Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00370

 

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00370

 

Инженеринг авардс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/03805 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Инженеринг авардс ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Адилбишэд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 372 224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Адилбиштэй 2016 оны 1 сарын 20-ны өдөр амаар харилцан тохиролцож 10 914 816 төгрөгөөр паркет худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тухайн өдрөө паркетийг нийлүүлсэн боловч худалдан авагч тал төлбөрийг байр хүлээлцэхээр өгнө, тендерийн мөнгө орж ирэхээр өгнө гэж удаа дараа хуурсаар нэг төгрөг ч өгөхгүй чирэгдүүлсээр байна. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр М.Адилбиш нь "Инженеринг Авардс ХХК-ийн менежер Г.Батдэлгэртэй уулзан гэрээний төлбөрөө 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон боловч мөн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд алданги 5 457 408 төгрөг, нийт 16 372 224 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь паркетин шал чанарын шаардлага хангахгүй байсан бөгөөд шалыг иргэний хувьд аваагүй. Компанийн гүйцэтгэх захирлын хувиар худалдаж аваад компанийн барилгад хэрэглэсэн. Тухайн үед тооцоо нийлсэн акт үйлдэх үед тамга тэмдэггүй байсан тул гарын үсэг зурсан. Анзыг шүүх багасгаж болно. Компани нь хямралд орсон, дээд хэмжээгээр нь тогтоогдсон тул хэт өндөр тогтоогдсон тул багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Адилбишээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 16,372,224 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Инженеринг авардс ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,811 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 52,046 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцон илт их хэмжээний алданги нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн зүгээс эдийн засгийн энэхүү хүнд нөхцөл байдал, хариуцагчийн төлбөрийн чадваргүй байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж өгөх хүсэлтийг гаргасан. Хоног тутамд 0.5 хувь гэдэг нь сарын 15 хувиар тооцогдож байгаа бөгөөд өнөөдөр сард 15 хувийн хүүтэй зээл хаана ч байхгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэрэглэлгүй нэхэмжилсэн алдангийг бүгдийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 5 457 408 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Инженеринг авардс ХХК нь хариуцагч М.Адилбишэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10 914 816 төгрөг, алданги 5 457 408 төгрөг, нийт 16 372 224 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох Паркет худалдах, худалдан авах гэрээний актаар зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр паркет худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу худалдагч Инженеринг авардс ХХК нь паркетан шалыг бүрэн нийлүүлсэн, худалдан авагч М.Адилбиш 10 914 816 төгрөг төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тус тус тогтоогдсон. Худалдан авагч нь гэрээний төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулаагүй тохиролдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцжээ. /хх-6/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч М.Адилбиш нь гэрээний дагуу паркетан шалыг хүлээж авсан эсэх талаар маргаагүй, харин дээрх гэрээг компанийн хувиар байгуулсан, худалдан авсан паркетан шал чанарын шаардлага хангахгүй байсан бөгөөд алдангийн хэмжээ хэт өндөр гэж маргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснааар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч М.Адилбиш нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хугацаанд худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгч Инженеринг авардс ХХК-д холбогдуулан шаардлага гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна Паркет худалдах, худалдан авах гэрээний актад иргэний хувиар гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан нь компанийн хувиар байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч Инженеринг авардс ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Адилбишээс шаардах эрхтэй. Түүнчлэн, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон тул алдангийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/03805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн төлсөн 102 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ