Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 728

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Г/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0118 00685 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Б.Г, 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гүний өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 85-1037 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ХЙ86011694 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудлын 207 тоот өрөөнд хамт байсан иргэн Н.Отгондоржийн найз эмэгтэй Х.Аззаяагийн эзэмшлийн айфон-6 загварын 472.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Х.Аззаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би нилээд ядарсан байсан тул орон дээр нь хэвтээд унтаад өгсөн бөгөөд Отгондорж өөрийн найз болох Гантөгс гэх залуутай нэг шил архи нэг ундаа голдоо тавиад уугаад хоорондоо юм ярилцаад сууцгааж байсан. Тэгээд өглөө үүрээр 6 цаг өнгөрч байх үед Гантөгс нь буудлаас гарч яваад Отгондорж бид хоёр үлдэж тэндээ хамт амарч байгаад 11 цаг өнгөрч байх үед сэрээд би утсаараа ярих гээд утсаа хайхад миний Айфоне 6 маркийн гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хх7-8/,

Гэрч Н.Отгондорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анар гэх нэртэй зочид буудалд найз эмэгтэй Аззаяа, найз Г хоёртой хамт орсон. Бид гурав уг буудалд ороод Аззаяа буудлын өрөөнд үлдээд Г бид хоёр дэлгүүр гарч архи аваад тэр архиа ууж дуусчихаад Аззаяа бид хоёр унтаж үлдээд Г харих гээд явсан. Ингээд өглөө нь Аззаяа бид хоёр босоод ирсэн чинь Аззаяагийн Айфоне 6 маркийн гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хх9-10/,

Яллагдагч Б.Г мэдүүлэхдээ: “...Тухайн үед өглөөний 6 цаг болж байсан бөгөөд би буудлаас гарах үедээ буудлын эд зүйлсийг бүртгэж үзэхэд Аззаяагийн цагаан өнгөтэй хар гэртэй Ай фоне 6 маркийн гар утас нь ширээн дээр харагдаж байхаар нь шууд аваад халаасандаа хийгээд гараад явчихсан юмаа. Тэгээд гэртээ ирээд унтаж байхад 10 цаг өнгөрч байх үед Отгондорж миний гар утас руу залгаад манай эхнэр Аззаяагийн гар утас алга болсон байна чи хүрээд ирээч гэж хэлэхээр нь би дүүгээ харж байгаа болохоор гарч чадахгүй шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх11-12/,

Хохирогч Х.Аззаяагийн мэдүүлэг /хх7-8/, гэрч Н.Отгондоржийн мэдүүлэг /хх9-10/, эд зүйлийн үнэлгээ /хх16-17/, яллагдагч Б.Гантөгсийн мэдүүлэг /хх-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Гнь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” зочид буудлын 207 тоот өрөөнд хамт байсан иргэн Н.Отгондоржийн найз эмэгтэй Х.Аззаяагийн эзэмшлийн айфон-6 загварын 472.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Т овогт Б.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Г-г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гнь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР