Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1008

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нэхэмжлэгч О.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж*******, Л.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* нарыг оролцуулан иргэн О.М*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийг гэрээг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Н.А******* нарын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч иргэн О.М******* нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулын албан тушаалд эгүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дараахь нөхцөлийг талууд харилцан тохиролцож эвлэрч байна. 

Үүнд: 1.1. Монгол Улсын Засгийн газар нь нэхэмжлэгч О.М*******ад 14 сар 8 хоногийн хугацааны цалин хөлсийг Гадаад харилцааны яамны газрын захирлын албан тушаалын цалин ТТ-17-3-т зааснаар 864710-н төгрөгөөр тогтоон төрийн албан хаасан хугацааны 15 хувь онцгой нөхцөлийн 10 хувийн нэмэгдэлтэйгээр тооцож нийт 15383794-н төгрөгийн олговор олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх, хувь хүний орлогын албан татварыг суутгах үүргийг хүлээнэ. 

1.2. Монгол Улсын Засгийн газар нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэхүү гэрээний 1.1-т заасан 15383794 төгрөгийг нэхэмжлэгчийн банкны дансанд бэлэн бусаар шилжүүлнэ. 

1.3. Монгол Улсын Засгийн газар нь энэхүү гэрээний 1.1, 1.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд О.М******* нь “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулын албан тушаалд эгүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тооцно. 

1.4 Монгол Улсын Засгийн газар нь энэхүү гэрээний 1.1, 1.2-т заасан үүргээ энэхүү гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд О.М*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно. 

2. Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 

3. Талууд энэхүү гэрээг бүрэн биелүүлэх хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. 

4. Энэ гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус тус 1 хувийг хадгалав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн О.М******* нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулын албан тушаалд эгүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчтай эвлэрсэнээ илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******тай бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг гаргажээ. 

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч Монгол Улсын засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-1/172 тоот итгэмжлэлээр төлөөлөгч Н.А*******т нэхэмжэгчтэй эвлэрэх эрх олгосон байх тул тэдний байгуулсан эвлэрлийн гэрээг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан, эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарласан болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан О.М*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ОЮУНГЭРЭЛ