Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01502

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2019/01502

 

 

Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дүгээр шийдвэртэй, Х СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Дүүдэйд холбогдох 892 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх, орон сууцны таазыг засварлахыг тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Х СӨХ-ны төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 30 дугаар байрны 53 тоотын оршин суугч Т.Дүүдэй нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, СӨХ-ны бүх үйлчилгээг үнэ төлбөргүй авч, бусад оршин суугч нарын СӨХ-ны мөнгөөр үйлчилгээ авч шударга бус байдал үүсгээд байна. Т.Дүүдэй нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. 2017 оны 01 дүгээр сард Т.Дүүдэйгийн жолооч гараашны хаалга онгорхой орхиж явснаас үүдэж тус байрны гараашид хулгай орж 4 машины шил хагарч нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс хойш Т.Дүүдэй СӨХ-ны төлбөрийг төлөхөө больсон. Өнгөрсөн 5 дугаар сард хариуцагчийн гэрт 1 м.кв хэмжээтэй ус дээвэр дээр нь дуссаныг засаж өгсөн, мөн хажуу айлынх нь дээврээс мөсний ус гоожоод байна гэсэн тул би дээврийг нь янзалж засварлаж өгсөн. Хариуцагч Т.Дүүдэй 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө огт төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй, тухайн саруудад төлбөр төлөөгүй нь үнэн, төлбөрийн хэмжээнд маргахгүй харин яагаад төлөхгүй байгаа талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээврийг чанар сайтай засаад өгсөн тохиолдолд СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байх шаардлага байхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар Т.Дүүдэйгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,062,300 төгрөг гаргуулж Х СӨХ-нд олгож, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дунд гол гудамж, 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг Х СӨХ-нд даалгаж, иргэн Т.Дүүдэйгийн орон сууцны таазыг засварлахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т.Дүүдэйгээс 31,758 /25,958+5800/ төгрөг гаргуулж Х СӨХ-нд олгож, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж Т.Дүүдэйд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,758 төгрөг, хариуцагчийн төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тухайд шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Т.Дүүдэйгийн орон сууцны таазанд засвар хийх шаардлагатай эсэхийг нотолсон баримтгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов гэж үндэслэл муутай шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа Т.Дүүдэйн гэрийн таазны гэрэл зургийг хавсаргаж өгсөн. Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч гэрэл зураг дээрх тааз нь Т.Дүүдэйн гэрийн таазны зураг мөн байна, гэрт нь орж харж байсан гэж тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрч байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь орон сууцны дээврийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүйн улмаас хариуцагчийн гэрийн таазнаас удаа дараа ус гоожиж байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Шаардлагатай урсгал засварыг хийж гүйцэтгээгүйн улмаас хариуцагчийн хувийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүх үл ойшоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Хийморь хотхон" Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Т.Дүүдэйд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 062 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд хариуцагч маргаагүй, харин байрны дээвэр болон гадна фасадны засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэх, мөн хариуцагчийн орон сууцны таазыг засварлахыг даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147 дугаар зүйлийн 147.6, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Дүүдэйгээс 1 062 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ-нд олгохоор, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, байрны дээвэр болон гадна фасадны засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэнд зохигчид гомдоогүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Т.Дүүдэй нь Х СӨХ-г дээврийн засвар үйлчилгээг хийх үүргээ биелүүлээгүйгээс түүний орон сууцны таазаар ус нэвтэрч бохирдсон, мөөгөнцөртэй болсон гэх үндэслэл заан, нэхэмжлэгчийг таазыг засч өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, дээврийн засварын ажлыг тухай бүр хийж байгаа гэж маргажээ.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор фото зураг шүүхэд гаргасан өгсөн байх боловч уг зургийг Т.Дүүдэйгийн орон сууцны таазны зураг гэж үнэлэх боломжгүй. Уг маргаж буй асуудлаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар үзлэг хийлгэх эрхээ эдлээгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД