Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01134

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01134

Улаанбаатар хот

 

 

2025 11 25 103/ШШ2025/01134

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ... дугаар гудамжны... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,964,566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Үүнд: ******* нь тус банктай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр MN320030003095028590 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 5,837,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 164,670 төгрөг, зээлийн хүү 84,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 төгрөг тус тус төлсөн байна. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагчаас 6,964,566 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Капитрон банкнаас нэхэмжилж байгаа төлбөр дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,964,566 төгрөг /зургаан сая, есөн зуун жаран дөрвөн мянга, таван зуун жаран зургаан/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63,191 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******оос 63,191 төгрөгийг тус тус гаргуулж Капитрон банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ