| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2329002260145 |
| Дугаар | 2025/ДШМ/17 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/17
2025 оны 03 сарын 12 өдөр Дугаар 2025/ДШМ/17 Даланзадгад сум
Ё.*******, Б.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахим/,
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* /цахим/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/443 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ё.*******, Б.******* нарт холбогдох 2329002260145 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ё.******* нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "*******” ХХК-ийн манаачаар ажиллахдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулж өгсөн кат-3-36 дугаартай экскаваторыг Б.*******тэй бүлэглэн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ны хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Мөн тэрээр тус компанийн өмчлөлийн зам индүүний машиныг зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 27 өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний хүртэл 8 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,
Ё.******* нь итгэмжлэн хариуцуулж өгсөн Хьюндай Маяти маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй, 1 ширхэг стартер, Кама маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хьюндай Маяти Цестерн маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хюндай маяти цистерн маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг стартер, 1 ширхэг динам, Хово самосвал маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Хово самосвал маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хово самосвал маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хово самосвал маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуй 1 ширхэг стартер, Хово самосвал маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, 1 ширхэг тоормосны мембраны татуурга, Хово самосвал маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Хово самосвал маркийн усны машины 1 ширхэг тоормосны мембраны татуурга зэрэг эд ангийг сольж зарж үрэгдүүлэн хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийг хувьдаа завшиж хохирол учруулсан,
Б.******* нь Өмнөговь аймгийн Манлай сумын суманд үйл ажиллагаа явуулдаг "*******” ХХК-д манаачаар ажилладаг Ё.*******той бүлэглэн кат-3-36 дугаартай экскаваторыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ны хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завших гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь яллагдагч Ё.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн Их Өлзийт овогт Бунъяагийн *******, Дорж овогт Ёндоны *******
нарт холбогдох 2329002260145 дугаартай 2 /хоёр/ хавтас эрүүгийн хэргийг
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.*******, Ё.******* нарт авсан
хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд
хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь
үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Шүүхээс эрүүгийн хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвхөн урьдчилсан
хэлэлцүүлгийн үед шийдвэрлэхээр хуульчилсан ба гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх
хуралдаанаар нэмэлт ажиллагаа шаардлагатай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор нэг удаа
хойшлуулахаар хуульчилсан. Шүүх уг хуулийн заалтыг хэрэглэж, шүүгдэгч Б.*******,
Ё.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх
хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь
хэсэгт зааснаар хойшлуулж шийдвэрлэсэн байдаг.
Шүүх уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн
1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх
боломжтой байтал үүнийг зөрчиж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдоно.
Мөн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн *эрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт
хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой байсныг харгалзан үзээгүйд
гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/443
шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой санал нэг байна. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж хүчин төгөлдөр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг баримтлаад хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамж нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр учраас анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмнө нь энэ хэргийн шүүх хуралдаан болоод 60 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байдаг. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан болж байсан. Энэ хурлаараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэл тогтоогдох юм бол шүүх санаачилгаараа эсвэл прокурорын санал яллагдагч, хохирогч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзаад прокурорт буцааж шийдвэрлэнэ гэж хуульчилж өгсөн. Тэгэхээр тухайн хэрэгт өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр хоёр дахь удаагийн шүүх хуралдаан болж байсан. Өмнө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд нэг удаа хойшлуулна гэж зааснаар нэг удаа хойшлуулж шийдвэрлэсэн. Дахиж хойшлуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаана. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үед мөрдөн байцаалтад буцаахгүй гэсэн ийм ойлголттой байна. Тэгэхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үед хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас гаргасан гомдлоо дэмжиж байна. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой. Шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэж үзэж байна. Нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байгаа учраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/443 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх дээр ярьсан нэмэлт ажиллагаа явуулна, ахиж гэрчээс мэдүүлэг авна гэдэг асуудал гарсан. Энэ дээр Ё.******* гэдэг хүний ярьснаар огт танихгүй, мэдэхгүй хүмүүсээс ахиж мэдүүлэг авах, тэр хүмүүсийг нь хаанаас олж мэдүүлэг авах нь ч тодорхойгүй юман дээр нэмэлт ажиллагаа явуул гэсэн шийдвэр гарсныг эс зөвшөөрсөн. Миний хувьд прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүх рүү хэргийг буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ё.*******, Б.******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь яллагдагч Ё.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/349 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр товлосон боловч 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, мөн өдрийн 2024/ШЗ/380 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ё.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 60 хоног хүртэлх хугацаагаар буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийхээр хойшлуулж шийдвэрлэсний дагуу мөн өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар “2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/380 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй” байх тул хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөр хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/443 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасныг үндэслэл бүхий байна гэж үзэж давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэв. Учир нь:
Гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах зэргийг шийдвэрлэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болно.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/443 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ё.*******, Б.******* нарт холбогдох 2329002260145 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ё.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА