| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431000600102 |
| Дугаар | 2025/ДШМ/13 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/13
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.*******д холбогдох эрүүгийн 2431000600102 дугаартай, 175/2024/0257/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, /70-аад адуутай/ ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 20 дугаар сайрны 14 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, (РД: МА78120110), урьд
-Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ял,
-Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоногийн баривчлах,
-Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 28,080,000 төгрөгийн торгох ял,
-Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Гэрэлт цогцолборын машины зогсоолд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч О.*******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан толгойн үс хэсгээс нь зулгаан доош нь даран бие хэсэгт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “хэвлий, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэ цус хуралт, баруун шилбэ, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
-мөн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Rich” нэртэй зочид буудалд С.*******ыг “өөрийн хамтран амьдрагчтай хамт буудалд орсон, явалдсан” гэх шалтгаанаар түүний өгзөгний зүүн доод хэсэгт хутгаар нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж,
Шүүгдэгч Х.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Х.*******ийн урьд цагдан хоригдсон 8 хоногийг (8 хоног х 15.000 төгрөгийг = 120,000 төгрөг)-ийг торгуулийн шийтгэлээс хасч тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн зүгээс хохирогч С.*******ын гар утасны төлбөрт 3,000,000 төгрөг, эрүүл мэндийн санд учруулсан хохирол 403,856 төгрөгийг нөхөн төлсөн, эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,023,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурьдан,
Хохирогч С.*******ын сэтгэцэд учирсан гэмтлийг тогтоосон Шинжээчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуустал хадгалах болохыг тус тус дурьдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/13 дугаартай захирамжаар шийтгэх тогтоолд оруулсан залруулгадаа:
Шүүгдэгч Х.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2024/ШЦТ/ 260 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт: “Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж зөвтгөн залруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, ...захирамжид оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдан шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь:
Хохирогч С.*******ын эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба түүний сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 2-р зэрэглэлээр тогтоосон байхад хохирогч нь бусдын гэр бүлийг үймүүлж, гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж, өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хамт буудалд орсон, улмаар нөхөрт нь баригдсан бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогч С.*******ын хууль бус, зүй бус, гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахгүй байхаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хууль зүйн үндэслэлийн хувьд: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1 Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, сэтгэцийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан шинжээч дүгнэлт гаргасан.
Дээрх тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас: хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт’’-ээр 2 дугаар зэрэглэлд; хамааруулсан ба энэхүү дүгнэлтийг хэргийн оролцогч хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй талаар хүсэлт, гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллагдагчаас өөр хүн хариуцахгүй тохиолдолд яллагдагчийг иргэний хариуцагчаар тусгайлан татах шаардлагагүй бөгөөд эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож нөхөн төлүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг хангаж буй явдал.
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.7-д “Сэтгэцийн хор уршгийн 1-р зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийн тодорхой босгыг тогтоож өгсөн байх тул үүнээс доогуур тохиолдолд нөхөн төлбөрийг олгохгүй” гэснээс өөрөөр хохирогчид сэтгэцийн хор уршгийг олгохгүй байх хууль зүйн шалгуур үзүүлэлтийг тогтоож өгөөгүй байхад анхан шатны шүүхээс хууль, журмаар зохицуулаагүй, тогтоогоогүй үндэслэлийг дурьдаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймээс дээрх аргачлалын хүснэгт 4-д 1-д заасан Хоёрдугаар зэрэглэл- хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 4-8% буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5.11 дүгээр зүйлийн 511.3-д заасныг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч С.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцож шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэм буруу, зүйлчлэл дээр миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар маргаагүй. Сэтгэцэд учирсан зэрэглэлийг шинжээчийн дүгнэлт гаргаад хэрэгт авагдсан. Хохирогч, Х.******* хоёр хоорондоо ярилцсан гол агуулга нь 3,000,000 төгрөг өгчих, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн агуулгаар ярилцсан байдаг. Шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлаад утасны үнэ 3,000,000 төгрөгийг төлчихсөн. Эмчилгээний зардалд 1,023,000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж шүүх хуралд оролцсон. ... Сэтгэцэд учирсан хохирлыг гаргана гэвэл гаргаад шийдэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Бид нар бүгд хуульч. Аль аль талын үйлдэл нөлөөлсөн байна гэж үзсэн анхан шатны шүүхээс дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд боддог гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээд тухайн сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн эхнэртэй хохирогч нэг буудалд байсан гэх шалтгаанаар тухайн хэрэг гарсан гэж үзээд, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас прокурорын зүгээс тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.*******д холбогдох эрүүгийн 2431000600102 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Прокурорын газраас шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
2. Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Гэрэлт цогцолборын машины зогсоолд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч О.*******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан толгойн үс хэсгээс нь зулгаан доош нь даран бие хэсэгт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “хэвлий, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэ цус хуралт, баруун шилбэ, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан;
-мөн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Rich” нэртэй зочид буудалд С.*******ыг “өөрийн хамтран амьдрагчтай хамт буудалд орсон, явалдсан” гэх шалтгаанаар түүний өгзөгний зүүн доод хэсэгт хутгаар нэг удаа хутгалж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн: “...миний буруу, цаашид амьдралаа бодоод явна, шилжилтийн насны 2 хүүтэй ...одоо эхнэртэйгээ эвлэрсэн...” гэх мэдүүлэг
-Хохирогч О.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би *******тэй анх 2011 онд танилцаад түүнээс хойш 2023 оныг хүртэл хамтран амьдарсан бөгөөд дундаасаа 1 хүүхэдтэй. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрахаа больсон. Нэг ёсондоо салсан гэсэн юм. Гэхдээ ******* харилцаагаа зогсоохгүй хүүхдээрээ далимдуулж надаас салахгүй байгаа юм. ...Тус өдрийн 23 цагийн үед би өөрийн найз Мөнх-Учралын хамт миний “Тоёота акуа” загварын асфальтан саарал өнгийн 34-29 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сум, 2 дугаар баг, Гэрэлт хөшөөний машин зогсоол дээр нэг нэг алтан говь нэртэй лаазтай пиво уугаад сууж байтал миний салсан хамтран амьдрагч ******* машины арын зорчигчийн суудалд хэлж чимээгүй орж ирээд суусан. Тухайн үед жолооны хүрдэн дээр Мөнх-Учрал би урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан юм. ******* тухайн үед хэл ам нь ээдрээд согтуу байсан. ******* надаас юу хийж байгаа талаар асуугаад бид 2 харилцан яриа үүсгэсэн. ******* нь надтай ярьж байгаад гэнэт Мөнх-Учрал руу хандан хүний амьдрал гай болсон хүүхэд гэж хэлтэл хариуд Мөнх-Учрал өөрийгөө өмгөөлж үг хэлээд тэр 2-ын дунд маргаан үүссэн. Тэгсэн ******* уурлаад Мөнх-Учралыг “зайл, миний машинаас гар” гэж хөөж байгаад нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 3 удаа цохиод авсан тэгэхээр нь би Мөнх-Учралыг өмөөрөөд *******д хандан чи одоо болиоч гэтэл үргэлжлүүлээд миний нүүр рүү 3-4 удаа гараа атгаж байгаа цохисон тэгэхээр нь Мөнх-Учралын хамт машинаас буугаад би *******ийн машинаасаа буулгах гэтэл тэрээр машинаас бууж ирээд намайг үстэж дараад хэвлий гэдэс хэсэг рүү 1, гуя хөл хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Намайг ******* зодож байхад түүний найз Даваатулга ирээд *******ийг надаас салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд *******ийг надаас салгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25,27тал/,
-Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “..Мөнх-Учрал, ******* нар нь *******тэй чи бид 2-ыг зодсон юм бэ, одоо чамайг цагдаад барьж өгнө гээд хэрэлдээд байсан...Хүнтэй ноцолдсон байдалтай үс нь сэгсийсэн байсан. Гадаа харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 тал/
-Гэрч Б.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*******ийн эхнэр гээд байсан эмэгтэй зодуулсан талаараа надад хэлсэн мөн нөгөө эмэгтэй нь зодуулсан талаараа хэлсэн. Тухайн эмэгтэйчүүдийн үс нь сэгсийсэн байсан. Шарх сорвитой байсан талаар нь гадаа харанхуй гэрэлгүй байсан учир сайн харж чадаагүй. Ямар ч байсан үс нь сэгсийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40 тал/
-Гэрч Ц.Бямбадаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*******ийн эхнэр гэх ******* эмэгтэй ******* намайг үсдээд түүнээс болоод миний үс унаад байна гээд унасан үсээ надад харуулаад байсан. Мөн *******ын үс сэгсийсэн, гадуур хувцас нь шороо шавар болсон байсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 44 тал/
-Сэлэнгэ аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
Д.Дарьсүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №70 дугаартай
“...О.*******ын биед хэвлий, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэ цус хуралт,
баруун шилбэ, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх
гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 58-59 тал/
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Номинцэцэг,
Б.Даваасүрэн, Б.Сэргэлэн нарын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №311
дугаартай “.....О.*******ын биед үүсгэгдсэн хэвлий, зүүн гуя, өвдөг, баруун
шилбэнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэ, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. О.*******ын биед үүссэн хэвлий, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэ, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний Хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны дугаар сарын 01-ний өдөр гаргасан 70 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-76 тал/
-Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 154-159 тал/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлт тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 160-166 тал/,
-Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би ОХУ-руу тээвэр хийчихээд 15 цагийн орчим Сэлэнгэ аймагт орж ирсэн. Би ирээд орой өөрийн найзууд болох Эрдэнэбаяр, ******* нартай уулзахаар болсон юмаа. Бид орой 23 цагийн орчим уулзаад Сүхбаатар сумын 6 дугаар багт байх“Артемис” нэртэй караоке ороод 0.5 литрийн “Jаск daniels’ нэртэй виски “Соса сола” нэртэй лаазалсан ундаа зэргийг аваад бид хувааж уусан. Манай найз ******* машин барьж байсан учир архи уугаагүй. Эрдэнэбаяр бид 2 тухайн вискийг хувааж уусан. Тухайн баарнаас бид 01 цаг 40 минутын орчим гараад явж байгаад 02 цагийн орчим “Коллектив” нэртэй бааранд орсон. Тухайн бааранд ороод 2 давхарт нь гарч жаахан сууж байгаад буцаад гарахдаа 00 орчихоод буцаад гарч байгаад Золоо гэх эмэгтэйтэй таарсан. Би тухайн баарнаас гараад нөгөө эмэгтэйтэйгээ фейсбүүк чатаар харилцаж байгаад “Уулзах уу” гэтэл тухайн эмэгтэй надтай уулзахаар болсон. Тэр эмэгтэй “Баар 4 цагт хаана. Тэгэхээр уулзъя” гэсэн учир би гадуур явж байгаад 03 цаг 40 минутын орчим буцаж Коллектив” нэртэй бааранд очтол тухайн эмэгтэй баарнаас гарч ирээд манай машинд суусан. Ингээд бид “Рич” нэртэй буудалд очиж тухайн эмэгтэй бид 2 буудал руу орсон. Бид тухайн буудалд ороод жаахан юм яриад сууж байсан бөгөөд тухайн эмэгтэй цүнхнээсээ надад “Неiniken” нэртэй пиво гаргаж өгсөн. Бид тус тусдаа орон дээр суугаад юм яриад сууж байтал 10 орчим минутын дараа байх гаднаас манай өрөө рүү хутга барьсан хүн орж ирсэн. Тухайн хүн орж ирээд шууд л над руу ална гэж хэлээд дайрсан. Тухайн хүн миний амь насанд хүйтэн мэс хэрэглэж санаатайгаар халдсан. Тиймээс би тухайн өрөөнөөс шууд л гарч зугтсан. Би зугтахдаа өрөөнд ширээн дээр гар утсаа үлдээсэн байсан юмаа. Би буудлаас гараад хашаа давах гэтэл миний зүүн хөл эвгүй хөндүүрлэсэн. Тэгэхээр нь би бариад үзтэл зүүн хөлөөс цус гарч байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179 тал/,
-Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ингээд бид Сүхбаатар сумын 6 дугаар багт байх Коллектив” нэртэй баарны гадаа очтол нэг эмэгтэй хүн гарч ирээд машинд суусан. Энэ үед манай найз С.******* “Рич” буудалд оччих” гэж хэлэхээр нь би “Рич” буудалд очтол С.******* тухайн эмэгтэй хамтаар “Рич” буудал руу орсон. Манай найз Эрдэнэбаяр бид хоёр буцаад Сүхбаатар сумын 7 дугаар багт байх автобусны хойд талын такси зогсоолд очиж зогстол хойноос машин гэрлээрээ дохисон. Би гайхаад зогсож байтал тухайн машинаас ******* гэх хүн бууж ирээд машины хаалганаас татаж нээгээд миний хувцасны энгэр хэсгээс татаж буулгасан. ...тухайн хүн баруун гартаа хутга барьсан байсан. ...Намайг буулгаад тухайн хутгаараа намайг хутгалах гэж байгаа бололтой далайхаар нь би гарыг нь хаатал миний гэдэс хэсэгт хутга тулгаад “******* хаана байна” гэж асуусан. Тэгэнгүүтээ миний зүүн гараараа миний энгэр хэсгээс зуураад хутга барьсан баруун гараараа манай найз Эрдэнэбаяр руу гараараа далайгаад чи ******* уу гэж асуусан. Манай найз биш гэж хэлтэл миний хувцас хэсгээс зуураад миний хоолойд хутга тулгаад “чи тэр *******ыгаа зааж өг” гэж хэлээд намайг машиндаа суулгасан. Суулгах үед миний хойноос хутгаар хатгасан бөгөөд миний өмдний цахилгаан хэсэгт таараад намайг гэмтээгээгүй. Тухайн хүн миний хоолойд хутга тулгаад “чи найзыгаа зааж өг эсвэл би чамайг ална” хэмээн дайраад байсан учир би арга буюу *******ын байгаа “Рич” буудлыг зааж өгсөн. Бид “Рич” буудлын гадаа очтол тухайн ******* гэх хүн намайг татаж машинаасаа буулгаад урд гараад алхахаар нь би тухайн хүнийг хойноос нь түлхээд хойд зүгийг чиглээд зугтсан. Би зугтсаар шууд Цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182 тал/
-Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгэхээр нь би хамт тухайн буудал руу ороод ******* нэг өрөө аваад тэр өрөөнд нь орсон. Би өөрөө 1 лаазтай пиво ууж байсан бөгөөд цүнхэнд байсан 1 пивоо *******ад гаргаж өгсөн. Тухайн үед манай найз ******* гар утсаар залгасан бөгөөд би цонхны орчим найзтайгаа яриад байж байтал хойно хүн хашхирах шиг болсон. Би эргээд хартал манай нөхөр гаднаас ороод ирсэн байсан бөгөөд ******* гараад гүйчихсэн. Манай нөхөр над руу хүрч ирээд миний зүүн дух орчимд гараараа цохиж унагаад миний гар утсыг аваад явсан. Түүнээс цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-196 тал/
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.******* 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 145 дугаартай “...С.*******ын биед өгзөгний зүүн доод хэсэгт хатгагдсан оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 199-200 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Х.*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан дээрх ял шийтгэлийг оногдуулсан нь хуульд заасан ялын санкцын хэмжээ хүрээнд оногдуулсан буюу хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж,
“Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргахгүй байгаа боловч хохирогч түүний өмгөөлөгчийн зүгээс “...Хохирогч С.*******ын эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба түүний сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 2-р зэрэглэлээр тогтоосон байхад хохирогч нь бусдын гэр бүлийг үймүүлж, гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж, өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хамт буудалд орсон, улмаар нөхөрт нь баригдсан бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогч С.*******ын хууль бус, зүй бус, гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахгүй байхаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
Дээрх гэмт хэргийн нэг үйлдэл буюу шүүгдэгч Х.******* нь хохирогч С.*******ыг О.*******тай зочид буудлын өрөөнд хамт орсон гэх шалтгаанаар түүнийг хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гарахад хохирогчийн ёс зүйн хэм хэмжээг зохист хэмжээнд баримтлаагүй буюу зүй бус үйлдэл үйл ажиллагаа нөлөөлсөн байж болох боловч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн сэтгэл санаа цочирдсон, сэтгэцэд учирсан хохирол 2-р зэрэглэлээр тогтоогдсон байхад шүүхээс түүний сэтгэцэд хохирол учраагүй гэж дүгнэн үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Гэвч дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хүснэгт 4-д “-хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг 4-8% буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” олгохоор заасан байх тул хамгийн бага 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,250,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч С.*******ад олгож, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг бүхэлд нь өөрчлөв.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн талаарх тусгавал зохих агуулгууд буюу торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр, мөн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохдоо баримтлабал зохих хуулийн заалтыг баримтлахгүй бичсэн нь хуульд нийцээгүй байгааг цаашид анхаарч энэ төрлийн алдааг давтан гаргахгүй байхыг үүрэг болгоод шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 7 дахь заалтуудад хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын 3, 4, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Х.*******ийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 8 хоногийг (8 хоног х 15,000 төгрөг =120,000 төгрөг) торгох ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 1,080,000 төгрөгөөр тогтоосугай” гэж,
7 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-д зааснаар шүүгдэгч Х.*******ээс 3,250,000 төгрөг гаргуулан хохирогч С.*******ад олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ