Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0242

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0242

Улаанбаатар хот

 

 

М.О-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “М.О-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.О-ыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэл/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн газрын албанд даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан М.О-д 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9.177.215 төгрөгийг олгож, М.О-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан нэгж, албан хаагчдын цалингийн сан техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Газрын албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт албан хаагчдыг нэрс болон жагсаалтаар хүргүүлсэн зүйлгүй байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлт хийсэнгүй. М.О нь “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр шилжүүлэн томилсон бөгөөд нэгдсэн төвд ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн батлагдсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалаар уг албан тушаалаас чөлөөлсөн нь холбогдох хуулийг хэрэглээгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөд чөлөөлсөн байна гэж дүгнэсэн мөртлөө Нийслэлийн Газрын албыг буруутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. М.О-ын хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь Нийслэлийн Газрын албанд очсон гэж тайлбар гаргаж байгааг анхан шатны шүүх дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/800 дугаар захирамжийг огт хайхарсангүй. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалын буруутай үйл ажиллагааны улмаас учирсон хохирол болон дээр дурдсаныг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/108 дугаар тушаалын 03 дугаар хавсралтаар “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр шилжүүлэн томилсон нь сэргээгдэж байх тул түүнээс гарсан хохирлыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар бүхий шүүхийн шийдвэрийн Нийслэлийн Газрын албанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэд тодруулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

М.О-ын Нийслэлийн Газрын алба, Өмчийн харилцааны газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Нийслэлийн Газрын албанд даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0497 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0651 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дагуу нэхэмжлэгч М.О нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/340 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсантай адил чанарын албан тушаал болох аль нэг дүүргийн газрын албаны  төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ын албан тушаалд томилохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж...” гэж тодруулсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсантай адил чанарын албан тушаал болох аль нэг дүүргийн газрын албаны  төлбөрийн байцаагч /ТЗ-5-2 ангилал, зэрэглэлийн/-ын албан тушаалд томилохыг Нийслэлийн Газрын албанд даалгуулах” гэж тодруулсан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...уг шаардлагын дагуу тухайлбал Багануур дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр хариуцагч гаргавал хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг тул нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа “аль нэг дүүргийн газрын төлбөрийн байцаагчийн албан тушаал” гэж чухам аль дүүргийн төлбөрийн байцаагчийн албан тушаалыг нэрлэн зааж байгааг тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч нь Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны Б/292 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд төлбөрийн байцаагчаар ажиллаж байгаад мөн даргын 2016 оны Б/108 дугаар тушаалаар “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд маргаан бүхий 2016 оны Б/340 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийг уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “дүүргийн газрын төлбөрийн байцаагчийн албан тушаал хэвээр хадгалагдаж үлдсэн тул уг албан тушаалд ажиллах боломжтой” гэж, хариуцагч Нийслэлийн Газрын албанаас “...дүүргийн газрын албанд ажиллаж байсан /төлбөрийн байцаагч/ албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдаж байгаатай холбогдуулан албан хаагчдыг тус төвд байрлуулан ажиллуулдаг байсан бөгөөд М.О-ыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр томилогдсоны дараа буюу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/800 дугаар захирамжаар тус төвийн гэрээт ажилтны орон тооны хязгаарыг баталсан, нэхэмжлэгчийг “Драгон” Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд мэргэжилтнээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ажиллуулсан байх тул М.О-ын ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн орон тоо хэвээр хадгалагдаж үлдсэн эсэх болон тухайн Драгон төвд ажиллаж байсан албан тушаалтнууд бүгд нийтээр чөлөөлөгдсөн эсхүл бусад албан тушаалуудад хэрхэн ямар журмаар томилогдон ажилласнаар М.О-ыг үргэлжлүүлэн ажлын байраар хангаагүй шалтгааны талаарх баримтыг хэрэгт цуглуулж, энэ талаар дүгнэлт өгч хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилган, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА