулан машинд анх мөргүүлсэн гэх цэгийг /А үсгээр тэмдэглэсэн/ авто замын зорчих хэсэгт тэмдэглэсэн /хх 4-8/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар хэрэгт тодорхой ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж /хх 123-127/, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар нөхөн үзлэг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, схем зурагт анх осол болж мөргүүлсэн гэх газрыг /А үсгээр тэмдэглэсэн/ замын хөвөө хэсэгт тэмдэглэсэн /хх 145-147/ байх ба осол гарахад хэний буруутай үйл ажиллагааг тогтоохтой холбогдуулан мөрдөгчийн магадлагаа /хх 57/ гаргажээ.

Анхан шатны шүүх хоорондоо харилцан зөрүүтэй дээрх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагт мөрдөгчийн магадлагаа зэргийг дурдаад аль нэгийг нь үндэслэл болгохдоо бусдыг нь хэрхэн үгүйсгэсэн тухай огт заалгүйгээр 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, мөрдөгчийн магадлагааг үндэслэлтэй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэргийн материалыг хянан үзэхэд, хохирогч Д.М-ыг зам тээврийн осолд өртсөн талаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан /хх 3/-аар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр осол, хэргийн газарт үзлэг хийж, /оролцогчдыг оролцуулаагүй/ 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1419 дүгээр мөрдөгчийн магадлагаа гаргажээ. /хх 57/

 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийхдээ хохирогчоор мөргөгдсөн гэх цэгийг заалган тэмдэглэсэн.

Өөрөөр хэлбэл хоёр удаагийн хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зурагт хохирогчийг мөргөсөн цэгийг өөр өөрөөр тогтоож тэмдэглэсэн байх ба хохирогч Д.М-ын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн “...тэр хавьд явган хүний гарц байдаггүй бөгөөд машин харж байгаад зам урагшаа гараад замын хажуу талаар явган хүний замаар явж байхад зүүнээс баруун чиглэлтэй машин хурдтай ирж мөргөсөн. ...” /хх 12/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би дугуйн замын хашлаган дундуур явж байгаад шүүгдэгчийг тойргоор гарч ирэхийг харсан. Тэгээд би зам хөндлөн гараад явж байгаад мөргүүлсэн. ...” гэсэн /хх 166/ мэдүүлэг, “...Д.М-ын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал, баруун тохой, сарвуу, тавхайд зулгарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1964 дүгээр дүгнэлт /хх 51-53/ зэргээс үзэхэд хохирогчийг мөргөсөн гэх цэгийг зөв тогтоосон гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал байх тул тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлож чадаагүй.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН