Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01175

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01175

 

 

Чойжин брос ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00638 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Чойжин брос ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Баярсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 146 685,00 ам доллар буюу 332 969 717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Баярсайхан нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 30.000 ам.доллар, 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 17.800 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 9200 ам.доллар нийт 57.000 ам.доллар зээлж авсан. Бид зээлдэгчийг таньдаг учраас барьцааны гэрээ байгуулах шаардлага тавиагүй. Зээлийн хүүгээ сар бүр төлөхгүй байхад нь бид зохих журмаар нэхэмжлэх эрхтэй байсан ч зээлдэгчийг зээлээ төлнө гэж хүлээцтэй хандсан. Нийт тооцоо 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 155.463 ам.доллар нэхэмжилж шүүхэд хандсан. Би өөрийн эрх мэдлийн хүрээнд нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох боломжтой. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 140.000 ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манайх тухайн үед доллар өгсөн учраас доллароо доллароор нь авъя гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 57.000 ам.доллар байгаа. Нэхэмжлэгчийн хэлснээр 30.000 ам.доллар, 9200 ам.доллар, 17.800 ам.долларуудыг тодорхой хугацаатай зээлж 57.000 ам.доллар болсон байдаг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлийг эргүүлж төлөөгүй бол гэрээнд зааснаар зээлдүүлэгч үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно гэж заасан. Нэмэгдүүлсэн хүү болох 17.594 ам.доллар хуулийн шаардлагаар тооцож үзвэл 72.01 ам.доллар болж байгаа. Үүний 20 хувь нь 14.418.2 ам.доллар буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тооцсон нэмэгдүүлсэн хүүгээс 3175 ам.доллараар бага гарч байна.

Мөн 57.000 ам.долларын үндсэн зээлийн гэрээний 1.2.7-д зааснаар 0.2 хувийн шимтгэл тооцож олгох ёстой байсан. Гэтэл шимтгэл суутгагдсан эсэх, суутгасан бол хэрхэн хэдэн ам.доллароор суутгасан нь тодорхойгүй. Шимтгэл суутгасан бол нэхэмжлэлийн үнийн дүн болон хүү, нэмэгдүүлсэн хүүд нөлөөлнө. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ 1207033 тоот нэмэлт гэрээний хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр болгож өөрчилж гэрээний 3 дахь заалтад өмнө нь байгуулсан зээл, барьцааны гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн. Үүнээс үзэхэд зээлийн гэрээнээс хүү бодогдох хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш байгаа. Ингэж бодохоор үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг тооцоолол өөрчлөгдөнө. Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага болох 146.685 ам.доллар дээр зээлийн хүү 8.778 ам.долларыг 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдүүлж 155.463 ам.доллар болсон. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ханш, түүний өөрчлөлтийн талаар зохицуулаагүй. Иймд ерөнхий хууль болох Иргэний хуулийн 218.1 дэх заалтыг барихаас өөр сонголт байхгүй учраас гэрээ байгуулагдсан өдрийн ханш буюу 1348.84 төгрөгөөр тооцож үзвэл 209 694 712 төгрөг болохоор байна. Үндсэн гэрээний 3 дугаар зүйлд Хаан банкны тухайн үеийн тогтоосон ханшаар төгрөгөөр шилжүүлнэ гэж заасан. Энэ гэрээ анхнаасаа доллароор шилжүүлсэн, буцааж авахдаа доллароор авна гэсэн гэрээ байгаагүй. Нэхэмжлэгч тал шүүхэд 57.000 ам.доллар 155.642 ам.доллар болж нэмэгдсэн талаар зээлийн тооцоолол, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодсон аргачлалаа өгөөгүй тул бидний тооцоогоор 209 694 712 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Б.Хөлөгөний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээтэй, 0,7 га 2 газар, мөн М.Баярсайханы нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээтэй 2 газрыг тус тус барьцаалсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасныг зөрчсөн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн газарт заавал бүртгүүлэх ёстой. Иймд 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний барьцааны хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргахгүй. Анх зээл олгохдоо 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээний дагуу байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж баталгаажуулсан хуулийн шаардлага хангасан байгаа учраас барьцаагаар үүргийг хангуулна гэдэг асуудал хэвээрээ. Сүүлд нэмэлт зээл авсантай холбогдуулж, нэмэлт барьцааны гэрээгээр эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 айлын газрыг барьцаалуулсан бөгөөд итгэлийн үндсэн дээр бүртгүүлээгүй нь үнэн учраас энэ талаар бид маргах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар М.Баярсайханаас 155 463 ам доллар буюу 209 694 712.92 төгрөг төгрөг гаргуулж Чойжин бросс ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143 201 633.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар 2013.01.09-ний өдрийн ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд гэр бүлийн хэрэгцээний газар 3 газар, хувийн байшинг барьцаанаас чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Баярсайханаас 1 206 423.56 төгрөгийг гаргуулж Чойжин бросс ББСБ-д, нэхэмжлэгчээс 283 000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 089 818 төгрөг, хариуцагчийн төлсөн 283 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлж дүгнээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байх ёстой атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг аль алиныг хангаж, хоёрдмол утга агуулгатай шийдвэр гаргасан, ингэхдээ хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх хуралдааны явцад "М.Баярсайхан нь Чойжин брос ББСБ ХХК-тай 5 удаа зээлийн гэрээ байгуулсан, нийтдээ 57 000 ам.долларын зээл авсан, зээлийн хүүд 20 640 ам.доллар төлсөн үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү 17 594 ам.доллароос татталзаж, зээлийн үлдэгдэл 57 000 ам.доллар, зээлийн хүү 80 869 ам.доллар /72091+8778/ нийтдээ 137 869 ам.долларыг нэхэмжилсэн боловч төлбөр гүйцэтгэх ам.долларын ханшийн талаар талууд маргасан. Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу 57 000 ам.долларыг М.Баярсайханд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч М.Баярсайханаас 155 463 ам.доллар буюу 209 694 712,92 төгрөг гаргуулж, үлдэх 143 201 633.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 146 685 ам.долларыг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ийнхүү нэмэгдүүлэх өдрийг хүртэлх хугацааны хүү 8 778 ам.долларыг нэмж, нийт дүнгээр 155 463 ам.долларыг шаардсан болно. Шүүх хариуцагчаас 155 463 ам.доллар гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлээд байгаа гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143 201 633.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй байна. Улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа нэмэгдүүлсэн хүү болох 17 594 ам.доллароос татгалзсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан мэт, гэсэн атлаа үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зэргээр шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, тодорхойгүй гарсан. Хариуцагч тал зээл төлөх үүргээ биелүүлээгүй, биелүүлэх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа хэдий боловч шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, анх зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар төлнө гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэний дагуу хариуцагчийн хариу тайлбар, татгалзлыг мөн хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа мэт боловч хариуцагч нь өөрийн шаардлагыг хангуулсан байдлаар буюу төгрөгөөр төлбөрийг төлнө гэх тул ам.доллар болон төгрөгөөр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагчийн аль алинд нь нийцүүлж, ингэж нийцүүлэхийн тулд хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно.

Шүүх хуралдааны явцад хариуцагч тал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага 155 463 ам.долларыг /үндсэн зээл 57 000+зээлийн хүү 80869 + нэмэгдүүлсэн хүү 17594/ үүрэг үүсэх үеийн ханш буюу 1348,84 төгрөгөөр тооцож нийтдээ 209 694 712.92 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэл болгосон байгаа боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох асуудлыг Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн II дэд бүлэгт зохицуулсан, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч ам.долларын зээл авахаар өөрөө хүсэлт гарган авсан тул уг ам.долларын зээл, түүний хүүг төлөх үүрэгтэй. Харин төлбөрийг гүйцэтгэхдээ нэгэнт ам.доллар зээлдсэн тул ам.доллароор төлбөр гүйцэтгэх, харин төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх бол төлбөр төлөх тухайн өдөр тухайн төлвөл зохих ам.доллартой дүйцэхүйц хэмжээ/ ханш/-ээр төгрөгөө төлөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэг болон 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс, нарийвчилсан зохицуулалттай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд буюу ББСБ-аас ийнхүү зээл олгох энэ үйл ажиллагаанд хамааралгүй, улмаар Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дах хэсгийн заалт хуулиар үйл ажиллагааг нь нарийвчлан зохицуулсан бол, мөн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн зээл олгох үйл ажиллагаа нь Иргэний хуулийн энэхүү 217 дугаар зүйлээс өөр асуудал, өөрөөр зохицуулагдах болохыг тус тус илэрхийлсэн хуулийн зохицуулалт болно. Иймд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийн хүрээндээ хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Чойжин брос ББСБ ХХК нь хариуцагч М.Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57 000 ам.доллар, зээлийн хүү 72 091 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 17 594 ам.доллар нийт 146 685,00 ам.доллар буюу 332 969 717 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 140 000 ам.доллар болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ120703-2 тоот зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ЗГ120703 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Чойжин брос ББСБ ХХК нь 30 000 ам.долларыг сарын 4 хувийн /хөнгөлөлттэй хүү 3.5/ хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч М.Баярсайхан нь гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, БЗД-ийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамж, 40 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

Түүнчлэн зохигчид 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ120703-01 тоот, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ120703-02 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ120703-3 тоот Зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ120703 тоот гэрээнд өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 30.000 ам доллар, 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 17.800 доллар, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 9200 ам доллар нийт 57.000 ам долларыг М.Баярсайханд зээлдүүлсэн гэж дээр дурдсан зээлийн болон нэмэлт гэрээнүүдийг үндэслэн шаардлага гаргаж байгаа боловч ийнхүү өөр өөр хугацаанд олгогдсон зээлүүдэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Хэргийн 15-16 дугаар талд М.Баярсайханы зээл, хүүгийн тооцоолол гэсэн нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбарыг хэн хэзээ үйлдсэн нь тодорхой бус байхаас гадна хариуцагч нийт 20 640 ам.долларыг хүүнд төлсөн талаар зохигчид маргаагүй боловч хэзээ, хэрхэн төлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй зээл, хүүгийн тооцоолол гэх баримтад үндэслэж хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байна.

Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх анхаараагүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсанаас гадна уг үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай шаардлага гаргасан байхад зөвхөн зээлийн гэрээний үүрэгт 332 969 717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй, улмаар талуудыг энэ шаардлагын талаар мэтгэлцүүлээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг зөвтгөх, хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2017/00638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чойжин брос ББСБ ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 039 667 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ