Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 716

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэцэг,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ж.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10073 дугаартай хэргийг 2018 оны  03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Ж.Г-г, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамж Г-563 тоотод оршин суух хаягтай,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 803 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэн мөн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ФД83101814/,

Шүүгдэгч Ж.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төрийн банкны баруун талын туслах замд Хонда Фит маркийн 05-74 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөнй дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

-Мөн дүрмийн 2.7а “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

а/ “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”

2.1.а Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх-гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хашлага даван явган зорчигч 12 настай У.Төгөлдөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

Мөн жолооч Ж.Г нь дээрх ослыг гаргасны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 2-ны орой Сансарын төрийн банкны дээшээ өгсөж байтал гэнэт хүүхэд замын урдуур гүйгээд ороод ирсэн. Тэгээд тулж зогсоод хаалга нээтэл тэнд тэнд байсан согтуу байсан хүмүүс намайг барьж авж зодоод тэгээд хүүхэд рүү очоод түргэн дуудах гэтэл миний утасны цэнэг дууссан байсан. Тэгээд намайг цагдаа нар шууд аваад явсан. Маргааш нь цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Хохирогч хэлэхдээ боржур давсан гэж мэдүүлсэн байсан. Тэгэхэд боржур давсан асуудал бол байгаагүй. Би тухайн үед мөргөөд шууд л зогссон. Тухайн үед тэнд байсан хүмүүсээс А, Б цэгийг тогтоосон байсан. Би хэргийн газраас зугтсан гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч тухайн үед бэлнээр 400.000 төгрөг өгсөн, дараа нь 100.000 төгрөг өгсөн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед манай хүүхдийг араас нь ирж мөргөөд тэгээд шууд замруугаа ороод зугтаахад тэнд байсан хүмүүс хаалга үүдийг нь цохиод гаргаж ирсэн гэсэн. Тэр үед энэ хүн нилээн согтуу байсан. Бид нарт эм тариа авч өгөөгүй. Нэг удаа сүлжээний эм авчирж өгсөн. Манай хүүхэд зам руу гүйж ороогүй. Бид нарт 400.000 төгрөг авсан би хүний муу үзээд яахав гээд гомдолгүй гэсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч У.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дугээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд би найз Гантөгстэй хамт Сансарт PC тоглоомын газарт тоглочихоод эргээд гэрлүүгээ харих гээд тухайн замын ертөнцийн зүгээр баруун талд буюу Түргэн үйлчилгээний төвийн харалдаа баруун тийш хараад зогсож байсан. Харин манай найз Гантөгс нь надаас нилээн зайтай зогсож байсан. Тухайн үед бид хоёр юм яриад л зогсож байсан ба гэтэл миний араас доороос буюу урдаасаа хойшоогоо чиглэлтэй явсан хар өнгийн машин ирж мөргөж, намайг зам дээр унасан чинь тэр машин нь зүүн гар талын урд болон хойд талын хоёр дугуйгаараа гараад цаашаагаа яваад өгсөн. Тэгтэл тэр хавьд байсан хүмүүсээс тэр машины араас хэдэн хүмүүс очиж байж зогсоож авсан. Үүний дараа түргэн тусламж машин ирж эмч нь бууж ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчийн утсаар ар гэрийнхэндээ утасдаж мэдэгдсэн. Намайг мөргөсөн машин нь хар өнгийн машин байсан. Би маркийг нь сайн мэдэхгүй байна. Улсын дугаар болон серийг нь тэр үед цээжилж авч байсан. Одоо бол сайн санахгүй байна. Би найзтайгаа юм яриад л зогсож байсан, тэрнээс бол зам хөндлөн гарах гээгүй. Ойр орчимд нилээн их хүмүүс зогсож байсан. Замын хөдөлгөөн багатай байсан. Намайг мөргөсөн машины жолооч нь согтуу байсан. Ослын улмаас миний зүүн хөл хугарсан ба эмнэлэгт нэг хоног хэвтээд маргааш нь эмээ намайг ирж авсан. Манай найз Гантөгсийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй…” гэх мэдүүлэг. /хх21, 33-34/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би ээжийгээ Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байх үед нь сахиж байхад түүн рүү танихгүй дугаараас миний хүү У.Төгөлдөр нь залгаж машинд мөргүүлчихсэн байна, одоо гэмтлийн эмнэлэгт хөлөө гипсдүүлчихлээ, иймд намайг ирж ав гэж хэлсэн байсан. Энэ үед боломж бололцоо болоогүй тул маргааш манай ээж хүүг маань гэмтлийн эмнэлэгээс очиж авсан байсан. Тэрнээс бол ослын талаар мэдэх зүйл байхгүй. Одоогоор биеийн байдал нь гайгүй байгаа. Гэхдээ хааяа хөл өвдөөд байна гэж хэлдэг. Гомдолтой. Эмчилгээний зардал болон цаашдын эмчилгээний зардлыг мөн адил нэхэмжлэх болно…” гэх мэдүүлэг. /хх-37/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №568 дугаартай дүгнэлт:

  1. У.Төгөлдөрийн зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт болно.
  3. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. гэх дүгнэлт. /хх-49/,

Хонда Фит маркийн 05-74 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Жаргалсайхан овогтой Ганхөлөгт холбогдох хэрэгтэй танилцаад гаргасан мөрдөгчийн магадлагаа:

1.Хонда Фит маркийн 05-74 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Жаргалсайхан овогтой Ганхөлөг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;  б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Ууганцэцэг овогтой Төгөлдөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх5-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-8/, насанд хүрээгүй хохирогч У.Төгөлдөрийн мэдүүлэг/хх-15/, гэрч Ж.Гийн мэдүүлэг /хх42-43/, ¹568 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-49/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх55-59/, мөрдөгчийн магадлагаа /хх64-65/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-95/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч Ж.Гийг ослыг гаргасны дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в, 6.3-т заасан а, б, в гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан үндэслэлээр яллахаас татгалзсан тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ж.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 02-ны оройн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төрийн банкны баруун талын туслах замд Хонда Фит маркийн 05-74 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөнй дүрмийн 1.5, Мөн дүрмийн 2.7 а, 2.1.а гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хашлага даван явган зорчигч 12 настай У.Төгөлдөрийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төөлөгч Г.Ууганцэцэг нь гэм буруутай этгээдэд /Ж.Гт/ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ж.Г нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ж.Г т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос Ж.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Б овогт Ж.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар Ж.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Гт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Гт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР