Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

                                 Б.*******өд холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/259 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******өд холбогдох эрүүгийн 2431001690142 дугаартай, 175/2024/0254/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******н *******, Монгол Улсын иргэн, ****** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, ***** боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “**********” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл ************** хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ********** баг, ********** дугаар хэсэг, ******* тоотод оршин суух иргэний бүртгэлийн хаягтай, Сонгинохайрхан дүүргийн ******хороо, ******тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ************)

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газарт өөрт олгогдоогүй эрхээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн сангаас 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэж, ******* СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Монгол улсын ойн санд 5,307,421 төгрөгийн шууд хохирол, 15,922,263 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Б.*******өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон гэх 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод, ******* СЭҮ улсын дугаартай Портер загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчид буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож,

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэлдээ:  

...Цагаатгах тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна.

1.Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан:

-Хэргийн газрын хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Гэрч Т.*******ын “...Би СБА 23-013814 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг тус сумын иргэн П.******* гэх хүнд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ойн цэвэрлэгээний ажлаар хэрэглээний 10 метр куб мод бэлтгүүлэхээр олгосон. Тухайн иргэн эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж амжаагүй тул 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны хооронд бэлдүүлэхээр сунгалт хийж өгсөн. Тухайн бичиг нь Хүдэр сумын ойн сангийн “Батмөнгөлөг” гэдэг нэртэй газрын 160 дугаар хэсэглэлээс ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэх хэрэглээний нарс модыг бэлтгүүлэхээр зааж өгсөн.

Мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад дамжуулахыг хориглодог бөгөөд тухайн иргэн өөрөө бэлтгэх боломжгүй бол өргөдөл хүсэлтээ өгөөд өөр этгээдэд шилжүүлж болно. *******, ******* гэх 2 иргэн 2023 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. “Эрээн нарс” гэх газар нь Хүдэр сумын 1 дүгээр багт байрладаг бөгөөд ойн сангийн 3 дугаар мужлалд хамаардаг. Тухайн газарт иргэдийн хэрэгцээний болон түлээний мод бэлтгүүлэхээр тухайн талбайд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Иргэн *******д олгогдсон СБА -23013814 тоот эрхийн бичиг нь “Батмөнгөлөг” гэх газрын 160 дугаар хэсэглэлээс бэлтгэхээр заасан байгаа. Эрхийн бичигт заасан газраас хугацаа, хэмжээг хэтрүүлэхгүйгээр бэлтгэх ёстой учраас эрхийн бичигт заагдаагүй газраас мод бэлтгэж болохгүй. Эрхийн бичигт заагдсан газраас мод бэлтгэхгүйгээр өөр газраас дур мэдэн бэлтгэсэн мод нь хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хүчтэй салхи шуурганаар тус сумын ихэвчлэн “Эрээн нарс”, “Бүдүүн”, “Галагтай”, “Төмөртэй” гэх газруудад зарим моднууд үндсээрээ булгарч зарим хэсгээрээ налсан байсан. Уг моднуудыг байгальд ургаж байсан эсэхээс үл хамаарч иргэн, аж ахуй нэгжүүд холбогдох хууль тогтоомжийн дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг авч мод бэлтгэх ёстой” гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Батмөнхийн “ ... Модны бичиг баримтыг би огт мэдэхгүй. Тухайн өдөр ******* намайг авч явахдаа хамт яваад ачилцаад өгөөч, тэгвэл хэдэн төгрөг өгье л гэж хэлж байсан. нийт хэдэн ширхэг мод байсныг тоолоогүй. Жавхаа өөрөө цахилгаан хөрөөгөө ажиллуулаад унасан моднуудыг хожуулаас нь тастаж хөрөөдөөд дараа нь ******* ах метрээр унасан модыг хэмжиж тэрийг нь Жавхаа 4 метр болгож хөрөөдөөд би тэр 2-той хамт мод өргөлцөж машинд ачиж өгсөн. Жавхаа өөрөө машинаа бариад тэр газар руу явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48-р хуудас/

-Хүдэр сумын ойн ангийн техникч Б.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “ ...тухайн бэлтгэсэн мод нь нарс мод ба насны анги 6-8 болно. Тухайн бэлтгэгдсэн мод нь салхи шуурганд унасан амьдрах чадваргүй болсон мод байна. Бэлтгэсэн мод нь нойтон болно. Бэлтгэсэн мод нь 7.8 метр куб болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.307.421 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон.

Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ойгоос модыг цахилгаан хөрөөгөөр тайрч бэлтгэн цагаалж 4 метрийн уртай хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн үйл баримтыг үхжиж унасан унанги, гишүү, мөчир мэтээр хэргийн бодит байдал нийцэхгүй дүгнэлт хийж, амьдрах чадваргүй мод бэлтгэсэн нь ойн санд хохирол учраагүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжгүй гэж хэргийн үйл баримт болон хууль эрх зүйн дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 01 дүгээр баг “Эрээн нарс” гэх газраас ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн орон нутгийг хариуцсан байгаль хамгаалагчид түлээний болон хэрэглээний мод бэлтгэх хүсэлт гаргалгүй, эрхийн бичиг зөвшөөрөлгүйгээр 11 ширхэг ширхэг амьдрах чадваргүй, нойтон нарс модыг тайрч бэлтгэсэн. Үүний улмаас ойн санд 5,307,421 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Ойн тухай хуулийн 3.1.7-д "ойн экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ гэж заасан байна.

Шүүхийн цагаатгах тогтоолд Б.*******ийн зөвшөөрөлгүйгээр тайрч бэлтгэсэн 5,307,421 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 7,8 м.куб амьдрах чадваргүй, 11 ширхэг нарс модыг “...ойн нөөцийн баялгийг хомсдуулж, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн ойлголт шинж, гэмт хэргийн хохирол, хор уршиг, мөн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн агуулгатай нийцэхгүйн дээр хохирол хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр “...Гэмт хэргийн шинжгүй...” гэж Б.*******ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”

35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогчид тогтоосон байна.

Мөн “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тастах, цагаалах, огтлох зэрэг үйлдлийг хийснээр энэ гэмт хэргийг үйлдсэн тооцдог хуулийн зохицуулалтай.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинж болох “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” буюу модыг байгальд байсан үндсэн хэв шинжийг нь тайрах, хөрөөдөх, цагаалах гэх мэт хүний хүчин зүйлийн санаатай үйлдлээр өөрчилж буй нөхцөл байдал буюу хэрэгт авагдсан үйл баримтыг гэмт хэргийн шинжтэй нь уялдуулан эрхзүйн дүгнэлтийг бодитой хийж дүгнэхгүйгээр эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гэтэл шүүх нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, зөвшөөрөгдсөн хэм хэмжээ буюу ойгоос мод бэлтгэх журам, Ойн тухай хууль гэх эрх зүйгээр зохицуулагдсан харилцааг үгүйсгэж шүүх шууд амьдрах чадваргүй мод гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож амьдрах чадваргүй модыг ойгоос бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагагүй гэж хэргийн үйл баримт болон эрүүгийн хуулийг буруу тайлбарласан.

Өөрөөр хэлбэл Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хуульчлан тодорхойлохдоо амьдрах чадвартай, чадваргүй талаар тусгаагүй, унанги, мөчир, гишүү гэх зэрэг модны шинж байдал хэрэглээ, огтлолын төрөл заагаагүй, хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүйгээр хуульчилжээ.

Шүүх амьдрах чадваргүй мод бэлтгэсэн нь байгаль экологид бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Ой гэдэг нь бүхэлдээ төрөөр хамгаалагдсан төрийн өмч бөгөөд тухайн ойгоос мод бэлтгэх ойн дагалдах баялгийг зөвшөөрлийн үндсэн дээр иргэн хуулийн этгээд хэрэглэх, ашиглахаар зохицуулагдсан хэм хэмжээг зөрчсөн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гээд шүүх хуралдаанд ....хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн тул цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл нь зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн бол, гарал үүслийн гэрчилгээгүй бол, бэлтгэж тээвэрлэсэн, худалдсан гэх зүйл анги байгаа. Гэтэл Б.*******ийн үйлдсэн холбогдоод байгаа уг асуудал нь огтоос мод бэлтгэсэн асуудал байхгүй. Уг асуудлыг би зөрчлийн асуудал гэж бодож байна. Хамгийн гол нь гэмт хэргийн субьектив санаа зорилго нь ямар нэгэн ашиг олъё гэсэн зүйл байхгүй. Хүний гуйлтаар модыг нь авчраад өгсөн төдий зүйл яригдаж байгаа.  Ингэхээр өөртөө ашиг олъё гэсэн зорилготой байгаагүй нь харагдаж байна.

Бэлтгэсэн мод нөөлөг салхинд унасан мод учраас цааш нь ургах чадваргүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурор яллах дүгнэлт үйлдээд оруулж ирсэн учир үнэхээр цааш нь ургах боломжтой байсан уу, үгүй юу гэдгийг шинжлүүлье. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулъя, нарийн мэргэжлийн хүмүүсээр шалгуулъя гэж хүсэлт тавихад прокурор шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн.

Анхан шатны шүүх шинжээч томилуулъя гэж хүсэлтийг хүлээж авахад прокурор дахин эсэргүүцэл гаргаж давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн асуудлаар шийдвэрлүүл гэж шийдсэн. Яагаад миний шинжээч томилуулах хүсэлт авч болдоггүй юм бэ?. Дахин ургах чадваргүй модыг бэлтгэсэн гэж үзэх үү?. Уг модыг тээвэрлэж явахдаа хулгайгаар, нууцаар аваагүй. Модны хашаанд буулгачихсан байгаа. Тийм учраас  гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхгүй байна. Дараа жил ойн цэвэрлэгээнд орох мод байсан. Тийм учраас анхан шатны цагаатгах тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******өд холбогдох эрүүгийн 2431001690142 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Прокуророос  Б.*******ийг  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, “Эрээн нарс” гэх газарт өөрт олгогдоогүй эрхээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн сангаас 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэж, ******* СЭҮ улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Монгол улсын ойн санд 5,307,421 төгрөгийн шууд хохирол, 15,922,263 төгрөгийн хор уршиг учруулсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “... шүүгдэгч ойн түймэр хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй  салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул унанги, гишүү, мөчир цуглуулах мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар түлээний мод бэлтгэх нь ойн санд хор хохирол учруулахгүйгээр үл барам ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад эергээр  нөлөөлөх үйл ажиллагаа гэж үзэх учир шүүгдэгч Б.*******ийн бэлтгэсэн өмнөх оны хүчтэй салхи, их цасанд өртөн цаашид амьдрах чадваргүй болсон модны шинж чанарт дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн байгаль орчинд хортой нөлөөлсөн экологийн  тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт нөхөн сэргээлтэд саад учруулан хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл үгүйсгэгдэж байна... гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т ”... дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримаар нотлогдохгүй байвал...”, 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” гэж тус тус заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

Эрүүгийн хуульд заасан “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэхүү зохих зөвшөөрлийг аваагүй нь “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжид хамаарна.

4.Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор  шүүгдэгч Б.*******ийн “...унаж налсан модыг хөрөөдөж...  байшин барих зорилгоор мод бэлтгэсэн... гэсэн  мэдүүлэг,  түүний ойд мод бэлтгэсэн газрыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, түүний бэлтгэсэн модонд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг  болон ойгоос зөвшөөрөл олгохдоо заасан газраас өөр газарт мод бэлтгэсэн байдал буюу ач холбогдол бүхий нотлох баримтууд байхад хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, нойтон хэрэглээний мод бэлтгэсэн байхад дээрхи баримтуудыг няцааж байгааг цагаатгах тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул Б.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/259 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.  

3.Шүүгдэгч Б.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                       ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                Г.ДАВААРЕНЧИН