Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

                         Б.*******, Д.*******, М.*******

                             нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,  шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор Б.*******, Д.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2024/0089/Э/208/2025/0008 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, **** оны ****дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, ****эгтэй, * **настай, ****** боловсролтой, холбооны залгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * хамт ****Сэлэнгэ аймгийн **** сум, **** баг, ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй (РД:*******9), урьд

тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 243 дугаар зүйлийн 234.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2.******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, ****эгтэй, **** настай, ***** боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ******** ажилтай, ам бүл ******* хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ******** баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй (РД:**********),

3.******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, ****эгтэй, **** настай, *****боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл ******хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, ***** баг, ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, (РД:******),

Шүүгдэгч Б.*******, Д.*******, М.******* нар 2024 оны 08 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Хүжийн ам гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох 206.5 кг хуш модны самар түүж бэлтгэсэн, шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 46-52 улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй 206.5 кг хуш модны самар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******, Д.*******, М.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгч М.******* нарыг зохих зөвшөөрөлгүй ховор ургамал түүж бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 -д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******, шүүгдэгч М.******* нарт тус бүр 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаар, шүүгдэгч Д.*******д оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаар, шүүгдэгч М.*******од оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүс нутгаас гарах эрхийг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 122,3 килограмм самар, самар цайруулахдаа ашигласан шигшүүрийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн зааснаар шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгч М.******* нараас хохирол, нөхөн төлбөрт 102,114,250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж,

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нар давж заалдах гомдолдоо:  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2024/шцт/91 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.*******, М.*******, М.******* бид нар үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Бидний хувьд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба гэм буруугийн талаар маргаан байхгүй. Тухайн үед самрын болц гүйцсэн гээд хүмүүс олноороо самарт яваад байсан тул аавын эмчилгээнд мөнгө төгрөг шаардлагатай байсан учраас бид самарт явсан юм. Бид хоёр хоёулаа тогтсон тодорхой ажил, орлогогүй учир банкнаас зээл өгөхгүй, хүмүүсээс ч мөнгө зээлэх гээд олдохгүй байсан тул самарт яваад бөөндөж борлуулаад аавыг Улаанбаатар руу эмчилгээнд нь авч явъя гэж бид 2 ярилцаад туслуулахаар *******г дуудаж ирүүлээд 3-уулаа хамт самарт явсан юм. Бидний хувьд самар түүх хугацаа болоогүй гэдгийг болон орон нутгаас зөвшөөрөл авах талаар сайн мэдээгүй юм. Орон нутгийн төр захиргааны байгууллага, Орхон бүсийн ойн ангиас хорио тогтоосон зүйл байгаагүй, хүмүүс самарт яваад байсан учраас юу ч бодолгүй өвчтэй хүнээ Улаанбаатар хот руу авч явах мөнгөтэй больё гэж ярилцаад самарт явсан нь үнэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс Б.******* надад 01 жил 06 сарын хугацаагаар, Д.*******, М.******* бид хоёрт 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хөнгөлж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна.

Б.******* миний хувьд өвчтэй аавыгаа асраад ажил хөдөлмөр хийх боломжгүй байдаг, сумын эрүүл мэндийн төв нь статусын хувьд хамгийн доод шатлалын эмнэлэг тул аавын өвчнийг эмчлэх боломжгүй учир заавал Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг юм. *******ын хувьд ч улирлын чанартай Эрдэнэт, Улаанбаатар хот руу явж халтуурын ажил хийдэг, сум орон нутаг тэр бүр халтуурын ажил гардаггүй юм. Бид хохирлын төлбөр 102,114. 250 төгрөгийг 5 жилийн хугацаанд сар бүр цувуулж төлөхөө илэрхийлж байна. /сард 567,301 төгрөг/

Иймд бидний амьдралын байдлыг харгалзан үзэж зөрчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж , шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч нарын хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хамгийн гол нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь бид нарын амьдралд хүндрэлтэй байдал үүсгэж байна гэж гомдол гаргасан. ... Шүүгдэгч нарын хувьд шүүх хурлын дараа 100,000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд өнөөдөр өглөө явуулсан. Уг гэмт хэргийг үйлдэгдэхэд сум орон нутгийн зүгээс хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдал харагддаг. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөл, хууль эрх зүйн мэргэжилтний зүгээс хууль бус зүйлийг сурталчлаагүй, таниулаагүй, хориглосон хил хил хязгаар, хэмжээ, хэдэн кг түүж болох талаар сурталчлаагүй. Ямар нэгэн байдлаар ухуулах самбар ажиллуулаагүй. Ууланд гарсан байдлыг аваад үзэхэд эргүүл тойрог ажиллаагүй байдал нотлон тогтоогддог учраас Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлыг хэмжээ нэмэгдэж, хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хохирлын хэмжээг багасгаж болно гэсэн заалтыг үндэслээд тухайн ойд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэх хүсэлтийг тавьж байна. Баруунбүрэн сумын хэмжээнд хууль сурталчлах ажил, эргүүл тойрсон асуудал байхгүй гэдгийг уг хэрэг дээр биш бусад хэргүүд дээр нотлогдон тогтоогдож Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг журамлаж хэрэглэсэн асуудлууд байгаа. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэдэг зарчмын хүрээнд хэрэглэж өгнө үү. Хохирлын хэмжээг багасгаж өгнө үү, зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв. 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******, Д.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Д.*******, М.******* нар 2024 оны 08 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Хүжийн ам гэх газраас зохих зөвшөөрөлгүй, ховор ургамал болох 206.5 кг хуш модны самар түүж бэлтгэсэн, шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 46-52 улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй 206.5 кг хуш модны самар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2.Шүүгдэгч Б.*******, Д.*******, М.******* нар дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн

-Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Манай тэр хавийнхан самарт явж байна гэж сонссон. Тэгээд энэ талаар судалсан. Аавын бие муу байсан тул эмчилгээний зардал хэрэгтэй байсан. Эхлээд ******* бид хоёр самарт явах гэж байсан. Тэгээд *******ын дүүг дуудсан. Бид 3 хамт явсан. Эмчилгээний зардал олдохгүй хүнээс зээл авъя гэхээр ажил төрөлгүй болохоор мөнгө олдохгүй байсан. Самарт явбал хамгийн хурдан хугацаанд мөнгө олох юм байна гэж бодсон. Тэгээд самарт явсан. Бид нарыг явахаас өмнө тэр хавийн хүмүүс аль хэдийн яваад эхэлсэн байсан. Албан ёсоор захиргаанаас хорио тавьсан зүйл байхгүй байсан. Тэгээд Хөтөлийн цагдаагийн пост дээр баригдсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

-Шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг ах дуудсан. Тэгээд самарт хамт явсан. Унасан самар түүж шуудайлсан...” гэх,

-Шүүгдэгч М.*******ын шүүх хуралдаанд өгсөн: “...Б.******* бид хоёр самарт явахаар болсон. Тэгээд дүүгээ дуудсан. Бид гурав хамт самарт явсан. Тухайн үед самарт явахад хорио цээртэй байгаа талаар мэдээгүй. Тухайн сум орон нутгаас зөвшөөрөл авдаг талаар хүртэл мэдээгүй байсан. Хадам аавын эмчилгээнд мөнгө хэрэг болсон тул самарт явахаар болсон. Хүжийн ам гэдэг газарт 5 шуудай цайраа хийж орж ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд,

-2024 оны 08 сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөлгүй самар тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №246/1100-3761/дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/,                                                            

-2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг, Сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байрлах 46-52 улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 17 ширхэг фото /хх-ийн 5-8, 9-11-р тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Байгаль орчны сайдын тушаалаар жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуш модны самрыг түүж бэлтгэнэ гэсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын журам байгаа. Уг зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд самар зөвшөөрөлгүй түүх, бэлтгэх, тээвэрлэх нь хууль бус гэмт хэрэгт тооцогддог юм. Хорио тавигдсан тохиолдолд Сум дундын ойн ангид иргэн хүсэлт гаргаж хандаад байгалийн ургамал ашиглах зөвшөөрлийг авч ууланд гарч самар түүх эрхтэй. Аж ахуйн нэгж үйлдвэрийн зориулалтаар бэлтгэх тохиолдолд Засаг даргатай гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр бэлтгэнэ. Тээвэрлэхдээ мөн гарал үүслийн гэрчилгээний дагуу тээвэрлэж болно. Бусад аймаг сумдын харьяалалтай иргэд тухайн самар түүж бэлтгэхээр очсон аймаг сумын Байгаль орчны эрх бүхий албан тушаалтан болон ойн ангиас зөвшөөрлийг авч түүж бэлтгэх газраа заалгаж бэлтгэнэ. Зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн хуш модны самрыг тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг сум дундын ойн ангиас авах ёстой. Гарал үүслийн гэрчилгээнд ямар хэмжээтэй самрыг, хэзээ, ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэх нь тодорхой тусгагддаг. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

-Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* манай ээж байгаа юм. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би уг тээврийн хэрэгслийг Банк бус санхүүгийн байгууллагаар авсан. Зээлийг төлөөд дууссан байгаа. Манай ээж асаргаанд байдаг өвөөг хардаг учир ойр зуур унаж бай гээд түр өгсөн. Гэхдээ би машинаа буцааж авна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

-Орхон бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 09 сарын 15-ны өдрийн 10 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн: “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан овоо 3 дугаар баг 2-27 тоотод оршин суух хаягтай ******* овогтой ******* нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед тээвэрлэж явсан Ховор ургамал болох Сибирь хуш модны самрыг хэмжихэд нийт 206.5 кг цэвэр жингээр тооцоход бэлтгэсэн ба тус үр идээ нь шинжилгээнд тэнцэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалд Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ гэж заасан байна. Сибирь хуш модны самар нь Монгол орны 612.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургадаг. Тухайн Сибирь хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамал ба, цаашид ашиглах боломжтой, удаан хугацаанд стандарт шаардлага хангаагүй агуулахад хадгалсан нөхцөлд, чанар шинж, бодит жингээ алдана. Хуш модны самар буюу идээг ямар арга хэрэгсэл ашиглаж бэлтгэсэн талаар тодорхойлох боломжгүй байна. Сибирь хуш модны самраас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд нь спортын болон тусгай зохицуулах үйлчилгээтэй хүнсний зориулалтаар, мөн экспортын голлох бүтээгдэхүүн болгон ашигладаг. Хушны самрыг “Хүнсний барааны агуулах. Техникийн шаардлага “МNS 5364:2004” стандартын шаардлага хангасан, 70%-иас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, 15°с дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, газраас дээш 20-30 см өндөр дээр нарны гэрлийн шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайд хурааж хушны самрыг 1 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд битүүмжлэл сайтай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг /нойтон жин/ тутамд 98,900 төгрөг байна. Иймд иргэн Б.******* зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 206.5 кг Сибирь хуш модны самар нь 20,422,850 төгрөг болж байна. Шинжээч Э.Сувдаа...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч нарын зүгээс маргаангүй байгаа ба шүүгдэгч нар нь “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, шүүгдэгч нарын зүгээс “....Б.******* надад 01 жил 06 сарын хугацаагаар, Д.*******, М.******* бид хоёрт 01 жил 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хөнгөлж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Б.******* миний хувьд өвчтэй аавыгаа асраад ажил хөдөлмөр хийх боломжгүй байдаг, сумын эрүүл мэндийн төв нь статусын хувьд хамгийн доод шатлалын эмнэлэг тул аавын өвчнийг эмчлэх боломжгүй учир заавал Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг юм. *******ын хувьд ч улирлын чанартай Эрдэнэт, Улаанбаатар хот руу явж халтуурын ажил хийдэг, сум орон нутаг тэр бүр халтуурын ажил гардаггүй юм.

Бид хохирлын төлбөр 102,114,250 төгрөгийг 5 жилийн хугацаанд сар бүр цувуулж төлөхөө илэрхийлж байна. /сард 567,301 төгрөг/ Иймд бидний амьдралын байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

4.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.*******, Д.*******, М.******* нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялын хэмжээ хязгаарын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн  байна гэж дүгнэсэн.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч нар нь өөрсдийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан болохоо сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж хамгийн доод хэмжээгээр буюу 01 жилийн хугацаагаар болгож өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

5.Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 20,422,850 төгрөг гэж тогтоогдсоныг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлогод оруулах боломжтой гэж дүгнэсэн.

Учир нь: “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 01-29-02/279/07 дугаартай нөхөн төлбөр оногдуулах тухай шинжээчийн: “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин тэнцэх нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 20,422,850x5=102,114,250 төгрөг болов” гэж улсын байцаагчийн акт нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Балбарт хандан гаргасан, түүнчлэн шүүгдэгч нар уг актын эрх зүйн байдлын талаар бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй, уг актыг эс зөвшөөрсөн нөхцөлд гомдол гаргах эрхийг уг актанд тусгагдаагүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэн шууд буюу бодит хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

6.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/91  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2, 7  дахь заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ийг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******, шүүгдэгч М.******* нарт тус бүр 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай” гэж,

7 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******, шүүгдэгч Д.*******, шүүгдэгч М.******* нараас хохирол, нөхөн төлбөрт 20,422,850 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангасугай. 

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                           Б.ЭРДЭНЭХИШИГ