Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 19

 

“Н т” ХХК-ийн

гомдолтой,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Д.Б,

Ц.Б нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 600 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-И, хариуцагч Ц.Б нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “Н т” ХХК-ийн ерөнхий захирал Л.М-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан “Н т” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтанаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт болох Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 260011993 шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 600 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.5, Татварын ерөнхий хуулийн /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3-д заасныг баримтлан “Н т” ХХК-ийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2600119963 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгож, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Гомдол гаргагч “Н т” ХХК-ийн ерөнхий захирал Л.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ““Н т” ХХК нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын гаргасан 260011993 дугаартай актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 06 дугаар сард хандсан.

4. Тус хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Татварын хэлтсийн байцаагч Д.Б, Ц.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 шийтгэлийн хуудсыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн 128/ШШ2019/0598 дугаар шийдвэр гаргасан. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөггг оруулж “Н т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох 600 дугаартай магадлал гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 123 дугаар зүйлийн 123.1-ийг үндэслэж Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5. Баянгол дүүргийн татварын хяналт, шалгалтын улсын байцаагч Д.Б, Ц.Б нар нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд хийсэн татварын хэсэгчилсэн шалгалтаараа “Н т” ХХК-д 260011993 дугаартай шийтгэл оногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-т “татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана” гэж заасныг зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болсон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-ыг удирдлага болгож 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11 холбогдох зүйл заалтуудыг үндэслэж илт хууль бус шийтгэл оногдуулсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа байцаагч нарын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох бус хөхүүлэн дэмжсэн шийдвэр, магадлал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 50 дугаар зүйлийн 50.3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүд нь зөрчсөн шийдвэр, магадлалыг гаргалаа.

7. Хариуцагч нарын зүгээс хүчингүй болсон татварын хуулийн 74 дүгээр зүйлийг баримталж акт үйлдэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4-ийг үндэслэж хуулийг буцаан хэрэглэсэн гэж тайлбарласныг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль бол тус тусдаа харилцааг зохицуулдаг хуулиуд юм. Гэтэл хуулийн зохицуулалтуудыг нь хооронд нь хольж, сольж хэрэглэнэ гэдэг байж болохгүй юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар хуудсанд: “хариуцагч нар нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд зөрчил үйлдэгдсэн 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 гэж заасныг баримтлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй зөв байна” гэж дүгнэсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон хуулийг Захиргааны хэргийн давж шатны шүүх нь 2016 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан, хэрэглэх нь үндэслэлтэй мэтээр тайлбарлан магадлалд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна.

8. Иймд бидний гаргаж буй энэхүү гомдлыг хангаж шийдвэрлэж, Баянгол дүүргийн татварын байцаагч нарын гаргасан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Б, Ц.Б нар “Н т” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 260011993 дугаартай шийтгэлийн хуудсаар “... 2016 оны 4 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд “М г э и” ХХК-иас 137,855,822,73 төгрөгийн, ... “Д” ХХК-иас 27,937,554,53 төгрөгийн ... хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчил тогтоон, нийт 16,579,337,8 төгрөгийн нөхөн татвар, 4,973,801,4 төгрөгийн торгууль, 4,163,052 төгрөгийн алданги ногдуулсан, “Н т” ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, ...нэмэгдсэн өртгийн албан татварын системд бүртгэлтэй компаниас худалдан авалт хийсэн, ... “Д” ХХК, “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн буруутай үйлдэлд биднийг буруутгаж, их хэмжээний торгууль ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ... нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн падаанууд хуурамч эсэхийг бид мэдэх боломжгүй, ... худалдан авалт бодитоор хийгдсэн, ...   хүчингүй болсон, мөрдөгдөхөө байсан хуулийн заалтыг үндэслэж шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэх зэргээр маргасан, зөрчлийн үнийн дүн, тооцооллын талаар маргаагүй байна.

10. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “М г э и” ХХК болон “Д” ХХК-ийн захирал гэх Р.Б нь 2015-2016 онуудад олон тооны аж ахуйн нэгжүүдэд “... бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр бараа импортоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бусдад олгосон” болох нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандаж, “.../“М г э и” ХХК болон “Д” ХХК-ийн гаргасан” зөрчлүүд нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэний дагуу, Татварын ерөнхий газраас Баянгол дүүргийн татварын хэлтэст хандан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн, эдгээр компаниас “хий бичилттэй” нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад  “Н т” ХХК багтсан байна.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бараа материал борлуулсан гэх “М г э и” ХХК, “Д” ХХК-ийн захирал Р.Б нь “ямар нэг борлуулалт хийгээгүй, ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн” үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор тогтоогдсон байх тул “Н т” ХХК-ийн 2016 онд “М г э и” ХХК, “Д” ХХК-иудаас  худалдан авсан гэх нийт 165,793,377,26 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв гэж үзлээ.

            12. Татварын ерөнхий хууль (2008)-ийн 74 дүгээр зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан, хуулийн 4 дүгээр зүйлд “энэ хуулийг Зөрчлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан, Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга) нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тул энэ хүртэлх хугацаанд Татварын ерөнхий хууль (2008)-ийн 74 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хүчингүй болсон гэж үзэхгүй, түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх”-ээр заасан, тухайн тохиолдолд, маргаан бүхий актаар тогтоосон зөрчлүүд нь 2016 онд үйлдэгдсэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хууль (2008)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах”-аар, 74.3-т “нөхөн төлүүлэх болох хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд ... алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байх”-аар заасныг баримталж шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

13. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус ижил агуулгаар заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, гомдол гаргагч “Н т” ХХК-ийн төлөөлөгчийн “...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, холбогдох зүйл заалтуудыг үндэслэж илт хууль бус шийтгэл оногдуулсан, ... шүүх ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа байцаагч нарын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох бус хөхүүлэн дэмжсэн, ... Үндсэн хууль зөрчсөн шийдвэр, магадлал гаргасан” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

            14. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн давж заалдах гомдлоор хэргийг хянахдаа давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “...давж заалдах гомдлын хүрээнд хянах” зохицуулалтад нийцээгүй, давж заалдах гомдол гаргасан этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь буруу боловч,  анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтыг буруу хэрэглэж, “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй, дээрх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаагүй байх тул хяналтын шатны шүүх гомдлын хүрээнд магадлалыг хянаж, давж заалдах шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдаа нь магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. 

15. Эдгээр үндэслэлээр, гомдол гаргагч “Н т” ХХК-ийн захирал Л.Мөнхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 600 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н т” ХХК-ийн захирал Л.М-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Н т” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА