| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2308006141986 |
| Дугаар | 2025/ДШМ/287 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/287
2025 03 06 2025/ДШМ/287
О.Т-, Б.Г- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганзаяа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/1438 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.Т-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 2308006141986 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г-,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1 жил 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уг ялыг 82 хоногийн хорих ялаар сольж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уг ялыг 2 сар 17 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
2. Т-,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэ ажиллагаа дуусгавар болсон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Б.Г- нь О.Т-тэй бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 21-ын автобусны буудлын орчим автобусанд зорчиж явсан хохирогч Н.О-ийн халааснаас “Iphone 11pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
О.Т- нь Б.Г-той бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Г-ийн зорчиж явсан “Ч-З зүүн салаа, халдварт чиглэл”-ийн автобусны араас ****УБҮ улсын дугаартай автомашинаар дагаж, Б.Г-ийг хохирогч Н.О-ийн халааснаас авсан “Iphone 11pro” загварын гар утсыг авч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 21-ын автобусны буудалд бууж ирэхэд нь Б.Г-ийн хамт явж, гар утсыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монтел” төвийн гадна зогсож байсан иргэн Б.О-т “гаднаас олсон утас” гэж хэлэн зарж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг Б.Г-той бүлэглэн үйлдэж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Г-, О.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...хавтас хэргийн 29 дүгээр талд гэрч Б.О- “ Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монтел худалдааны төвийн гадна зогсож байхад зүс таних Т- гэх дүү ирээд “ID кодтой “Iphone 11pro” загварын гар утас олсон юм, та худалдаад авчих” гэж гуйхаар нь 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр “Iphone 11pro” загварын гар утсаа Цэрэнчимэд гэх зүс таних залууд 200.000 мянган төгрөгөөр зараад өгчих гэж хэлээд өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хх-ийн 37 дугаар талд яллагдагч О.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “О- нь гэртээ байна хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр тухайн гар утсыг Тэнгис кино театрын ард хороолол дунд очоод би О- гэх гар утасны ченжтэй уулзаж Г- ахын хулгайлан авсан “Iphone 11pro” загварын хар ногоон өнгөтэй гар утсыг 150.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд гэрч Б.О- нь яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. ..” гэж, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.. .” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч прокурор, шүүх тогтоол, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох ба хэргийн оролцогч буюу иргэний хариуцагчийн “шүүх прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах, хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” зэрэг хуулиар олгогдсон эрхтэй. Б.О-ыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татан оролцуулах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой байх ба иргэний хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд эдлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ. Иргэний хариуцагчийг шүүхийн шатанд тогтоох нь оролцогчийн эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Иймд яллагдагч Б.Г-, О.Т- нарт холбогдох эрүүгийн 2308006141986 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Г-, О.Т- нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Прокурор Э.Ууганзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан баримтуудаар гэрч Б.О- нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвд утас худалдан авч зардаг буюу гар утасны ченж хийдэг, улмаар яллагдагч О.Т- нь тухайн үед хохирогч Н.О-ийн хулгайлсан “Iphone 11pro” загварын гар утсыг “олсон утас” гэж худал хэлж, Б.О-т зарж борлуулсан тухайн утсыг гэмт хэргийн замаар олдсон буюу хулгайн гар утас гэдгийг мэдээгүй талаарх үйл баримт Б.О-ын гэрчээр өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Түүнчлэн яллагдагчаас гар утсыг худалдаж авсан Б.О- цааш нь бусдад дамжуулан худалдсан бөгөөд гар утсыг худалдаж авсан хүмүүсийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Хэрэв анхан шатны шүүх Б.О-ыг иргэний хариуцагчаар татвал зохих этгээд гэж үзвэл шүүхийн шатанд хэргийг хянан хэлэлцэж, иргэний хариуцагчийг шүүгч захирамж, шүүх тогтоол гарган тогтоох бүрэн боломжтой бөгөөд дээрх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хийгдэж болох ажиллагаа тул заавал шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамааруулж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй тул анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Т-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн О.Т-, Б.Г- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/1438 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Б.Г-, О.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН